Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

                       Б.Г-т холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

  Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч Б.Г-т холбогдох, эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

       1.  Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б ургийн овогт Б-ийн Г.

     2. Хэргийн агуулга: Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 автомашин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай “Л.Э-ыг Б багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/01 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал тус тус гарган тус сумын Б, Ц багийн төвийн сахиулаар ажилласнаар цагийн бүртгэлт, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл хөлс олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Х сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     3. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Б.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

       4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар цагаатгах тогтоолоор:

    - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

      - шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах, хэргийн оролцогч, бусад оролцогч нартай, уулзаж, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

      - хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 3,648,306 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

     - шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

    - шүүгдэгч Б.Г нь шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

      5. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “...Шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул эс зөвшөөрч байна. Үүнд:

      - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д: “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.

      Шүүгдэгч Б.Г нь Л.Э-д 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл олгож, өөртөө хөрөө рамд мод зүсүүлсний төлбөр төлөхгүй байх эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Х сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь үйл баримтаар тогтоогдсон.

   Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Л.Э нь тухайн үедээ ажлын тайлангаа надад өгснийг хүлээн авч байсан. Тэр тайлан нь хэрэгт хавсаргасан тайлан мөн байна” гэх мэдүүлгийг үндэслэж Л.Э-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Х сумын Б багийн төвийн сахиулаар, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал Ц багийн төвийн сахиулаар тус тус ажилласан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

     Мөрдөн байцаалтын шатанд аймгийн Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон. Гэтэл шүүхийн шатанд Увс аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр Б.Н-ийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг.

     Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийн үйлдэлд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн хэд, хэдэн зүйл хэсэгт заасан хэм хэмжээг өрсөлдүүлэн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

      Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хөрөнгө завших, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргээс объектив талын үндсэн шинжээрээ ялгаатай юм.

    Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд, анхан шатны шүүх эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг үгүйсгэж няцаахдаа шүүгдэгчийн үйлдлийг хөрөнгө завших, аль эсхүл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

    Шүүхийн тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлээс үзэхэд шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй бол шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтууд нь хөрөнгө завших, эсхүл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход хангалттай, эсхүл нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн байсан эсэхэд бодитой дүгнэлт хийхгүйгээр илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

   ... Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг харьцуулж бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, хэт нэг талыг баримталсан харьцуулан шинжлэн судалж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндэслэлгүйгээр ял завшуулж, хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

     Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

      6. Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...Хэргийн хувьд, Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн мод гэж өмгөөлөгч нар яриад байна. Прокурорын зүгээс үүнийг Б.Г-ийн өөрийнх нь мод гэж дүгнээд байгаа. Тэгвэл энэ 7 автомашин модыг Засаг даргын тамгын газрын мод гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тус хэрэгтэй холбоотойгоор өмнөх шүүх хуралдаанд яригдсан, хэрэг бүртгэлтийн дугаартай, мод хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад Авлигатай тэмцэх газар луу харьяаллаар шилжүүлж, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.

      ...Прокурорын зүгээс, Б.Г нь тухайн модыг зүсүүлсэн төлбөрөө төлөхдөө өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Х сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд хохирол учруулсан нөхцөл байдалд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаж энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн 7 автомашин модыг хэрхэн бэлтгэсэн нөхцөл байдлыг хөөгөөд шалгаад үзэхээр, 7 автомашин модыг хууль бусаар бэлтгэсэн, мод модон бүтээгдэхүүн гаргасан, хувийн хэрэгцээний байшин барьсан гэх нөхцөл байдал эдгээр хэргээс хуулбарлан авсан баримтуудаар харагдаж байгаа.

      Эдгээр үйлдлүүдтэй холбоотойгоор Б.Г-т мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байна.

     Өмгөөлөгч нарын хэлээд байгаа, 2023 оны А135 дугаартай, засаг дарга Т-ийн гаргасан захирамж байдаг. Хэрэг бүртгэх мөрдөн байцаалт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч нараас, Б.Г-ээс эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгч байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг хийхэд, гэрч нараас тодруулах мэдүүлгүүд авагдаж байхад эдгээр нотлох баримтууд  тогтоогдоогүй.

    Эдгээр нотлох баримтууд хэзээнээс хойш гарч ирээд байна гэдэгт бид үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш эдгээр нотлох баримтуудыг шүүгдэгч талаас цувуулж гаргаж ирж өгдөг. Ямар учиртай нотлох баримтууд хаанаас гаргаад байгаа юм гэдэг асуудал байгаа. 

     Төмөрчөдөр Засаг даргын гаргасан, хариуцлагатай жижүүр томилсон захирамжийн хавсралтад Л.Э-ын нэр нь орчихсон байдаг. Магадгүй нэмж оруулсан байхыг үгүйсгэхгүй. Б.Г энэ үед тухайн хүнийг тушаал гаргаад цалинжуулаад явж байсан. Цалин аваад  явж байгаа талаар эхнэр нь мэдүүлчихсэн байдаг.

    Авлигатай тэмцэх газраас өмгөөлөгч Д.Бунжаа, Л.Э нарыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дарамталж мэдүүлэг авсан гэдэг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд оруулчихсан, ажиллагаа явагдаад эхэлж байна.

    Засаг даргын захирамжид заасан хавсралтаар Л.Э-ын нэр сахиул байдлаар орсон байдаг. Захирамжийн төслийг хэн боловсруулсан нь тогтоогдоогүй, хавсралтаар баталсугай гэх гарын үсэг байдаг ч хавсралтад Засаг даргын гарын үсэг байдаггүй, эдгээр нөхцөл байдлыг бид мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох ёстой. Эдгээр баримтыг шүүхэд шууд гаргаж өгөөд, шүүхээс үнэлээд байгаа асуудал нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж дүгнэж байгаа.

     Яагаад гэвэл Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа нярав, бичиг хэргийн ажилтан, архив, хууль эрх зүйн ажилтан бүгд Б.Г-ийн тушаалаар тухайн ажил, албан тушаалд томилогдсон хамаарал бүхий хүмүүс болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байдаг. Тийм учраас эдгээр шинээр гаргасан баримтуудыг нөхөж хийсэн байж магадгүй гэх хардлага төрж байгаа юм. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой, шууд шүүх хуралдаанд гаргаж өгсөн учир мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

    Б.Батгэрэл өмгөөлөгч хэд хэдэн асуудлыг хэргээс тодруулж шалгах шаардлагатай байгаа гэж дурдсантай санал нэг байна. Эдгээр захирамжуудын үндэслэлүүд, хавсралтуудын үндэслэлүүд, цалин олгож байсан нөхцөл байдлууд, тайланд авагдсан нөхцөл байдал, хариуцлагатай жижүүрт ажиллаж байсан томилгоонд байгаа хүмүүсээс бид нар гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаагаар гаргаж ирсэн нотлох баримттай холбоотой асуудлыг нягталж шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

   Засаг даргын Тамгын газрын алба хаагчид буюу архив, бичиг хэргийн ажилтнууд нь бүгдээрээ Б.Г-ийн хамааралтай этгээдүүд учраас баримт бичгүүдэд архивын хуулбар үнэн дараад ирээд байгаа асуудлуудыг бид нягталж шалгахгүй бол эдгээр шууд гаргаж ирж байгаа нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдлийг нь үгүйсгэж байна гэдэг байдлаар дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт.

    ...Б.Г-ийн ашиг сонирхлын зөрчил нь юу юм бэ, яагаад энэ нөхрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлига, албан тушаалын ашиг сонирхлын хэрэг гэж үзээд байгаа юм бэ гэдэг асуултыг өмгөөлөгч гаргаад байна. Тухайн 7 автомашин модыг Тамгын газрын хашаанд эхлээд буулгасан, дараа нь Л.Э-ын хашаа руу зөөвөрлөсөн нөхцөл байдал байдаг. Тухайн модыг банз хэлбэрүүдтэй мод модон материал болгох шаардлагатай байна, чамд ажлын чинь хөлсийг сар сард нь хуваагаад өгнө гэдэг байдлаар тохиролцож явсан гэдгийг гэрч Л.Э мэдүүлэгтээ маш дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг нь эхнэр Д.О-ын мэдүүлэгтэй мөн яг адилхан байдаг.

     Мөрдөгч Л.Э-ыг иргэний хариуцагчаар татсан, үүнтэй холбоотойгоор энэ хүн Засаг даргын Тамгын газрын цалингийн санд учирсан хохирлыг надаар төлүүлэх юм байна гэдэг ойлголтыг авч, шүүхийн шатанд өмнөхөөсөө өөр зөрүүтэй мэдүүлэг өгч орж ирсэн байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа.

     Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг бид гаргаж өгөөд байгаа нотлох баримтуудад тулгуурлан хянан шалгах шаардлага байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад тайлангаа надад өгч байсан, би Л.Э-ын ажилласан цагийн тооцоог бодож, илүү цагийн тооцоог олгосон, гэрээсээ явж ажилладаг, нийтлэг байдлаараа ийм байдаг гэдэг байдлаар мэдүүлсэн.

     Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Яагаад буруу тайлбарлаж байна гэвэл тухайн үед 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэж байгаа нөхцөл байдлыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, эс үгүй бол авлига, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна гэсэн атлаа тухайн гэмт хэргийг ямар ямар нөхцөл байдлаар гэмт хэргийн шинжгүй гэж үзээд байгааг тусгалгүйгээр хэргийг цагаатгаж шийдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа.

     Бид мод хууль бусаар бэлтгэсэн гэдэг байдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж тогтоогоод явж байгаа. Энэ хэрэг бүртгэлтийн хэрэгт хууль бусаар бэлтгэсэн модыг цааш өөрийнхөө хувийн зорилгодоо буюу хашаа татаад тухайн газраа зарж борлуулаад давуу байдал бий болгочихсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаад, яллагдагчаар татагдах нөхцөл байдал бий болоод явж байгаа учраас энэ хэргийг нэгтгэж шалгаж мөрдөн шалгах ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага байна. Энэ 2 хэрэг нь хоорондоо мод хууль бусаар бэлтгэснээс хойш шалтгаант холбоотой байгаа учраас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцааж өгөөч гэдэг саналтай байна” гэв.

     7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа “...235 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2 нөхцөл байдлыг тухайн хэргээс анхаарч үзэж, шалгах хэрэгцээ шаардлага байгаа гэж харж байгаа. 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 149 дугаартай Ц.Нэргүй прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээр Б.Г-ийг өөрийнхөө модыг зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд ажиллахгүй байгаа, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүнийг ажилласан мэтээр цалин олгож 3,648,306 төгрөгийн хохирлыг учрууллаа, хуурамч тушаал гаргалаа гэж ялласан.

      Прокурорын зүгээс хөрөө рамд зүсүүлсэн байгаа модыг хэний мод гэж үзээд байгаа юм. Яллах дүгнэлт болон эсэргүүцлээс харахад Б.Г-ийн хувийн мод гэж үзээд байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тухайн мод тамгын газрын мод байсан гэдэг нь тогтоогдчихсон. Үндэслэл нь тухайн тамгын газрын ажилчдаас аваачиж туслуулж байсан, зүсүүлсэн модыг тамгын газрын хашаанд буулгасан гэдэг үйл баримт нотлох баримтаар тогтоогдчихсон. Б.Г-ийн мод байсан бол Б.Г-ийн хашаанд буулгах ёстой байсан. Хувийн мод байсан бол тамгын газрын хашаанд буулгаад тухайн модоор 2 шовгор барихгүй, гэтэл тамгын газрын хашаанд 2 шовгор байшин барьсан тухай мэдүүлэг байдаг. Тухайн 2 шовгорыг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын баримтаар бүртгэсэн нь Х сумын Засаг даргын Тамгын газрын өмч болох нь харагдаж байна. Тэгвэл Б.Г-ийн мод гэж яллаад байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх. Б.Г-ийг өөрийнхөө хувийн модыг зүсүүлсэн төлбөрөө төлөхгүй байхын тулд Л.Э-ыг ажилласан мэтээр хуурамч тушаал гаргалаа гэдэг нөхцөл байдал нь энэ хэрэгт байгаа баримтаар үгүйсгэгдээд байгаа юм.

     Хоёрдугаарт анхаарч үзэх зүйл нь, Л.Э ажилласан эсэх. Л.Э-ын мэдүүлэгт, хөрөө рамд мод зүсүүлсэн ажлын хөлс хэдэн төгрөг болсон бэ гэхэд 1,648,000 төгрөг болсон гэдэг. Тэгвэл Л.Э гэдэг хүн Х сумын Засаг даргын Тамгын газраас яагаад 2 сая төгрөг илүү авчхаад байгаа юм. Ажил хөдөлмөр эрхлээгүй байсан юм бол 3,648,306 төгрөг яагаад авчихсан юм. Энэ цалин нь шатлалтайгаар бодогдчихсон мөнгө.

      Л.Э анхан шатны шүүх хуралдаанд хэлэхдээ, би эхнэртээ үг заагаад өгчихсөн, тухайн үед миний хөрөө рамын эрхийг цуцална гэдэг байдлаар надад нөлөөлсөн учраас гэрчээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад би мэдүүлэг өгөхдөө багийн сахиулаар ажиллаагүй гээд хэлчихсэн юм гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд “би ажилласан, миний хөрөө рамын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гээд байсан учраас би ажиллаагүй гээд худлаа хэлчихсэн юм” гээд хэлээд байгаа мэдүүлэг нь үндэслэлтэй байх магадлалтай.

     Л.Э ажиллаагүй юм бол П.З гэх хүн яагаад цагийн бүртгэл хөтлөөд байгаа юм. 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар талд П.З-ийн цагийн бүртгэл хөтөлсөн, цалин олгуулсан үндэслэл байгаа.

     Ажилласан юм бол багийн дарга нь яагаад мэдээгүй юм бэ гээд байна. Гэрч нарын мэдүүлгээр багийн төв гэх байшин байдаг, түүнд бид нарын хэн нь ч очиж үзээгүй, гэхдээ шүүх хурлын явцад талуудын мэдүүлгээс харахад айлууд нүүдэл суудал болохдоо өөрсдөө эд хөрөнгөө хийгээд цоожлоод, түлхүүрээ өөрсдөө аваад явчихдаг амбаар байдаг гэдэг талаар бид мэдэж авсан.

    Түлхүүр нь сахиулуудад ч байдаггүй юм байна. Тухайн айлууд нь өөрсдөө аваад явчихдаг. Сахиул ямар үүрэгтэй вэ гэхээр цоожны бүрэн байдлыг хардаг юм байна. Багийн дарга нь хаана байдаг юм бэ гэсэн чинь Х сумынхаа төв дээр байдаг юм байна. Багийн сахиул Х сумын Засаг даргын Тамгын газрынхаа шууд удирдлага доор ажилладаг, тэндээс цалинждаг, томилогдож, чөлөөлөгддөг субъект байна.

     Тамгын газрын даргыг багийн сахиулаар авч ажиллуулж байгаа талаараа яагаад багийн даргад нь хэлээгүй юм бэ гэдэг байдлаар прокуророос буруутгаж байсан. Тэгвэл ийм үүрэг байхгүй, багийн сахиул нь багийн даргынхаа шууд удирдлага доор ажилладаггүй юм байна.

      Цагийн бүртгэлийг яагаад ирснээр бүртгээд байдаг юм бэ гэхээр багийн дарга, багийн сахиулуудыг өдрийн 8 цагаар ажилласнаар автоматаар бүртгэдэг юм. Яагаад гэвэл эд нар хөдөө гадаа явдаг, оффист суугаад ажилладаг ажилчид биш учраас өдөр болгон сумын төвд цагаа бүртгүүлээд байх боломжгүй. Багийн даргыг ч гэсэн мөн ажилласнаар цагийн бүртгэл нь автоматаар хөтлөгдөөд явдаг гэдэг талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг.

     Л.Э цалин авах болсон үндэслэл нь Х сумын Засаг даргын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн А135 дугаартай захирамж байгаа юм. Хариуцлагатай жижүүрээр ажиллуулсан, даваа гүвээ хэцүү болсон байна, малчдад зам харгуй гаргахад туслах зорилгоор шөнийн цагаар ажиллуулчихсан байна. Ажиллуулсан учраас гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөдөлмөрийн гэрээ, илүү цагаар ажилласан Л.Э-ын тайлан нь байдаг. Тэр тайланг би хүлээж авсан гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг.

    Анхан шатны шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа тухайн нотлох баримтуудыг шинээр гаргаж өгсөн.  Яагаад эдгээр баримтууд авагдаад байна гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй учраас бид нар арга буюу Засаг даргын Тамгын газарт нь байгаа шүү дээ гэдэг байдлаар хуулбар үнэн тэмдгийг нь даруулаад шүүхэд нотлох баримтаар авчирч өгөөд байсан.

    Үүнээс ямар үйл баримтууд тогтоогдож байна гэхээр ажлын тайланг нь хүлээгээд авчихсан, ажил хөдөлмөр хийж байсан нь зурагтайгаа байгаа, Л.Э тайлангаа бичээд гарын үсэг зураад өгсөн, хэрэгт авагдсан тайлан нь миний бичиж өгсөн тайлан мөн байна гэж мэдүүлдэг. Үүнийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа юм бэ.

     Засаг даргын захирамжаа үндэслээд цалин хөлс олгогдсон байхад Б.Г-ийг Л.Э-д давуу байдал олгочихлоо гээд байдаг. Засаг дарга чинь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр захирамж гаргаад Л.Э-ыг илүү цагаар ажиллуулаад илүү цагийн цалин хөлс олгох журмын дагуу цалин хөлс олгосон.

    1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар талд авагдсан баримтаар Засгийн газрын 2016 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмын дагуу олгогдчихсон. Тэгэхээр Л.Э ажил хөдөлмөр эрхэлсэн гэдэг нь эдгээр баримтуудаар нотлогдож байна гэж харагдаж байна.

     Нөгөө талаасаа прокурорын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор, 7 автомашин модыг хэнийх гэдгийг нь тогтоогоогүй буюу тодорхойгүй байна. Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгоод байгаа юм уу, аль эсхүл бусдад давуу байдал бий болгоод байна уу? гэдгийг эргэлзээгүй байдлаар тогтоогоод ирээч. Энэ нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна гэж буцаасан байдаг.

      Үүнээс хойшоо хийгдсэн ажиллагаа байхгүй, 8 дугаар сарын 07-ны өдөр мөн дахин яллагдагчаар татах санал ирээд 109 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын тогтоолоос харахад 7 автомашин мод хэнийх гэдгийг нь тогтоогоогүй, Х сумын Засаг даргын Тамгын газарт баригдчихаад байгаа 2 шовгорыг юугаар барьсан гэдгийг мэдэхгүй. 7 автомашин модыг хөрөөдөөд Засаг даргын Тамгын газрын хашаанд буулгачихсан үйл баримт тогтоогдчихсон.

     Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г-ийн хувьд хуурамч тушаал гаргасан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.

    Л.Э ажил хөдөлмөр хийгээгүй юм байна, цалин хөлс авах ёсгүй байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Тийм учраас прокурорын гаргаад байгаа эсэргүүцэл үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

     Хоёрдугаарт, төрийн алба, төрийн үйл хэрэг гэдэг хэн нэгний шахалт дарамтаар явагдаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдээд байдаг юм уу. Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдсэн, Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг даруулаад авсан бүх нотлох баримтыг хуурамч гэж хэлж байна. Хэлсэн үг бүрийнхээ төлөө бид хариуцлага хүлээх ёстой. Тэгвэл хэн тэр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамчаар үйлдээд хавсралтад нь нэрийг нь хэн оруулаад ирчихсэн гэдэг үйл баримт тогтоогдсон юм уу. Бид хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд тулгуурлаж хууль зүйн дүгнэлтээ хийх ёстой гэж бодож байна. Ийм хариуцлагагүй байдлаар дүгнэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцож болохгүй.

    Прокурорын шатанд хүсэлт гаргаад ийм ажиллагаа хийгээд өгөөч гэхэд хангахаас татгалздаг, арга буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн нотлох баримтыг хуулбар үнэн тэмдгийг нь өөрсдийнхөө боломжийн хэрээр нотлох баримтын шаардлага хангуулаад авч ирсэн баримтууд нь миний үйлчлүүлэгчид ашигтай байгаад, үйлдлийг цагаатгах талын нотлох баримт болж болзошгүй болоод ирэнгүүт нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж болохгүй. Энэ бас хариуцлагын асуудал гэдгийг хэлье. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

     8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа “...Б.Баярмагнай прокурор хэргийг буцаахдаа зөв өнцгөөс харсан. 7 автомашин мод чинь хэнийх юм бэ гэдгийг тогтоогоод, Б.Г өөртөө давуу байдал үүсгээд байгаа юм уу, Л.Э-д давуу байдал үүсгээд байгаа эсэх талаар ажиллагаа хийх шаардлагатай гэж буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгдээгүй. Дахиад яллахдаа, Л.Э-д давуу байдал олгож, ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр хоосон тушаал гаргаж цалин олгосон гэж дүгнэсэн. Сүүлд нь өөрчлөгдсөн, прокурорын эсэргүүцлийн 3 дугаар мөрийн доод хэсэг байх, “...шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг дүгнэн үзэхэд Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж өөрийн 7 автомашин модыг иргэн Л.Э-р хөрөөдүүлж мод модон материал болгоход гарах зардлыг өөрөөсөө гаргахгүйгээр өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгон тус сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас цалин хэлбэрээр гаргаж төлбөрийг төлсөн идэвхтэй үйлдлийг хийсэн байна” гэж дүгнэсэн.

     Бид мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талыг барьж байна, цагаатгах талын нотлох баримтуудыг бүрдүүлж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргаж байсан боловч нэг ч хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлээгүй. Жишээлбэл, Тамгын газарт байгаа Л.Э-ын хувийн хэрэгт үзлэг хийгээд өгөөч, захирамж гаргасан Т гэдэг Засаг даргыг байцаагаад өгөөч, сая шинжлэн судалсан баримтад авагдсан илүү цагаар ажилласан баримтад цуг ажилласан гэх Ш, Ж, Ц багийн Засаг дарга О, ажил хүлээж авсан Д, Ц багийн засаг дарга Цэ нарыг байцаагаад өгөөч гэхэд хүсэлт хүлээж авдаггүй.

     Эдгээр нотлох баримтуудын талаар прокурор огт ярихгүй байгаа мөртөө, энэ хэрэгт бараг хууль бусаар цуглуулсан гэж болохуйц эхнэр Д.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг болон Л.Э нарын мэдүүлгийг үнэлээд яллаад байдаг. Л.Э шүүх хуралдаанд тухайн мэдүүлгийн талаар хэлэхдээ, намайг ингэж мэдүүлэг өгөхгүй бол хөрөө, рамын чинь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж дарамталсан талаар хэлсэн. Прокурор ганцхан Б.Б-ын мэдүүлгийг яагаад үнэлсэнгүй вэ гэдэг талаар яриад байна. Б.Б-ын мэдүүлгийг Т-ийн өгч байсан өргөдлүүд, ажилд томилж байсан захирамж, багийн Засаг даргын ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт зэрэг бидний гаргаж өгч шинжлэн судлуулсан эдгээр нотлох баримтуудаар яллаж байгаа үндэслэл, гэрчийн мэдүүлгийг нь үгүйсгэж байгаа.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт анхаарах нэг гол зүйл нь хувийн ашиг сонирхлыг тодорхойлох байдаг. Тухайн хэрэгт Б.Г-ийн ашиг сонирхол нь юу байсан гэдэг дээр прокурор өөрийнхөө 7 автомашин модыг татуулсан гэж үзсэн. Гэвч энэ 7 автомашин мод нь өөрийнх нь мод биш, тамгын газрын мод байсан учир тухайн зардлыг Б.Г өөрөөсөө гаргахгүй нь ойлгомжтой.

      Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгасан. Шүүх хуралдаанд шүүгч тайлбартаа: хэргийг нарийн шалгаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэх, өрсөлдөх хэм хэмжээг нь шалгаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл гэж үндэслэж нарийвчлан тогтоож чадаагүй. Хөнгөрүүлээд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэмт хэрэгт шалгасан ч эдгээр нотлох баримт нь хангалттай биш байгаа учраас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж байна гэдгийг тайлбарласан.

    Анх гомдлыг одоо тухайн сумын Засаг дарга хийж байгаа О гэх хүн гаргасан бөгөөд Б.Г-ийг ямар нэгэн байдлаар зайлуулна гээд ажлаас нь ч халсан. Үүнд улс төрийн ямар нэгэн нөлөө, үйлчлэл харагдаж байдаг.

    Прокурорын эсэргүүцлийг уншаад үзэхэд цагаатгах тогтоолын зөвхөн нэг л хэсгийг нь эсэргүүцсэн. Бусад хэсгийг нь эсэргүүцээгүй. Жишээлбэл, Л.Э-ыг 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд авсан, 9 дүгээр сарын 20-ны үед модыг зүсүүлсэн талаар миний гаргасан хүсэлтийг хүлээж авсан талаар шүүхээс цагаатгах тогтоолын 18 дугаар талд дүгнэсэн байхад, үүнд прокурор яагаад саналаа хэлээгүй юм. Эдгээр баримтуудыг үндэслээд прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.

      ...Прокурорын эсэргүүцлийг би бас бүхэлд нь уншиж үзээд нэг зүйлийг гайхаад байсан юм. Прокурор шүүхээс яг ямар шийдвэр гаргахыг хүсээд байгаа нь огт байгаагүй. Сая хэлэхдээ цагаатгах тогтоолыг хүчингүй болгоод, гэм буруугийн шатанд буцааж өгөөч, 10 автомашин модных нь хэрэгтээ нь нэгтгээд шалгая гэж байна. 10 автомашин модны хэрэг шалгагдаж байгаа, 10 автомашин модны хэрэгтэй нь нэгтгээд шалгая гэж өмнө нь би шүүхэд өчнөөн удаа ярьсан ч прокурор ямар байдлаар эсэргүүцэж байсан талаарх баримт нь хавтаст хэрэгт байгаа.

     Шүүх тоглоомын байгууллага биш, зүгээр нэг таамаглалд үндэслээд шийдвэр гаргахгүй. Мөн энэ тогтоох үүрэг хэнд байгаа юм, хуулиар харьяалуулсан мөрдөгч прокурорын үүрэг байгаа. Өөрсдөө хийж чадаагүй, анхан шатанд хамгаалж чадаагүй зүйлээ одоо хийлгэе гэж байгаа юм байна. 10 автомашин модны хэрэг шалгагдаж байгаа, тэр хэрэгтэй нь хамтад шалгуулаад нэгтгээд шүүхээр шийдвэрлүүлье гэдэг саналыг би гаргаж  байсан.

      Б.Г гэдэг чинь Монгол Улсын иргэн хүн, Үндсэн хуульд заасан эрх нь бий. Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Прокурор дураараа нэг хүнийг авчраад шүүхээр оруулж байснаа гэнэт болиод өөрчлөөд ирье гэж хэлж болох юм уу.  Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудыг яах вэ? Прокурор, мөрдөгчийн үүрэг бол туйлын тодорхой, хангалттай нотлох баримтаар бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаад хөтөлбөргүйгээр тогтоогоод орж ирэх ёстой. Үнэхээр ийм байсан бол 10 автомашин мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгтэйгээ нэгтгэе гэдгийгээ аль эрт хэлээд буцааж аваад шалгахгүй яасан юм.

      Өнөөдөр яллаж байгаа бүх зүйлүүд нь таамаг. Мод хэнийх нь таамаг, Б.Г-ийн эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс нь таамаг, ашиг сонирхлын зөрчил үүсэж байна гэдэг нь таамаг, Б.Г-ийн тушаалаар ажилд орсон л бол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

    Мөн хэрэгт туйлын тодорхой байгаа зүйлийг шүүх бүрэлдэхүүнд буруу ойлгуулахаар тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт байгаа 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хяналтын прокурор Ц.Нэргүйд эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж аймгийн прокурор хүртэл үргэлжлүүлээд явуулж байсан. Тухайн үедээ хийгээгүй байж одоо та нар сүүлд гаргаж ирсэн гэж болохгүй.

      Бүх зүйлс Үндсэн хуульд заасан зарчим болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд тулгуурлах ёстой. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй бөгөөд хатуухан хэлэхэд хууль бус шаардлага тавьсан эсэргүүцэл байгаа учир хүлээж авах боломжгүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Г-т холбогдох, эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.         

     2. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй гэж давж заалдах шүүхээс дүгнэв.

     2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, эргэлзээгүй байдлаар тогтоох үүрэгтэй.

      Гэтэл шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор энэ үүргээ биелүүлээгүй, нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт цуглараагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

      Прокуророос, шүүгдэгч Б.Г-ийг Увс аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 автомашин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд Л.Э-ыг тус сумын Б болон Ц багийн төвийн сахиулаар ажилд авах тушаал гаргаж, түүнийг ажиллаагүй байхад ажилласнаар цагийн бүртгэл, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл хөлс олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

     Гэтэл Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн гэх 7 автомашин мод нь хэний эзэмшил, өмчлөлийнх болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байна. Тухайлбал, Х сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудын ойгоос бэлтгэж, хөрөө рамд зүсүүлсэн гэх 7 автомашин модыг шүүгдэгч Б.Г хувийн хэрэгцээндээ, эсхүл өөрийн хариуцан ажиллаж байсан Засаг даргын тамгын газарт албаны зориулалтаар ашиглахаар бэлтгүүлсэн эсэх, түүнчлэн уг зүсүүлсэн гэх 7 автомашин  модыг  Х сумын Засаг даргын Тамгын газрын хэрэгцээнд зарцуулсан бол хэдий хэмжээний модыг хэрхэн, ямар ямар зориулалтаар зарцуулсан зэргийг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, улмаар гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхойлоход нөлөөлөхөөр байна.

      Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ, 2023 оны 09 дүгээр сарын сүүлчээр иргэний хариуцагч Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн 7 автомашин мод нь хэний мод болохыг эргэлзээгүй тогтоох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй.

      2.2.Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан бичмэл баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан эсэх нь эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхой бус байхад хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчсөн үйлдэл юм.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана” гэж заасан бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

      Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн, Х сумын Засаг даргын тамгын газрын архиваас гаргуулан авсан гэх Л.Э-ын ажилд орох тухай хүсэлт, Б багийн сахиулаар ажилласан Л.Э-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын тайлан”, хавсаргасан гэрэл зургууд, Л.Э болон Увс аймгийн Х сумын Засан даргын Тамгын газрын дарга нарын байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, Л.Э-д нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Орлогын баримт /шовгор 2 ширхэг, 5,757,000 төгрөгийн үнэтэй гэх/ гэх баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.                  

     Мөн түүнчлэн, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ дүгнээгүй, яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй  байна.

     Дээрх үндэслэлүүдээр шүүхийн цагаатгах тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.     

     3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос, шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай, нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байгаа талаар тайлбарлаж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгөхийг хүсэж санал, дүгнэлт гаргасан.  

     Түүнчлэн, Х сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудын ойгоос бэлтгэсэн гэх 10 автомашин модноос хэдэн автомашин модыг худалдан борлуулсан, мөн хэдэн автомашин модыг зүсүүлсэн, Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн гэх  модыг шүүгдэгч Б.Г хувийн хэрэгцээндээ, эсхүл өөрийн хариуцан ажиллаж байсан Засаг даргын тамгын газарт албаны зориулалтаар ашиглахаар бэлтгүүлсэн эсэх, зүсүүлсэн модноос хэдэн автомашин модыг тус сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байх 2 ширхэг байр /шовгор/-ыг барихад зарцуулсан, түүнчлэн уг зүсүүлсэн гэх 7 автомашин  модыг  Х сумын Засаг даргын Тамгын газрын хэрэгцээнд зарцуулсан бол хэдий хэмжээний модыг хэрхэн, ямар ямар зориулалтаар зарцуулсан, хэдийг нь шүүгдэгч Б.Г хувийн хэрэгцээндээ ашигласан зэргийг тогтоох ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан журмаар анхан шатны шүүх тогтоох боломжгүй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж гэм буруугийн шүүх хуралдаанаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гурван үндэслэлийг тодорхойлсон.

     Хэрэгт хийгдвэл зохих дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  гэм буруугийн шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.       

   4. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

      5. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

    2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                                              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                 ШҮҮГЧИД                                Б.МӨНХЗАЯА

                                                                                        Н.МӨНХЖАРГАЛ