Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/75

 

 

 

 

    2026            01             16                                       2026/ДШМ/75

 

                                           М.Б , Г.Д нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2561 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Б , Г.Д нарт холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч М.Б нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас lexus rx-450 маркийн **** , Тоёота приус-41 маркийн **** , lexus rx-450 маркийн **** , Тоёота Ргеmio маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, lexus rx-450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приус-41 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Г.Д нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас lexus rx-450 маркийн **** , Тоёота приус-41 маркийн **** , lexus rx-450 маркийн **** , Тоёота Ргеmio маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, lexus rx-450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приус-41 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Б , Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б, Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Г.Д нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Г.Д нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Г.Д нараас нийт 46.685.894 төгрөгийг хувь тэнцүүлэн, нэг шүүгдэгчээс 23.342.947 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ч.Ц-н эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, сэтгэл санааны хохиролд нийт 6.752.950 төгрөгийг, хохирогч Э.Д-н эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болон сэтгэл санааны хохиролд нийт 7.170.600 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж олгохоор шийдвэрлэж, хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Г.Бт тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 18.216.888 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Тын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол, тээврийн хэрэгсэл ачсан зардалд 9.974.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 1.505.00 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ты тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 550.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1. дэх заалтад зааснаар шүүгдэгч нараас нийт 2.695.456 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.Д , Иргэний нэхэмжлэгч Г.Б, гэрч Ц.Хишигт, Х.Оюунсувд, Д.Т нарын мэдүүлгээр Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалаас хурдтай орж ирж мөргөж зам тээврийн осол гаргасан гэж мэдүүлдэг.

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болон 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гаргасан мөрдөгчийн магадлагаагаар Г.Д ийг Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнийг зөрчөөгүй гэж магадлагаа гаргасан.

Гэрч Г.А-н мэдүүлэг зэргээр Г.Д нь Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнийг зөрчөөгүй гэдэг нь тодорхой байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилснаар гэмт хэргийн шинжид гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэтэл хэрэг учрал болсон цаг хугацаанд Г.Д нь Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнийг зөрчөөгүй, харин эсрэг урсгалд автобус зам тавиад өгөхөд түүний араас Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалаас хурдтай орж ирсэн байдаг.

Энэ нь анхан шатны шүүх хохирлын тооцоо, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нотлох баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..." гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Г.Д ийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг тухайн зам дээр буцаж эргэх үйлдэл хийх үед зам дээр байсан саарал автобус зам тавьж өгсөн. Тэгээд би буцаж эргэх үйлдлээ хийж эргэхэд ардаас улаан өнгөтэй “Хово” машин хурдтай орж ирээд миний машины гүүзүүг мөргөөд эсрэг урсгал руу орж тэр урсгалын машинуудыг мөргөсөн. Улаан ховоны жолооч М.Б нь зогсоох үйлдэл огт хийгээгүй. М.Б нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэгтээ “...би зогсоох үйлдэл хийсэн. Тоормос гишгэж карданаа татсан...” гэж мэдүүлсэн. Би 20 жил том оврын тээврийн хэрэгсэл жолоодож байна. Машин тоормос гишгэж кардан татсан тохиолдолд зогсдог. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын тухайд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн замд, Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Г.Д , “Howo” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Уг зам тээврийн осол нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй эсрэг урсгалтай 4 эгнээ бүхий зам дээр болсон. Жолооч Г.Д нь зүүн талаасаа 2 дугаар эгнээд зорчиж явахдаа буцаж эргэх үйлдэл хийсэн тухайн буцаж эргэх үйлдлийг хийхдээ “...өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө…” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол гарах болсон байдаг.  Энэ хэрэгт мөрдөгчөөс 2 удаа магадлагаа гаргасан. Эхний магадлагаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан бөгөөд эхний магадлагаагаар мөрдөгч нь хэргийн газрын үзлэгийг дутуу явуулж тухайн магадлагаагаа хэргийн оролцогч нарт танилцуулаагүй мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан байсан учир прокуророос дахин магадлагаа гаргуулах ажиллагааг даалгасан үүнийг дагуу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 дахь магадлагаа гарсан. Гэвч уг хэрэгт хийгдсэн магадлагаанууд нь хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй байсан учир прокурорын зүгээс техникийн шинжээч томилуулах тогтоол үйлдсэн. Энэ үед шүүгдэгч М.Б аас мөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд уг хэрэгт техникийн шинжээч томилж дүгнэлт гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтээр хэргийн газарт хөдөлгөөнд оролцсон 2 том оврын тээврийн хэрэгсэл хоёулаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэх агуулга бүхий дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас 2 иргэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсний үндсэн дээр прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Иймд шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч М.Б нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас lexus rx-450 маркийн **** , Тоёота приус-41 маркийн **** , lexus rx-450 маркийн **** , Тоёота Ргеmio маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, lexus rx-450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Ц /РД:УГ53050101/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приус-41 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Д /РД:УК88050222/-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Г.Д нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 16 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд, Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Howo маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас lexus rx-450 маркийн **** , Тоёота приус-41 маркийн **** , lexus rx-450 маркийн **** , Тоёота Ргеmio маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, lexus rx-450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 71 настай, эмэгтэй, Ч.Ц  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота приус-41 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 35 настай, эмэгтэй, Э.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

               Хохирогч Ч.Ц-н “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сум орох гээд хүргэн Батмягмарын RX-450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор охин Оюунсувд, нөхөр Хишигт, 8 сартай Цэцэнбилэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн замд явж байтал эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд зорчин явсан тээврийн хэрэгслийн жолоочийн урд талаас мөргөсөн. Мөргүүлсний дараа миний баруун талын гар хугарсан байсан ба түргэний машинаар Гэмтэл Согог судлалын үндэсний төвд очиж рентген зураг авхуулсан чинь баруун талын тохой хэсгээр хугарсан гэсэн онош гарсан. Гэмтлийн эмнэлэгт гипс тавиулаад гэртээ эмчилгээ хийсэн. ...Гадаа сэрүүхэн цаг агаартай, бороотой бид нарын зорчин явсан зорчих хэсэг түгжрэлтэй байсан. Эсрэг урсгал сийрэг хөдөлгөөнтэй байсан. Миний бие Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №10369 дугаартай дүгнэлтийг уншиж танилцахад ...баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон байсан. ...Миний биед улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч хохирол учруулсан. ...Миний сууж явсан тээврийн хэрэгсэлд нэлээн эвдрэл гэмтэл учирсан. 8 сартай Цэцэнбилэгийн толгой доргисон байсан, толгойг нь хэдэн удаа бариад гайгүй болсон. Гэмтлийн эмнэлэг Оюунсувд очиж үзүүлэхэд зүүн хөлийн шилбэ хэсэгт зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн онош гарсан. ...Ямар шалтгааны улмаас урсгал сөрсөн болохыг мэдэхгүй байна. Миний баруун талын гар өвдөөд бүтэн 2 сар болж байна. Нэг талаараа хэвтэхээр хавирга, бөөр өвдөөд эргэж болохгүй, шөнө олон удаа босож байна, өвчин намдаах эм өдөр болгон уухаар ходоод өвдөөд байгаа. ...” /1хх103-104/,

               дахин өгсөн “...Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Эм тариа авсан баримтууд байгаа эмхэлж цэгцлээд шүүхийн шатанд өгнө. Одоо бол баримт гаргаж өгөхгүй. Би гомдолтой байна, хүүхдийнхээ эд хөрөнгийн болон эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Одоо хүртэл хэрэг шийдвэрлэгдээгүй байгаад гомдолтой байна. Мөн Дархан-Уул аймгаас ирж очсон зардал их гарч байна би тэдгээр зардлыг мөн нэхэмжилнэ. ...” /2хх30/,

               иргэний нэхэмжлэгч Г.Бын “...**** улсын дугаартай RX-450 загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан. Уг машин нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, миний нэр дээр байдаг. ...Энхэр О, аав Х, ээж Ц, хүү Ц нар явж байсан. ...Би тухайн осол гардаг өдөр Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ойролцоо машинаа үнэлүүлсэн. Үнэлгээ 12.600.000 төгрөг болсон шиг санагдаж байна. Дахиж үнэлгээ хийлгээгүй. Тухайн тээврийн хэрэгслээ 2022 онд Дархан-Уул аймагт хувь хүнээс 49 сая төгрөгөөр авч байсан. Автомашинд учирсан хохирлоо барагдуулж авна, миний хувьд үнэлгээгээр гарсан мөнгөн дүн засварын дүн 2 зөрүүтэй, хүрэхгүй гэж бодож байгаа. Тиймээс зөрүүгээ бас авмаар байна. ...Автомашинаа засварлуулахын тулд эхнэр маань Хаан банкнаас 30 сарын хугацаатай 9.600.000 төгрөг авсан, би өөрөө 6 сая төгрөгийн цалингийн зээл авсан энэхүү мөнгөнүүдээ гаргуулж авмаар байна. ...” /1хх132/,

               дахин өгсөн “...Би машинд учирсан үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн би машинаа засуулахад үнэлгээгээр тогтсон мөнгөн дүнгээс илүү гарч 14.355.000 төгрөгийн хохирол гарсан. Би баримтаа гаргаж өгнө. ...” /2хх41/,

               хохирогч Э.Д-н “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгаас Улаанбаатар чиглэлд манай нөхөр Т эзэмшлийн Тоёото приус-41 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрнээс зүүн хойшоо 500 метр зайд явж байхад эсрэг урсгалаас улаан өнгийн Хово маркийн авто машин хурдтай орж ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд тал руу мөргөж гэмтээсэн мөн арын багааж хэсэг хонхойлгосон бөгөөд миний биед гэмтэл бэртэл учруулсан. Тухайн өдөр яаралтай түргэн тусламж болон Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас ирсэн. Цагдаагаас замын хэмжилт хийж, хэргийн газрын зураг аваад явсан. Түргэний эмч намайг түргэний машинаар аваад явъя гэсэн боловч миний унаж яваа тээврийн хэрэгсэл явах боломжгүй, тээврийн хэрэгслээ орхиж явах боломжгүй учир өөрөө гэмтлийн эмнэлэг дээр очиж ЭХО, Томографик, IMR хийлгээд өвчүү хугаралтай, эгмийн зөөлөн эд гэмтсэн гэдгээ мэдсэн. ...Гадаа сэрүүхэн цаг агаартай шиврээ бороо орж байсан. үзэгдэх орчин чөлөөтэй миний явж байсан зорчих хэсэг түгжрэлтэй харин эсрэг талын урсгал чөлөөтэй байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд эвдрэл үүссэн ба “Ашид билгүүн” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан уг үнэлгээгээр нийт 9.840.000 төгрөгийн хохирол гарсан. ...Миний биед өвчүү ясны хугарсан, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Би анх 2015 онд “Отгон жолоо” нэртэй авто сургуулийг “В” ангиллаар суралцаж төгссөн ба миний жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй. ...Урсгал сөрж орж ирсэн улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний унаж явсан тээврийн хэрэгсэлд болон миний эрүүл мэндэд хохирол учруулсан. ...Ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийгээд улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн урсгалыг хаасан мөн улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирсэн бөгөөд руль хариулах үйлдэл хийгээд багтахгүй ирчиндээ ирж мөргөсөн, түүнээс тоормос гишгээгүй. ...Тухайн өдөр уг тээврийн хэрэгсэл дотор би ганцаараа зорчин явсан. Тухайн тээврийн хэрэгслийг хувь хүнд худалдан борлуулсан. ...Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байгаа, уг баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгнө. Тухайн үед замын цагдаагаас дуудсан ачлагын машин ирээгүй хувийн ачлагын компани дуудаж машинаа ачуулсан, оношилгоо хийлгэхэд ачлагын компанийн машин дуудаж оношилгоонд оруулсан оношилгооны гарсан төлбөрийг өөрөөсөө төлсөн. Өөрөөс гарсан зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. ...” /1хх108/,

               дахин өгсөн “...Миний хохирол төлбөрийг барагдуулсан зүйл байхгүй. ...Надад одоо гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. ...Би гомдолтой байна, эд хөрөнгийн болон эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. ...” /2хх28/,

               иргэний нэхэмжлэгч С.Тын “...Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба уг хөрөнгийн үнэлгээгээр нийт 9.840.000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд хохирлыг буруутай жолооч одоо хүртэл төлөөгүй байгаа. ...Зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй харин тухайн өдөр манай эхнэр Э.Д нь жолоодож явсан бөгөөд Э.Д-н биед хүндэвтэр гэмтэл учирсан. ...Уг тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан зардал болон ачилт, тээвэрлэлт, үнэлгээ оношилгооны төлбөр зэргийг нэхэмжилж байна. ...” /1хх137, 2хх36/,

               иргэний нэхэмжлэгч Х.А-н “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим эхнэр Батчимэгийн эзэмшлийн Toyoto Premio маркийн 19-96 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн Сэргээн засах төвийн урд талын замд явж байтал миний урд талд ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл явж байгаад зүүн гар тал руу эргэх үйлдэл хийсэн ба эргэн үйлдэл хийж байх үед нь эсрэг урсгалаас улаан өнгийн Хово ирээд ногоон өнгийн Ховоны бөгсийг мөргөөд түгжрэлд зогсож байсан манай урсгал руу ороод ирсэн. Өөдөөс ороод ирэхээр нь миний бие бага зэрэг рулээ бага зэрэг зүүн гар тийш дарсан чинь миний хажуу талаар гараад миний бөгсийг мөргөсөн цаашаа миний хажуу талд байсан Приус-41-ийг мөргөөд эргээд баруун гар тийш дараад миний ар талд байсан RX маркийн машиныг мөргөөд зогссон. ...Зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Харин миний унаж явсан тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан ба уг хохирлыг “Тэнцвэр Эстимэйнт Үнэлгээ” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан бөгөөд хохирлын тооцоо нийт 1.505.000 төгрөг гарсан, үнэлгээний төлбөр 113.000 төгрөгийг миний бие төлсөн. Мөн манай эхнэрийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас ямар нэгэн хохирол учраагүй. ...Уг тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Батчимэгийн нэр дээр байдаг ба 2022 оны 03 дугаар сард хувь хүнээс 15.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гадаа шиврээ бороотой бүрхэгдүү сэрүүн цаг агаартай байсан, бид нарын зорчин явсан хэсэг түгжрэлтэй харин эсрэг урсгал сийрэг хөдөлгөөнтэй байсан. ...Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх124/,

               иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр Х.А-н хамтаар манай нөхөр жолоо бариад Сонсголонгийн замаар 15 цагийн үед урдаас хойд зүгт чиглэн явж байсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан болохоор түгжрээд зогсож байсан. Тэгтэл манай машины урдаас том улаан өнгийн Хово маркийн ачааны машин урсгал сөрөөд хурдтай орж ирсэн. Тэгээд манай машины баруун хойд хэсгийг мөргөсөн. ...машинаас бууж харахад ...улаан өнгийн Хово маркийн машин манай машины ард түгжрээд зогсож байсан машинуудыг мөргөөд зогссон байсан. ...Миний нэр дээр бүртгэлтэй машин байсан. ...Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтсон хохирлыг барагдуулж авмаар байна. Би өөрийн тээврийн хэрэгслийн үнэлгээг өөрийн зардлаар хийлгэсэн. ...үнэлгээгээр тогтсон дүн нь 1.505.000 төгрөг болсон. Үнэлгээ хийлгэсэн төлбөр 103.000 төгрөг болсон. ...Миний хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. ...” /2хх33/,

               гэрч Д.Т “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн Нисэхээс Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэртээ очих зорилготой  ББС байгууллагаас 2022 онд 60 сая төгрөгийн зээлийн гэрээгээр авсан Lexus RX 450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон дотор өөрийн охин Дагилгоогийн хамт Сонсголонгийн замын 2 дугаар эгнээгээр зорчин явж байсан. Тэгтэл ногоон Хово маркийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс миний урдуур дарж буцаж эргэх үйлдэл хийсэн. Тэгээд тухайн зам дээр багтахгүй эсрэг талын урсгалыг хааж зам дээр хөндлөн зогсож байтал улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай зам дээр хөндлөн зогссон тээврийн хэрэгслийн ар талаар цухуйгаад толгой нь гараад ирсэн. Тэгж байтал улаан өнгийн Хово нь ногоон өнгийн Ховоны тэвш хэсгээр мөргөсөн ба мөргөсний дараагаар шарвасан. Тэр үед миний бие самбаачилга гаргаж завсар гарахаар нь машинтайгаа дундуур нь хурдтай гарсан. Тэгээд замын хажуу руу машинаа тавиад машинаасаа буугаад ослын газарт очсон. Ослын газарт очсон нь миний хажууд явж байсан хар өнгийн приус-41 тээврийн хэрэгсэл мөргүүлсэн, ард нь явсан саарал өнгийн Тоёото Премо маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай, уг тээврийн хэрэгслийн арын фубер салсан, арын гэрэл нь хагарсан байсан. Улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл нь Lexus RX 450 маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөөд зогссон байсан. Тэгээд буцаж өөрийн тээврийн хэрэгсэл дээр очиж машинаа харахад миний машины урд талын фубер, копуд цөмөрч хонхойсон байсан. ...Охин бид 2-н эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. ...харин надаас гарсан 550.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх152/,

               иргэний нэхэмжлэгч Д.Т “...Lexus RX 450 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  ББСБ-ийн нэр дээр байдаг боловч үндсэн эзэмшигч нь би байгаа юм. ...Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтсон хохирлыг барагдуулж авмаар байна. Тухайн үнэлгээгээр тогтсон дүн нь 550.000 төгрөг болсон. ...” /2хх48/,

               гэрч Г.А-н “...Намайг хэмжилт хийх үед буцаж эргэхийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан харин Сонсголон талаас зам өргөсөж байна гэсэн 5.12 гэсэн тэмдэглэгээ байсан. Зам дээр тоормосны мөр байхгүй байсан. Тухайн өдөр гадаа шиврээ бороотой, зам халтиргаатай байсан. ...Ойр орчим хяналтын камер байхгүй байсан. Ослын газар хэмжилт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нарыг драгер багаж үлээлгэж шалгаагүй. Ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч буцаж эргэх үйлдэл хийгээд тухайн зам багтахгүй байж байхад улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл араар нь тойрч гарах гэж байгаад ногоон өнгийн Ховоны тэвшийг мөргөөд эсрэг урсгалд орсон байх. ...Улаан өнгийн тээврийн хэрэгслийн тоормос барьсан мөр байхгүй байсан. Би ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийг хэмжиж үзээгүй. ...” /1хх160/,

               гэрч Б.Б-н “...Сонгинохайрхан дүүрэгт байдаг “Монос” эмийн сангийн уулзвараар төв зам руу ороход бид нарын зорчиж явсан урсгалд ямар нэгэн авто машин байгаагүй, зам чөлөөтэй байсан учир жолооч М.Б Хово маркийн машиныг 40-50 км цагийн хурдтай жолоодож явахад эсрэг урсгалаас буюу урдаас ирж байсан ногоон өнгийн Хово маркийн авто машин буцаж иргэн үйлдэл хийж М.Б ы зорчиж явсан урсгал руу орж ирж, зам хааж хөндөлссөн. Энэ үед М.Б нь ногоон өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийг чигээрээ очиж мөргөсөн бол бид 3 3-лаа нас барах байсан байх. Харин жолооч М.Б нь ослоос урьдчилан сэргийлэх, автомашиныг зогсоох гэж тоормос гишгэж, автомашины жолоог зүүн гар тал руу дарахад М.Б ы улаан өнгийн Хово маркийн автомашин, ногоон өнгийн Хово маркийн автомашины ар талын бөгс хэсгийг баруун талын хажуу хэсгээрээ мөргөж шидэгдээд эсрэг урсгал руу орж тухайн урсгалд явж байсан хэд хэдэн машиныг мөргөсөн. ...Тухайн өдөр олон цаг шиврээ бороо орсон учир замын гадаргуу нойтон байсан. Тухайн зорчиж явсан замд эвдрэл гэмтэл байгаагүй. ...Зам тээврийн осол гарахаас өмнө хянах самбар руу харахад 40-50 км цагийн хурдтай явж байсныг харсан. ...Ослын улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд хохирол учраагүй. ...” /1хх164-165/,

               гэрч Д.Ц-н “...Эсрэг талын урсгалаас ногоон өнгийн Хово маркийн авто машин бидний урд зам хааж хөндлөн зогсохоор нь манай жолооч тоормос дарахад машин зогсохгүй болохоор нь жолооч уг ногоон Хово маркийн машиныг мөргөхгүй гээд эсрэг талын зам руу орж урсгал сөрөөд зогссон. Энэ осол маш хурдан хугацаанд болсон бөгөөд зарим зүйлийг мэдэхгүй байна. Уг ослоос үүдэнд миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй, эмчид үзүүлэхгүй. ...миний сууж явсан машины урд гупер, жолооч талын гэрэл дохио нь эвдэрсэн. ...Тухайн осол гарах үед бороотой байсан ба өдрийн 15 цагийн орчимд болсон осол юм. ...Тухайн үед жолооч М.Б нь 40-50 км цагийн хурдтай явж байсан. ...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” /1хх168/,

               иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч Ч.Т-н “...**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ...”Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл юм. Тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллагаас “Э” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан байсан. Дүгэр гэх хүн нь “Э” ХХК-ны жолооч байгаа юм. Тухайн “Э” ХХК-ийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээр тухайн машиныг авч явсан байсан. ...Албан ёсоор гэрээ үйлдэж хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. 2 байгууллагын хооронд тухайн тээврийн хэрэгслийг хүлээлцсэн акт л байгаа. ...Манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал алга. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэх шаардлагагүй. ...” /2хх39, 51/ гэх мэдүүлгүүд,

               зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх25-29/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх17, 19-20/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх21-24/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх31-33, 36-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх34-35, 40-42/,

               2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08/176 дугаартай Техникийн шинжээчийн “...Жолооч М.Б нь өөрийн жолоодож явсан 12.46 тн масстай ачааны машины онцлог, тухайн осол гарах үеийн замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцоогүй учир зүүн гар тийш эргэсэн тээврийн хэрэгслийг мөргөсөн нь энэ осол гарах шалтгаан болжээ. Мөн жолооч Г.Д нь замын буцаж эргэх газарт өөдөөс чигээрээ яваа давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл болон хурдыг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эрлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх ёстой байсан. Жолооч Г.Д нь ингэж зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэж чигээрээ яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөлгүйгээр эсрэг урсгалд орсон нь уг осол гарах бас нэг шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл жолооч Г.Д нь МУ-ын ЗХД-ийн 10.9 заалт, жолооч М.Б нь МУ-ын ЗХД-ийн 12.1 заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болжээ. ...” гэх дүгнэлт /1хх237-238/,

               “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлан, төлбөр төлсөн баримт, хавсралт /1хх68-70/,

               “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 164 дугаартай үнэлгээний тайлан /1хх72-74/,

               “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай үнэлгээний тайлан /1хх76-77/,

               “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай үнэлгээний тайлан /1хх80/,

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай “...Ч.Ц-н биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд учирсан байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх83-84/, 

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай “...Э.Д-н биед өвчүү ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун мөр, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Ээрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх85-87/,

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай “...Энх-Амгалан овогтой Даваагийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” /2хх52-53/,

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай “...Ч.Ц-н сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” /2хх60-61/,

               хохирогч Э.Д-н , иргэний нэхэмжлэгч Г.Б-н хохирол төлбөртэй холбоотой гаргасан өгсөн баримтууд /2хх111-114, 126/,

               хохирогч Ч.Ц , Э.Д нарын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн лавлагаа /2хх128-131, 133/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Б , Г.Д нарыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 71 настай, эмэгтэй, Ч.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 35 настай, эмэгтэй, Э.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Г.Д т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмид “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болон 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гаргасан мөрдөгчийн магадлагаагаар Г.Д ийг Хово маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнийг зөрчөөгүй гэж магадлагаа гаргасан. ...Г.Д нь замын хөдөлгөөнийг зөрчөөгүй. ...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Г.Д ийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн субъект нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмээр биелүүлэхээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан нь бий болсон үр дагаврын үндэс болсон байх учиртай бөгөөд зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, үйл явдлын өрнөл, дараалал, осолд холбогдсон жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм дэх хэм хэмжээг зөрчсөн эрэмбэ, хэр хэмжээ зэрэгт цогц байдлаар үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагддаг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч нарын замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлээс тус тус шалтгаалсан болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болгосон бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал нь сэрүүн, гадаа бороотой, орчны нөхцөл байдлын хувьд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлийн замын хөдөлгөөн түгжрэлтэй, хойноос урагшаа чиглэлийн замын хөдөлгөөн сийрэг байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн “...Гадаа сэрүүхэн цаг агаартай, бороотой бид нарын зорчин явсан зорчих хэсэг түгжрэлтэй байсан. Эсрэг урсгал сийрэг хөдөлгөөнтэй байсан. ...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх нөхцөл байдалд шүүгдэгч Г.Д нь өөрийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс зүүн гар тийш буцаж эргэх үйлдлийг хийхдээ эсрэг урсгалын чигээрээ зорчих давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч өнгөрөөлгүйгээр эсрэг урсгалд орсон, харин шүүдэгч М.Б нь 12.46тн масстай ачааны машины онцлог, тухайн осол гарах үеийн замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцоогүй учир зүүн гар тийш эргэсэн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Б , Г.Д нарын дээрх үйлдлүүд нь уг осол гарах үндсэн шалтгаан болжээ.

Хэргийн 1 дүгээр хавтас хэргийн 237-238 дугаар талд авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаартай Техникийн шинжээчийн “...Жолооч М.Б нь өөрийн жолоодож явсан 12.46тн масстай ачааны машины онцлог, тухайн осол гарах үеийн замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцоогүй учир зүүн гар тийш эргэсэн тээврийн хэрэгслийг мөргөсөн нь энэ осол гарах шалтгаан болжээ. Мөн жолооч Г.Д нь замын буцаж эргэх газарт өөдөөс чигээрээ яваа давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл болон хурдыг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эрлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх ёстой байсан. Жолооч Г.Д нь ингэж зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэж чигээрээ яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөлгүйгээр эсрэг урсгалд орсон нь уг осол гарах бас нэг шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, жолооч Г.Д нь МУ-ын ЗХД-ийн 10.9 заалт, жолооч М.Б нь МУ-ын ЗХД-ийн 12.1 заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болжээ. ...” гэх дүгнэлт,

гэрч Д.Т “...Сонсголонгийн замын 2 дугаар эгнээгээр зорчин явж байсан. Тэгтэл ногоон Хово маркийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс миний урдуур дарж буцаж эргэх үйлдэл хийсэн. Тэгээд тухайн зам дээр багтахгүй эсрэг талын урсгалыг хааж зам дээр хөндлөн зогсож байтал улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай зам дээр хөндлөн зогссон тээврийн хэрэгслийн ар талаар цухуйгаад толгой нь гараад ирсэн. Тэгж байтал улаан өнгийн Хово нь ногоон өнгийн Ховоны тэвш хэсгээр мөргөсөн ба мөргөсний дараагаар шарвасан. Тэр үед миний бие самбаачилга гаргаж завсар гарахаар нь машинтайгаа дундуур нь хурдтай гарсан. Тэгээд замын хажуу руу машинаа тавиад машинаасаа буугаад ослын газарт очсон. Ослын газарт очсон нь миний хажууд явж байсан хар өнгийн приус-41 тээврийн хэрэгсэл мөргүүлсэн, ард нь явсан саарал өнгийн Тоёото Премо маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай, уг тээврийн хэрэгслийн арын фубер салсан, арын гэрэл нь хагарсан байсан. Улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл нь Lexus RX 450 маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөөд зогссон байсан. Тэгээд буцаж өөрийн тээврийн хэрэгсэл дээр очиж машинаа харахад миний машины урд талын фубер, копуд цөмөрч хонхойсон байсан. ...” /1хх152/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой осол гарсан нь тогтоогдсон, үүнийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан “...Г.Д т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий, ял хүндсэн гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч нарын үйлдсэн тус гэмт хэргийн улмаас 2 хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Д нь гэм буруугийн үйлдэлдээ маргасан төдийгүй, хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлын “Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Г.Д ийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан” гэх хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/**** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д ийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

                                                ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                       ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА