| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2406 02238 1160 |
| Дугаар | 2026/ДШМ/73 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/73
2026 01 16 2026/ДШМ/73
Ц.С д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаяр /цахимаар/,
шүүгдэгч Ц.С /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2428 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2406 02238 1160 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны гражид байршуулсан М.Б ын **** улсын дугаартай Тоёота велфайр загварын автомашины дотор байсан 320.000 төгрөгийн үнэтэй Германы /Bosh/ брэндийн дрилл, 118.000 төгрөгийн үнэтэй Орос улсад үйлдвэрлэгдсэн “Агрессор” нэртэй хийлэгч 173.800 төгрөгийн үнэтэй 1 шил “Бэлуга” нэртэй 750 граммын архи, 1 ширхэг нь 21.397 төгрөгийн үнэтэй “кепровын грильяж” нэртэй набор 2 ширхэг, нийт 634.958 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил, 2 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С гээс 634.958 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б од олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С гийн цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан, тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь эдэлж байсан хорих ялаас үлдсэн ял дээр нэмж надад 2 жил 2 сар 29 хоногийн хорих ял оногдуулсан. Тухайн үед би байцаагч, прокурор нарт бичгээр болон амаар өөр хэрэг байгааг хэлж байсан бөгөөд мэдсээр байж миний хэргээ нэгтгүүлэх хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлүүлж, ял нэмж нэгтгүүлэн эрх зүйн байдлыг маань дордуулж байгаад гомдолтой байна. Миний бие гэм буруу дээр маргах зүйлгүй бөгөөд хохирогчийн хохирлыг хурдан барагдуулахаар илэрхийлж, гэм буруугаа ухамсарлаж байгаа. Дээрх хугацаанд ар гэрийнхэнтэйгээ холбоо барих ямар ч боломж байгаагүй тул хохирлоо барагдуулж чадаагүй байсаар шүүх хуралдаан болж 2 жил 2 сар 29 хоногийн ял авсан. Ар гэрийнхэнтэйгээ холбоо барьсан бол хохирлоо барагдуулах, өмгөөлөгч авах боломжтой байсан. Би хорих ангид байхдаа цалинтай барилгын ажил хийж хохирлоо цалингаараа бүрэн барагдуулсан. Сүүлд болсон шүүх хуралдааны үеэр ар гэрийнхэн маань 634.400 төгрөгийн хохирлыг барагдуулж одоогоор хохирол, гомдол саналгүй байгаа. Мөн миний бие чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин маань хүндэрч байгаа тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.С гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч өмгөөлөгчгүй оролцсон. Мөн төлбөрийн чадваргүй иргэн юм. Шүүгдэгчийн хувьд урьд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял авсан ба ял эдэлж байхдаа ажил хийж хохирол төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Шүүгдэгч Ц.С гийн хувьд тухайн үед хэргээ нэг мөр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан талаараа давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Тухайн үед хоёр үйлдлийг нэг мөр нэгтгүүлж шийдвэрлүүлсэн байсан бол нэг ял шийтгэл авах боломж байсан. Ял эдэлж дуусах дөхсөн байхад буюу 29 хоногийн хорих ял үлдсэн байхад энэ хэрэгтэй холбоотой шүүхээр орж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Ц.С сүүлд хоригдож байгаа хэрэг дээр хорих ял эдэлж байхдаа ажил хийж байсан картаа мөрдөгчдөө үлдээсэн байсан. Би тэр картыг нь очиж аваад ээжид нь өгсөн. Нууц кодыг нь мэдэхгүй учраас ар гэртэй нь холбогдож хохирлыг хохирогчийн дансанд бүрэн төлүүлсэн. Өөрөөр нь төлүүлэх гэсэн боловч цагдан хоригдож байгаа буюу боломжгүй байсан. Тиймээс ар гэртэй нь холбогдож хохирлыг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл урьд үйлдэгдсэн гэмт хэрэг болон энэ хэрэг дээр аль альд нь хохирол төлбөр байхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж дүгнэлт хийж байгаа. Шүүгдэгч 461 дүгээр хорих ангид байхдаа эмчилгээний хоол идэж байсан. Сахрын өвчтэй ба үүнтэй холбоотой хувийн байдлын баримтыг гаргаж өгсөн. Тиймээс хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж, боломжтой бол энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоногийн дүйцүүлэн давж заалдах шатны шүүхээс суллаж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолтой шүүх хуралдаанаас өмнө уншиж танилцсан. Энэ хэрэг дээр өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэгтгээгүйгээс болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Шүүгдэгчийн урьд үйлдсэн хэрэг дээр 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу яллагдагчаар татах тогтоол гарахаас даруй жилийн өмнө уг тогтоол гарсан. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол гарсан. Нээгдсэн даруйд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн гэдэгтэй холбоотой ажиллагаа хийгдсэний үндсэн дээр яллагдагчаар татах асуудлыг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэсэн. Яллагдагчаар татах хүртэлх хугацаанд хэргийг нэгтгүүлэх тухай санал прокурорын байгууллагад ирж байгаагүй. Тиймээс шүүгдэгч Ц.С гийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны шаардлагад нийцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирол нөхцөн төлөгдөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.С гомдол гаргасан учраас таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны грашид байршуулсан М.Б ын **** улсын дугаартай Тоёота велфайр загварын автомашины дотор байсан 320.000 төгрөгийн үнэтэй Германы /Bosh/ брэндийн дрилл, 118.000 төгрөгийн үнэтэй Орос улсад үйлдвэрлэгдсэн “Агрессор” нэртэй хийлэгч 173.800 төгрөгийн үнэтэй 1 шил “Бэлуга” нэртэй 750 граммын архи, 1 ширхэг нь 21.397 төгрөгийн үнэтэй “кепровын грильяж” нэртэй набор 2 ширхэг, нийт 634.958 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Б ын “...Би өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ гарч грашид байрлуулсан **** улсын дугаартай тоёота велфайр маркийн автомашин дээрээ ирэхэд доторх гэрэл нь асаалттай хаалга нь онгорхой байсан. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ОХУ-аас захиж авчруулсан багаж байхгүй байсныг хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Грашийн камерыг шүүлгэж үзэхэд нэг эрэгтэй гаднаас орж иргээд грашид байгаа машинуудын хаалгыг татаж үзэж байгаа нь харагдсан. Миний машинд байсан багажийг тэврээд гарч байгаа нь камерт бичигдсэн байсан. ...Германы /Bosh/ брэндийн дрилл, 18.000 рубль бөгөөд Монгол мөнгөөр 720.000 төгрөгийн үнэтэй, Орос улсад үйлдвэрлэгдсэн “Агрессор” нэртэй хийлэгч 8.000 рубль бөгөөд Монгол мөнгөөр 320.000 төгрөгийн үнэтэй, “Бэлуга” нэртэй 750 граммын архи 4.000 рубль бөгөөд Монгол мөнгөөр 160.000 төгрөгийн үнэтэй, “кепровын грильяж” нэртэй набор 2 ширхэг 1 бүрийн үнэ 4.000 рубль бөгөөд Монгол мөнгөөр 160.000 төгрөгийн үнэтэй, нийт 1.520.000 төгрөгийн үнэтэй эд зүйл алдагдсан. ...Буурал толгойтой, хууз сахалтай, нүдний шил зүүсэн, урт хар өнгийн куртик өмссөн, саарал өнгийн малгайтай цамц өмссөн, хар өнгийн өмд гуталтай эрэгтэй хүн байсан. ...” /хх19/ гэсэн мэдүүлэг,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх13-16/, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн БЗД2-24-792 дугаартай “Дамно” хөрөнгийн үнэлгээний “нийт 634.958” төгрөгөөр үнэлэгдэв гэх шинжээчийн дүгнэлт /хх23-26/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02/192 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 3, 4, 5, 6 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь Цэрэнноров овогтой Сайндүүгийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх31-35/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх37-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.С ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ц.С гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, шүүгдэгч Ц.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны грашид байршуулсан хохирогч М.Б ын **** улсын дугаартай Тоёота велфайр загварын тээврийн хэрэгслээс хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бөгөөд тухайн **** улсын дугаартай Тоёота велфайр загварын тээврийн хэрэгслийг байрлуулсан 59 дүгээр байрны граш нь орон сууцны В1 давхар болох нь хавтас хэргийн 13-16 дугаар талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.
Иймд тус орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, уг байрны В1 давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үзнэ.
Дээрхээс гадна, тус тээврийн хэрэгсэл нь хүн тээвэрлэх зориулалттай боловч хохирогч М.Б нь өөрийн тээврийн хэрэгслийн хаалгаа түгжих, цонхийг нь хааж битүүмжлэх үйлдэл хийлгүйгээр орхин явснаас шалтгаалж шүүгдэгч Ц.С нь тус тээврийн хэрэгсэлд нэвтрэхийн тулд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж тухайн тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.С г тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй.
Иймд, прокуророос Ц.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.С нь “...мөрдөгч, прокурорт өмнөх үйлдэл байгаа нэмж нэгтгэж өгнө үү гэж удаа дараа хандсан боловч хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг дордуулсан. ...би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирол төлбөрийг хоригдож байх хугацаандаа ажил хийж төлж барагдуулсан, мөн эрүүл мэндийн хувьд чихрийн шижин өвчтэй гэх оноштой тул ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Ц.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч гэм буруугийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн маргахгүй оролцсон, анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан хохирол, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Б ын Хаан банк дахь 5076199668 тоот дансанд төлж, /640,000 төгрөг/ хохирогч М.Б ыг хохиролгүй болгосон, түүнчлэн цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтоор түүнийг “чихрийн шижин хэв шинж 2, гуурсан хоолойн архаг үрэвсэл” гэх оноштой гэж тодорхойлсон зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх гэж үзлээ.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох ...хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.С гийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч М.Б ыг “шүүгдэгч М.Б ” гэж техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргасан болохыг тэмдэглэж зөвтгөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2428 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С д 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил, 2 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил, 2 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.С нь хохирогч М.Б од төлбөл зохих хохирол төлбөрт 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С гийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА