Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2020/00030

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2020/00030

 

 

******* сумын Эрүүл мэндийн төвийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1456 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Түвшинжаргалд холбогдох актын төлбөр 2,552,901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч болон прокурорын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Отгонгэрэл, хариуцагч Д.Түвшинжаргал, прокурор Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Отгонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот магадлалаар эх эмч Ө.Отгонгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин 2,252,901 төгрөгийг байгууллагаас олгосны дагуу Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар: ХӨА-2019/209/СТА-ТШЗ-01/10 тоот акт тавигдсан. Их эмч Д.Түвшинжаргалд тухайн мөнгийг төлүүлэхээр 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 35 тоот албан бичиг өгсөн боловч хариу өгөхгүй байсан тул 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин бүх баримт бичгийг гарт нь хувилж өгсөн.

...Жилийн эцсээр санхүүгийн тайлан гарахад аудитын байгууллагаас шалгаад акт тавьсан байсан. Аудитын байгууллагаас тухайн үед шийдвэр гаргаж байсан хүн Д.Түвшинжаргалаас гаргуулж ав гэсэн утгатай бичиг ирсэн.

... 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бичгээр төлж чадахгүй гэсэн хариуг өгсөн тул актын төлбөр 2,252,901 /хоёр сая хоёр зуун тавин мянга есөн зуун нэг/ төгрөгийг Д.Түвшинжаргалаар төлүүлж, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулан төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

1.******* сумын ЭМТ-ийн даргыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тус сумын Засаг даргын захирамж 2018 оны 4 дүгээр сарын 23-нд гарснаар миний бие тухайн байгууллагад ямар нэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тушаал гаргах, албан бичиг төлөвлөх, боловсруулах эрхгүй болсон. ... Иймд нэхэмжлэлд дурдагдсан 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаартай ЭМТ-ийн даргын төсөв зарцуулах тухай тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан гэх энэ гүйлгээ нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нд хийгдсэн байдаг. Харин миний бие 2018 оны 4 дүгээр сарын 30-нд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, 2018 оны 5 дугаар сарын 16-нд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон ажиллаж байсан. Мөн аудит яагаад намайг ажлаас халагдсаны дараа гарсан тушаалаар мөнгөн гүйлгээ хийгдсэнийг илрүүлээгүй юм бол! Эсвэл ийм тушаал үндэслэж мөнгө гаргах нь санхүүгийн алдаа зөрчилд тооцогддоггүй юм болов уу, энэ хүний зөв байсан уу?

3.Бидний ажил хүлээлцсэн баримтад гүйлгээ нь хүлээгдэж буй төсөв зарцуулах тушаал бичигдсэн тухай баримт дурдагдаагүй байдаг бөгөөд хэрэв ямар нэгэн төлбөр тооцоо байсан бол Ө.Отгонгэрэл бид хоёрын ажил хүлээлцэх комиссынхон тухайн ажил хүлээлцэх баримтад тэмдэглэх байсан болов уу? гэж бодож байна. Комиссын зүгээс болон сумын Засаг дарга, Эрүүл Мэндийн төвийн даргын зүгээс надад ямар нэгэн албан бичиг үүрэг даалгавар тухайн үед өгөөгүй.

4.Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын Газрын 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар:ХӨА-2019/209/СТА-01/10 тоот актын доторх утга агуулгыг миний бие 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус ЭМТ-ийн нягтлан бодогч Б.Дүүрэнжаргалаас утсаар сонсож, түүний хэлснээр ЭМТ-ийн дарга Ө.Отгонгэрэлээс хувилуулан авч албан ёсоор танилцсан болно. Би өөрөө төсөв зарцуулах тушаал бичсэнээ санахгүй, тушаал бичиж хүлээлгэж өгөөгүй, гүйлгээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу Ө.Отгонгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гарсныг мэдээгүй байсан учир татгалзсан хариуг 2018 оны 8 дугаар сарын 30-нд ЭМТ-ийн дарга Ө.Отгонгэрэлд гаргаж өгсөн.

5.ЭМТ-ийн дарга Ө.Отгонгэрэл нь шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох мөнгийг төсөвт багтаан байгууллагад хохиролгүйгээр гаргаж авсан. Учир нь тус сумын ЭМТ нь хоёр их эмчийн орон тоотой бөгөөд өөрийг нь орлон ажиллаж байсан нутгийн боловсон хүчин, их эмч П.Хонгорзулыг ажилд орох хүсэлтээ өгсөн байхад намайг чөлөөлөгдсөний дараа буцааж томилоогүй.

6.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаартай шийдвэрийн дагуу Ө.Отгонгэрэлийг эмчлэгч эмчийн ажилд нь 2018 оны 4 дүгээр сарын 04-нд эгүүлэн томилсон ч миний бие 2018 оны 4 дүгээр сарын 23-нд ажлаасаа чөлөөлөгдсөн тул надад шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа байгаагүй. Мөн Ө.Отгонгэрэл ЭМТ-ийн даргын ажилд томилогдсон тул энэ мөнгө бол ЭМТ-ийн дарга биш эмчлэгч эмч Ө.Отгонгэрэлд олгох шийдвэр байсан. Намайг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа сумын засаг дарга энэ нөхөн олговрын тухай дурдаагүй байсан. Учир нь энэ шүүхийн шийдвэр тус сумын захиргаанд хүргэгдсэн байсан ба ажлаас чөлөөлөгдөх үед энэ талаар яригдаагүй тул Ө.Отгонгэрэлийг Иргэний хуулийн 498.3-т заасны дагуу татгалзсан байна гэж ойлгосон.

7.Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын Газраас ******* сумын ЭМТ-ийн 2018 оны жилийн эцсийн тайланд аудит хийхдээ тухайн онд 30.0 сая /гучин сая/ төгрөгийн өртөгтэй эхийн амрах байр, 12.0 сая /арван хоёр/ төгрөгийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнийг хараагүйд харамсдаг. Алслагдсан сумын нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө хийсэн энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг миний бие гадаадын хандивлагчаас олж ирснийг үнэлж байгууллагад хохирол учруулах бус харин ч төрөөс гарах төсвийг хэмнэсэн тул дэмжих ёстой байсан гэж үзэж байна.

8.Эцэст нь хэлэхэд, тэтгэврээ тогтоолгоно гэдэг нь хувь хүн ажил хийх чадамжгүй болсноо илэрхийлсэн үйлдэл гэж боддог. Ө.Отгонгэрэл нь өөрөө 3 хүүхэдтэй ч том хүүхдийнхээ хүүхдийг өөрийн нэр дээр бүртгүүлж байж тэтгэврээ тогтоолгосон байдаг. Үнэхээрийн өөрөө ажлаа хийхийг хүсч байсан бол хуульд зааснаар 60 нас хүртлээ ажиллаж болох л байсан. Нэгэнт өөрөө хүсч тэтгэврээ тогтоолгочихоод яагаад ажилд минь буцааж оруул гээд худал үнэн мэдүүлэг өгч заргалдаад яваад байгааг ойлгохгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн мэтээр ойлгогдож байгаагийн хувьд яагаад гэдэг учир шалтгаанаа дээрх тайлбаруудаар хүргэж төрд итгэх итгэлээ алдахгүйн тулд ******* сумын ЭМТ-ийн дарга Ө.Отгонгэрэлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж энэ хэрэгт миний бие холбогдолгүй болохыг үнэн зөв шүүн тунгааж, шийдвэрлэж өгнө үү.

...Би өөрийнхөө тухай үеийн алдааг ойлгож байгаа учраас 10 хувь болох 255,300 төгрөгийг бол төлөх боломжтой. Тэр үед манай байгууллагын цалингийн сангийн төсөвт багтаж гарсан мөнгө юм. Байгууллагын ажилчдын урамшуулал болон цалин мөнгөнөөс бол аваагүй. Ийм учраас байгууллагад учирсан хохирол гэж үзэхгүй байна гэжээ.

Прокурор Л.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...******* сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Түвшинжаргалд холбогдох 2,552,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Энэ хэрэг нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01/10 дугаартай ******* сумын Эрүүл мэндийн төвд тавигдсан акт байгаа. Тус байгууллагад Д.Түвшинжаргал нь ажиллаж байх хугацаандаа хууль бус шийдвэрээр төрийн албан хаагч Ө.Отгонгэрэлийг ажлаас үндэслэлгүй халсан учраас шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Отгонгэрэлийг ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,552,901 төгрөгийг ******* сумын Эрүүл мэндийн төвөөс гаргах шийдвэр хүчин төгөлдөр болсон. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1, 2-т, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар төрд учирсан хохирлыг төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төрд учирсан хохирол цалин хөлсийг төрийн аудитын байгууллага, тухайн байгууллага нь дотоод аудитын нэгжтэй бол дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгжгүй бол төрийн аудит арилгах үүргийг хуульчлан үүрэгжүүлсэн учраас төрийн аудит уг актыг тавьсан байдаг. Энэ актыг эс зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тайлбарлахдаа намайг ажлаас гарснаас хойш акт тавигдсан байгаа учраас төлөхгүй гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн тухайн үед гаргаж байсан шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон учраас ******* сумын Эрүүл мэндийн төв хариуцагч Д.Түвшинжаргалаас 2,552,901 төгрөг гаргуулан авахаар болсон. Ийм учраас төрийн аудит акт тавьсан. Энэ актыг яагаад хариуцагч Д.Түвшинжаргалд мэдэгдээгүй юм бэ? гэхээр ******* сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд энэ акт тавигдсан байгаа. Яагаад гэвэл энэ хүн ажилгүй байсан хугацааны 2,552,901 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргаад өгсөн. Тухайн үед өөр хүнийг ажилд аваад төрийн сангаас мөн 2,552,901 төгрөгийн цалинг гаргаад өгчихсөн байгаа учраас уг мөнгийг төрд учирсан хохирол гэж үзээд нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Д.Түвшинжаргалаас Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газрын 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01/10 дугаартай актаар тавигдсан 2,552,901 төгрөгийн төлбөрийг гаргуулах саналтай байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.1, 498.5-д зааснаар  хариуцагч Д.Түвшинжаргалаас 255,300 /хоёр зуун тавин таван мянга гурван зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,297,601 /хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга зургаан зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас түүний зөвшөөрсөн мөнгөн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 8,309 /найман мянган гурван зуун ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Прокурор Л.Отгончимэг гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчжээ.

Учир нь: ...Ө.Отгонгэрэлийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 2,552,901 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болж, түүнд төсвийн хөрөнгөөс буюу төрөөс ажилгүй байсан хугацааны цалинг гарган олгосон нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг төрд учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. гэсэн байна. 103.3-т Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасан заалтын дагуу Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр акт тавигдсан байх ба хариуцагч Д.Түвшинжаргал уг актыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн өөр хуулийг буюу хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.4 дэх хэсгүүдэд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй тул эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэн хэрэглэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү хуулиар тогтоож болно гэж заасан заалт нь эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас байгууллагад учруулсан хохирол нөхөн төлүүлэх тухай заасан заалт байхад Иргэний хуулийн 498, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлүүдтэй утга агуулгын хувьд өөр өөр харилцааг зохицуулсан гэж үзнэ. Иймд ...шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын гомдол гаргав гэжээ.

Нэхэмжлэгч ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Отгонгэрэл давж заалдах гомдолдоо: ... их эмч Ө.Отгонгэрэлийг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин 2,255,901 төгрөгийг тус шийдвэр, магадлалын дагуу байгууллагаас гаргуулж олгосон бөгөөд буруутай албан тушаалтан болох их эмч Д.Түвшинжаргалаас тухайн мөнгийг төлүүлэхээр 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ХӨА 2019/209/СТА-ТШЗ-01/10 тоот акт тавигдаж, нөхөн төлүүлэхээр Д.Түвшинжаргалд мэдэгдэл, албан бичиг өгсөн боловч хариу өгөхгүй байсан учраас шүүхэд хандаж буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хариуцагч Д.Түвшинжаргалаас 10 хувь болох 255,300 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хууль бус шийдвэр гаргаж үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1256 дугаартай шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай магадлалаар тогтоогдож ажлаас үндэслэлгүйгээр халж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн байгаа нь Д.Түвшинжаргалыг буруутай гэдгийг шууд тодорхойлж байна.

Мөн төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.2.3-т зааснаас бусад албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй байна гэсэн ойлголт өгч байна. Дээрх нэхэмжлэлд эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хамаарахгүй бөгөөд эрхлэн хариуцсан эд хөрөнгөнд хохирол учраагүй түүний гаргасан шийдвэр үйл ажиллагаанд хамаарах учраас байгууллагад учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх учиртай байна. Иймд ...хариуцагч Д.Түвшинжаргалаас актын төлбөр 2,552,901 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун нэг/ төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******* сумын эрүүл мэндийн төв нь хариуцагч Д.Түвшинжаргалаас төрд учруулсан хохирол 2,552,901 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 255,300 төгрөгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 255,300 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч Д.Түвшинжаргал нь Хөвсгөл аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус төвд эмчлэгч эмчээр ажиллаж байсан Ө.Отгонгэрэлийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт байгууллагаас 2,552,901 төгрөг олгосон нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөвсгөл аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн данснаас олгосон байх боловч нэхэмжлэгч ...төрд учирсан хохирлыг барагдуулах-ыг хүссэн, Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай акт /хх-ийн 18-р тал/-д ...Д.Түвшинжаргалаар нөхөн төлүүлж Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь ...тоот дансанд төвлөрүүлэх-ээр тусгаснаас дээрх хохирлыг Хөвсгөл аймгийн ******* сумын эрүүл мэндийн төв, Төрийн аудитын газар, төрийн алинд олгох нь тодорхойгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, зорилгыг тодруулаагүй, нэхэмжлэгч төр болон хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч ийм баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1456 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон давж заалдах гомдол, прокурор гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ