Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2017/00068

 

М.Ргийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,            

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ж  овогт Мы Ргийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н, хариуцагч байгууллагыг төлөөлж Х.А, хариуцагчийн өмгөөлөгч С.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоор 2013 оноос эхлэн үр бүтээлтэй, ямар нэгэн сахилгын зөрчилгүйгээр ажиллаж байсан ба 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр сургуулийн захирал Х.А нь намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн юм. Тухайлбал, намайг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлдэггүй хэмээн үзэж ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Энэ нь ор үндэсгүй байна. Учир нь миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 2016 оны сургуулийн төсвөөс 30 гаруй сая төгрөгийг хэмнэн ажиллаж, сургуулийн өр, ширийг бүрэн хааж, өндөр амжилт гарган ажилласан юм. Нөгөөтээгүүр ажиллах хугацаандаа ажил олгогчоос ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй юм. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “М.Ргийн “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

1. Сургуулийн захирал би тус сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Рг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалд дараах хууль, тогтоомжууд болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг эрхийн актуудыг үндэслэл болгосон юм. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5  болон 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг тус тус үндэслэсэн. Нягтлан бодогч М.Р нь: 1.Захирлын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 15%-иар бууруулан хасуулсан юм.Тэрээр энэ тушаалыг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Харин тэрээр тушаалын хувийг аваагүй, мэдээгүй гэж тайлбарлах байх.Тэгвэл тушаалын нэг хувийг хариуцлагатай багш, ажилтнуудын дэргэд өгсөн бөгөөд 3 сараар цалинг 15%-иар буруулж авч байсныг эрх биш цалин гаргаж байсан нягтлан бодогчийн хувьд сайн мэдсэн байгаа. Уг 21 дүгээр тушаалд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2-ыг болон, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д заасныг тус тус үндэслэсэн юм. М.Р нь удаа дараа нягтлан бодох бүртгэлийн хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байсан бөгөөд энэ зөрчил нь 2015 оны 9 дүгээр сарын болон 2016 оны 03 дугаар саруудад тус сургуульд ирж ажилласан Үндэсний Аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн Аудитын газраас сургуульд албан бичгийг, дүгнэлтүүдээр ирүүлснийг авангуут мэдэж нэг сарын дотор буюу хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг баримтлан би дээрх 21 дүгээр тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан юм. Аудитын шалгалтуудаар М.Р нь:

- “Эрчим” ХХКомпанд 48061,7 мянган төгрөгийг тухайн компанийн нэхэмжлэлгүйгээр шилжүүлсэн.

- Ур чадварын нэмэгдлийг 25 хувиар бодож жилийн турш 1574,9 мянган төгрөгийн цалинг үндэслэлгүй илүү тооцож авсан.

- Багш, ажилчдад ээлжийн амралтын цалинг 2411,2 мянган төгрөгөөр дутуу олгож байсан.

- Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн /эрх хэмжээг/ ашиглаж сургуулийн захирлаас шийдвэр эрхийн акт гараагүй байхад ур чадварын нэмэгдлийг сар бүр үндсэн цалингийн 25 хувиар бодож цалингийн цэсийн олгохоор тооцсон дүнд хий нэмэгдүүлэх байдлаар нийтдээ 1574,9 мянган төгрөгийн цалинг сургуулийн төсвөөс үндэслэлгүйгээр зориулалт бусаар илүү бодож авч төсвийн тухай хуулийн олон заалтуудыг зөрчсөн нь илэрсэн бөгөөд эдгээр зөрчлүүд шалгалтаар нотлогдон тогтоогдсон байгаа тул зөрчлүүдийг тодорхой болохыг мэдээд түүнд сахилгын шийтгэл ногдуулсныг тэрээр зөвшөөрөөд гомдол гаргаагүй билээ. М.Ргийн гаргаж байсан санхүүгийн зөрчлүүдийг сургуулийн захирлын зүгээс мэдэх боломжгүй бөгөөд зөрчлийг мэргэжлийн байгууллага аудит нь илрүүлсэн байгаа тул эдгээр зөрчлүүдийг үндэслээд шийтгэл ногдуулах нь зайлшгүй юм. М.Р нь эдгээр зөрчлүүдийг он, сараар үргэлжлүүлэн давтан гаргаж байсан болохоор үргэлжилсэн давтан үйлдэл мөн гэж үзэж байна.

2. Нягтлан бодогч М.Р нь дээрх гаргасан зөрчлүүдэд дүгнэлт хийгээд гэм буруутай үйлдлүүдээ ухамсарлан таслан зогсоосонгүй. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны 2016 оны 10, 11 дүгээр саруудад тус сургуулийн санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар нягтлан бодогч М.Р нь дахин зөрчилтэй ажилласан гэж дүгнэгдсэн.Тухайлбал:

- Нягтлан бодогч М.Р нь албан тушаалтны шийдвэргүй өөртөө дураараа сар болгон 25 хувиар 1011,9 мянган төгрөгийн ур чадварын       нэмэгдэл хөлс авч байсан.

- Жанбота гэдэг хүний нэр дээр хуурамч баримт бүрдүүлэн цалин гаргаж авсан.

- Зарим багш ажилчдад нийт 889,7 мянган төгрөгийн илүү цагийн хөлс гаргаж байсан.

- Үдийн хоолны хүүхдийн тоог илүү бичиж зарлага гаргасан.

- Үр дүнгийн урамшилд 828494 төгрөгийг авч журам зөрчсөн.

- Зохих зөвшөөрөл аваагүй 3,2 сая төгрөгийг гүйлгэн зарцуулсан зөрчлүүдийг санаатайгаар үргэлжлүүлэн, давтан гаргаж ажилдаа дүгнэлт хийгээгүй, цаашид зөрчил дутагдлаа засаж ажилладаггүй гэдэг нь тогтоогдсон юм. Дээрх зөрчлүүдийг шалгаж тогтоосон мэргэжлийн байгууллагын албан ёсны шалгалтын дүгнэлтүүдийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би аваад Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн заалтуудыг үндэслэн тус сургуулийн нягтлан бодогч М.Рг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 01 тоот тушаалаар ажлаас халсан юм.

3. Дээрх олон төрлийн санхүүгийн зөрчлүүдийг удаа дараа, санаатайгаар үргэлжлүүлэн давтан гаргаж байсан М.Рг тус сургуульд ажиллуулах үнэхээр боломжгүй болсон бөгөөд түүний нэр хүнд аймгийн Засаг дарга, Боловсролын салбар, сургуулийн багш ажилчдын дунд унаж нэр хүндгүй болсноос гадна түүнд итгэх итгэл алга болсон юм.

4. Түүнээс гадна М.Р нь Аймгийн цагдаагийн байгууллагад үргэлжилсэн үйлдлээр бусдын нэр дээр цалин бодож нийт 1473505 төгрөг авч хувьдаа завшсан гэх мэт олон үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан ба тэрээр гэм буруугаа хүлээж хохирлыг төлж хохирогчтой эвлэрснээр Аймгийн Прокурорын газар 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5/53 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Би энэ 5/53 дугаартай тогтоолын хуулбарыг сүүлд бусдаас мэдсэн.

5.М.Р нь эрхээ хэтрүүлэн сургуулийн гуанзны түрээсний мөнгийг сургуулийн дансанд хийлгэлгүйгээр бэлнээр авч хувьдаа завшсан.

6. М.Р нь ямар ч байгууллага аж ахуйн нэгжид ня-бо мэргэжлээр ажиллах нэр нүүргүй, итгэлгүй болсон бөгөөд би тус сургуульд дахиж ажиллуулахгүй. Иймд М.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж  овогт Мы Рг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.А би тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарны 09-ний өдрийн 160дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж  байна. Нэхэмжлэлд хариуцагч тал дэлгэрэнгүй тайлбар гаргаж өгсөн ба шүүх хуралд тодорхой байдлаар үгээ хэлсэн бөгөөд энэ тухай хэрэгт байгаа билээ. Дээрх тайлбар шүүх хуралд хэлсэн үг зэрэгт давхардуулалгүй дараах үндэслэлүүдийг бичлээ.

1. М.Р  нь урьд  нь   тус сургуулийн  захирлын 2016 оны  5 дугаар сарын 09-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 3 сар 15%  цалин  бууруулж арга хэмжээ авагдсан юм.Энэ  тухай   нийгмийн даатгалын   дэвтэр   хасагдаж  бичигдэх байдаг  бүртгэл хийх эрхээ ашиглан   М.Р  нь бичээгүй  байна.Харин цалингийн цэс, даатгалын хэлтэст явуулсан шимтгэлийн  материалд дээрх  3 сар  цалин хасагдсаныг зөв бичиж бүртгэсэн бөгөөд энэ байдлыг тэрээр өөрийн гараар бичиж бүртгэж байсан атлаа огт мэдэхгүй гэж ичих ч үгүй мэлзэж байгаа нь гайхмаар.

2. Нэхэмжлэгч  М.Р нь анхан  шатны  шүүхэд өгсөн нэхэмжлэл  болон тайлбар, мөн асуусан асуултад "Ямар ч зөрчил дутагдал ажлын алдаа гаргаж байгаагүй. Би хилсээр шалгагдсан, ажлаас гарсан" гэж хэлж бичдэг хэрэгт авагдсан прокурорын газрын 2016 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 5/53 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын   олсон   нь гэсэн   хэсэгт "М.Р   нь   үргэлжилсэн үйлдлээр  багш. Х.Айтолхын, Жанбота нарын нэр дээр нийт 1473505 цалин  бодож гаргаж   авч   завшсан   нь   нотлогдсон"   гэжээ.Энэ үйлдэл   нь   эрүүгийн   хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 заасан давтан хэрэг гэж үзэж байна. Учир нь М.Р нь итгэмжлэгдсэн этгээд боловч эд хөрөнгө, мөнгийг хариуцаж хадгалах хамгаалах эрх  бүхий  нярав биш. Энэ байдлаар дээрх зүйл ангиар шалгагдах байсан юм. Эсвэл энэ хуулийн 150-р зүйлийн 150.2-д   зааснаар шалгагдах байтал   хэн нэгний   нөлөөгөөр хэрэг нь хаагдсан байдаг. Захирал би сүүлд нь энэ байдлыг шүүхээс мэдсэн.

3. Хэрэг нь хаагдсан байхад дахин давтан түрээсний мөнгийг завшсан. Гэмт байдлаа орхилгүй, гэмшилгүй үргэлжлүүлэн хийж байсан зэрэг нь М.Р засаршгүй ашиглагч этгээд мөн гэж үзэхээс өөрөөр хэлэх аргагүй. Сургуулиас М.Ргийн гэмт үйлдлийг сэргээн шалгуулж өгөхийг хүсэн материалыг Улсын прокурорт өгсөн байгаа. Ямар ч байсан энэ мэт засаршгүй этгээдийг ажилд авахгүй.Иймд анхан шатны Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэрийг өөрчлөлт оруулан М.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

М.Р нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5.-д заасныг удирдлага болгож, М.Р нь санхүүгийн тайланг зөрчилтэй гаргаж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэр гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тушаалаар ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогдсон боловч мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т заасан хугацаанд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг дахин давтан гаргасан, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдон тогтоогдоогүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан дээрх үндэслэлийг ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байхыг ойлгох ба хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар танилцуулга, тус аймгийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5/33 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, бусад бичмэл баримтаар ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах үйл баримтын тухай, тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар “...уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасныг зөрчсөн, огноо нь засвартай, биелэгдсэн эсэх нь тодорхойгүй, ажилтанд гардуулаагүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 115 дугаар зүйлийн 115.2.-т нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                С.ӨМИРБЕК