Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/89

 

 

 

 

    2026             01         20                                          2026/ДШМ/89

 

Э.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Э.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Б д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Б нь Г.Бтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.С ийн өмдний халааснаас 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэн авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ХБ-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Б д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Э.Б гийн цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Э.Б гаас тус шүүхийн **** тоот дансанд байршуулсан 635.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С д олгож, тус хэргээс Г.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг тусгаарлагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б гийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон боловч Э.Б г шүүхээс гэм бурууд маргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана" гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанд талууд шүүгдэгч Э.Б гийн холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн зүйлчлэлд нийцэж буй эсэх талаар мэтгэлцсэн.

Шүүгдэгчийн хувьд гэм буруу хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан ба урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг багасган өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б гийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагайн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй. Прокурорын зүгээс үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудлаар маргасан үйл баримт шүүх хуралдааны явцад тодорхой харагдаж байгаа тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэх үүрэг бүхий зохицуулалт бус, харин шүүхэд эрх олгосон, өөрөөр хэлбэл шүүхийн үзэмжээр хэрэглэх боломжтой зохицуулалт юм. Иймд уг заалтыг хэрэглээгүй нь шүүх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн анхан шатны шүүх нь яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж, тухайн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Б гийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Э.Б нь Г.Бтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  хохирогч Д.С ийн өмдний халааснаас 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэн авч дээрэмдсэн болох нь:

Хохирогч Д.С ийн “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би 16 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэл болох **** улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээ Да хүрээ дээр хувь хүнд 4.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүн надад бэлэн мөнгө өгсөн.  ...Тэгээд байж байтал 30 орчим насны залуу нь надаас гал асуухаар нь тухайн залуутай танилцаад яриа өдөөд бид 4 “Д ” баар руу орж 0,5 литрийн Эдэн архи, ундаа, хүний нэг нэг пиво аваад ууцгаасан. Тухайн үед би тооцоог нь бэлнээр хийсэн. Удаагүй байж байхад 20-23 орчим насны залуу нь баарнаас гараад явсан ба өөр танихгүй 20-23 орчим насны залуу бааранд орж ирээд бид 3 дээр ирэхээр нь тухайн залуутай танилцаад байж байхад тамхилъя гээд 30 насны орчим залуутай хамт гурвуулаа баарнаас гарсан. ...сүүлд ирсэн залуу чи яагаад байгаа юм, чи тийм баян юм уу гээд өөдөөс хэрүүл өдөөд баруун шанаа, дээд чамархай хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиод заамдахаар нь би гарыг нь бариад байж байхад нэг гар нь хойд баруун талын карма руу явахаар нь миний мөнгийг авах гэж байна гэж бодоод гарыг нь бариад байж байхад 30 орчим насны залуу нь “наадахаа гүйцээгээч тэгэхгүй бол юмаа өгөхгүй юм биш үү” гэхээр нь би айгаад тэмцэлдэхээ больсон чинь тухайн залуу карманаас бэлэн мөнгө аваад цаашаагаа гүйсэн. Тэгсэн 30 орчим насны залуу үлдэхээр нь цамцны захаас нь бариад авсан чинь миний цээж рүү түлхээд нөгөө залуугийнхаа араас гүйгээд явчихаар нь би өөрийнхөө ***** дугаараас 102-руу дуудлага өгсөн. ...Тухайн 30 орчим насны залуу 174-175 см өндөртэй, хар өнгийн подвалтой, малгайгүй, биеийн тамирын өмдтэй, жижиг давхраатай, нөгөө залуу нь улбар шар өнгийн куртиктэй, саравчтай малгайтай байсан. Харин сүүлд ирж намайг дээрэмдсэн залуу дээгүүрээ хар өнгийн юүдэнтэй цамцтай, малгайтай байсан царайны төрхтэй онигор нүдтэй, жижигдүү толгойтой, 170 см өндөртэй байсан. Харин эмэгтэй нь хар өнгийн нүдний шилтэй, хар куртик, цэнхэр жинстэй байсан. Би сайн танина царайг нь тогтоож харсан. Миний баруун чамархай хэсэг хөндүүртэй байна...” /1хх6-7/,

Г.Б-н яллагдагчаар өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч М-н хамтаар 20 цагийн үед Д баарны үүдэнд шатан дээр тамхи татаад сууж байсан. Тэгсэн С гэх 30 орчим насны эрэгтэй ирсэн ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгсэн С “хамтдаа архи уучих хүн байна уу, би ганцаараа байна” гээд асуухаар нь бид 2 зөвшөөрөөд хамт архи уухаар болоод замын эсрэг талд байх Мишээл караоке орсон. ...Тэнд 1 цаг дуулсан ба Эдэн архитай багц авсан, тухайн үед С өөрөө тооцоогоо хийж байсан. Караокеноос гарахад С баар ормоор байна гээд бид хоёрыг дагуулаад Д баар орсон. Тухайн үед С хүүхэн олоод өгөөч гээд байсан ...би тэр хавиар болон гараад “17 night bar” баар орж хүүхэн хайсан ч олдоогүй.  Тэгээд би тамхи татах гээд гарахад С бас гадаа тамхи татаж байсан. ...Тэр үед өөрийгөө Б /цаашид Б / гэх эрэгтэй ...хамт тамхи татаж танилцсан. Тэгээд тамхилчхаад дотогшоо ороход Б манай ширээнд суучихсан байсан. ...Би тэр хавиар гүйж байгаад дахин гадаа тамхи татахаар гарахад Б , С 2 муудалцаад байснаа цаашаа 2-лаа алхаад явсан. Би тэр 2-г муудалцаад зодолдож магадгүй гэж бодоод араас нь дагаад явсан. Нийгмийн даатгалын хажууд байх гэр хорооллын гудамжинд хоорондоо барьцалдсан Б С гийн нүүр рүү 2 удаа цохичихсон. Тухайн үед би болиоч гэсэн чинь Б С тай зууралдаж буугаад гэнэт зугтаагаад гүйчихсэн ба С мөнгө аваад зугтчихлаа гээд байсан. Тэгээд С гар утсаараа цагдаа дуудаад намайг бас хамтарсан гээд байхаар нь би ямар ч хамаагүй гээд тэндээс яваад өгсөн. ...Тэгээд би эхнэр М ийг аваад баарнаас гарсан, тухайн үедээ уугаагүй үлдсэн архи, пивоо авч гараад баарны ойролцоо сандал дээр тамхилаад сууж байсан чинь Б гэх залуу 1 махлаг эмэгтэй дагуулчихсан таксинаас буугаад ирэхээр нь би Б г барьж аваад “чи хүний мөнгө өгөөч” гээд хэлсэн. М Б тай уулзаад байсан ба удалгүй М “байгаа мөнгийг нь авчихлаа маргааш цагдаад өгье” гээд Б гаас салсан. ...Харанхуй байсан болохоор мөнгө авч байхыг хараагүй. Б намайг гүтгэж байна, хохирогч С г мөнгөтэй байсан эсэхийг би мэдэхгүй. Тэгсэн харин сүүлд Б тай уулзахад мөнгө авсан байсан. Тухайн үедээ С г мөнгө алдсан гэхээр нь мөнгийг нь буцааж өгнө гэж бодоод авсан. Түүнээс биш Б гаас мөнгө авах талаар ярьж тохирсон зүйл байхгүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч айхтар согтсон муудсан, өөрийн ухаангүй хүн байгаагүй. Тооцоонуудыг С өөрөө хийгээд явсан. Караокены тооцоог гадагшаа гараад текэн дээр хийгээд байх шиг байсан харин баарны тооцоог зөөгч охинд бэлнээр хийж байх шиг байсан. ...” /1хх84-85/,

Э.Б гийн яллагдагчаар өгсөн “...Тэгсэн надтай өмнө зүс таних хар өнгийн цагаан канттай бэлтгэлийн хослолтой залуу /цаашид Б гэх/ таараад бид 2 тамхилчхаад хамт баар руу орсон. Намайг бааранд ороход Бын эхнэр зүс таних эмэгтэй /цаашид М /, 30 орчим насны хар өнгийн цамц, өмдтэй үл таних эрэгтэй хүн /цаашид хохирогч С -Одсэр гэх/ ширээн дээр сууж байсан ба тухайн залуу нэлээд согтоод муудсан ширээ налаад хэвтэж байсан. Хамтдаа суугаад 1 шил пиво уучхаад тамхи татах гээд гарсан чинь араас Б гарч ирээд надад “бид нартай хамт ширээнд сууж байгаа залуу мөнгөтэй хүн байна, мөнгийг нь авах уу, яах уу” гэх зүйл яриад байсан. Тэгэхээр нь би “яасан ч яах уу” гэх зүйл яриад өнгөрсөн. Баар руу буцаж ороод ширээн дээр суухад хохирогч С -О сэрчихсэн байсан ба би хэсэг сууж байгаад тэндээс түрүүлээд гарсан чинь миний араас Б гарч ирээд “энд мөнгөтэй хүн байна шүү дээ, мөнгийг нь авъя л даа” гээд байхаар нь би “за, за тэгье” гэж хоорондоо ярилцаж тохиролцоод байж байхад хохирогч С -О гараад ирэхээр нь би худлаагаасаа, хохирогчийг өдөөд “найз зодож цохиод байгаа юм уу гэж хэлсэн чинь хохирогч үгүй ш дээ хэн тэгж байна” гээд байсан. Тухайн үед би “манай найз тэгж хэлж байна” гээд хохирогчтой маргалдаж байтал Б хохирогчийг “нааш ир” гээд дуудаад хохирогчийг дагуулаад баарны урдуур яваад, булан тойроод эргэхэд байдаг нарийн гудамжны тийшээ явахаар нь би араас нь дагаад явсан. Тэгээд нарийн гудамжинд ирэхэд гадаа харанхуй байсан ба Нийгмийн даатгалын хэлтэс болон худаг байх гэр хорооллын гудамж руу дагуулж ороод би хохирогчтой уулзаад “найз зодсон юм уу” гэх зүйл яриад хоорондоо маргалдаад тухайн залуугийн баруун шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод өмсөж байсан хувцасны энгэрээс баруун гараараа заамдаж аваад байж байхад Б хажууд байснаа “наад өмдний арын халаасанд мөнгө байгаа, наадахаа гүйцээчихээч” гэх зүйл яриад өдөөд байсан. Тэгэхээр нь би хохирогчийн өмдний арын халаас руу гараа хийхэд нэлээд зузаан мөнгө байхаар нь шууд аваад хохирогчийг заамдсан гараа тавиад зугтаагаад 17 дугаар сургуулийн хажуугаар гүйгээд хорооны байрны хажууд ирээд зогсож байтал Б миний араас гүйгээд ирсэн. Тэгээд “за андаа явъя, явъя, мань нь авгайгаа аваад ирье” гээд Б түрүүлээд баар руу явахаар нь би араас нь явж байгаад төв замаас такси бариад явж байхдаа дэмий юм хийчихлээ гэж айгаад мөнгийг буцаагаад өгчихье гэж бодоод буцаж нөгөө такситайгаа эргэтэл замд 1 эмэгтэй гараа өргөж байсан ба тухайн эмэгтэйг таксины ах хаашаа явах талаар асуухад 17-ын автобусны буудал орно гэсэн. ...Төрийн банкны үүдэнд явж байтал М тэй тааралдахад чамайг хохирогч чинь хайгаад байна, мөнгө аваад ир гээд байна, цагдаад гомдол гаргаад байна гээд надтай маргалдаад зогсож байтал Д баарнаас Б гарч ирээд “мөнгийг яасан, юу болсон, чамайг цагдаа хайгаад байна” гэхээр нь би юу яриад байгаа юм гэтэл Б “за за тоглосон юм, чамд хэдэн төгрөг байна, гурвуулаа тоолчихъё” гэхээр нь би зөвшөөрөөд бид 3 төрийн банкны хажууд баригдаж байгаа барилга руу ороод би өөрийн авсан бүх мөнгийг гаргаж ирээд М т өгөхөд нэлээд зузаан 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан ба М уг мөнгийг тоолох үед 1.200.000 төгрөг байсан. Тэгэхээр нь би Баас “хэдэн төгрөг байна” гэж асуухад 900.000 төгрөг байна гэж хэлэхээр нь би наад мөнгөө буцаагаад өгчхөөрэй” гэж хэлээд явах гэхэд надад М такси бариад яваарай гээд надад 20.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа Д бааранд ороод байж байтал хамгаалагч намайг цагдаагийн газарт авчирч ирээд болсон асуудлын талаар ярьсан. Би хохирогч С -О гэх хүнийг огт танихгүй, тухайн өдөр тааралдсан. Харин Б, М нарыг зүс танина. Уг хэрэг гарахаас 4 хоногийн өмнө 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой Д баарны гадаа тамхи татаж байхдаа Бтай тааралдаад танилцсан. ...” /1хх104-105/,

Б.М ийн яллагдагчаар өгсөн "...С бид хоёрыг сууж байхад үл таних 25-26 орчим насны залуу ирж ширээн дээр байсан пивоноос уугаад суугаад байсан. Тухайн үедээ Бын таньдаг хүн юм болов уу гэж бодсон. Б бүжгийн талбай дээр байснаа хүрч ирээд нөгөө залууг харчхаад ширээний хажууд ирээд том хараад зогсоод байсан. Тэгсэн С “”куртикээ авмаар байн”а гэхээр нь би яах гэж байгаан” гэхэд “би явлаа тооцоог нь хийчихсэн байгаа, та нар ууж дуусгаад явахгүй юу даа” гэж хэлчхээд түрүүлээд яваад өгсөн. Нөгөө ширээн дээр ирж суусан залуу араас нь дагаад гарсан. Б бас хаачсан мэдэгдэхгүй байхгүй байсан, би ганцаараа нэлээд удаан суусан. Б ороод ирээд надад нөгөө энд суугаад байсан залуу С г дагаж яваад мөнгийг нь авчихлаа гээд сандарсан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би бас сандраад ширээн дээр байсан архи, пивоо аваад баарнаас шууд гарсан. Б намайг баарны гадаа үлдээгээд нөгөө сүүлд ирж суугаад байсан залуу Б г харж байгаарай, би гэр рүү харьчхаад ирье гээд надад байсан архи, пивыг аваад явчихсан. Би Быг хүлээгээд сандал дээр суугаад байж байтал Б хүрээд ирсэн. Тэгсэн харин нөгөө С гийн мөнгийг авсан Б гэх залуу нэг үл таних махлаг эмэгтэйн хамт таксинаас буугаад ирсэн ба мантуун бууз идсэн байдалтай байсан. Тэгээд Б г харчхаад Б тухайн залуугийн хүзүүнээс нь хүзүүдээд барьж авсан чинь хамт явж байсан хүүхэн нь цаашаа яваад өгсөн. Б Б д “чи тэр хүний мөнгө төгрөг өгөөч” гэсэн чинь Б гэх залуу өмднийхөө халаасыг ухаад мөнгө гаргаж ирээд май гээд над руу сарвайхаар нь би аваад шууд халаасандаа хийчихсэн. Тэгсэн Б Б г тавьсан чинь Б яваад өгсөн. Тэгээд тэндээсээ бид 2 гэртээ хариад унтсан. Маргааш өглөө нь сэрээд би халаасанд байсан мөнгөө тоолж үзэхэд 185.000 төгрөг байсан. Тэгж байтал утас дуугараад цагдаагийн байгууллагаас дуудахаар нь нөгөө 185.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. ...” /1хх94-95, 138-139/,

Г.Б, Э.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...Яллагдагч Э.Б гаас: “Би баарны гадаа тамхи татаад зогсож байхад Г.Б надад мөнгөтэй хүн байна, мөнгийг нь авъя гэж хэлсэн гэх үед яллагдагч Г.Б мэдүүлэг дундуур ороод би чамд мөнгөтэй хүн байна гэж хэлээгүй гэж уурлаж сандрав. ...хохирогчийн нүүр лүү гараараа 2 удаа цохичхоод өмдний арын халаасанд байсан мөнгийг аваад зугтаачихсан гэх үед яллагдагч Б “яг 1.800.000 төгрөг байсан юм уу” гэв. Намайг хохирогчийн мөнгийг аваад зугтаах үед Б хажууд ирчихсэн байсан. Би хохирогчийн халаасанд байсан бэлэн мөнгийг авсан гэхдээ тухайн үедээ хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. Б нь хохирогч С гийн биед халдсан юм байхгүй. ...Б “Тэгээд тухайн үед М надаас хэдэн төгрөг авсан юм гэхээр нь би өөрт байсан мөнгөө гаргаж ирээд бид 2 хамтдаа тоолсон чинь 900.000 төгрөг байсан.  Тэгээд уг мөнгөнөөс надад 20.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь М аваад үлдсэн. Тухайн үед Б ойрхон сууж байсан. ...” /1хх112-115/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх3-4/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх23-27/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /1хх30-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б гийн Г.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч Д.С тэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нэрийдлээр түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлыг нь далимдуулан хохирогчийн нүүрэн тус газарт 2 удаа цохиж хүч хэрэглэн довтолж, улмаар заналхийлэн хохирогчийн эд хөрөнгө болох өөрт нь бэлэн байсан гэх 1.800.000 төгрөгийг хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг эрүүл мэндэд нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах үйлдлээр илэрдэг бол заналхийлсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, заналхийлэл биелэгдэх боломжтойг үг хэллэг ашиглаж хохирогчид ойлгуулсан, улмаар хохирогчийг сэтгэхүйн хувьд дарамтад оруулсан байдаг.

Тодруулбал, дээрх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг ба заналхийлж довтолгоон хийснээр тус гэмт хэрэг төгссөнд тооцдог учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Э.Б гийн яллагдагчаар өгсөн “...би хохирогчтой уулзаад “найз зодсон юм уу” гэх зүйл яриад хоорондоо маргалдаад тухайн залуугийн баруун шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод өмсөж байсан хувцасны энгэрээс баруун гараараа заамдаж аваад байж байхад Б хажууд байснаа “наад өмдний арын халаасанд мөнгө байгаа, наадахаа гүйцээчихээч” гэх зүйл яриад өдөөд байсан. Тэгэхээр нь би хохирогчийн өмдний арын халаас руу гараа хийхэд нэлээд зузаан мөнгө байхаар нь шууд аваад хохирогчийг заамдсан гараа тавиад зугтаагаад 17 дугаар сургуулийн хажуугаар гүйгээд хорооны байрны хажууд ирээд зогсож байтал Б миний араас гүйгээд ирсэн. ...” /1хх104-105/, Д.С ийн хохирогчоор өгсөн “...сүүлд ирсэн залуу “чи яагаад байгаа юм, чи тийм баян юм уу” гээд өөдөөс хэрүүл өдөөд баруун шанаа, дээд чамархай хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиод заамдахаар нь би гарыг нь бариад байж байхад нэг гар нь хойд баруун талын карма руу явахаар нь миний мөнгийг маань авах гэж байна гэж бодоод гарыг нь бариад байж байхад 30 орчим насны залуу нь “наадахаа гүйцээгээч тэгэхгүй бол юмаа өгөхгүй юм биш үү” гэхээр нь би айгаад тэмцэлдэхээ больсон чинь тухайн залуу карманаас бэлэн мөнгө аваад цаашаагаа гүйсэн. Тэгсэн 30 орчим насны залуу үлдэхээр нь цамцны захаас нь бариад авсан чинь миний цээж рүү түлхээд нөгөө залуугийнхаа араас гүйгээд явчихаар нь би өөрийнхөө **** дугаараас 102-руу дуудлага өгсөн...” /1хх6-7/ гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, бие биеэ дэмжсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид бүрэн нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Шүүгдэгч Э.Б гийн өмгөөлөгч Д.Ганбаатар “...Шүүгдэгчийн хувьд гэм буруу хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан ба урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан бөгөөд энэ нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш юм. 

Иймд, дээрх зохицуулалтыг ямар үндэслэлээр хэрэглэх боломжгүй талаараа тодорхой дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах дүгнэх боломжгүй бөгөөд  шүүгдэгч Э.Б гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас хамгийн бага буюу 2 жил хорих ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэхээргүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Түүнчлэн, анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2025/ШЗ/**** дугаар шүүгчийн захирамжаар хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй, саад учруулахгүй гэж шүүх дүгнэж, Б.М , Г.Б нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Э.Б д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байна.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/**** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 9 дэх хуудаст Г.Б-н нэрийг Г.Б гэж техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг зөвтгөн, тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б гийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Э.Б гийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

                             ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА