Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Прокурор В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003400214 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, , ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******гийн ... Тэр өдөр намайг түлхэж унагаагаад 2-3 удаа миний зүүн хөл рүү өшиглөчихөөд гэрээс гараад явахаар нь би араас нь зуухны хажууд байсан галын хайчыг аваад шидсэн хайч Аийг оноогүй гадаа харанхуй байсан болохоор мотоцикль оносон тэгээд удалгүй А гаднаас орж ирээд хүүхэд ариулж байсан арц өшиглөөд гэрээс утсаа аваад буцаад гараад явсан. Маргааш өглөө нь босч ирээд бид 2 хэрэлдэж маргалдаад намайг дахиад зүүн талын гуя, хөл, ар дал руу, чихний ар луу өшиглөж хоолой боогоод зодсон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-21/,

Гэрч *******гийн ... 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *******гийн биед үзлэг хийсэн. Тухайн үед зүүн хөлний гуяны арын хэсэгт, шагайн дээд хэсэгт хөхөрсөн байсан нөхөр болох А нь зодоод гэрт байсан мөнгөө аваад явчихлаа цагдаад бариулмаар байна гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 08-ний өдрийн 382 дугаартай шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, гуя шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Шүүгдэгч *******ийн ... Би эхнэр *******д гар хүрсэн нь үнэн. Би 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн өглөө маргалдаж хэрэлдсэнээс болоод Нн зүүн гуя, хөл орчимд нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.       

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн автомашины граж 1 ширхэгийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн автомашины гражийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА