Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 571

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,       

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Э.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709004980296 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 133/1 дүгээр байрны 48 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 103 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ99050919 регистерийн дугаартай, Тугтан овогт Э.Г

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

Яллагдагч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 8.872.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пүрэвбаяр /хх-ийн 6-8/, Б.Мөнгөнбагана /хх-ийн 10-13/, Б.Энхбаяр /хх-ийн 14-17/, Э.Энхзаяа /хх-ийн 20-21/, Л.Тогтуун /хх-ийн 23-25/, Б.Ёндонпүрэв /хх-ийн 27/, Б.Дашдаваа /хх-ийн 30/, Б.Нямбат /хх-ийн 32/, Э.Сүххуяг /хх-ийн 33/, Э.Мөнхтулга /хх-ийн 36/, гэрч Д.Батбаяр /хх-ийн 37/, гэрч А.Энх-Оргил /хх-ийн 38/ нарын мэдүүлэг, Э.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г нь “Кёкүшюзан Батбаярын санаачилгаар Япон Улс руу 3 сарын ажлын гэрээгээр 1000 ажилтан явуулж байгаа, 900 хүн нь явсан, үлдсэн 100 хүний бүртгэл явагдаж байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Д.Пүрэвбаяраас 1.050.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Б.Мөнгөнбаганаас нийт 1.125.000 төгрөгийг,

        2017 оны 7 дугаар сард Б.Энхбаяраас нийт 1.210.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын үед  Э.Энхзаяагаас нийт 955.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Л.Тогтуунаас 55.000 төгрөгийг, Б.Ёндонпүрэвээс 35.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд Б.Дашдаваагаас нийт 800.600 төгрөгийг, Б.Нямбатаас нийт 2.000.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Э.Сүххуягаас нийт 1.270.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сард Э.Мөнхтулгаас нийт 717.500 төгрөгийг тус тус залилан авч нэр бүхий 10 иргэнд нийт 8.872.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Пүрэвбаярын /хх-ийн 6-8/: ”...Би Ганзориг гэх хүнтэй холбоо бариад бичиг баримтаа хараад уулзъя гэж хэлсэн. Ганзориг “ямар нэгэн газар цаг товлоод уулзъя” гэж хэлээд утсаа салгаад алга болдог...Би “бичиг баримт болон гадаад паспортоо хармаар байна” гэж хэлтэл Ганзориг “орой 18 цагийн үед уулзъя” гэж хэлсэн. Орой 18 цаг болтол Ганзориг цагаа хойшлуулаад байхаар нь бид нар “Атлас” сургалтын төв рүү орж Ганзоригийн талаар асуутал “наад хүн чинь япон хэлний сургалтанд суух гэж байгаа хүн, манай япон хэлний багшийн утсыг авсан” гэж хэлсэн. Ганзориг гэх залууг цагдаад өгтөл Ганзориг өмнө нь нэг ч удаа яриагүй Халиун гэж эмэгтэйгийн тухай яриад “би тэр хүнд залилуулсан гэж” ярьж эхэлсэн...Ганзориг гэх хүнтэй очиж уулзахад “би Кёкшүюзаны баруун гарын шавь нь байгаа юм. Манай багш Япон улс руу ажиллах хүч гэрээгээр гаргадаг бөгөөд энэ ажлаа надад даалгачихсан байгаа юм” гэж хэлж байсан. Түүнээс өмнө бол Тогтуунаас мэдээллийг авч байсан...Халиун гэх хүн огт байгаагүй бөгөөд зохиож ярьж байна гэж бодож байна. Тогтууны хувьд уг хэрэгт хамааралгүй гэж бодож байна...Миний хувьд хохирлын мөнгөө бүрэн гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Мөнгөнбаганы /хх-ийн 10-13/: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Тогтуун гэх найзтайгаа уулзсан. Тогтуун “би Япон улс руу 3 сараар ажил хийхээр бүртгүүлээд ирлээ” гэж хэлсэн. Би тухайн үед Төгөлдөр гэх найзын хамт явж байгаад Тогтуунаас “бид хоёр явж болох уу” гэж асуутал Тогтуун “за би асуугаад хариу хэлье” гэж хэлсэн... Тэгэхээр нь би “за тэгье одоо гэрт чинь яваад очъё” гэж хэлээд 1.000.000 төгрөг, 3% цээж зураг аваад Шинэ гэмтлийн эмнэлгийн наад талд нь байдаг Тогтууны гэрт очсон. Тогтуун Ганзориг гэх залуутай хамт байсан. Би Тогтууны хажууд 1.000.000 төгрөг, 3% цээж зургийн хамт Ганзоригт 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгөөд Тогтуун бид хоёр 3,4 дүгээр хороололд ирээд Энхбаяр гэх найз руугаа яриад “Япон улс руу 3 сараар ажил хийхээр гарах боломж байна” гэж хэлээд “чи тэгж байгаад сая төргөг олчих” гэж хэлтэл Энхбаяр зөвшөөрөөд би өгсөн сая төгрөгийнхөө 500.000 нь Энхбаярын урьдчилгаа мөнгө болгож өгсөн... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэлийн хураамжны 20.000 төгрөг гэж Тогтуунд өгсөн, 2017 оны 06 дугаар сард 50.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гадаад паспортын хамт Тогтуунд Энхбаяр бид хоёр цуг өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын дэвтэрээ буцааж авсан ба гадаад паспортаа буцааж авч чадаагүй. Тэгээд дараа нь Тогтуун надруу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “тийзний мөнгөө хий” гээд Х.Төрбат гэх хүний дансны дугаар явуулаад “55.000 мянган төгрөг хий” гэж хэлсний дагуу би 55.000 төгрөгийг тэр данс руу явуулсан. Тэрнээс хойш Тогтуун руу утсаар залгаж “хэзээ явах” талаар асуухад “2017 оны 07 дугаар сарын 27-нд явахаар болсон” гэж хэлсэн боловч явуулаагүй.Тогтуун анх бид нарт хэлэхдээ “Ганзориг гэх  хүн явуулж байгаа шүү, наад хүүхэд чинь Кёкшүзаны туслах” гэж ярьж байсан.Ганзориг гэх хүн нь удаа дараа худлаа ярьж бид нарыг луйвардаад байна. Ганзориг нь цагдаад дуудлага өгснөөс хойш Халиун гэх эмэгтэйгийн талаар ярьж эхэлсэн. Өмнө нь тэр эмэгтэйгийн талаар юу ч яриагүй...Миний хувьд хохирлын мөнгөө бүрэн гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Энхбаярын /хх-ийн 14-17/: “...Хамгийн анх Ганзориг нь Тогтууныг Япон улс руу явуулж өгнө гэж тохиролцсон байсан бөгөөд Тогтуунд “өөр явах хүн байвал хэлээрэй” гэж захисан гэж байсан.Тэгээд Тогтуун нь Мөнгөнбагана бид хоёроос “Кёкшүзан Батбаярын төслөөр Япон улс руу 3 сарын хугацаагаар явуулж өгөх хүн байна, та хоёр бүртгүүлэхгүй юм уу” гэж асууж байсан бөгөөд Мөнгөнбагана явахаар болоод 1 сая төгрөгийг Тогтуунтай хамт Ганзориг гэдэг хүнд өгсөн гэж байсан. Тэгээд тэр дороо надруу утсаар яриад “чи бүртгүүлэхгүй юм уу” гэж асуухаар нь “надад мөнгө байхгүй байна” гэхэд Мөнгөнбагана өөрийнхөө өгсөн 1 сая төгрөгөөсөө 500.000 төгрөгийг нь миний урьдчилгаа болгон өгч намайг өөртэйгөө хамт бүртгүүлсэн. Тэгээд би Ганзориг гэх хүнд өөрийнхөө цээж зургийг аваачиж өгөхдөө Ганзориг гэдэг залуутай уулзахад “би Кёкшүзан Батбаярын шавь нь бөгөөд манай багш амжиргаа дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж Япон улс руу Монголоос ажилчид гаргаж байгаа. Энэ ажлаа надад хариуцуулан хийлгэж байгаа. Чиний визийг удахгүй гаргачихна” гэж ярьж байсан...Миний хувьд хохирлын мөнгөө гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр,

 

              хохирогч Э.Энхзаяагийн /хх-ийн 20-21/: “…Би 2017 оны 03 дугаар сард миний танил Ганзориг гэх хүн “Япон улс руу 3 сарын ажил хийлгэхээр хүмүүс явуулж байна. Би Кюкшүзан Батбаярын туслах нь учир уг явуулж байгаа хүмүүсийн дунд чамайг оруулаад Япон улс руу явуулж өгнө” гэсэн юм...Тэгэхээр нь би Япон улс руу явах сонирхолтой байсан учраас Ганзоригтой холбогдож мөнгөө өгөөд залилуулчихсан... Би нийт 955.000 төгрөгийг Ганзоригт өгөөд нэг ч төгрөг эргүүлж аваагүй байгаа…” гэх мэдүүлгээр,

 

              хохирогч Л.Тогтууны /хх-ийн 23-25/: “...Э.Ганзориг гэх хүн бид нар дээр ирж анх танилцаж байсан.Тухайн үед Э.Ганзориг нь өөрийгөө “Кёкшүзан Батбаярын шавь бөгөөд манай багш надад 3 сарын хугацаатай Япон улсад ажилтнаар хүн гаргах ажлыг даалгасан. Би хүмүүсийг бүртгэж явуулах ажлыг хариуцаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд надаас “Япон улс руу явж ажиллахгүй юм уу” гэсэн санал тавьсан. Би сонирхоод асуухад “Кёкшүзан Батбаяр Япон улс руу 1000 хүн гаргах гэрээтэй. Эхний 900 хүн гарчихсан. Одоо 100 хүн гаргах үлдчихээд байгаа юм” гэж хэлсэн. Би итгээд “бүртгүүлье” гэхэд “таныг цалин сайтай “нарны зайн үүсгүүр” дээр ажилладаг ажил дээр нь тавиад өгье, та надад иргэний үнэмлэхний хуулбар, 3 хувь цээж зураг өгчих” гэж хэлэхээр нь өгч бүртгүүлсэн. Тэгтэл Ганзориг надад хэлэхдээ “та өөрийн ойр дотны таньдаг хүмүүстээ бас хэлээрэй, явах хүн байвал би бүртгүүлээд өгье. Гэхдээ тань шиг үнэгүй бүртгэхгүй эхний ээлжинд нэг хүнээс 500.000 төгрөг авна. Тэгээд виз гарсны дараа дахин 500.000 төгрөг авна шүү” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө ойр дотны хүмүүст энэ талаар хэлснээс болж хүмүүс Г-т мөнгөө өгч залилуулчихаад байгаа юм.... Би Халиун гэх хүнийг огт танихгүй бөгөөд Ганзориг нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө гэнэт Халиун гэдэг хүний талаар яриад байсан. Өмнө нь бол надад хэлэхдээ бүх ажлыг би өөрөө хариуцаж байгаа гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Ёндонпүрэвийн /хх-ийн 27/: “...Миний хувьд Э.Г-т ахынхаа өмнөөс өөрөөсөө бүртгэлийн хураамж гэж 35.000 төгрөг өгсөн бөгөөд Э.Ганзориг “2 сая төгрөг өгчих” гэж байсан боловч тухайн үед мөнгөний боломжгүй байсан учраас өгч чадаагүй...Ганзориг надад хэлэхдээ өөрийгөө “Япон улсын том корпорацийн эзэнд үрчлүүлэх гэж байгаа, удахгүй Япон улс руу явж сумо барилдаж амьдрана. Кёюкшүзан Батбаяр бол миний багш байгаа юм. Манай багш Япон улс руу хүмүүсийг 3 сар ажил хийлгэхээр гаргаж байгаа. Би шавь нь учраас хүн оруулах боломжтой” гэж хэлэхээр нь би ахынхаа бичиг баримтыг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

              хохирогч Б.Дашдаваагийн /хх-ийн 30/: “...Тогтуунтай хамт Г гэх залуутай очиж уулзтал Ганзориг нь “Кёкүшүзан сангаар Япон улс руу 3 сараар ажиллах гэрээгээр явна” гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3,4 дүгээр хорооллын “Бүргер кингд” очиж Ганзоригт 580.000 төгрөг бэлнээр, мөн оны 7 дугаар сарын 07-ны өдөр 165.600 төгрөгийг Уранцэцэг гэдэг хүний данснаас гар утсаар 5622156693 дугаартай Төрбат гэх хүний данс руу шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын дундуур Тогтууны ажлын газар очиж /Блү скай/ паспорт нийгмийн даатгалын дэвтэртэйгээ цуг 55.000 төгрөг өгсөн. Хамгийн анх Г нь надтай уулзахдаа “2017 оны 5 дугаар сарын сүүлээр явуулна” гэж байгаад янз бүрийн шалтаг хэлээд явах хугацааг хойшлуулаад худлаа хэлээд намайг хуурч мэхлээд яваад байсан. Тэгээд би надтай ижилхэн залилуулсан хүмүүстэй 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр уулзаад бид нар Г гэх залууг цагдаад өргөдөл гарган өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

               хохирогч Б.Нямбатын /хх-ийн 32/: “...Би анх хамт ажилладаг байсан Тогтуун гэх залуугаас “Япон улс руу хүмүүс 3 сарын ажлын гэрээгээр гаргаж байна” гэж сонсоод 2017 оны 6 дугаар сараас явахаар шийдээд Тогтуунтай ярилцаад явахаар болоод мөнгө төгрөг бүх зүйлээ өгсөн. Харин бичиг баримтаа Тогтуунд ажил дээрээ 50.000 төгрөгийг гадаад паспортын хамт өгсөн. Тэгээд дараа нь анкетны мөнгө гэж 20.000 төгрөг Тогтуунд өгсөн. Тогтуун над руу утсаар яриад “хамгийн сүүлийн хугацаа 2017 оны 6 дугаар сарын 20-нд ниснэ” гэж Ганзоригтой утсаар холбогдоод бид нарт хэлсэн. Тэрнээс хойш янз бүрийн шалтгаан хэлж явах хугацааг хойшлуулсаар өнөөг хүрсэн. Би мөнгө шилжүүлэхдээ дандаа интернет банк ашиглан шилжүүлж байсан. Би Г гэх хүний данс руу нийт 600.000 төгрөг, үлдсэн 330.000 төгрөгийг Баярхишиг гэх хүний данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг Төрбат гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

               хохирогч Э.Сүххуягийн /хх-ийн 33/: “... 2017 оны 4 дүгээр сарын дундуур Тогтуун гэх манай ахын найз “Япон улс руу 3 сарын гэрээгээр Кёкшүзан сангаар дамжуулж хүмүүс явуулж байна” гэж хэлсэн ба манай ах намайг явуулахаар болсон юм. Тогтуун намайг “иргэний үнэмлэх, 2% цээж зурагаа яаралтай явуулчих, хэд хоногийн дараанаас хариу гараад мөнгө төгрөгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын эхээр “урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүл” гээд Тогтууны хэлсэн данс руу шилжүүлсэн. Дараа нь би Улаанбаатар хотод ирээд байж байтал явах хугацаа хойшлогдоод 6 сарын сүүлээр “”Блү скай” дээр гадаад паспортоо 50.000 төгрөгтэй аваад хүрээд ир” гэж хэлэхээр нь би гадаад паспорт 50.000 төгрөгийг Тогтуунд өгсөн. Дараа нь 165.000 төгрөг бэлнээр Тогтуунд өгсөн, тэгээд явах хугацаа нь хойшилж байгаад тийзний мөнгө гэж 55.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгийг бэлнээр Г 2017 оны 7 дугаар сарын эхээр аваачиж өгсөн. Намайг “япон хүмүүсийн туслахаар явуулж өгнө” гэж байгаад худлаа хэлээд алга болоод байсан. Г болон Тогтуунд мөнгө өгсөн хэсэг бүлэг хүмүүс нийлээд Г-ийг хайгаад 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр олоод цагдаад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

                 хохирогч Э.Мөнхтулгын /хх-ийн 36/: “...2017 оны 05 сард хамаатны
Тогтуун гэх дүү маань “Япон улс руу Кёкшүзан сангийн гэрээгээр 3 сараар явуулж
өгнө” гэхээр нь “яаж явуулдаг юм бэ” гэж асуухад “5.000,000 төгрөг байршуулаад
гаргаж өгөх хүнд нь 1.000.000 төгрөг өгдөг, эхний ээлжинд 500.000 төгрөг өгдөг” гэсэн. Тэгээд очиж ажиллах нөхцөл байдлыг асуухад “барилгын ажил хийнэ. Энэ ажил нь 5.000.000-6.000.000 төгрөгийн цалинтай, өдрийн 3 хоолтой, ажлын цаг нь өглөө 8-аас орой 6 хүртэл” гэж хэлсэн. Ганзориг нь “Кёкшүзаны баруун гар” гэж хэлээд ”6 сар гаргаад явна” гээд “гадаад паспортоо яаралтай захиал” гэж хэлсэн. Тэгээд “гадаад паспортоо 50.000 төгрөгтэй, мөн 2 хувь цээж зурагтай явуул” гэхээр нь би өөрөө ажилтай болохоор Л.Хишигмөрөнгөөр өгүүлсэн юм…Ганзориг гэдэг залуу “та нар Японд очоод зоосон мөнгө битгий аваарай” гэхээр нь итгэсэн. “Кёкшүзан сан руу явж гэрээ байгуулж гарын үсэг зурна” гэчихээд “за за маргааш болъё” гээд өөрөө яваад өгсөн...Гэтэл 8 сараас “залилангийн хэрэг болоод цагдаагийн байлууллагад шаллагдаж байна” гэж ээж рүү ярьсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

                 гэрч Д.Батбаярын /хх-ийн 37/: "...Халиун гэх эмэгтэйгийн талаар мэдэхгүй байна. Би хувиараа өөрийн сангийн ажлаар 10 жил хүн явуулах, сургах, ажил хийлгүүлэхийг зогсоосон байгаа. Сүүлийн үед бөхчүүд явуулсан өөр хүн явуулаагүй...Бэлтгэлээ сайн хийгээд сайн тамирчин болсон тохиолдолд өөрийг нь явуулж болно гэсэн тохиролцоо л байгаа...” гэх мэдүүлгээр,

 

        гэрч А.Энх-Оргилын /хх-ийн 38/: “...Г надад хэлэхдээ “Би бол Кюкшүзан Батбаярын баруун гарын хүн юм. Батбаяр нь хүмүүсийг зуны 3 сарын хугацаанд Япон улс руу явуулж ажил хийлгүүлэхээр болсон. Би энэ хүмүүсийг бүртгэлийн ажил дээр нь өөрөө сууж компьютер дээр бүртгэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Кюкшүзан Батбаярын шавь” гэхээр нь итгээд бичиг баримтаа өгсөн юм...Надад огт Халиун гэж эмэгтэйгийн талаар ярьж байгаагүй. Ганцаараа бүртгэлийг хийж явуулна гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Ганзоригийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 47-48/: “... Халиун гэх хүний талаар ярьсан бөгөөд үнэндээ бол Халиун гэдэг нэртэй хүн байхгүй. Миний хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Энхзаяа, Тогтуун нараас бусад хүмүүсээс авсан мөнгийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулж дуусгах болно... Тухайн үед надад ямар нэгэн карт байхгүй байсан учраас Төрбатын картыг би ашигладаг байсан юм...” гэх мэдүүлгээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Э.Гийн “Япон улс руу ажлын гэрээгээр явуулж өгнө” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч хохирогч нарын мөнгийг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Г нь “Япон улс руу ажлын гэрээгээр явуулж өгнө” гэж иргэдэд ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, гадаад улс руу явж ажил хийн мөнгөтэй болох гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгөн хөрөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 8.872.600 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

 Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Э.Г-ийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч Э.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Хохирогч Д.Пүрэвбаяр, Б.Мөнгөнбагана, Б.Энхбаяр, Э.Энхзаяа, Л.Тогтуун, Б.Ёндонпүрэв, Б.Дашдаваа, Б.Нямбат, Э.Сүххуяг, Э.Мөнхтулга нарын “гомдол саналгүй, хохирлоо барагдуулж авсан” гэсэн хүсэлт санал хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн прокурорын саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тугтан овогт Э.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ