Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 582

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

шүүгдэгч: М.Э, түүний өмгөөлөгч Э.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 1809022950591 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 7 дугаар байрны 170 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УЦ88052657 регистерийн дугаартай, Буурлынхан овогт М.Э.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Э нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй амралтын газрын орчим иргэн Б.Нансалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болдог өдөр би эрүүлжүүлэхэд хоносон. Би биеэ хамгаалах үйлдэл гаргасан. Би Б.Нансалмааг яг цохих үйлдэл хийгээгүй юм. Өөрийнхөө гарыг татаж авахдаа Б.Нансалмаагийн уруулыг шүргэсэн байх гэж бодож байна. Хэрэг шалгагдах үед би өөрийгөө шүүх эмнэлэгт үзүүлэх талаар санал хүсэлтийг мөрдөгчид гаргаж байсан боловч мөрдөгч над руу ярина гээд талга болсонд гомдолтой байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нансалмаа /хх-ийн 18-21/, гэрч Т.Чандмань /хх-ийн 4-5/, Н.Тамир /хх-ийн 6-7/ нарын мэдүүлэг, М.Эы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5886 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 2/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлбөрийн баримт /хх-ийн 26/, М.Эы хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 33-43/, Б.Нансалмаагийн хүсэлт /хх-ийн 46/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.Э нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг,  “Их тамир” амралтын хойно байрлах зусланд Б.Нансалмааг “согтуурхаж маргаан үүсгэж байна, чи одоо яв” гэж хэлснээс үүдэн өөр хоорондоо маргалдаж улмаар Б.Нансалмааг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Нансалмаагийн /хх-ийн 18-21/: “... Тухайн үед бид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд найз Чандманийн зуслангийн байшинд ил галын хажууд сууж байсан…Тухайн үед яг юу ярьж байсан талаараа санахгүй байна. Ямарч байсан хэдэн биенээрээ тоглоод хөгжилдөөд сууж байсан…Би яг юу гэж хэлснээ санахгүй байна, нэг зүйл хэлсэн. Наргиа болгож л хэлсэн. Гэтэл Чандманий цаана сууж байсан Энхтайван босож ирээд шууд миний зүүн шанаа орчимд гараа хагас атгаж байгаад нэг удаа цохисон. Миний зүүн завьж уруул язарч цус гарсан. Тэгээд би цагдаад хандсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Чандманий /хх-ийн 4-5/: “... Би найз нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Их тамир” амралтын газрын хойд талд байдаг зуслангийн байшиндаа очсон. Оройн 22 цагийн үед бид хэд байшингийн том өрөөнд юм яриад сууж байсан чинь Нансалмаа, Э 2 маргалдсан. Нансалмаа эхлээд Энхтайван руу дайрч цохих гэж оролдсон чинь Энхтайван зүүн гараараа Нансалмааг холдуулах гээд түлхэх үед нь Нансалмаа хойшоо жижиг сандал дээгүүр даваад унасан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Тамирын /хх-ийн 6-7/: “...Би найз нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Их тамир” амралтын газрын хойд талд Чандмань гэдэг найзынхаа зуслангийн байшинд очсон. Оройн 22-23 цагийн үед би, Энхтайван, Нансалмаа, Чандмань бид хэд байшинд байсан. Бид хэд юм яриад байж байтал Нансалмаа “хот руу буцна” гээд байхаар нь Э Нансалмааг “яв, яв” гэсэн чинь “намайг хөөлөө” гээд Нансалмаа уурлаад тэр 2 маргалдсан…Нансалмаа цохиод байхаар нь Э өөрөөсөө холдуулах гээд зүүн гараараа түлхэх үед унасан…” гэх мэдүүлгээр,

 

М.Э-ы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-32/: “…Нансалмаа уусан архиндаа согтоод бага зэрэг элдэв ааш гаргаад  хараалын үг хэлээд яваад байсан…Би түүнийг “чи одоо яв” гэж хэлсэн. Гэтэл тэрээр “чи намайг хөөдөг хэн бэ” гэж гараараа нүүрэнд цохиж, баруун хацар орчимд хумсаараа маажсан…Би түүнийг өөрөөсөө холдуулах гэж зүүн гараараа түлхсэн. Гэтэл хойшоо болж ардаа байсан сандалд тээглэн унах шахаад миний гарнаас барьж авсан. Би түүнээс гараа татаж авах үедээ уруулд нь санаандгүй цохисон…Санаандгүй байдлаар нэг удаа гараараа уруул орчимд нударсан. Гэтэл түүний доод уруулын гол хэсгээс цус гарч байсан…” гэх мэдүүлгээр,

 

М.Э-ы буруутай үйлдлийн улмаас Б.Нансалмаагийн биед “завьж, уруулд язарсан шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5886 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг гэрч, хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, хохирогч өөрийг нь зодсон хүнийг шууд зааж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг,  “Их тамир” амралтын хойно байрлах зусланд шүүгдэгч М.Э нь Б.Нансалмаатай “согтуурхаж маргаан үүсгэж байна, чи одоо яв” гэж хэлснээс үүдэн өөр хоорондоо маргалдаж улмаар Б.Нансалмааг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

             

              Дээрх шалтаг шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн М.Эы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Э өөрийгөө, түүний өмгөөлөгчөөс “аргагагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас өөрийгөө хамгаалсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ” гэж буй боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

Аргагагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хамаарах чухал нөхцөл бол зайлшгүй хамгаалалт хийхийг шаардсан, халдагч этгээдийн зүгээс хүний амь нас, эрүүл мэндэд аюултайгаар, нэн даруй хохирол учруулах шинжтэй, эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх явдал юм.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогч Б.Нансалмаа “намайг хөөлөө” гэж уурлаж бухимдан М.Э руу дайрч давшилсан үйлдэл гаргасан нь тогтоогдож байх боловч түүний үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай, хохирол учруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд М.Э нь аргагагүйн эрхэнд, гарцаагүй байдалд хамгаалалт хийж буюу Б.Нансалмааг зодож дээрх үйлдлийг таслан зогсоосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

С.Чандмань, Н.Тамир нарын гэрчүүд М.Э нь Б.Нансалмааг цохисон талаар мэдүүлээгүй боловч тэдний хооронд үүссэн маргааныг, М.Э нь “…санаандгүй байдлаар нэг удаа гараараа уруул орчимд нударсан…” хэмээн Б.Нансалмаад хүч хэрэглэснээ мэдүүлсэн нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд хэдийгээр хохирогч маргааны сэдлийг тодорхой мэдүүлээгүй боловч өөрийг нь зодсон хүнийг тодорхой заасан зэрэг нь илүү хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч М.Эыг энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно гэж шүүх дүгнэв.

 

Мөн мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хянан үзэж гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоохоор бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд “холбогдогчийн нэрийг бичээгүй” (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3), гэрч нараас мэдүүлэг авахдаа асуултаар өөрийнх нь мэдэх зүйлийг тодруулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иймээс шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гомдол, саналыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Нансалмаагийн хууль бус, зүй бус үйлдлээс буюу түүний согтуурхаж, бусад руу дайрч давшилсан үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.Эы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан газрыг “Чандмань” нэртэй амралтын газар гарсан мэтээр ташаарч бичсэнийг шүүх баримтад мэдээлэлд тулгуурлан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж зөвтгөн залруулав.

 

Ингэж зөвтгөн залруулсан нь хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй, оролцогч нарын эрхийг зөрчөөгүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Нансалмаагийн “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буурлынхан овогт Мягмарсүрэнгийн Энхтайваныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ