Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/55

 

 

    2026          01             13                                        2026/ДШМ/55

 

Н.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхбат,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,  

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2584 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Эд холбогдох 2509000001172 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч Н.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 31 дүгээр сургуулийн хажууд хохирогч М.Хтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Э “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан торгох ялыг гурав 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эас 4,586,567 төгрөгийг гаргуулан хохирогч М.Хд олгуулж, тэрээр энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Эас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо: “...Хэргийн 44 дэх талд “Кмоксилин шахмал” нь гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, уушгины дэлбэнгийн болон гуурсан хоолойн хатгалгаа, эмпием, уушгины буглаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэлд хэрэглэх заалттай байна”, 45 дахь талд “Хүний эрүүл мэндийн дээрх ангид нэр заагдаагүй бусад төрлийн үйлчилгээ” гэх утгатай байх бөгөөд ямар үйлчилгээг, хэнд, ямар заалтаар юу үзүүлсэн нь тодорхой бус байна. 46 дахь талд 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Гоёл" гэх байгууллагын 400,000 төгрөгийн “Хацар сорви” гэх утгатай бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар байх бөгөөд хохирогчийн биед учирсан баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий гэмтэлтэй нийцэхгүй ба е-баримтаар давхар нотлогдож байж тухайн эмнэлэгт үйлчлүүлсэн болох нь нотлогдоно. 44, 45, 46, 48, 49, 52, 53 дахь талуудад авагдсан 834,487 төгрөгийн баримтууд энэ хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөр...” гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

48, 49 дэх талд “Оral”В оо гэх баримт болон 8 дугаартай баримт нь 47 дахь талд авагдсан шүүхийн хэрэгт хамааралгүй гэсэн баримттай давхацсан байна. Мөн “Тийрс натураль” гэх утгатай баримт хэнд зориулсан, юунд хэрэглэх талаар эмчийн бичиггүй тодорхой бус баримт нь хохиролтой шууд холбоотой баримт гэх хууль зүйн үндэслэлгүй байна. 52 дахь талд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Сүхбаатар нэгдсэн эмнэлэг” гэх баримт нь хэрэг болсноос хойш 1 сарын дараа байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоогдсон нүдтэй огт хамааралгүй шинжилгээний төлбөр 44,000 төгрөг нь хохирогчийн нэрийг компьютерт шивээгүй, гараар бичсэн, “Хамтын төлбөр 10,000. тоо-1, дүн-100,000” төгрөг гэх тодорхой бус хуулбар баримтууд байна. Энэхүү баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсэн хуулийн шаардлага хангахгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөн хэсэгт “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 төгрөгөөр тогтоож...” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол батлагдсан ба нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоосон. Энэ талаар улсын яллагч дүгнэлтдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан боломжит бага хэмжээгээр болон 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж санал гаргасан. Шүүх энэхүү оролцогчдын санал, дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл” болон аргачлалд заасан хэмжээг хэрхэн, ямар үндэслэлээр тогтоож буйгаа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгаагүй нь хууль ёсны байх зарчмын зөрчжээ. Түүнчлэн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо Монгол Улсын Дээд шүүхээс баталсан аргачлалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шууд 4,99 дахин нэмэгдүүлэхээр зохицуулсан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

Шүүх “Шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн /хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд төлсөн/”, 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож буй талаар санал гаргасан. Эдгээр нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчийн Хаан банкны ...... тоот дансанд хохирлын мөнгө шилжүүлсэн дансны хуулга, улсын яллагчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 576 дугаар яллах дүгнэлтэд хохирогч М.Х, гэрч Х.Х нар нь яллагдагч Н.Э биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдлийг шалгуулахаар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасагт хүргүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025.10.23-ны өдрийн Ц-2/6695 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг зөрчсөн юм.

Мөн улсын яллагч гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгож, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа гэмт хэсэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байна гэж хэлсэн боловч шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасныг зөрчсөн юм.

Түүнчлэн шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн гэж дүгнэлт хийсэн боловч мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Иймд шүүх дээрх нөхцөл байдлуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байх тул хуульд заасан журмын дагуу хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарахаас өмнө би шалгалтад бэлтгэж байсан бөгөөд шалгалтаа өгсөн баримтаа ч авч ирсэн. Тухайн үед Хтай найзын харилцаатай байсан. Тэр үед намайг “манай лагерьт хоноё” гэж урихаар нь машинтай явж байхад Хий найз мотоциклийг маань ухрах үедээ мөргөж, улмаар бензин алдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан би Х рүү чат бичиж, “мотоцикл бензин алдаж байна, Х.Х холбож өгөөч” гэж хүссэн. Гэвч Х над руу “чи намайг ингэж тушаахгүй, хүнтэй харьцахаа бод” гэх зэргээр доромж, хараалын шинжтэй үг хэлж, чатаар бичсэн. Үүний дараа би маргаан үүсгэхээс зайлсхийж, цаашид холбогдохоо больсон. Тэр орой Х, Х нар нийлж над руу холбогдож, уулзах санал тавьсан. Үүний дагуу шөнийн 00:30 цагийн үед гэрээсээ гарч, 31 дүгээр сургуулийн ойролцоо очиж уулзсан. Тухайн үед Х, Х нар хоёр ахын хамт байсан бөгөөд удалгүй тэдгээр хоёр хүн явж, Х, Х хоёр үлдсэн. Би Хад мотоциклийн гэмтлийг үзүүлэх гэж байхад Х над руу чанга дуугаар орилж, ойртон ирж, түлхсэн. Энэ үйлдлийг шүүх хуралдаанд өөрөө ч хүлээн зөвшөөрч, “би түлхсэн” гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Х дахин огцом дайрч, Х намайг мөргөсөн. Х гараа далайж, түрэмгий байдлаар дайрч эхэлсэн тул би айж сандарсан. Тухайн үед тэд хоёр хоёулаа надаас ах, би ганцаараа байсан учраас өөрийгөө хамгаалах шаардлагатай гэж ойлгож, айсандаа нэг удаа цохьчихсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. ...” гэв.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2513 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдсан 834,487 төгрөгийн хохирлын баримтыг хуульд нийцээгүй гэж маргаж байгаа боловч анх хохирогчоор Хийг тогтоох үед хавтаст хэрэгт нийт 3,808,540 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан хэсгийг үнэлэн 834,487 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоон шийтгэх тогтоолд тусгасан. Үлдсэн баримтуудын хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй эсхүл цаашид иргэний журмаар нэхэмжлэх боломжтой талаар шүүх шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид нэгдүгээр зэрэглэлийн сэтгэцийн өөрчлөлт тогтоогдсон бөгөөд бие махбодод гэмтэл учраагүй, зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн эмгэг байгаа нь тогтоогдсон. Ийм тохиолдолд гэм хорын доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд шүүх тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанарыг харгалзан, өөрийн эрх хэмжээний хүрээнд уг хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж маргаж байгаа боловч өнөөдрийн байдлаар 2,000,000 төгрөг төлөгдсөн хохирол нь бүрэн нөхөн төлөгдөөгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагууд хангагдаагүй байна. Тиймээс өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Н.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 31 дүгээр сургуулийн хажууд хохирогч М.Хтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч М.Хий “...Тухайн үед Н 6-7 танихгүй хүмүүстэй хамт явж байсан, Нтой уулзаад байж байсан чинь манай Хийг Н түрүүлээд цохиод авсан. Тэгээд миний нүүр хэсэг рүү Н ганцаараа нэг удаа цохисон. Миний нүдний шил хагарсан, миний баруун нүдний доод хэсгээс нэлээн цус гарсан. Н манай найз хоёр нэлээн асуудалтай байсан, тэгээд уулзаад “учраа олъё” гээд уулзсан чинь уулзангуутаа миний нүүр хэсэг рүү цохисон. Миний нүдний доогуур шалбарсан, миний нүд хэсгээр өвдөөд байна. ...” /хх 9-10/ гэсэн,

гэрч Т.Т“...Тэгээд удалгүй үл таних 2 залуу ирээд Э тэр хоёртой юм ярьж зогсож байгаад маргалдаад өндөр том биетэй, биерхүү залуу нь Э нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл Э нь зөрүүлээд тухайн залууг цохисныхоо дараа хажууд байсан нүдний шилтэй залууг нь мөн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд барьцалдаж байгаад тухайн нүдний шилтэй залуу Э дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд салцгаагаад тухайн залуугийн ах гэх 2 эрэгтэй хүн ирээд аваад явсан. ...” /хх 16/ гэсэн,

 гэрч Х.Хын “...Тэгээд урьд нь болсон асуудал болох видео тоглоомоос болоод маргалдсан ба түүний талаар ярилцаад зогсож байтал Э нь миний нүүрэн тус газар удаа дараа цохисон. Тэгээд би цохиулчхаад зөрүүлээд Э нуруу хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал Э нь миний хажууд зогсож байсан ...” /хх 18/ гэсэн,

            Н.Э яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Т болон түүний ангийн найз болох нэрийг нь мэдэхгүй үл таних 3 хүүхэдтэй хамт Х болон Х хоёртой уулзахад өмнө нь 6 сарын сүүлээр болсон мотоциклын асуудлаар ярилцах гэтэл Х нь учир зүггүй хараал хэлээд, түлхээд хоёулаа дайраад байсан. Тэгээд намайг тайван байлгахгүй байхаар нь Хийг хэсэг холдуулж байгаад Х мотоциклоо харуулах гэтэл Х нь дахин дөхөж ирээд мөр рүү түлхээд байхаар нь цааш холдуулаад Хад мотоциклоо харуултал Х нь “энэ хогийн сэгийг нь засаж өгөх албатай юм уу” гэх мэтээр доромжлоод миний нүүрэн тус газар нэг мөргөсөн. Тэгээд хажууд нь Х нь гараа зангидаад зогсож байхад нь намайг цохих гэж байна гэж айгаад Хий нүүрэн цус газар нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний биед Х болон Х нар нь миний биед халдсан зүйл байгаа. ...” /хх 53-56/ гэсэн мэдүүлгүүд,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/9097 дугаартай “М.Хий биед баруун нүдний зовхинд шарх, зулгаралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 20-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчийн мэдүүлэг, бусад эх сурвалжтай баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

Прокуророос шүүгдэгч Н.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасан.

Шүүгдэгч Н.Э үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй ба тэрээр хохирол төлбөр бүрэн төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдал, түүнчлэн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн алины буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар гаргасан түүний хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хэрэг гарах үед хохирогч нь зүй бус эрээ цээргүй үг хэрэглэсэн зэрэг түүний буруутай үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.

Харин хавтаст хэргийн 48, 49 дэх талд авагдсан баримт болон 8 дугаартай баримт нь 47 дахь талд авагдсан шүүхийн хэрэгт хамааралгүй гэсэн баримттай давхацсан байхаас гадна CU, Номин дэлгүүр, Сэлбэ хүнсний дэлгүүрүүдийн баримт авагдсан байх тул эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохиролтой шууд холбоотой баримтууд гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс тогтоосон 834,487 төгрөгөөс хасаж, хэрэгт авагдсан баримттай эм, эмчилгээний төлбөрийг 822,937 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Түүнчлэн, шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд оролцогчдын санал, улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож шийдвэрлэлээ.

Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн эмчилгээ хийлгэхэд зарцуулсан төлбөр болох 822,937 төгрөг болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ болох 792,000 төгрөг, нийт 1,614,937 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Н.Э нь давж заалдах шатны шүүхэд хохирогч М.Хд 1,800,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн бөгөөд өмнөх төлсөн 200,000 төгрөгийн хамт хохиролд нийт 2,000,000 төгрөгийг төлж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж  заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2584 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эас 4,586,567 төгрөгийг гаргуулан хохирогч М.Хд олгуулж” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эас 1.614.937 төгрөгийг гаргуулан хохирогч М.Хд олгуулж” гэж өөрчилж, шүүгдэгч Н.Э нь хохирогч М.Хд хохиролд нийт 2,000,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ