Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/62

 

       

 

 

 

 

    2026           01            14                                          2026/ДШМ/62

 

 

    Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Я.Батханд,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдолуудад үндэслэн Б.Мд холбогдох 2306002850334 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 519 дүгээр магадлалаар 6 сарын хорих ял, 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91-09 тоотод хохирогч Т.Шт “гадаа нөхөр, охин хоёртойгоо уулзчихаад ирье, гаднаас таны гэдэсний даруулгыг аваад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, монетон бөгж, нөүт 7 загварын гар утсыг залилан авч, 608.600 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Спарк” лоунжид “утасны цэнэг дуусчихлаа, утсаа өгч байгаач, найзтайгаа ярих гэсэн юм” гэж хохирогч А.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эзэмшлийн 888,000 төгрөгийн Айфоне 8 плас загварын гар утсыг авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Уулзбар" бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Мыг "манай нөхөр зогсоол дээр ирчихсэн байна, утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2,575,000 төгрөгийн Айфоне про 13 загварын гар утсыг авч залилсан,

 Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд түр ажлаар оршин сууж байсан Б.Жтай фейсбүүк зар дээр “......” нэртэй фейсбүүк хаягаар дамжуулан харилцаж “жолооны эрх сэргээж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 550.000 төгрөгийг Б.Мийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс ашиглан шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн С10 лангуунд байх “Мадам” салоноор үйлчлүүлж байхдаа “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, үйлчилгээний хөлс болох 180.000 төгрөгийг төлөхгүйгээр, хохирогч С.Огийн эзэмшлийн Айфоне 12 мини загварын утсыг авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “И-март” худалдааны төвд хохирогч Э.Нод “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гар утсыг нь авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Э.Нын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс бүхий интернэт банканд буюу цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн өдөр хохирогч Э.Нын эзэмшлийн Хаан банкны ...тоот данс бүхий интернэт банканд буюу цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр хандаж, тус данснаас 2,070,000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг Голомт банкны ...тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 143 тоотод оршин суух хохирогч А.Өын гэрт үлдэхдээ iphone X маркийн гар утас 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, чулуун шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бүрмэл ээмэг бөгж, Channel брэндийн үнэртэй ус 1 ширхэг, Tommy gril брэндийн ус 2 ширхэг, Signorita брэндийн үнэртэй ус 1 ширхэг, брэнд тодорхойгүй үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.370.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.М хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 1 сар 15 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 15 хоногийн хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 11 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил, 1 сар, 8 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жил 1 сар 08 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэс нийт 8,013,000 төгрөг гаргуулж, хохирогч А.Дд 888,000 төгрөг, хохирогч Б.Жад 550,000 төгрөг, хохирогч С.Од 1,110,000 төгрөг, хохирогч Э.Нод 3,095,000 төгрөг, хохирогч А.Өд 2,370,000 төгрөг тус тус олгож хохирогч С.О үйлчилгээний хөлс 180,000 төгрөгтэй холбоотой, иргэн Н.Я иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү, охины хамт амьдардаг. Охин маань 2025 оны 08 дугаар сарын 13-ны төрсөн бөгөөд 3 сартай. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчдоос уучлалт гуйж, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ амалж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт хүлээж авна. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэхэд саад болохгүй.” гэсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.М хорих ангиас суллагдсан өдөр буюу 2023 оны 08 дугаар сараас хойш 2 жил 2 сарын хугацаанд түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг гүйцэтгэх ажиллагааг эрх бүхий байгууллагаас огт хийгээгүй болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтад байхгүй хэм хэмжээ буюу Б.М хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очих үүрэгтэй гэх үнэлэлт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2023/дшм/519 дугаартай магадлалд “... хууль ёсны зарчимд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэряэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл хохирогч Б.М нь Б.Мд 5,670,000 төгрөгийг өгөхдөө өөрийн төрсөн ах Б.Н үйлдсэн гэмт хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлүүлэхээр шүүгч, прокурор, цагдаа нарт хахууль өгөх санаа, зорилготойгоор өгсөн үйлдлийг түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй тул шүүгдэгч Б.Мэс гаргуулсан 5,670,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.” гэсэн байдаг. Хохирогч Б.Ж нь дээрхтэй адилаар, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлсэн байх тул түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй. Тиймээс Б.Мэс гаргуулах 550,000 төгрөгийг улсын орлого болгох нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэдгийг кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийг эзэмшигчид мэдэгдэлгүйгээр дур мэдэн мэдээллийн систем мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн танилцсанаар төгсдөг. Хохирогч Э.Нын Хаан банкны интенэт банканд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн /гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан арга нь цахим мэдээлэл сүлжээ байсан, кибер орчинд халдах биш/ гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Залилах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох цахим хэрэгсэл ашиглах гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд цахим хэрэгсэл цахим сүлжээ цахим мэдээлэл ашиглан зориудаар төөрөгдүүлэх үйлдлийг ойлгодог. Дээр дурдсанчлан кибер орчинд хууль бусаар халдах гэдэг нь цахим хэрэгсэл цахим сүлжээ цахим мэдээлэл ашиглах гэх ойлголтоос тусдаа бөгөөд шүүгдэгчийн хохирогч Э.Нын зөвшөөрөлгүйгээр түүний хаан банкны интернэт банканд нэвтэрсэн үйлдлийг гар утсыг нь залилан авахдаа цахим мэдээлэл сүлжээ ашигласан гэж гуйвуулан тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. ...” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гар утсыг нь залилан авахдаа цахим мэдээлэл сүлжээ ашигласан гэх үндэслэл огт хэлээгүй, харин хохирогч Э.Нын эзэмшлийн ХААН банкны данснаас 2,070,000 төгрөг хулгайлахдаа ашигласан арга хэрэгсэл нь мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх үйлдэл байсан гэж маргасан болно.

“Гэмт хэрэг үйлдсэн арга” гэдэг нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай нэг үйлдлийг хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан үйлдэл, хөдөлгөөн, арга барил байдаг.

Мөн “гэмт этгээдийн халдлагын объектод нөлөөлж буй гэмт зан үйлийн гадаад ажиллагааны илрэл бөгөөд гэмт этгээдээс ийм л замаар гэмт үйлдлээ хэрэгжүүлнэ, хор уршгийг бий болгоно” гэж удирдлага болгон авч үзсэн чиглэмж, сүвэгчилсэн ухаан байдаг.

Шүүгдэгч Б.М хувьд хохирогч Э.Нын интернэт банкыг ашиглахгүйгээр түүний данснаас мөнгө авах боломжгүй байсан, өөрөөр хэлбал Б.М хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ сонгон авсан үйлдэл нь мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх байсан болно. Шүүхийн практикаас харахад ч гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслийг тусад нь гэмт хэрэг гэж үзэн зүйлчилдэггүй.

Тухайлбал, Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын хаалга үүдийг эвдэх, цонх хагалах зэргээр орон гэрт нь нэвтрэх, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн хувцас хунарыг урж тасдах, эл зүйлийг нь эвдэлж сүйтгэн зорилгодоо хүрэх, хүн алах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг эвдэлж сүйтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт давхар зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулдаггүй.

 Б.М өмнө нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах, 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан. Харин хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Т.Ш залилах гэмт хэргийн улмаас хохирч 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн А.Д залилах гэмт хэргийн улмаас хохирч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Ж залилах гэмт хэргийн улмаас хохирч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Э.Н хулгайлах гэмт хэргийн улмаас хохирч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн А.Ө хулгайлах гэмт хэргийн улмаас хохирч дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн.

Дээр дурьдсан нөхцөл байдлаас харахад Б.М үйлдсэн гэм хэргүүд нь цаг хугацааны хувьд ч, зүйлчлэлийн хувьд ч 2023 оны 189 дугаартай шийтгэх тогтоолоор хамтдаа хянан шийдвэрлэгдэх боломжтой байсан болно. Өөрөөр хэлбэл, түүний эрх зүйн байдал дордсон харагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.М хувьд гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн бага насны хүүхэдтэй гэдгийг нь нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж 6 сарын хорих ялыг биечлэн эдлэх хорих ялын хэмжээнээс хасаж, хорихоос өөр төрлийн буюу торгох, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мэс нийт 8,013,000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий 5 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдөр гаргаж өгсөн баримтаар эдгээр хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулж, нотариатаар баталгаажуулсан. Хохирогч нар ямар нэг гомдол саналгүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор миний үйлчлүүлэгч цагдан хоригдсоноосоо хойш бөөрний архаг үрэвсэлтэй болох нь тогтоогдсон. Мөн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрж, охин нь одоо 5 сар хүрч байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй, өөрөө давж заалдах гомдол гаргаж, давж заалдах гомдлоо танилцуулахдаа ар гэр, эрүүл мэндийн байдлынхаа тухай мэдүүлж байна. Анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Урьд эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдсэн нэг системтэй, хорих ял эдэлж дууссанаас хойш системээрээ дамжуулан хяналт тавьж, дуудах ёстой байсан. Төрийн байгууллагын хариуцлагагүй үйлдлийг улмаас ийм асуудал гарсан тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс 11 сар 23 хоногийн ялыг зорчих эрх хязгаарлах ял чигээр нь оногдуулж өгнө үү. Мөн өмгөөлөгч Ц.Гансүхийн хэлсэнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдахгүй байна. Хохирогч өөрөө интернэт банкинд нэвтрэх нэр, кодыг өгсөн. Хохирогчийн өгсөн кодоор нэвтэрч байгааг цахим хэрэгсэлд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин хохирогчид хэлэхгүйгээр мөнгө шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2025 оны 07 дугаар сард буюу ээлжийн амралтын хугацаанд хяналт солигдож, миний бие хяналт тавьж ажилласан. Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн хувьд урьд ял шийтгэгдсэн хугацааны буюу 2022 оны үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж нэгтгэгдсэн. Өмнө нь гэм буруутайд тооцогдож, шийдвэрлэгдсэн хэргээс үйлдсэн үйлдэл учир гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар “хохирогч Э.Нын ээжийн гэрт амьдарч байх хугацаандаа хохирогчтой хамт дэлгүүр явж, интернэт банкинд нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авсан” гэж хэн аль нь мэдүүлдэг. Шүүгдэгч нь хохирогчтой хамт Имарт худалдааны төвд худалдаа хийхээр явж байхдаа түүнээс “гар утсаа өгч байгаач” гэж хэлж аван интернэт банкинд нэвтэрч, мөнгө шилжүүлж авсан орон зай, цаг хугацааны хувьд тус тусдаа 3 үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Прокуророос гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх дээр дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Ц.Гансүх хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд цонх, хаалга эвдсэн үйлдлийг хамруулж үздэггүй гэж тайлбарлаж, улсын яллагчийн зүгээс хууль хэрэглээний хувьд мэтгэлцэж, шүүх хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Интернэт банкинд нэвтэрснээр хохирогчийн эзэмшлийн захиран зарцуулах боломжтой мөнгөн дүнтэй танилцсаны улмаас, хэрэв мөнгө байгаа тохиолдолд нууцаар, мэдэгдэхгүйгээр шилжүүлж аван өөртөө захиран зарцуулна гэж санаа, сэдэл үүсэж, гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хууль тогтоогчоос тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж зохицуулсан учраас гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үүнийг хулгайлах гэмт хэргийн арга гэж үзэх үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэр бүхий 5 хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар эдлүүлэх асуудал дээр хуулийн байгууллагын алдаатай үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр шүүхээс Б.Мд хорих ял, тусдаа зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгааг уншиж, сонсгосон. Б.М хувьд хэрэг хариуцах чадваргүй, эсхүл ярьсан зүйлийг ойлгохгүй байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хорих ял эдэлсний дараа зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх ёстой гэдгийг ойлгож, ухамсарласан гэж үзэхээр байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хуулийн байгууллага хяналт тавьж, хэрэгжүүлээгүй учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэж байгаа нь хууль тогтоомжийг зөвөөр хэрэглэхэд алдаа үүсгэнэ гэж үзэж байна. Хэдийгээр өмнөх үйлдлүүдээс үлдсэн үйлдэл боловч 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй нөхцөл байдал нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээс харагдаж байгаа учраас хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих боломжгүй, тийм үндэслэл байхгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91-09 тоотод хохирогч Т.Шт “гадаа нөхөр, охин хоёртойгоо уулзчихаад ирье, гаднаас таны гэдэсний даруулгыг аваад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, монетон бөгж, нөүт 7 загварын гар утсыг залилан авч, 608.600 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Спарк” лоунжид “утасны цэнэг дуусчихлаа, утсаа өгч байгаач, найзтайгаа ярих гэсэн юм” гэж хохирогч А.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эзэмшлийн 888,000 төгрөгийн Айфоне 8 плас загварын гар утсыг авч залилсан,

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Уулзбар" бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Мыг "манай нөхөр зогсоол дээр ирчихсэн байна, утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2,575,000 төгрөгийн Айфоне про 13 загварын гар утсыг авч залилсан,

 Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд түр ажлаар оршин сууж байсан Б.Жтай фейсбүүк зар дээр “......” нэртэй фейсбүүк хаягаар дамжуулан харилцаж “жолооны эрх сэргээж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 550.000 төгрөгийг Б.Мийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс ашиглан шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн С10 лангуунд байх “Мадам” салоноор үйлчлүүлж байхдаа “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, үйлчилгээний хөлс болох 180.000 төгрөгийг төлөхгүйгээр, хохирогч С.Огийн эзэмшлийн Айфоне 12 мини загварын утсыг авч залилсан, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “И-март” худалдааны төвд хохирогч Э.Нод “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гар утсыг нь авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Э.Нын хохирогч Э.Нын эзэмшлийн Хаан банкны ...тоот данс бүхий интернэт банканд буюу цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр хандаж, тус данснаас 2,070,000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг Голомт банкны ...тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 143 тоотод оршин суух хохирогч А.Ө гэрт үлдэхдээ iphone X маркийн гар утас 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, чулуун шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бүрмэл ээмэг бөгж, Channel брэндийн үнэртэй ус 1 ширхэг, Tommy gril брэндийн ус 2 ширхэг, Signorita брэндийн үнэртэй ус 1 ширхэг, брэнд тодорхойгүй үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.370.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Нын “...2022 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагийн үед ээжийнхээ зочид буудал руу цүнхээ авах гээд орж байсан. Тэгтэл манайд өмнө нь сар гаран байсан Б.М нь “Миний цалин орсон байна. Чиний Голомт  банкны ...дугаарын дансанд мөнгө хийгээд авъя, нэг мөсөн “И-март” ороод карт байгаа дээр нь ажилдаа авч явах юмнуудаа авъя” гэж хэлсэн. Кассан дээр ирээд дугаарлаж байхдаа М “маск аваад ирээч, чи утсаа түр үлдээчих, би тооцоо хийнэ” гэж хэлсэн. Би утсаа үлдээчхээд маск аваад буугаад очиход байхгүй байсан. Кассчинд “нойл ороод ирье” гэж хэлсэн байсан. 21 цаг 40 минутын үед миний Данснаас 2,070,000 төгрөгийн зарлага гарсан. ...” /1хх 21/ гэсэн,  

хохирогч А.Дий “...Тэгтэл М нь “утасны цэнэг дуусчихлаа, утсаа өгч байгаач найзтайгаа ярих гэсэн юм” гэхэд би утсаа өгч яриулсан. Хэсэг хугацааны дараа “2 найз нь гадаа ирчихлээ, утсаа өгч байгаач, гараад 2 найзаа дагуулаад ороод ирье” гээд гарсан. Үүнээс хойш эргэж орж ирээгүй нэлээн удсан болохоор нь би тооцоогоо хийчхээд гэртээ харьсан. Маргааш өглөө нь би сэрээд компьютероор фейсбүүк орж чатаа харахад над руу “Утас нь байгаа шүү, цэнэг нь дууссан, хаана аваачиж өгөх вэ” гэж бичсэн байсныг хараад “ажил дээр авч ирээд өгчих” гэсэн. Үүнээс хойш очлоо гэж хэд хэдэн удаа чат бичсэн боловч одоог хүртэл ирээгүй. ...” /2хх 30-31, 35-36/ гэсэн,

хохирогч Т.Шын “...Хэсэг байж байгаад “эгчээ гадаа манай нөхөр, охин 2 ирчихсэн байна, гараад ирье, бас таны захисан гэдэсний даруулгыг аваад ороод ирье” гээд гарахдаа миний нөүт-7 загварын гар утсыг аваад гарсан. Орж ирэхгүй байхаар би гараад байрны дэлгүүр орж өөрийн утас руу залгахад М одоо яг орох гэж байна гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар дахиад дэлгүүр орж залгахад утсаа авахгүй байсан. Дэлгүүрийн эгчийн утас руу мессеж бичээд байсан. Цагийн дараа миний утас холбогдохгүй болсон. Бас миний гарт байсан бөгжийг зүүж үзээд байсан, гарахдаа өгөлгүй аваад явсан. ...” /2хх 158-160/ гэсэн,

хохирогч Б.Жын “... “жолооны эрх сэргээнэ” гэсэн зар байршуулсан байхаар нь харьцаад ярьтал 95033134 дугаарын утсаар үл таних эмэгтэй “350.000 төгрөг шилжүүлчих, эрхийг чинь сэргээнэ” гээд ... дугаарын дансыг өгөхөөр нь би өөрийн регистрийн дугаарыг гүйлгээний утга дээр бичээд 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө дахин яриад “200.000 төгрөг нэмээд шилжүүлчих эрхийг чинь сэргээх гэж байна” гээд тэр дансаа өгөхөөр нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахин миний утсыг аваагүй, ярихаа болиод фейсбүүк чатаа ч ашиглахгүй холбоо бариагүй алга болсон. ...” /2хх 234-235/ гэсэн,

хохирогч Д.Мын “...М гэх эмэгтэй 14 цагийн үед ирээд гоо сайхны үйлчилгээ авч дуусаад “нөхөр мөнгө шилжүүлэхээр өгье, тэр хооронд хэдүүлээ хоолонд оръё” гээд манай найз Н, М бид нар “Уулзбар” бааранд орж хоол идээд Н бид 2 харихаар гарах үед араас М миний утсаар “нөхөртэйгөө яриадахъя” гэж аваад удахгүй өгсөн. Жаахан байж байгаад миний утсыг дахиж аваад “манай нөхөр зогсоолд ирчихжээ, та 2 наанаа хүлээж байгаарай, би нөхрөө очоод аваад ирье” гээд чихэндээ утсаа бариад явсан. 30 минут орчим хүлээгээд “Уулзбар” луу ороод өөрийнхөө дугаар луу залгахад дуудуулж байгаад таслаад унтраасан байсан. Н утаснаас мессеж бичүүлэхэд “01 цаг хүртэл хүлээж байгаарай, эгч нь амжаад очно, энд жаахан маргалдаад байна” гэсэн. Н бид 2 шөнийн 01 цаг хүртэл хүлээгээд дахиад Н утсаар мессеж бичихэд “10 дугаар хорооллын эцсээс ирээд утсаа аваарай” гэхээр нь “UB капаар явуулчих” гэхэд “за UB кап дуудчихлаа” гээд тэрнээс хойш холбоо тасарсан. ...” /3хх 46/ гэсэн,

хохирогч С.Огийн “... “Мадам” салон дээрээ байж байтал урьд өмнө 3-4 удаа үйлчлүүлж байсан эмэгтэй орж ирээд маникюр, педикюр үсчин дээр үйлчилгээ авсан. Надаас “гар утсаа өгөөч, ярьчхаад өгье” гээд гуйгаад байхаар нь өгсөн. Миний хажууд хүнтэй ярих гэж зогсож байгаад намайг хүнтэй байгааг мэдээд Айфоне мини 12 загварын утсыг минь аваад явсан байсан. Тэгээд би өөрийн дугаар луу А эгчийн дугаараас залгасан чинь авахгүй таслаад байсан. Өөр өөр дугаараас залгасан чинь блок хийгээд байсан болохоор А эгчийн дугаараас мессеж бичсэн чинь “удахгүй орлоо, ойрхон байна” гээд бичсэн. Орж ирэхгүй байхаар нь дахин дахин залгатал утсаа салгаад сүүлдээ унтраасан. Манай салонд үйлчлүүлээд 180,000 төгрөгийн тооцоогоо хийхгүй явсан, урьд өмнө тухайн иргэн манайд үйлчлүүлээд 70,000 төгрөг өгөхгүй 4-5 хоног болж байгаад өгч байсан. ...” /3хх 195, 198-199/ гэсэн,

хохирогч А.Өын “...10 жилдээ найзалдаг байсан охин М холбогдож чат бичээдэд “уулзах уу” гэхээр нь “хоёр хүүхдээ хараад гэртээ байна, уулзах боломжгүй” гэхэд манай гэрт ирж уулзахаар болсон. ...Маргааш нь өглөө 08 цаг 40 минутадад хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд явахад унтаж байсан. Өдөр 12 цагийн орчимд “сормуус хийлгэх ажилтай болоод мөн адил гэрээ гаднаас нь цоожлоод гарах гэтэл миний араас М хашхирч “Ларьдма” кино шиг хүн цоожлоод байх юм гэхээр нь би гэрээ онгорхой орхиж М ганцаараа үлдсэн. Би гадуур ажлаа амжуулчхаад гэртээ орохоор хаалгаа таттал хаалттай мөртлөө онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороод дуудахад байхгүй байсан. Тэгээд сонин мэдрэмж төрөөд байхаар нь бүх эд зүйлээ бүртгэж үзэхэд миний эд зүйлс байхгүй байсан. ...” /1хх 156-157/ гэсэн,

гэрч Ю.Бадамцэцэгийн “...Тухайн үед Мд гар утас байхгүй байсан тул охины гар утсыг ашиглаад фейсбүүк орж байсан гэдгийг охин Э.Ноос сонссон. ....М сагстай бараагаа үлдээгээд охины утсыг аваад явчихсан байсан гэж надад хэлсэн. М авч явсан утсанд охины банкинд бүртгэлтэй дугаар явж байсан учир нууц үгийг нь сэргээсэн байх, гар утсан дээр нь бичиг баримтын зураг нь явж байсан гэж охин хэлсэн. ...” /1хх 27/ гэсэн,

Б.М яллагдагчаар өгсөн “...Тухайн үед надад гар утас байхгүй байсан тул би Н утсыг аваад фейсбүүк ороод, ашиглаад явж байсан. Би О утсыг аваад төвийн урд хаалгаар гараад такси бариад Бөмбөгөр явсан. Замдаа утсаар нь оролдож байгаад Хаан банкны интернэт банк руу ороод үзтэл дансанд нь 2,000,000 төгрөг байхаар нь би тухайн мөнгийг өөрийн ... тоот данс руу шилжүүлсэн. Би Бөмбөгөр дээр хүнтэй уулзчихаад хорооллын эцэст байрлах нэрийг нь санахгүй ломбардад 600,000 төгрөгөөр тавьсан. Би Н интернэт банкны нууц үгийг мэдэж байсан. Учир нь “Сэлбэ” буудалд өмнө нь 1 сарын хугацаанд байрлаж байхдаа Э.Нын интернэт банкийг ашиглаж хүнээс мөнгө шилжүүлж байсан. ...Би хохирогч Д гар утаснаас 7 хоногийн дараа хохирогчийн танил М гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 710,000 төгрөг шилжүүлсэн. М би өөрөө мөнгийг нь өгнө гэхээр нь би шилжүүлсэн. ...Би найз Н ажил буюу гоо сайханд орчхоод Н, тэдний ажлын 2 хүнтэй хамт гадуур хоолонд орохоор болсон. “Уулзбар” бааранд орсон. ...Н “ажлын охиноосоо мөнгө гуйя, маргааш 2-лаа хамт эмнэлэг явъя” гэж хэлсэн. “Ажлын охин мөнгө байхгүй гэвэл яаж ийж байгаад мөнгө олъё” гэж хэлсэн. “Уулзбар” баарны гадаа Н ажлын охин М бид 3 ярилцаж Н бид 2 Маас “чи утсаа тавиад өгөх боломжтой юу” гэж асуухад “боломжгүй, надад мөнгө бас хэрэгтэй байгаа” гэсэн. Надтай уулзах гээд М гээд хүн хүлээж байсан. “Уулзбар” баарнаас гарах гээд тооцоогоо 4-лээ хувааж хийнэ гэж байсан. Н, М нь мөнгө байхгүй гээд Н ажлын нэг хүн нь өөрийн ууж идсэн юмны тооцоог хийчхээд явлаа гэсэн. Н, М бид 3 гадаа гарч тамхи татаж байгаад би Мд “утсаа өгч бай, хүнтэй яриад уулзчихаад ирье” гээд утсыг нь аваад явсан. Би Баянзүрх дүүргийн Сансарын ойролцоо ломбарданд 2,200,000 төгрөгөөр тавьж мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ... “Мадам” салоноор үйлчлүүлсэн. Өмнөх өдөр нь буюу 12 сарын 11-ний өдөр би тухайн салоноор үйлчлүүлж 180.000 төгрөг болоод өмнө нь үйлчлүүлээд өгөөгүй байсан 80.000 төгрөгтэй нийлүүлээд А гэх эзнийх нь данс руу 260.000 орчим төгрөгийг өөрийнхөө ... данснаас шилжүүлсэн. ...Тэр үед би хүнд өртэй байсан болохоор яаралтай мөнгөний хэрэг гараад, “нөгөө хүн мөнгөө хий, хийхгүй бол фейсбүүк дээр тавина” гээд байхаар нь би Огийн утсаар “яриад өгье” гэж хэлээд утсыг нь авч гарсан. Огийн iphone 12 mini загварын утсыг 3, 4-р хорооллын эцэст ломбардад 650.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Би тэндээ хонох болоод унтсан. Өглөө нь Ө гарч байсан. Би өдөр нь Цогтцэций рүү ажилд явна гэж хүнтэй ярьсан байсан, нөгөө хүн залгаад би тэднийхээс гарахдаа нойлын өрөөнд байсан гоо сайхны цүнхийг тэр чигт нь дотор байсан үнэртэй уснуудтай нь авсан. Тэнд хэдэн ус байсныг сайн хэлж мэдэхгүй, ямар ч байсан 3 үнэртэй ус байсан. Тэгээд мөн өмнөх өдөр нь утасгүй ирсэн болохоор намайг түр ашиглаж бай гээд фейсбүүк оруулж байсан Iphone X загварын цагаан өнгийн гар утас, хүрэн өнгийн шигтгээтэй нэг хос ээмэг, гоо сайхны будаг зэрэг зүйлс байсныг аваад гарсан. ...” /1хх 66-67, 84, 214-215, 2хх 59-60, 3хх 70-72, 212/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 17/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-36/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх 37-38, 39/, шүүгдэгч Б.М голомт банкны дансны хуулга /1хх 40-41/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-49/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 164-166/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 42-43, 2хх 50-51, 166-167, 3хх 61-62, 203-204/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.М ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.М хохирогч Т.Шт “гадаа нөхөр, охин хоёртойгоо уулзчихаад ирье, гаднаас таны гэдэсний даруулгыг аваад ирье” гэж монетон бөгж, нөүт 7 загварын гар утсыг залилан авч, 608.600 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

хохирогч А.Дд “утасны цэнэг дуусчихлаа, утсаа өгч байгаач, найзтайгаа ярих гэсэн юм” гэж түүний эзэмшлийн 888,000 төгрөгийн Айфоне 8 плас загварын гар утсыг авч залилсан,

хохирогч Д.Мыг “манай нөхөр зогсоол дээр ирчихсэн байна, утсаар чинь яриад өгье” 2,575,000 төгрөгийн Айфоне про 13 загварын гар утсыг авч залилсан,

 хохирогч Б.Жтай фейсбүүк зар дээр “......” нэртэй фейсбүүк хаягаар дамжуулан харилцаж “жолооны эрх сэргээж өгнө” гэж 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хохирогч С.Ог “утсаар чинь ярьчхаад өгье” гэж үйлчилгээний хөлс болох 180.000 төгрөгийг төлөхгүйгээр, түүний эзэмшлийн Айфоне 12 мини загварын утсыг авч залилсан,

хохирогч Э.Нод “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж гар утсыг нь авч залилсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн хохирогч А.Өын гэрт үлдэхдээ iphone X маркийн гар утас 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, чулуун шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бүрмэл ээмэг бөгж, Channel брэндийн үнэртэй ус 1 ширхэг, Tommy gril брэндийн ус 2 ширхэг, Signorita брэндийн үнэртэй ус 1 ширхэг, брэнд тодорхойгүй үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгох, мөн Б.М үйлдсэн гэм хэргүүд нь цаг хугацааны хувьд ч, зүйлчлэлийн хувьд ч 2023 оны 189 дугаартай шийтгэх тогтоолоор хамтдаа хянан шийдвэрлэгдэх боломжтой байсан. ...” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол. ...” гэж хуульчилжээ.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн “...Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэдгийг кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийг эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, дур мэдэн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсанаар төгсдөг. Хохирогч Э.Нын Хаан банкны интернэт банканд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Учир нь, залилах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох цахим хэрэгсэл ашиглах гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд цахим хэрэгсэл цахим сүлжээ цахим мэдээлэл ашиглан зориудаар төөрөгдүүлэх үйлдлийг ойлгох бөгөөд кибер орчинд хууль бусаар халдах гэдэг нь цахим хэрэгсэл цахим сүлжээ цахим мэдээлэл ашиглах гэх ойлголтоос тусдаа бөгөөд шүүгдэгчийн хохирогч Э.Нын зөвшөөрөлгүйгээр түүний хаан банкны интернэт банканд нэвтэрсэн үйлдлийг гар утсыг нь залилан авахдаа цахим мэдээлэл сүлжээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.М хувьд хохирогч Э.Нын интернэт банкыг ашиглахгүйгээр түүний данснаас мөнгө авах боломжгүй байсан, өөрөөр хэлбэл Б.М хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ сонгон авсан үйлдэл нь мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх үйлдэл байсан ба хохирогч өөрөө Б.Мд интернет банк руу нэвтрэх нэр, кодыг өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Харин түүний хохирогч Э.Нын гар утсан дахь Хаан банкны цахим сүлжээнд нэвтэрч дансанд байсан мөнгийг авсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 1 сар 15 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “...Ахлах шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт хүлээж авна. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэхэд саад болохгүй. ...” гэж хуульчилжээ.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.М хорих ангиас суллагдсан өдөр буюу 2023 оны 08 дугаар сараас хойш 2 жил 2 сарын хугацаанд түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг гүйцэтгэх ажиллагааг эрх бүхий байгууллагаас огт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэжээ.

 Шүүгдэгч Б.М урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байх ба түүний үйлдсэн гэм хэргүүд нь цаг хугацааны хувьд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор хамтад нь хянан шийдвэрлэгдэх боломжтой байжээ.

Иймд Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, “хэргийг нэмж нэгтгүүлэх, кибер орчинд халдаагүй” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхэд хохирогч нарт нийт 8,013,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.М цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2406 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн. ...” гэснийг,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял. ...” гэснийг тус тус хассугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 7 сар 15 хоногоор тогтоосугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Б.Мд оногдуулсан 11 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих болохыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэсэн нэмэлтууд заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

5. Шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхэд хохирогч нарт нийт 8,013,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАЯРМАА

 

                                    ШҮҮГЧ                                                                        Л.ОДОНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ