| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 231001076140 |
| Дугаар | 2026/ДШМ/61 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/61
2026 01 14 2026/ДШМ/61
Б.А, Г.С, Б.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж,
хохирогч Х.А,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.Буянт,
шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч О.Батсүх,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2504 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.А, Г.С, Б.Б нарт холбогдох 231001076140 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.А нь Г.С, Б.Б нартай бүлэглэн “вагон тээвэрлэлтийн ажлыг зохицуулж вагон оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хуурч Б.Бээр дамжуулан Х.Ааас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 155,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ......тоотоос Худалдаа хөгжлийн банкны ...... тоот данс руу 90,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 245,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Г.С нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.Б, Б.А нартай бүлэглэн хохирогч Х.Аын “вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 240,000,000 төгрөгийг авч залилж их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.А, Г.С нартай бүлэглэн хохирогч Х.Аын “вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 240,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А, Г.С, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлсэн” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Сад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.Ас нийт 165.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ад олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Иргэн Х.А нь Б.Бт холбогдуулан 2022 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Ингэхдээ надаас 1 удаа гэрчийн мэдүүлэг авч байсан ба тэр үед Х.А нь “Б.А нь бэлнээр 150,000,000 төгрөгийг буцаан өгсөн тул гомдол, саналгүй” гэж хэргийг хаасан байдаг. Тэгтэл 2023 оны 1 дүгээр сард тус дүүргийн мөрдөгч мөн адил надаас гэрчийн мэдүүлэг авсан. Би болсон зүйлийг үнэнээр нь хэлж, Б.Б, Х.А хоёрын хооронд ярьж тохиролцсон ажилд нь “би цаашаа хүнд хэлж асууя” гэж хэлээд өмнө нь Л.Б ах вагон явуулж байсан туршлагатай байсан болохоор холбогдож “Сад итгэ, чадна” гэж хэлэхэд итгэсэн нь миний өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан гэмшиж, уучлалт гуйж байна. Х.А мэдүүлэгтээ удаа дараа намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Х.А, Д.М, Б.Б, Л.Б, Г.С нар бүгд нэг санаа зорилготой байсан. “Н Х” ХХК-д вагон явуулж өгч ашиг өгөх зорилготой байсан. Тэгтэл Х.А, Б.Б, Г.С нар хоорондоо үгсэн тохиролцож миний эсрэг мэдүүлэг өгч, эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Энэ мөнгө нь Х.Аын мөнгө биш бөгөөд тэрээр мөн адил ашиг олох зорилгтой байсныг Б.Б ярьдаг. Г.С “Мэгүн” ХХК-ийн вагон тээврийн тээврийн гэрээ хийж өгсөн, төлбөр 400,000,000 төгрөг гэсэн болохоор Х.Аын хувьд төлбөрийг зөвшөөргүй учир гэрээг баталгаажуулаагүй юм. Хэрэгт баримтгүй байхад Х.А үгээр 165,000,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Одоо би цагдан хоригдож байгаа учир өөрийн төлсөн баримтыг шалгаж авч чадахгүй байна. Б.Б намайг “вагон тээврийн болон Улаанбаатар Төмөр Замд ажилладаг” гэж хэлсэн нь илт гүтгэсэн бөгөөд энэ талаар нэмэлт тайлбар өгөхийг шүүх хуралдаанд прокурор болон шүүгчид хандан хэлсэн ч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж мөрдөн байцаах шатанд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж буцаасан боловч хангалттай шалгаагүй.
Мөн миний бие “О С” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд сард 4,000,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлдөг. Давхар бизнесийн орлоготой, Хаан банкны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлэнд тэнцэж 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралтай байсан боловч 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хоригдож, зээлээ гаргуулж чадаагүй. Шүүх хуралдаан дээр хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж хурлыг 5 хоног завсарлуулах хүсэлт гаргасан боловч мөн хүлээж аваагүй. Иймд хэргийг дахин шалгууулах хүсэлттэй байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдолдоо: “...Х.А, Д.М, Б.Б, Б.А, Л.Б, Г.С гэсэн байдлаар бүгд оролцоотой байхад зөвхөн Б.А, Г.С нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Дээр дурдсан бүх хүмүүс вагон тээвэрлэлтийг ажлыг зохицуулж өгөх үйл ажиллагаанд бүгд нэгдмэл нэг санаа зорилготой оролцжээ. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц энэ нөхцөл байдлыг шүүх анхаар үзэлгүйгээр гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж байна.
Хохирогч Х.А удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн атал анхан шатны шүүх түүний аль мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Чингэлтэй дүүргийн прокрорын газраас Б.Бт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан баримтад Б.Аг 155,000,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар мэдүүлж, өөрөө гарын үсэг зурсан байдаг. Б.А зарим банкны хуулгаас үзэхэд одоогийн байдлаар 35,000,000 төгрөгийг Х.Ад өгсөн баримт байна. Гэтэл Х.А, Б.Ас 20 орчим сая төгрөг авсан гэснийг шүүх үндэслэн 165,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь нотлогдохгүй байна.
Анхан шатны шүүх Б.Бийг цагаатгаж шийдвэрлэхдээ Б.Б нь хохирогч Х.Ааас шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан үйлдэл гаргаагүй гэж нотлох баримтаар нотлохдохгүй дүгнэлт хийж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Эсрэгээрээ Б.Б мэдүүлэгтээ “зуучлалын хөлсөнд авч үлдсэн 40,000,000 төгрөг дээр 50,000,000 төгрөгийг авч үлдсэн бэ гэхээр дараагийн вагон дээр үнийн зөрүү гарна гэж тохиролцсоны дагуу тэр мөнгийг авч үлдсэн. Би тухайн өөртөө байлгаж байсан 50,000,000 төгрөгийг хамт ажилладаг байсан ахдаа түр мөнгө зээлээч гэхээр нь зээлсэн байгаа” гэсэн байдаг. Х.А Б.Бийн данс руу 240,000,000 төгрөгийг Д.Мын данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар мэдүүлдэг. Түүнчлэн анхан шатны шүүх Б.Бийг “Б.Ас өөрийгөө вагон тээврийн үйлчилгээ явуулдаг гэж танилцуулж, зуучлалын хөлс олох зорилгийг холбон өгсөн” нь тогтоогдож байна гэж нотлох баримтаар нотлогдохгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Харин эсрэгээрээ Х.А, Б.Б нь өөрийнхөө найзыг Хятад руу вагон тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдах ажилтан хүн байгаа юм гэж эхнээсээ худлаа ярьсан талаар мэдүүлсэн байдаг.
Зохиомол байдлыг бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгохыг ойлгоно. Гэтэл хэргийн үйл баримтаас харахад Б.А нь Л.Баар дамжуулан Г.Сад 60,000,000 төгрөгийг өгч вагон олж өгөхөөр ярьж тохиролцсон Г.С нь “М Л” компаниар дамжуулан нүүрс тээврийн вагоны үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон, “Штайнколе” ХХК-ийн нэрээр гэрээний драфт өгсөн, гэрээний төслийг өөрчилж, “М Т” ХХК-ийн хийхээр тохиролцож, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ баталгаажуулсан талаар гэрч Э.С мэдүүлсэн. Гэрээний төлбөр 400,000,000 төгрөг болсноос шалтгаалан гэрээ хийгдээгүй. Энэ нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх шинжийг үгүйсгэж байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолоор залилах гэмт хэргийн шинжийг “Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэжээ. Мөн зүйлийн “...бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан...” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана гэжээ.
Б.А үйлдэлд залилан мэхлэх зорилгоор, хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд иргэдээс мөнгө авсан шууд санаатай үйлдэл байдаггүй. Харин ч эсрэгээрээ Б.Бийн адил вагон олжөгч зуучлалын хөлс авах гэсэн санаа зорилготой байсан.
Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүхийн тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгын талаар дурдаагүй байна.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй гэж үзэж байна. Миний бие анхан шатны шүүх хуралд оролцоогүй бөгөөд анхан шатны шүүх хурлын дараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байхад анхан шатны шүүхийн шүүх хуралд өмгөөлөгч намайг оролцсон мэтээр бичжээ.
Б.Бийг илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа юм. Хэрвээ Б.Бийг зуучлалын хөлс авах зорилготой байсан бол Б.А ч гэсэн ижил санаа зорилготой байсан. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2504 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Б.Буянт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Сын зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хэргийн үйл баримтаас харвал, Л.Баар дамжуулж Б.Атай танилцаж, нүүрс тээврийн вагон явуулахаар харилцан тохиролцож, 60,000,000 төгрөг өгч, авсан зүйл байдаг. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уг ажлыг гүйцэтгэж, “М Т” ХХК-ийн хооронд тээвэр үйлчилгээний гэрээ хийгдсэн. Ковид цар тахлын үед вагоны үнэ нэмэгдэж, 400,000,000 төгрөг болсон. Үүнээс болж Х.А тээврийн хөлсийг зөвшөөрөөгүй, энэ ажил зогссон. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа ойлгон, гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж, хохирол төлбөрийг барагдуулсан. Шүүгдэгч Б.А “Г.С гуай гэрээ хийж, баталгаажуулж байсан” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Э.Мягмардорж сая “хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн” гэж хэллээ. Шийтгэх тогтоолд тийм алдаатай зүйл байсан. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А, Г.С нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Өөрөөр хэлбэл, “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг төлье” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А өмгөөлөгч Э.Мягмардорж “шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй” гэж цагаатгах байр суурьтай оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Х.Аыг хохирогч биш гэдэг зүйл ярьдаг. Х.Аын мөнгө байсан учраас түүнийг хохирогч мөн гэж үзэж байна. Зуучлалын үйлчилгээ явуулна гэж 6 хүн дамжсан байхад яагаад зөвхөн Б.А, Г.С нарыг буруутгаж байгаа вэ гэдэг асуудал яригдаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж, ойлгоогүй хүнийг гүйцэтгэгч гэж үзэхгүй, харин тухайн хүмүүсийг ашиглаж үйлдэж байгаа хүнийг гүйцэтгэгч гэж үздэг. Д.М болон бусад хүмүүсийн хувьд “вагоныг нь олоод өгчих юм байна” гэдэг үүднээс хүмүүстэй холбож өгсөн. Б.Б анхнаасаа вагон явуулж өгдөг гэж хэлээгүй, “би найзаасаа асууж өгье” гэж хэлсэн нь Х.Аын мэдүүлгээр тогтоогддог. Мөн анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулж асууж байсан. Б.А нь хохирогч Х.Атай “би вагон явуулж өгнө” гэж хэд хэдэн удаа уулзсан байдаг. Анх вагон зуучилж байгаа нь гэмт хэргийн шинжтэй биш, даалгавар буюу хүнд ажил, үйлчилгээ олж өгч байгаа асуудал. Б.А дахин Х.Атай уулзаж, “яг одоо явах гээд байна, та нэмж 90,0000,000 төгрөг өгөхгүй бол болохгүй байна” гэж хэлж, нэмж 90,000,000 төгрөг авсан. Мөнгө авсных нь дараа вагон явахгүй байсан нь харагддаг. Анхнаасаа энэ хүмүүс вагон явахгүй гэдгийг мэдэж, явуулсан асуудал биш. Б.Ад итгэж, “вагон олж явуулах юм байна” гэдэг байдлаар гэрээ хийж байсан. Өмгөөлөгч Э.Мягмардорж “Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоол хүчинтэй байхад энэ хэргийг ингэж шийдвэрлэх ёсгүй” гэж хэллээ. Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоол Б.Б, Д.М нарт холбогдуулж гаргасан гомдолтой холбоотой байсан. Түүнээс биш Б.Атай холбоотой асуудал байгаагүй. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Бтэй холбоотой үйлдлийг шалгаж, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тогтоол гарсан, энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа. Хохирогч Б.А “хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах гэтэл” гэж байна. 5 хоногийн завсарлага гэдэг хохирол шалгах ажиллагаа биш, хохирол төлбөрийг тогтоож, хохирол төлөх боломж, бололцоо байгаа юу гэдэг асуудал яригдсан. Б.А урьд “хохирол төлбөрийг төлье, байр өгье” гэж хохирогчийг төөрөгдүүлж байсан асуудал байдаг учраас хохирол төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэн шүүх хуралдаан болсон. Б.Б анхнаасаа Б.А болон бусадтай үгсэн хуйвалдсан шинжгүй, Г.Сыг таньдаг байгаагүй. Г.С гэдэг хүн Б.А дамжуулж холбогдсон хүн. Б.Б нь Х.Ааас ирсэн мөнгийг Б.Ад өгөхдөө зээлийн гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа гэмт хэрэг үйлдэхийг нь мэдэж байсан бол шууд өгнө. Хүний мөнгийг өгч байгаа учраас “энэ мөнгийг алдчих вий дээ” гэдэг байдлаар зээлийн гэрээ хийж, давхар баталгаажуулж байсан. Өөрөө эрх зүйн мэдлэг дутмаг учраас зээлийн гэрээ байгуулвал баталгаатай гэж бодон зээлийн гэрээ хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд энэ гэрээг гаргаж өгч, ямар шалтгаанаар зээлийг гэрээ байгуулснаа тайлбарласан. Б.А хэлж байгаа шиг 40,000,000-50,000,000 төгрөгийн өр, зээлийн асуудал байхгүй. Б.А, түүний өмгөөлөгч нар яагаад Б.Б гэж яриад байгаа вэ гэхээр мөрдөн байцаалтын шатанд Б.Б “би мөнгө аваагүй учраас төлөхгүй, чи энэ хүмүүсийг залилсан байна, төл” гэж хэлснээс өс хонзонгийн сэдэлтэй зүйл байдаг. ...” гэв.
Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Л.Баар зуучлуулан Б.Ас 60,000,000 төгрөг авсан. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.
Хохирогч Х.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш их хэмжээний мөнгөөр хохироод байна. Яагаад бусад хүмүүсийг авч хэлэлцэхгүй байгаа вэ гэхээр зөвхөн Б.А авсан мөнгөө өгөхгүй байгаа. Б.А мөнгөө өгвөл заавал гомдол, саналтай гэхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд “хохирол нөхөн төлөх 2 хоногийн хугацаа өгвөл хохирлыг төлж барагдуулна” гэж хэлсэн. Анхан шатны шүүх үүнийг авч хэлэлцээгүй, хохирол төлж барагдуулах боломж олгоогүй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Б.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолд нэр буруу бичигдсэн гэж байна. Энэ бол техникийн чанартай алдаа. Г.С, Б.А нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэдэг зүйл яригдаагүй. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Б.А нь Г.С, Б.Б нартай бүлэглэн “вагон тээвэрлэлтийн ажлыг зохицуулж вагон оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хуурч Б.Бээр дамжуулан Х.Ааас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 155,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ......тоотоос Худалдаа хөгжлийн банкны ...... тоот данс руу 90,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 245,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Г.С нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.Б, Б.А нартай бүлэглэн хохирогч Х.Аын “вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 240,000,000 төгрөгийг авч залилж их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.А, Г.С нартай бүлэглэн хохирогч Х.Аын “вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 240,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, Г.С, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, шүүгдэгч Б.А, Г.С, Б.Б нарт холбогдох хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Б.А өмгөөлөгчөөр Э.Эрдэнэбулган оролцсон боловч шийтгэх тогтоолд өмгөөлөгчөөр Э.Мягмардоржийг оролцсон мэтээр гарсан нь /3хх 153/ шийтгэх тогтоолын удиртгал хэсэг “тодорхой, ойлгомжтой” байх хуулийн шаардлагад нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон оролцогчийн нэр шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2504 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Ад урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.С, Б.Б нарын урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ