Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00505

 

“Рокмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06526 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 331 дүгээр магадлалтай,

         “Рокмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         “Ноён шаг” ХХК-д холбогдох    

          Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүрэг 7 456 000 төгрөг, алданги 8 772 450 төгрөг, гэрээний нэмэлтээр тохирсон орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, 69 790 000 төгрөг, алданги 17 385 760 төгрөг, нийт 103 404 165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн гаргасан тайлбарт: “Рокмон" ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдер "Ноён шаг” ХХК-тай Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээ байгуулж, нийлүүлсэн зуурмагийн үнийн 50 хувийг, помп /бетон шахагч машин/-ны үйлчилгээний хөлсийг 100 хувь бэлэн болон дансаар ажлын 3 хоногт төлөх, үлдэгдэл 50 хувийг бартераар орон сууц авахаар тохиролцсон юм. Энэхүү гэрээний дагуу манай компанийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 160 580 000 төгрөгийн үнэтэй БМ-250 маркийн 1.036 куб метр бетон зуурмаг, 9 108 000 төгрөгийн 1.012 куб метр бетон зуурмагийг помп машинаар шахаж, нийт 169 688 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлсэн байна. Талууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний өөрчлөлтөөр "Ноён шаг” ХХК-ийн барьж буй Тарвилан хотхоны Р блокны 1 дүгээр орцны 7 дугаар давхраас 38.2 м.кв талбайтай орон сууцыг бартерын үнэ 57 300 000 төгрөгт тооцож, авахаар тохиролцсон байсан хэдий ч хариуцагч “Ноён шаг” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж, уг орон сууцыг бидний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байсан. Үүний дараа тухайн худалдсан орон сууцнаас өөр буюу О блокны 1 дүгээр давхарт 31.2 м.кв талбайтай орон сууцыг бартерын үнэ 46 800 000 төгрөгт тооцож, авахаар болж, талбайн м.кв-ын зөрүү 10 500 000 төгрөгийг манай компанид мөнгөөр төлсөн. Гэвч энэхүү орон сууц өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглалтанд ороогүй, гэрээгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орох ёстой байсан ч хугацаа хэтэрсэн, мөн тагт байхгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжгүй байр байснаас гадна “Ноён шаг" ХХК нь дахин бусдад худалдсан байсан. Хариуцагч “Ноён шаг” ХХК-иас ийнхүү гэрээнд заасан үүргээ зөрчсөн учраас талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцлах, өмнө нь нийлүүлсэн бетон зуурмагийн дутуу төлбөр 7 456 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15/20 тоот гэрээний 6.2-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 8 772 405 төгрөг, тус 15/20 гэрээний хавсралт гэрээнд заасан бартерийн төлбөр 69 790 000 төгрөг, орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хариуцлагад нэмэлт гэрээний 1.3-д зааснаар алданги тооцож, 17 385 760 төгрөг, нийт 103 404 165 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээгээр “Рокмон" ХХК нь нийт 387 500 000 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн ч худалдан авагч тал гэрээгээ зөрчсөн учраас цаашид бетон зуурмаг нийлүүлэхгүй, гэрээг цуцлах хүсэлттэй байгаа юм, мөн 32.1 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, бартераар тохирсон үнийн үлдэгдэл 69 790 000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байна.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Талуудын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авахтай холбоотой төлбөр тооцооны асуудал байгааг үгүйсгэхгүй. Гэвч нэхэмжлэгч “Рокмон" ХХК-иас гаргасан 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг цуцалж, 31.2 м.кв талбайтай байрыг бус 69 790 000 төгрөг болон алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд уг гэрээг албан ёсоор цуцлах талаар манай компанид ямар нэгэн мэдэгдэл ирж байгаагүй юм. Өнөөдрийн байдлаар талуудын тохиролцоо болсон С блокны 1 дүгээр давхарт 31.2 м кв талбайтай орон сууцыг бусдад худалдсан гэдгийг хэн нэгэн албан ёсоор тогтоогоогүй, уг орон сууц одоо хүртэл хэнд ч худалдагдаагүй байгаа болно. Бид уг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 1 м.кв талбайг 1 500 000 төгрөгөөр тооцож, 31.2 м.кв талбайтай, 46 800 000 төгрөгийн үнэтэй орон сууц өгөхөөр болсон, анхны тохиролцоо 38.2 м.кв талбайтай, 57 300 000 төгрөгийн үнэтэй орон сууц байсан хэдий ч хожим өөрчилж, зөрүү 10 500 000 төгрөгийг манай компани төлсөн. Тагтгүй гэж тайлбарлаж байна, гэвч тагт байх талаар зохигчид гэрээндээ тохиролцоогүй, тагт байсан хэдий ч эрх бүхий этгээдийн шаардлагаар ийнхүү өөрчлөхөд хүрсэн. Тарвилан хотхон маань 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон, одоо хэвийн ашиглалттай байна. Нэхэмжлэгч “Рокмон" ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр албан шаардлага ирүүлснийг бид хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариу албан бичиг хүргүүлсэн боловч тус компаниас хариу өгөхгүйгээр шууд нэхэмжлэл гаргасан байсан. Манай компанийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн хариу саналыг нэхэмжлэгч ''Рокмон” ХХК-ийн зүгээс шаардаж, шахуулсаар байж авсан, ийм учраас нэмэлт буюу орон сууц авах гэрээг цуцлах үндэслэлгүй. Харин 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр 7 456 000 төгрөгийн үлдэгдэл байгаа ба алданги төлөх талаар тохиролцоо байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ талаар манай компанийн зүгээс тооцоо нийлсэн ба үлдэгдэл төлбөрийг төлж байсан учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06526 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Ноён шаг" ХХК-иас 83 474 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Рокмон" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 930 165 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674 970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ноён шаг" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 576 685 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Рокмон" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 331 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдолд: “Ноён шаг" ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Рокмон" ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж хамтран ажилласан болно. Гэрээний дагуу нийт төлбөрийн 57.300.000 төгрөгт 38.2 м.кв талбай бүхий орон сууцыг “Рокмон” ХХК-д өгөхөөр тохиролцсон байсныг талууд сүүлд 31.8 м.кв талбайтай 46.800.000 төгрөгийн орон сууц өгөхөөр тохиролцоогоо өөрчилж, төлбөрийн зөрүү болох 10.500.000 төгрөгийг төлсөн юм. “Ноён шаг" ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “Рокмон” ХХК-д 31.2 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх гэтэл тагтгүй гэсэн гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр авахаас татгалзсан болно. Гэрээ нь талуудын аль алины хүсэл зоригийн илэрхийлэл байдаг бөгөөд “Рокмон” ХХК нь дан ганц өөрийн хүсэл зоригийг тулгаж орон сууц хүлээн авахаас татгалзсан нь “Ноён шаг" ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд Анхан болон давж заалдах шатны шүүх орон сууцыг бус 46.800.000 төгрөг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг зөрчсөн байх тул ...шийдвэр болон ...магадлалд өөрчлөлт оруулж 46.800.000 төгрөгийн төлбөрт гэрээний дагуу Тарвилан хотхоны G блокын 1 дүгээр давхрын 31.2 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Рокмон” ХХК хариуцагч “Ноён шаг” ХХК-д холбогдуулан бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүрэгт 7 456 000 төгрөг, алданги 8 772 450 төгрөг, гэрээний нэмэлтээр тохирсон орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, 69 790 000 төгрөг, алданги 17 385 760 төгрөг, нийт 103 404 165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,  хариуцагч эс зөвшөөрч, зарим нэг тооцоо байгааг зөвшөөрнө, харин нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байгаа, орон сууцыг өгөх боломжтой байхад үнийн дүн, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2.500 тонн буюу 387 500 000 төгрөгийн бетон зуурмаг худалдах болон тээвэрлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нийлүүлсэн бетон зуурмагийн 50 хувийг помп /бетон шахагч машин/-ы үйлчилгээний хөлсийг 100 хувь бэлэн болон дансаар ажлын 3 хоногт багтаан төлөх, үлдэгдэл 50 хувийг бартераар буюу орон сууц  өгөхөөр тохирч, бетон зуурмагийг нийлүүлэхдээ худалдагч тал “Ноён шаг” ХХК-д тээвэрлэн хүргэж өгөх, худалдан авагч тал зардлыг хариуцахаар тохиролцжээ.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, худалдагч нь бүтээгдэхүүнийг худалдан авагчид ачаа тээвэрлэн хүргэх үүргийг хүлээн, худалдан авагч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнэ, тээврийн хөлсний хамт гэрээгээр тогтоосон хугацаанд мөнгөөр болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууц шилжүүлэх замаар төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарах үүргийг харилцан хүлээсэн холимог гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд холимог гэрээний харилцаа үүссэн боловч маргаан үүсгэж буй хэсэг нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой гэж дүгнэн,  уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 1.036 тонн буюу 160 580 000 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн, бетон шахагч машинаар 1.012 тонн буюу 9 108 000 төгрөгийн зуурмаг шахсан үйл баримт хэргийн 23 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тухай анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн 23, 24 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл “Рокмон” ХХК нь “Ноён шаг” ХХК-д 169 688 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн болон помп /бетон зуурмагийн машинаар/-оор зуурмаг шахах үйлчилгээ үзүүлсэн, уг төлбөрөөс 80 290 000 төгрөгт бартер хийж орон сууцаар төлөх, 89 398 000 төгрөг бэлэн төлөхөөс 76 942 000 төгрөгийг төлж 12 456 000 төгрөг төлөөгүй үлдсэнээс 5 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлснөөр 7 456 000 төгрөг үлдсэн үйл баримт хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

Талууд гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж нийлүүлсэн бетон зуурмагийн үнээс 80 290 000 төгрөгт бартер хийж 38.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 57 300 000 төгрөгөөр тооцон өгөхөөр тохирсон боловч уг орон сууц бусдад худалдагдсантай холбоотойгоор баригдаж буй 31.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46 800 000 төгрөгт тооцож хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ тохиролцоог Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Зохигчид бартер хийж орон сууцаар төлөхөөр тохирсон 80 290 000 төгрөгөөс 57 300 000 төгрөгт орон сууц өгөхөөр тохирсон нь биелэгдээгүй тул 46 800 000 төгрөгт орон сууц өгөхөөр тохирч 10 500 000 төгрөгийг бэлэн төлсөн тул 80 290 000 төгрөгийн зөрүү 22 990 000 төгрөг болон бэлнээр төлөх бетон зуурмагийн үнийн дутуу 7 456 000 төгрөг, нийт 30 446 000 төгрөг төлөгдөөгүйг хариуцагч “Ноён шаг” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд хийгдсэн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь 1000 тонн цемент худалдах, хариуцагч нь 1 тонн цементийг ОРС 42.5 марк задгайгаар 151 935 төгрөг, ОРС марк савтайгаар 160 050 төгрөгөөр тооцож төлөх үүргийг тус тус хүлээснийг зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д нийцсэн байна. /хх-8-10/

Дээрх гэрээний 2.9, 2.10, 6.2-т бүтээгдэхүүн нийлүүлсэн нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан төлөх, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хүрээнд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д хариуцагч “Ноён шаг” ХХК-иас бэлнээр төлөх бетон зуурмагийн үлдэгдэл болох 12 456 000 төгрөг, алданги тооцож 6 228 000 төгрөг гаргуулахаар дүгнэсэн нь хэргийн баримтанд үндэслэгджээ.

Хэргийн 16,17,18 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж албан бичиг хүргүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээг цуцалж, 78 740 720 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчилж төлөхөөр албан бичиг хүргүүлж байсан тухай үйл баримтууд тогтоогдсон байх бөгөөд гэрээний нэг тал нь нөгөө талдаа гэрээг цуцлах тухай мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д хариуцагч “Ноён шаг” ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг болох нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Рокмон” ХХК бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэх хэсгээс, мөн гэрээний хавсралтаар тохирсон орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь ач холбогдлоо алдсан тул ажил гүйцэтгэх гэрээнээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, нийлүүлсэн бетон зуурмагийн үнэд 46 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий болжээ.

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06526 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391.950 /гурван зуун ерэн нэгэн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН