Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/74

 

 

 

 

    2026          01             16                                      2026/ДШМ/74

 

                                                        Г.М д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж /цахимаар/,

шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2591 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.М д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Г.М нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хотхоны гадна хохирогч Б.У тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүр рүү нь гар утсаа шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.У нь цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэгдээд буй Б.У-н “гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд доорх эргэлзээтэй зүйлүүдийг тодруулахаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулмаар байна” гэхэд мөрдөгч, прокурор хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан. Б.У нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ "би 6 сая төгрөгийн гоо сайхны хагалгаа хийлгэсэн" гээд гэмтлийн зургийг хэргийн материалд хавсаргасан байсан нь тухайн зураг хэзээ авхуулсан зураг эсэх, гэмтлийн бодит зураг мөн эсэх, эсвэл гоо сайхны хагалгааны дараах зураг эсэхийг тодруулж гар утсанд нь үзлэг хийгээгүй.

Тэрээр хохирогч Б.У нь 350.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж хохирол нэхэмжилсэн ба яг ямар эмчилгээ хийлгэсэн, ямар эм тариа хэрэглэсэн, эмчийн жор, эмчийн нэр, эмчилсэн эмнэлгийн нэр байхгүй, гүйлгээ хийсэн банкны баримтад он, сар, өдөр байхгүй байгаа нь энэ гэмтэл бодит эсэхэд эргэлзэхэд хүргэхээс гадна, хуурамч материал бүрдүүлж өгсөн гэж үзэж байна.

Хохирогч У болон түүний нөхөр А , ээж, бид 4 анхны мэдүүлгээ Бүүвэйбаатар гэх байцаагчид өгсөн. Гэтэл нөхөр гэх гэрч А ийн 2024.12.13-ны өдрийн гэрчийн мэдүүлэг хэргийн материалд байхгүй, алга болсон байсан.

Байцаагч Бүүвэйбаатар нь өөрөө шинжээч томилох тогтоолоо бичиж өгсөн байтал шинжээч томилох тогтоол нь мөрдөгч Базарсэд гэж өөрчлөгдсөн байсан нь гэмтлийн зэргийг санаатайгаар "хөнгөн" гэж өөрчлөн 2 дахь удаагаа гаргуулсан гэж хардахад хүргэж байна.

Тухайн үед цагдаа дуудаад камерын бичлэг үзэж байхад Б.У нь хаалга угз татан “хөөш балай, хөдөөний орк авгай минь утас эвдэлсэн байна” гэж ээж рүү минь орилж чарлан утсаараа цохих гэж дайрсан. Ээж минь утсанд нь хүрэх нь битгий хэл биед ч нь хүрээгүй байхад яагаад ээж рүү минь "утас эвдэлсэн байна, төлж өг" гээд элдвээр доромжлон орилоод дайраад байсныг нь гайхаж байна. Б.У үгийн зөрүүгүй, машинаа бүрэн зогсоогүй байхад гүйж ирэн ээж рүү минь дайрч шууд заамдан цээж рүү нь зохиж зодож, орилж чарлаж байгаа нь камерын бичлэг дээр харагддаг.

Б.У-н энэхүү үйлдлийг хэрэг болохоос өмнө тайван бус гэр бүлийн хэрүүл маргаантай, хоорондоо маргалдаж байсан, нөхөртөө уурласан уур уцаараа ээжид минь гарган дайрч давшлан үгийн зөрүүгүй зодож, хэл амаар доромжлон элдвээр хэлж хөгшин настай хүнийг айлган сүрдүүлж доромжилсон гэж хардаж, нөхөр болох Д.А нь эхнэр Б.У-г зодож гэмтэл учруулсныг над руу тохож байна.  

Мөн хэргийн материалтай танилцахад нотлох баримтыг засварласан ноцтой алдаа гаргаж шинжээчээс байцаалт авсан он, сар, өдрийг санаатайгаар засварласан байсан.

ШШЕГ-ын шинжээч Дунгаамаагаас 1/22-нд байцаалт авна гэж ярьж байсан атал 1/2-нд байцаалт авсан он, сар, өдөр байх бөгөөд он, сар болох 1/2-ны ард дахин нэг тоо нэмэх зай санаатай үлдээсэн байсан ба өмгөөлөгч маань ямар санаатай зай үлдээснийг мөрдөгчөөс асуухад илт сандарч “яг ч 1 дүгээр сарын 2-нд байцаалт аваагүй л дээ, 1 дүгээр сарын 7, 8 байхаа, та нар тэгээд яг яах гээд байгаа юм, ямар саналтай байгаа юм” гэсэн.

Дараа нь хэргийн материалтай танилцахад он, сарыг засварласан байсан. Яг хэдний өдөр шинжээч Дунгаамаагаас мэдүүлэг авсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул шинжээчээс байцаалт авсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Энэ асуудал нь нотлох баримтыг засварлаж, цаашлаад хуурамчаар үгсэн хуйвалдаж нотлох баримт үйлдсэн байж болзошгүй бөгөөд гэмтлийн зэргийг санаатай "хөнгөн" гэж өөрчлөн гаргасан үйлдлээ нуун дарагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хардаж байна.

Мэдүүлэг илт зөрүүтэй бөгөөд худал, зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь камерын бичлэгээр нотлогдож байхад мөрдөгч, прокурор нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хэргийн үнэн мөнийг олохыг хүсээгүй, хэт нэг талыг барьсан.

Мөрдөгч Хонгорзул нь 1 сар өнгөрчхөөд байхад нотлох баримтыг бүрдүүлээгүй, камерын бичлэг ч байхгүй, олж авъя ч гэж бодоогүй. Мөрдөгч Хонгорзулаас “ядаж камерын бичлэг үзсэн юм уу” гэсэн. Улмаар мөрдөгч Хонгорзул нь миний өгсөн камерын бичлэг болох нотлох баримтыг санаатайгаар задруулж, камерын бичлэгт тааруулж гэрч, хохирогчоос хэт нэг талыг барьсан мэдүүлэг авсан байсан.

Камерын бичлэгийн үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцаж байхад Б.У нь гүйж ирээд ээжийг минь илт цохиж, машинд саван биед нь гэмтэл учруулж байхад тэмдэглэл дээрээ зууралдсан гэж тэмдэглэж, нөхөр гэх А нь намайг цохиод өшиглөж унагааж байгааг, эргэж хараад хөгшин настай ээжийг минь хүчтэй шанаадаж газарт унагааж байгааг, цементэн шалан дээр газарт унагасны дараа У нь дээрээс нь хуруугаа чичлээд орилж чарлаад гаран дээгүүр алхаад гарч, тонгойж нулимж доромжилж байгаа асуудлыг дурдаагүй, А нь намайг цагдаагийн машинд сууж байхад холоос гүйж ирж хүчтэй өшиглөж байгаа үйлдлийг санаатайгаар орхигдуулж, тэмдэглэлд огт дурдаагүй зэрэг нь хэт нэг талыг барьж, ээж бид 2-ын гэм буруу мэт харагдуулахаар үзлэг хийсэн.

Мөн дуудлагаар ирсэн Бат-Од цагдаагаас гэрчийн мэдүүлэг авахад хөндлөнгөөс нөлөөлж, А хий цохиод ээжийг минь худлаа жүжиглэж унасан гэж үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгч, гэрчийн мэдүүлэгт санаатай нөлөөлж, миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Ээжийг минь цохиж унагаж байгааг гэрч Бат-Од нь хараагүй, тухайн агшинд машин дээрээ байсан, харлаа гэж бодоход ээжээс нэлээн зайтай хол, биеийн ар талаас харах байрлалд байсан бөгөөд, яг хажууд байгаа хүн л цохисон эсэхийг харах боломжтой нь камерын бичлэгээр нотлогдож байгаа.

Гэрч Баттулга харуулын мэдүүлэгтэй танилцахад нэг бол зодоон болоход ажилтай байсан хараагүй гэх, нэг бол зодоон болоогүй гэх, хөгшин настай ээжийг минь эдгээр хүмүүс зодоогүй гэж худал мэдүүлэг өгсөн байсан.

Гэтэл харуул Баттулга нь камерын бичлэгт зодоон эхнээсээ дуусах хүртэл хажууд байсан нь камер дээр эхнээсээ дуусах хүртэл тодоос тод харуулын хувцастайгаа зогсож байгаа.

Хохирогчийн нөхөр А нь ээж бид 2-г зодсон байхад яахаараа гэрч гээд зүгээр байгаад байгааг, хохирогч гэх У нь нөхөр А тэй нийлж ээжийг минь ална шүү гэж айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон, зодсон байхад, А нь 2, 3 удаа намайг өшиглөж унагааж байхад мөрдөгч, прокурор ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь эргэлзээ төрүүлж байна. “Ээжийг минь бүлэглэн зодсон энэ хүмүүст хэрэг нээж арга хэмжээ аваач, ядаж зөрчлийн арга хэмжээ аваач” гээд өмгөөлөгчөөрөө болон би өөрөө хүсэлтийг удаа дараа өгөхөд хүсэлтийг минь хүлээн аваагүй, илт өмөөрч нэг талд үйлчилсэн.

Ээж минь удаа дараа гомдол гаргаж, энэ хүмүүс ээж бид хоёрыг цохисон нь нотлогдож бүтэн нэг жилийн дараа эхнэр нөхөр хоёр үнэнд гүйцэгдэж зөрчлийн хуулиар торгуулсан.

Энэ хэргийг мөрдсөн мөрдөгч, прокурор нар хохирогч гэх Б.У , нөхөр Д.А эд яагаад тухайн үед нь арга хэмжээ авч болоогүйн бэ, танил талдаа асуудлыг шийдвэрлэсэн гэсэн эргэлзээг улам баталгаажуулж байна.

Ээж минь У гэх танихгүй хүнд цээж рүүгээ цохиулаад, гараа маажуулаад, нөхөр гэх А эд нь шанаадуулж газарт хүчтэй унаад, унасан байхад нь эхнэр нь дээрээс нь хуруу гараа чичлээд орилж чарлаад, гаран дээгүүр нь алхаад нулимаад доромжлоод байхад, бид 2 зодуулаад хохирогч болсон байтал мөрдөгч Хонгорзул нь хэт нэг талд ажиллаж хэргийн үнэн мөнийг олохыг хүсэхгүй, бусдад давуу байдал бий болгож, нотлох баримтыг устгаж, хуурамчаар үйлдэж, засварлаж, задруулж миний эрх зүйн чадамжийг дордуулж надад ял тулгасанд гомдолтой байна.

Эдгээр цагдаагийн алба хаагчид, ШШЕГ-ын шинжээч нь бусдад давуу байдал бий болгож, миний эрх зүйн чадамжийг дордуулж, нотлох баримтыг нуун далдалж, засварлаж, хуурамчаар бүрдүүлж, цаашлаад хуурамчаар үгсэн хуйвалдаж нотлох баримт үйлдсэн байж болзошгүй, гэмтлийн зэргийг санаатай "хөнгөн" гэж өөрчлөн гаргасан үйлдэл байж болзошгүй, худал мэдүүлгээр ял тулгаж хөндлөнгийн нөлөө орсон гэж үзэж байна. Ээж бид хоёр зодуулаад хохирогч болсон байтал, надад ял тулгаж, танил талаараа хэргийг шийдүүлж, шалгадаг асуудлыг дахин анхааралтай шалгаж, шударгаар шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасныг зөрчиж өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй талаар үндэслэлээ тусгаагүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар болон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа талаар санал гаргасан боловч шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан нь дээрх зүйлийг зөрчсөн зөрчил болжээ.

Тодруулбал, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7-д хохирлын зэрэг тогтоохгүй нөхцөлүүдийг дурдсан ба 2.7.3-д “шинжилгээ хийлгэх этгээдийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовуурь, эмнэл зүйн шинж илрээгүй, биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй хэмжээтэй. зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцралын үед" гэж заасан ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шат шатны прокурорт Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байсан тул дахин шинжээч томилуулж эргэлзээтэй нөхцөлийг тодруулахаар хүсэлт гаргасан боловч хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан.

Тухайлбал, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон байх ба хэсэг газрын үзлэгт “зүүн хацрын төвгөрт улаан ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, эмзэглэлтэй” гэж дурджээ.

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Мед траума эмнэлгийн толгойн КТГ-д “...2 талын нүдний ухархайд гэмтлийн өөрчлөлтгүй, ...зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдэд хавантай" гэж ижил цаг хугацаанд 2 үзлэгээр өөр өөрөөр тодорхойлсон байх нь эргэлзээтэй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Б.У-н биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт нь Мед траума эмнэлгийн толгойн КТГ-н үзлэгээр тухайн цаг хугацаанд зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдэд хавантай байсан нь нотлогдож байхад хэзээний зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл болох нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн хохирогч У нь 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...би 6 сая төгрөгийн гоо сайхны ажилбар хийлгэчихсэн байсан юм...” /хх-39-40/ гэжээ.

Энэхүү мэдүүлэг нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.1-д заасан “шинжилгээ хийлгэх этгээдийн биед оношилгоо, эмчилгээний зорилгоор техникийн хувьд зөв хийгдсэн гардан үйлдэл, мэс ажилбар, мэс засалд” хохирлын зэрэг тогтоохгүй заалтад хамаарч байна.

Шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжээч эмч Д.Дунгаамааг зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаар тус прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/942 дугаартай хариу мэдэгдэх хуудас, шинжээч эмчийн мэдүүлэг. Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас зэргийг өгсөн.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож буй бөгөөд өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан боловч шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Г.М д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, оролцогчдын саналын талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Дээр дурдсан нөхцөлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь хянаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж  өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь хохирогч Б.У-н биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа. Тодруулбал хэргийн материалд авагдсан хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл хөдөлбөргүйгээр тогтоогддог. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэх тайлбарыг өгч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой түүнээс мэдүүлэг, тайлбар авч хэргийн материалд хавсаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.М нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хотхоны гадна хохирогч Б.У тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж нүүр рүү нь гар утсаа шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.У-н “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хүннү 2222 хотхоны граш руу машинаа оруулах гээд явж байтал грашны үүдэнд том саарал машинтай хүн граш хаагаад зогсож байсан юм. Тэгээд холдохгүй байхаар нь манай нөхөр машинаасаа буугаад очоод “та машинаа холдуулж бай, хойно чинь баахан машин хүлээгээд байна” гэж хэлсэн. Гэтэл тэр хүн ерөөсөө холдож өгөхгүй байсан. ...Граш руу орох гээд бага зэрэг урагшилж зогсоод нөхөр бид 2 машинтайгаа хажуугаар нь зөрж гарах гэж байтал тэр эмэгтэй машинаасаа буучихсан манай машин руу гараараа цохих шиг болоод хараал хэлээд байх шиг байсан. Манай машины цонх хаалттай байсан болохоор юу гэж хэлснийг нь сайн сонсоогүй. Тэгээд би машинаасаа буугаад та ямар хөдөө хээр талд явж байгаа биш дээ дуртай газраа зогсдог юм бэ? бид нар чинь ажил амьдралтай хүмүүс шүү дээ” гэж хэлж байсан чинь хажуугаас харуул бас тэр эмэгтэйд “замаа чөлөөлөөч ээ” гэж хэлсэн. Тэр эмэгтэй дуугүй болоод тэр хэрүүл дууссан. Тэгээд бид 2 хүүхдээ цэцэрлэгт нь өгчхөөд явж байтал цагдаа манай нөхрийн утас руу залгаад буцаад хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд очтол тэр эмэгтэйн охин нь манай нөхөр рүү “чи манай ээжийг зоддог хэн бэ?” гээд хөл рүү нь 2 өшиглөсөн юм. Тэгээд манай нөхөр “намайг 2 өшиглөчихлөө би зөрүүлээд 2 өшиглөчих үү” гээд хэлсэн чинь цагдаа нар салгаад “та нар болилдоо арай дэндэж байна” гээд охины ээжийг цагдаагийн машинд суулгаад авч явах гэж байхаар нь би цагдаад тэр охиныг нь бас аваад яваач гэж хэлсэн чинь тэр охин нь над руу дайрахад нь цагдаа дундуур орж салгасан чинь гар утсаа аваад миний нүүр рүү шидээд зүүн шанаан дээд хэсэгт онож миний нүд хавдаж улайсан. ...Миний биед хэд хэдэн удаа халдахад нь цагдаа, нөхөр дундуур орж салгасан. ...Би 6 сая төгрөгийн гоо сайхны ажилбар хийлгэсэн байсан. Гэтэл миний нүүрийг гэмтээчихлээ. Би хохирлоо барагдуулмаар байна. ...” /1хх39-40/,

дахин өгсөн “...Би 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Тэд траума эмнэлгээр толгойн компьютер томографын шинжилгээнд 150.000 төгрөгөөр орсон. Тус томографын шинжилгээнд төлсөн гэх 150.000 төгрөгийн баримт эх хувиар надад одоо байхгүй ч зургаараа байгаа хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Мөн тархи хөдөлсөн байсан тул 10 хоног хувь хүнээр толгойгоо бариулсан. Ингэхдээ тухайн хүний данс руу шилжүүлэг хийж байсан ба и баримт гэх мэт зүйл гаргаж өгөөгүй тул дансны гүйлгээ хийсэн хуулга шүүхийн шатанд гаргаж өгнө. Мөн үрэвслийн эсрэг тариа зүүн нүдний доод хэсэгт тариулсан ба и баримт нь мөн байхгүй. Лазер эмнэлгийн эмч Тунгалаг руу шилжүүлсэн 350.000 төгрөгийн Голомт банкны дансны хуулга байгаа. Эмнэлгийн албан ёсны бичиг баримтуудыг шүүх хуралдаанд оролцохдоо бэлдээд гаргаж өгөх болно. ...” /1хх43-44/,

С.О хохирогчоор өгсөн “...Тухайн эмэгтэй, эрэгтэй хоёр манай охиныг цохиод байхаар нь барьж байсан утсаа тэр эмэгтэй рүү шидчихсэн. Шидсэн утас нь тэр эмэгтэйн хаашаа оносныг нь хараагүй ямартай ч оносон. ...” /1хх50-51/,

гэрч Х.Б “...дуудлага өгсөн эмэгтэй тээврийн хэрэгсэлтэйгээ грашид нэвтрэх үед улсын дугаарын чип таниагүйн улмаас зогсоолын хаалт дээр хэсэг хугацаанд граш руу орж чадахгүй зогсох үед ард нь зогсож байсан тээврийн хэрэгсэлтэй эхнэр, нөхөр 2 хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн байсан. ...Дуудлага өгсөн 45-50 насны эмэгтэйгээс болсон явдлыг тодруулж хяналтын камер шүүхэд “31-11 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь 23-99 УКМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг граш дотор зогсож байхад хажуугаар нь хурдтай зөрж өнгөрөх явцад дуудлага өгсөн 45-50 орчим насны эмэгтэй хаалга руу нь гараараа нэг удаа цохиход 31-11 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос эхнэр, нөхөр хоёр гарч ирээд хэрүүл маргаан үүсгэсэн байсан. ...дуудлага өгсөн 45-50 орчим насны эмэгтэй рүү цохих үйлдэл нөхөр нь гаргахад тэр эмэгтэй газарт хэсэг унаж хэвтсэн. Гэхдээ тухайн эмэгтэйг цохиж зодоогүй хий цохих үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг “босоод ир” гэж хэлээд татаж босгосон. ...маргааны үед 45-50 орчим насны эмэгтэйн охин нь эхнэрийнх нь нүүрэн тус газарт гартаа барьж байсан утсаа шидээд оночихсон. ...утас нүүрэндээ шидүүлсэн гэх эмэгтэйн зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, хавдсан байдалтай байсан. ...Тухайн үед 45-50 насны эмэгтэй газарт унаж охин нь “миний ээж ухаан алдчихлаа” гэж орилж байсан хэдий ч тухайн эмэгтэйн биед газарт унатал нь цохиж зодсон зүйл огт байхгүй. Газарт унахаар нь би “Та одоо босоодох” гэж хэлэхэд зүгээр босоод ирсэн ба ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. ...” /1хх58-59/,

гэрч Д.А ийн “...Тэгээд харуулын камер руу ортол охин нь гэх эмэгтэй үгийн зөрүүгүй эхнэр бид 2-руу дайрсан ба миний хөл хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. ...харуулын байрнаас гарахад охин нь над руу дайраад хувцаснаас зулгаагаад байсан. Тэгэхээр нь би хөл рүү нь нэг удаа өшиглөсөн ба ээж нь араас үснээс зулгаахаар нь би гарыг нь болиулах гээд гараараа түлхтэл ээж нь газарт худлаа унасан. Унаад хэсэг хэвтсэн бөгөөд цагдаа “битгий худлаа маяглаад бай, бос” гэхэд ээж нь босоод ирсэн. Тэгээд хэрүүл маргаан үргэлжилж байтал охин нь гартаа байсан гар утсаа манай эхнэрийн нүүр рүү шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. ...Миний эхнэрийн эрүүл мэндэд хохирол учирсанд гомдолтой байна. ...” /1хх62-63/,

гэрч С.Б “...50 орчим насны эмэгтэйг маргалдаж байсан эрэгтэй нь гараараа түлхээд түлхээд газарт унагасан. Тухайн үед хаашаа нь түлхсэнийг би сайн анзаараагүй. Тэр 50 орчим газарт дээшээ хараад 2-3 минут орчим болсон ба цагдаа нар “та босоод ир” гэж хэлээд татаж босгосон. Тэгээд хэсэг байж байтал эхнэр, нөхөр хоёрын эхнэр нь “миний нүүр рүү гар утас шидчихлээ” гээд нөхөртөө хэлж байсан. ...” /1хх68-69/,

гэрч шинжээч эмч Д.Дунгаамаа “...Гэмтлийн зэрэг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А/225, А/153, А/85 дугаартай журмын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан журмыг үндэслэн дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих цохигдох үед үүснэ. ..." /1хх72-74/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.У-н биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ..." гэх дүгнэлт /1хх76-77/,

 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх8/, дуудлага лавлагааны хуудас /1хх7/, “Med trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт /1хх10-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх16-23/, хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх24-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн бага ял шийтгэлийг оногдуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.У-н “...тэр охин нь над руу дайрахад нь цагдаа дундуур орж салгасан чинь гар утсаа аваад миний нүүр рүү шидээд зүүн шанаан дээд хэсэгт онож миний нүд хавдаж улайсан. ...” /1хх39-40/,

С.О хохирогчоор өгсөн “...Тухайн эмэгтэй, эрэгтэй хоёр манай охиныг цохиод байхаар нь барьж байсан утсаа тэр эмэгтэй рүү шидчихсэн. Шидсэн утас нь тэр эмэгтэйн хаашаа оносныг нь хараагүй ямартай ч оносон. ...” /1хх50-51/,

гэрч Х.Б “...маргааны үед 45-50 орчим насны эмэгтэйн охин нь эхнэрийнх нь нүүрэн тус газарт гартаа барьж байсан утсаа шидээд оночихсон. ...утас нүүрэндээ шидүүлсэн гэх эмэгтэйн зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, хавдсан байдалтай байсан. ...” /1хх58-59/,

гэрч Д.А ийн “...охин нь гартаа байсан гар утсаа манай эхнэрийн нүүр рүү шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. ...” /1хх62-63/,

гэрч С.Б “...Тэгээд хэсэг байж байтал эхнэр, нөхөр хоёрын эхнэр нь “миний нүүр рүү гар утас шидчихлээ” гээд нөхөртөө хэлж байсан. ...” /1хх68-69/,

гэрч шинжээч эмч Д.Дунгаамаа “...Гэмтлийн зэрэг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А/225, А/153, А/85 дугаартай журмын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан журмыг үндэслэн дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих цохигдох үед үүснэ. ..." /1хх72-74/ гэх мэдүүлгүүд болон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, “Med trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт /1хх10-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх16-23/, хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх24-34/ зэргээр хохирогчийн биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн дээр дурдсан гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Г.М “...хэргийг дахин шалгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нь “...анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан ба тус гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дараах байдлаар няцааж шийдвэрлэлээ. Үүнд,

1. Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нар “...Хохирогч гэгдээд буй Б.У-н “гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөөгүй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч мөрдөгч, прокурор хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан. Б.У нь 6 сая төгрөгийн гоо сайхны хагалгаа хийлгэсэн гээд гэмтлийн зургийг хэргийн материалд хавсаргасан байсан нь тухайн зураг хэзээ авхуулсан зураг эсэх, гэмтлийн бодит зураг мөн эсэх, эсвэл гоо сайхны хагалгааны дараах зураг эсэхийг тодруулж гар утсанд нь үзлэг хийгээгүй.

...хохирогч Б.У нь 350.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж хохирол нэхэмжилсэн ба яг ямар эмчилгээ хийлгэсэн, ямар эм тариа хэрэглэсэн, эмчийн жор, эмчийн нэр, эмчилсэн эмнэлгийн нэр байхгүй, гүйлгээ хийсэн банкны баримтад он, сар, өдөр байхгүй энэ нь эргэлзээ төрүүлж байхаас гадна хуурамч материал бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. ...” гэжээ.  

Нэгдүгээр хавтас хэргийн 76-77 дугаар талд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын 855 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан ба тус шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.М д танилцуулсан бөгөөд тэрээр “уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.” /1хх78/ гэх бөгөөд улмаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч эмч Д.Дунгаамаад эрх, үүрэг танилцуулж, мөн өдрөө түүнээс мэдүүлэг авсан байна.

Тэрээр мөрдөгчийн “зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөнөөс үүсэх вэ? цохих, цохигдох үед үүсэх үү?” гэсэн асуултад  “мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүснэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл учраас хөнгөн зэрэгт хамаарна.” гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Мөн шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах талаар хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд прокурорын тогтоолоор хариу өгч, эцэслэн шийдвэрлэсэн байна. /1хх138-141, 151-159, 176-183, 187-191/

2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь “...мэдүүлгээ Бүүвэйбаатар гэх байцаагчид өгсөн. Гэтэл А ийн мэдүүлэг хэргийн материалд байхгүй, алга болсон байсан. ...Байцаагч Бүүвэйбаатар нь өөрөө шинжээч томилох тогтоолоо бичиж өгсөн байтал шинжээч томилох тогтоол нь мөрдөгч Базарсэд гэж өөрчлөгдсөн байсан нь гэмтлийн зэргийг санаатайгаар "хөнгөн" гэж өөрчлөн 2 дахь удаагаа гаргуулсан гэж хардахад хүргэж байна. ...” гэжээ.

Нэгдүгээр хавтас хэргийн 60-63 дугаар талд авагдсан баримтаас үзвэл гэрч Д.А ээс мөрдөгч цагдаагийн дэслэгч Х.Хонгорзул түүнд эрх, үүрэг танилцуулж мэдүүлэг авсан ба тус мөрдөн шалгах ажиллагаа хууль бус явагдсан талаар талуудаас хэн аль нь гомдол санал гаргаагүй байна.

Мөн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б.У-н биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Базарсэд гаргасан болох нь хэргийн 75-77 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд харин Г.М , С.Оюун нарын биед ямар гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  мөрдөгч Б.Бүүвэйбаатар гаргасан, үүнтэй холбоотой нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгч Г.М нь хүлээн зөвшөөрч “...Шүүх эмнэлгийн 873, 871 дугаартай дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. ...” гэж /1хх-79-93/ гарын үсэг зурсан байна.

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааны шатанд явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

3. Дээрхээс гадна, шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нар  давж заалдах гомдолдоо “...хохирогч Б.У-н нөхөр болох Д.А нь эхнэрээ зодож гэмтэл учруулсныг Мөнхзаяа руу тохсон.  ...мөн хэргийн материалтай танилцахад нотлох баримтыг засварласан ноцтой алдаа гаргаж шинжээчээс байцаалт авсан он, сар, өдрийг санаатайгаар засварласан байсан. ...” гэсэн байх боловч мэдүүлгийн огноо засварласан гэж үзэх, Д.А ийг эхнэр Б.У-г зодсон гэж үзэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг харилцан бие биеэ дэмжсэн бөгөөд хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, Мэд траума эмнэлгийн дүрс оношилгооны хариу зэргээр хэргийн үйл баримт тогтоогджээ. 

4. Мөн “...мөрдөгч нь А ийн намайг хүчтэй өшиглөж байгаа үйлдлийг санаатайгаар орхигдуулж, тэмдэглэлд огт дурдаагүй ...хэт нэг талыг барьж, ээж бид 2-ын гэм буруу мэт харагдуулахаар үзлэг хийсэн, ...Мөн дуудлагаар ирсэн Бат-Од цагдаагаас гэрчийн мэдүүлэг авахад хөндлөнгөөс нөлөөлж, А хий цохиод ээжийг минь худлаа жүжиглэж унасан гэж үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгч, гэрчийн мэдүүлэгт санаатай нөлөөлж, миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн, ...гэрч Баттулга харуулын мэдүүлэгтэй танилцахад нэг бол зодоон болоход ажилтай байсан хараагүй гэх, нэг бол зодоон болоогүй гэх, хөгшин настай ээжийг минь эдгээр хүмүүс зодоогүй гэж худал мэдүүлэг өгсөн байсан. ...хэргийг дахин шалгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Нэгдүгээр хавтас хэргийн 68-69 дүгээр талд авагдсан гэрч С.Б  “...Би харуулын байранд сууж байсан тул зодоон болсон талаар хараагүй хоорондоо хэсэг маргалдаж байгаа явсан. Удалгүй 50 орчим насны эмэгтэй харуулын байранд орж ирээд камер шүүсэн, миний гарыг маажсан байна цагдаа дуудна гэсэн. ...би харуулын ажлаа давхар хийж байсан ба бүртгэлгүй машин орж ирж байгааг хянаж байсан. ...50 орчим насны эмэгтэйг маргалдаж байсан эрэгтэй нь гараараа түлхээд газарт унагасан. Тухайн үед хаашаа нь түлхсэнийг би сайн анзаараагүй. Газарт дээшээ хараад 2-3 минут орчим болсон ба цагдаа нар “та босоод ир” гэж хэлээд татаж босгосон. Тэгээд хэсэг байж байтал эхнэр, нөхөр хоёрын эхнэр нь “миний нүүр рүү гар утас шидчихлээ” гээд нөхөртөө хэлж байсан. ...” гэх мэдүүлэг нь бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээс зөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 871 дүгээр дүгнэлт /1хх83-84/-ээр С.О биед, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 873 дугаар дүгнэлт /1хх89-90/-ээр Г.М гийн биед тус тус гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 855 дугаар дүгнэлт /1хх76-77/-ээр Б.У-н биед хөнгөн гэмтэл учирсан талаарх баримт, шинжээчийн мэдүүлэг, зэргээс үзэхэд Б.У-н биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, засварласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо “...Шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжээч эмч Д.Дунгаамааг зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаар тус прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/942 дугаартай хариу мэдэгдэх хуудас, шинжээч эмчийн мэдүүлэг. Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас зэргийг өгсөн. Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна. ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан боловч шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй орхигдуулсан байна. ...” гэх үндэслэлийг дурджээ.

 Хоёрдугаар хавтас хэргийн 10 дугаар талд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02/3169 дүгээр гомдлын хариу хүргүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын мэдэгдэх хуудас авагдсан бөгөөд тус мэдэгдэх хуудсаар “...Б.У , Д.А нар нь хохирогч С.О биед халдсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон байна. ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр холбогдох материалыг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам сахиулах тасагт шилжүүлэх нь зүйтэй гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. ...” гэснээс үзвэл тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.У , Д.А нарт зөрчлийн хэрэг нээж хянан шалгаж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өгсөн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2595 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /2хх12/, мөн тогтоолыг үндэслэн гаргасан хариу мэдэгдэх тухай 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/992 дугаартай албан бичигт анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж маргаж байгаа хэдий ч дээрх баримтуудад Э.Д гэх хүний гаргасан гомдолд хариу өгсөн, шүүгдэгч Г.М д холбогдох хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байна.

Иймд, шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2591 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2591 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА

 

                                      ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА