Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/54

 

   

 

 

 

   2026            01             13                                        2026/ДШМ/54           

 

 

Л.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Л.А өмгөөлөгч Т.Мөнх-Очир, Н.Баясгалан,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2513 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Ад холбогдох 1811005151019 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Л.А нь үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.О эзэмшлийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан орлого болох 4,200,000 төгрөг, мөн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөн хохирогч Б.О эзэмшлийн ....... загварын тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан орлого болох 23,000,000 төгрөгөөс 13,000,000 төгрөгийг нийт 17,200,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Л.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Л.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А эмнэлгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, ажил хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагаас тогтоосон маршрутаар ажлын байранд зорчихоор хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ад сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Л.Аас 12,200,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О олгож, шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдолдоо: “...Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжихээр хуульчлагджээ. Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг давхар хориглож болно. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хуулийн зохицуулалтын мөн чанар, үзэл баримтад нийцээгүй. Түүнчлэн шийтгэх тогтоолын “тогтоох хэсгийн 5 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн” боловч энэ гэмт хэргийн хувьд хохирол учирсан боловч хор уршиг учирсан гэж үзэхгүй.

 Тодруулбал, гэмт хэргийн улмаас үүссэн үр дагаврыг хохиролд тооцохоор, харин хохирлоос үүдэлтэй үр дагаврыг хор уршигт тооцохоор хуульчилсан ба хохирогчид төлөх 12,200,000 төгрөгийн улмаас үүсэх үр дагавар буюу хор уршиг учирсан, эсхүл учрах нөхцөл байдалд хүрсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хохирогч тал болон прокуророос анхан шатны шүүх хуралдаанд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Өршөөлд хамрагдах тухайд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” 3.1.2-т 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульчлагдсан байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж хуульчилжээ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж хуульчилсан ба надад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, огтоос үүсээгүй хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн байдаг.

Энэхүү үүрэг хүлээлгэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэж хуульчилсан байхад миний тооцооллын зөрүүтэй байдлыг тайлбарлахдаа цар тахал үргэлжлэхээ больсон гэж үзэж, өршөөлд хамааруулахгүй байхаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тодорхой хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул надад хөнгөн ял оногдуулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.

Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар намайг хамтран амьдарч байсан эхнэр Б.О итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшсан гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. Болсон үйл явдлын хувьд хохирогч бид хоёр тухайн цаг хугацаанд хамт амьдарч байсан, машин авсан Б мэдүүлгээр бид хоёрыг эхнэр, нөхөр талаар мэдүүлсэн ба албан ёсоор гэрлэлтээ гэрчлүүлээгүй. Гэхдээ нөхөр нь эхнэрийнхээ машиныг бусдад худалдаж, зөрүү мөнгөний асуудал үүссэн бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс бүхэлд нь хянаж өгөхийг хүсэж байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс намайг тухайн машины мөнгийг огтоос эхнэр Б.О өгөөгүй мэтээр дүгнэсэн нь буруу. Эхний удаа 4,200,000 төгрөг өгсөн ба үүнийг баримтаар нотолж чадаагүй хэмээн намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Үүнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх талд “...хохирогч Б.О, шүүгдэгч Л.А нарын богино биш хугацаанд харилцаатай байж хэн нэгэн рүүгээ мөнгөн шилжүүлэг тогтмол хийж байсан нь зээл чөлөөлдөг гэх бизнесийн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой байсан уу эсхүл дээрх 4,200,000 төгрөгийг цувуулж төлж байсан уу гэдэг нь тодорхойгүй, хохирогч Б.О нь мөн хохирол төлөгдөөгүй талаар тайлбар мэдүүлэг гаргаж байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй” гэж ойлгомжгүй, хохирогчийн таамаглалд үндэслэсэн мэдүүлгээр гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна.

Улмаар дээрх ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн атлаа намайг үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, Б.Оээс итгэмжлэлээр үүссэн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг завшсан гэж үзсэн нь үндэслэлгүй буюу мөнгөн шилжүүлэг тогтмол үйлддэг байсны улмаас тооцооллын зөрүү гарсан, мөн хохирогчтой хувийн харилцаанаас үүдэлтэй сөрөг нөхцөл байдал үүссэнийг хөрөнгө завших гэмт хэрэг мөн эсэхийг давж заалдах шатны шүүхээс тогтоож өгөхийг хүсэж байна. Түүнчлэн хохирлоос тухайн цаг хугацаанд 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа үлдэгдэл төлбөрийг намайг авах эрхгүй байсан гэж үзэж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой. Хэрэв тухайн мөнгийг би анхнаасаа өөртөө үлдээхээр байсан бол хохирогчтой уулзахгүй байсан, хохирогч надтай хэрэлдсэн хэрүүлээсээ болж, цагдаад өгч шалгуулсан байдаг. Харилцан тооцооллын зөрүүгээс үүдэлтэй 12,200,000 төгрөгөөр намайг гэм буруутай мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 12,200,000 төгрөгийг хохирогч тал надаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар огтоос нэхэмжилж байгаагүй болно. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд заасан миний гэм буруугийн асуудлыг хянан үзэж, хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн чөлөөлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.А өмгөөлөгч Т.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед А нь “Юу Би Каб” такси үйлчилгээнд тогтмол ажиллаж байсан бөгөөд өнөөдөр гаргаж өгсөн баримт, тодорхойлолтоор сар бүр тогтмол орлого олдог нь нотлогдож байна. Гэтэл ажил хөдөлмөр эрхлэхтэй шууд холбоотойгоор зорчих эрхийг Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар хязгаарласан нь шүүгдэгчийн хувьд хэт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Хэрэгт авагдсан баримтаар А нь гэрлэлт цуцлагдсан, ганц хүүхэд Аг өөр дээрээ авч хүмүүжүүлдэг өрх толгойлсон эцэг болох нь тогтоогдсон. Хүүхэд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сургуульд суралцдаг. Үүний зэрэгцээ хорооны Засаг даргын тодорхойлолтоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд өрх толгойлсон эцгээр амьдарч байгаа талаар хоёр өөр тодорхойлолт хэрэгт авагдсан байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс удаан хугацаагаар гарахыг хориглосон нь шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдалд ноцтой хүндрэл үүсгэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг эд хөрөнгийг санаатай завшсан, үргэлжилсэн үйлдэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 7 дугаар талд О, А нарын хооронд нотариатаар гэрчлүүлсэн баримт авагдсан бөгөөд уг баримтаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зургаан сарын дотор 4,200,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, уг мөнгийг А өөрийн дансаар хүлээн авсан нь тогтоогддог. Өнөөдөр гаргаж өгсөн баримтаар 2016 оны 12 дугаар сарын 17, 20-ны өдрүүдэд 1,000,450 төгрөг, 2,660,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт дүнгээс 90,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр уг 4,200,000 төгрөгийг барагдуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлтэй гэж дүгнэх үндэслэлд хамаарахгүй болохыг анхаарч үзэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үедээ гэр бүлийн харилцаатай, харилцан хамаарал бүхий этгээдүүд байсан нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хоёр тал А дансаар харилцан мөнгө шилжүүлдэг байсан бодит үйл баримт тогтоогдсон. Хэрэгт авагдсан дансны гүйлгээг нэг бүрчлэн шалгаж үзэхэд, хэрэг болсон гэх хугацаанд хохирогчоос А дансанд нийт 38,539,500 төгрөг шилжсэн байхад, А өөрийн зүгээс 41,840,000 төгрөгийг хохирогч руу шилжүүлсэн баримт тогтоогддог. Энэ тооцооллын зөрүүтэй холбоотой маргаан байсаар байгаа бөгөөд шүүгдэгчийн хувьд тухайн үед тооцоололд хайхрамжгүй хандсан, буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл мөнгийг төлөх ёстой гэж тайлбарлаж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад давж заалдах шатны шүүх хуралдааны өмнөх өдөр 5,500,000 төгрөг, анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Нийт төлбөрийг тооцоход одоогоор 5,530,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн тухайн үед хохирогч, шүүгдэгч нар нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байсан нь гол гэрч Билгүүний мэдүүлгээр ч “эхнэр, нөхөр гэж ойлгож байсан” хэмээн дурдагдсанаар нотлогддог. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Давж заалдах гомдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарласан бөгөөд уг хуулийн 12.10-д заасан агуулгын хүрээнд эрүүгийн хариуцлагаас өршөөл үзүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй нэг нөхцөл байдал нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 50-52 дугаар талд авагдсан А ашигласан Хаан банкны дансны зарлагын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон явдал юм. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах нэмэлт заалтыг шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго, агуулгад нийцүүлэн үзэхэд хорооны нутаг дэвсгэрээр хэт нарийвчлан хязгаарласан нь зохистой бус тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялын төрлийг өөрчлөх боломжийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эцэст нь, хөрөнгө завших гэмт хэргийн агуулгын хувьд хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн харилцаа хамааралтай, дундын санхүүгийн харилцаатай байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.А өмгөөлөгч Н.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад дансны хуулгуудыг нэлээд дэлгэрэнгүйгээр хэрэгт авагдсан бөгөөд хоёр өөр хэсэгт холбогдох баримтууд бүрдсэн байгаа. Тэдгээр баримтуудын хүрээнд өнөөдөр яригдаж буй 4,110,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтууд мөн адил хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уг дүнг хохирлын хэмжээнд үлдээж, шүүгдэгч заавал төлөх ёстой хохирол гэж тогтоосон тул үүнтэй холбоотой нотлох баримтуудаа өмгөөлөгчийн зүгээс дахин гаргаж өгсөн. Мөн хохиролтой холбоотой үндсэн суурь харилцаа, талуудын хоорондын бодит санхүүгийн харилцааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Тодруулбал, А дансны хуулгатай холбоотойгоор тооцоолол хийхэд, Аас хохирогч О рүү нийт 41,840,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдэлд оногдуулах эрүүгийн эрх зүйн хариуцлагыг хөнгөрүүлэхэд харгалзан үзэх боломжтой үндэслэл байж болох юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөр нэмэлт тайлбаргүй гэв. Гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ад холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгохдоо А нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тодорхой эрхэлсэн ажилгүй, торгох ялыг бодитоор биелүүлэх боломжгүй гэж дүгнэсэн. Харин анхан шатны шүүхээс А гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэгт хандаж буй хандлагыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай гомдлын талаар дүгнэхэд, А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байсан. Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжаар уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс зөвхөн нэг удаа өршөөлд хамрагдах зорилттой гэж заасан тул А нь дахин өршөөлд хамрагдах хууль зүйн үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Дөрөвдүгээрт, 4,200,000 төгрөгийн зөрүүтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс нэмэлт баримт гаргасан. Энэ дүн нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр Отэй хамтран амьдарч байх хугацаанд мөнгө зээлэх, мөнгө шилжүүлэх харилцааны явцад олгогдсон болохыг хохирогч өөрөө мэдүүлсэн. Уг харилцаатай холбоотой нэмэлт баримтыг А шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхээс уг дүнгийн талаар хууль зүйн болон бодит үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн 41 сая төгрөгтэй холбоотой дансны гүйлгээний хувьд О нь тодорхой ажил, үйлчилгээний хүрээнд мөнгө оруулж, буцаан авдаг байсан харилцаа тогтоогдсон. Харин автомашин зарсан гэх 23 сая төгрөгийн зарцуулалт тодорхой тогтоогдоогүй тул уг асуудлыг энэ хэрэгт бодитоор тогтоох боломжгүй гэж үзэж байна. Эрх хязгаарлах арга хэмжээний хувьд хавтаст хэргийн 58, 59 дүгээр хуудсанд авагдсан Хаан банкны дансны зарлагын хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтыг шүүхээс цуцласан талаар тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Л.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Л.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Л.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх учиртай.

Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч Л.А хохирогч Б.О нийт 17,200,000 төгрөгийн хохирол учруулснаас 5.000.000 төгрөгийг 5022316945 дугаарын данс руу шилжүүлж /2хх 50/ төлж барагдуулсан 12.200.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж хохирлын хэмжээг тогтоохдоо ямар ч дүгнэлт хийгээгүйгээс гадна хохирогч Б.О 4,200,000 төгрөгийг төлж барагдуулсан эсхүл төлөгдөөгүй талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Л.А хохирогч Б.О нийт 17,200,000 төгрөгийн хохирол учруулснаас 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,200,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэхдээ шүүгдэгч нь хохирогчид хэзээ, хэдэн төгрөгийг хэрхэн, яаж төлж, хохирлоос хэдэн төгрөгийг хасаж, нэмж тооцож байгааг талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” шаардлагад нийцээгүй, хохирогчид учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолбол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг ихэсгэх буюу багасгах, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.

 

Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн хоорондын дансны хуулга зэргийг харьцуулан хохирлын хэмжээг тооцох нь хэргийн шийдвэрлэлт болон шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд ач холбогдолтой гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.А нь “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэж хуульчилсан байхад миний тооцооллын зөрүүтэй байдлыг тайлбарлахдаа цар тахал үргэлжлэхээ больсон гэж үзэж, өршөөлд хамааруулахгүй байхаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэх гомдлыг гаргаж, шүүгдэгч Л.Аптантулгын үйлдэл нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор батлагдсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтанд заасан цаг хугацааны үйлчлэлд хамаарч байх боловч түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулбал хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хэсэгт хамаарахын зэрэгцээ болон коронавируст халдвар /КОВИД-19/- ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэгэнт өнөөдөр арилсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэглэх хуулийн зорилго байхгүй болсон хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй байгаа нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зөрчил бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.А “...хохирлыг дутуу тооцсон, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчид урьд “хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2513 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.Ад “хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        Н.БААСАНБАТ

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ