Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

 Нэхэмжлэгч: Завхан, .......... баг, .............хаягт оршин суух, ........... овогт ..........ийн .............ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1971 онд төрсөн. 1987 оны 06 дугаар сарын 15-аас 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ………. сумын ……….нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явчихсан юм. Дээрх жилүүдээ тогтоолгох шаардлагатай болсон учраас намайг тухайн үед мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б............ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б........... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б............. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн ……. сумын ………… нэгдлийн ……… бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн .........сумын ........... нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай “Илгээлтээр гарсан залуучуудыг малчин ажилчнаар томилох тухай” тушаал, Аймгийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1338 тоот лавлагаа, 1987, 1988, 1989 онуудын Завхан аймгийн ..........сумын ........... нэгдлийн цалин хөлс тооцсон 70-р дансны баримтууд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/1640 тоот Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын /өрхийн хуудас/ баримтад “................ ... настай, эрэгтэй, байнга суудаг, хоньчин...” гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “........ сумын ........... нэгдэлд хоньчин, 1987 он” гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч Т............ийн өгсөн мэдүүлгийн: “... Б............ Завхан аймгийн ..........сумын .......... бригадад 1987 оны 08 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр мал дээр гарч мал малласан. Түүнээс хойш аав, ээжтэйгээ хамт маллаж байгаад 1989-1991 оны хооронд 2 жилийн хугацаатай цэргийн алба хааж ирээд аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1994 онд айл болсон түүнээс хойш эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж байгаа …” гэх хэсэг,

гэрч  Б...........ын  өгсөн мэдүүлгийн: “... Б........... Завхан аймгийн ............ сумын .......... бригадад 1987 оны 08 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр мал дээр гарч мал малласан. Түүнээс хойш аав, ээжтэйгээ хамт маллаж байгаад 1989-1991 оны хооронд 2 жилийн хугацаатай цэргийн алба хааж ирээд аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1994 онд айл болсон түүнээс хойш эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж байгаа. ...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Б..............ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн          6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......... овогт ...........ийн ............ыг 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн ……… сумын ……… нэгдлийн ……….. бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б...........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАЛЖИННЯМ