Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 618

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Эрдэнэ,    

Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Бт холбогдох эрүүгийн 1806025990667 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    

     Үйлдсэн хэргийн талаар:

У.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Холидэй зочид буудлын 203 тоот өрөөнд иргэн Г.Пүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Бт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806025990667 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад У.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Пүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 03 сарын 22-ны өдөр 19 цагийн үед би танил Баатар гэх залуугаас зээлдүүлсэн мөнгөө авмаар байна гэж хэлтэл би Холидэй зочид буудлын 203 тоотод байна хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь нэг танихгүй залуутай виски уугаад сууж байсан. Би тэр вискинээс уусан. Тэгтэл хамт сууж байсан залуу гарч яваад Б бид 2 үлдээд мөнгө төгрөгнөөс болж маргалдсан... Би архи маш их уусан байсан болхоор тасарсан байсан. Ухаан санаа орж гараад байсан. Ямар ч байсан Бтай зууралдаад байснаа санаж байна. Нэг ухаан ортол би буудлын өрөөнд ганцаараа байж байсан. Б байхгүй байсан. Миний хавирга аймар өвдөж байсан. Би буудлын өрөөнөөс гараад шууд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын   28-ны өдрийн 4005 дугаартай

“Г.Пүрэвийн биед зүүн 8 дугаар хавирганы хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын   2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19/,

 

Гэрч Ц.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Гүнчинхүү, Б 2 миний ажил дээр ирээд бид 3 Холидэй нэртэй зочид буудалд орхоор болоод 203 тоот өрөөнд орсон. Бид 3 буудлын өрөөнд архи уусан. Эхлээд Гүнчинхүү ууж байгаад би явлаа гэж хэлээд түрүүлээд яваад өгсөн. Б бид 2 үлдээд юм яриад сууж байхад гаднаас нэг үл таних жижиг биетэй залуу орж ирсэн. Би орж ирэхээр нь мэнд мэдээд Б тэр хоёрыг үлдээгээд гараад явсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч Х.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тэр өдөр Энхсайхан үл таних 2 хүнтэй манай буудалд орж ирээд 203 тоот өрөөнд орсон. Энхсайхан өрөөнд орсноос хойш 1 цаг орчмын дараа гараад явсан. Харин цуг ирсэн 2 хүн нь 203 тоот өрөөнд үлдсэн. Удалгүй бас нэг хүн нь гараад явсан. 1 хүн үлдсэн. Тэгээд 23 цагийн үед нэг үл таних эрэгтэй хүн ирсэн. Тэгээд тэр хүн ирснээс хойш 30 орчим минутын дараа юм хагарах чимээ гарахаар нь би үйлчлэгч Өлзийсайханы хамт 203 тоот өрөөрүү ороход нэг хүн орон дээр хэвтчихсэн нэг хүн нь хаалганы хажууд зогсож байсан ба хаалганы хажуу талын хананд байсан шилтэй жааз унаад хагарсан байсан. Би тэдэнд хандаж “үйлчлүүлж чадахгүй бол гар” гэж шаардлага тавихад орон дээр сууж байсан анх Энхсайхантай хамт ирсэн хүн нь удахгүй гарлаа, хоорондоо учраа олоодхоё гэж хэлсэн. Удалгүй 203 тоот өрөөнд байсан хүмүүс цувараад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Шүүгдэгч У.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр миний найз Пүрэв надруу залгасан. Би утсаар Пүрэвтэй ярихад уулзая гэхээр нь би байгаа газраа заагаад өгсөн. Пүрэвийг ирэхээс өмнө Гүнчинхүү, Энхсайхан 2 нэг нэгээрээ цувраад явсан байсан. Пүрэвийг ирхэд би ганцаараа буудлын өрөөнд байсан. Пүрэв орж ирээд орж ирээд бид 2 үлдсэн архийг уухаар болсон. Архи ууж байгаад бид 2 ярьж байсан юмнаасаа болоод маргалдаж эхэлсэн. Тэр үед Пүрэв архины шил аваад цонхны давцан дээр хагалаад гарт үлдсэн хэсгийг нь миний хоолойнд тулгасан. Энгээд маргаан нэлээн ширүүсээд хэсэг маргасан. Маргалдаж байгаад хэсэг хугацааны дараа бид 2-н маргаан гайгүй болоод би явах гэсэн чинь Пүрэв намайг явуулахгүй зуураад байсан. Тэр үед би нэг удаа алгадаад өвдгөлсөн.Тэгсэн Пүрэв эсэргүүцэхээр нь бид 2 нэг нэгнийгээ цохиж байгаад би салаад яваад өгсөн. Бид 2 нэг нэгнийгээ цохиж байхад Пүрэв суугаад өгөхөөр нь би яваад өгсөн. Маргааш нь Пүрэврүү залгаад гайгүй юу гэж асуухад Пүрэв чи намайг зодсон би гомдол гаргаад явж байна гэжутсаар ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-хохирогч Г.Пүрэвийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 03/,

-хэрэг болсон гэх БЗД-ийн 2 дугаар хорооны нугта дэвсгэрт байрлах Холидэй зочид буудлын ерөнхий байдал болон 203 тоот өрөөний байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

-У.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч У.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч У.Б нь иргэн Г.Пүрэвийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

У.Б нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Г.Пүрэв нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх учир шүүгдэгч У.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч У.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгч У.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ