Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00571

 

Э.Амарчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01384 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалтай,

         Э.Амарчимэгийн нэхэмжлэлтэй,

         “Монгол-Солонгос политехникийн коллеж”-д холбогдох           

   Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Амарчимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие тус байгууллагад 2008 онд хичээлийн туслах ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2 жилийн хугацаанд 7 захирлын нүүр үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн захирал Г.Оюунбилэг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр томилогдож ирсэн бөгөөд ирснийхээ дараахан 10 хоногийн дараагаас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж ажилчдыг ажлаас нь халж сольж эхэлсэн. Манай байгууллага 29 ажилтантай байсан бөгөөд бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж хичээлийн туслах 4 ажилтныг халсан гэсэн боловч шинээр орон тоо батлахдаа 27 ажилтны орон тоо батлагдсан. Мөн ажил олгогч энэхүү тушаалаа 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/155 тоот тушаалаа танилцуулаад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгөөд шууд ажлаа хүлээлгэж өг гэж тулган шаардсан учраас дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байсан бөгөөд тус шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш намайг хэл ам хийж шүүхээр явдаг гээд захиргаанаас маш их дарамт үзүүлж ажлын байрны тодорхойлолтод заагаагүй будаг, шавар, шохойны ажил хийлгэх болсон бөгөөд тухайн ажлыг хийхгүй гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сануулах арга хэмжээ авсан. Энэ байдлыг нь тэвчиж би ямар нэгэн хэл ам хийгээгүй. Ингээд 2016 оны 9 сарын 14-ний өдөр Б/162 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс нийгмийн даатгалын шимтгэл тасран, миний хөдөлмөрлөх эрхийг удаа зөрчиж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Амарчимэг нь тус байгууллагад захиргааны туслах ажилтнаар 2016 оны 3 сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолт, дотоод журам зэрэгтэй танилцсан. Э.Амарчимэг нь ажиллаж эхэлснээс хойш буюу 2016 оны 4 сарын 04-ний өдөр тус сургуулийн захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан бөгөөд уг зөрчил арилаагүй байхад дахин зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн.” гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01384 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Амарчимэгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай хариуцагч Монгол-Солонгос политехникийн коллежид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Амарчимэгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Амарчимэгийг “Монгол-Солонгос политехникийн коллеж”-ийн захиргааны туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 2.202.080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монгол-Солонгос политехникийн коллеж”-оос улсын тэмдэгтийн хураамжид 50.183 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01384 дүгээр шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж буй нь хэт нэг талыг барьсан байх бөгөөд нэхэмжлэгч Э.Амарчимэг нь 2016 оны 03 сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн журам зэрэгтэй танилцсан байдаг. Э.Амарчимэг нь ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан байх бөгөөд уг зөрчил нь арилаагүй байхад дахин зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт зааснаар тушаал гаргаж, ажлаас нь чөлөөлсөн Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн …15.4 дэх хэсэгт тайлбарласнаар “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй." Гэсний дагуу ажил олгогчоос Э.Амарчимэгийн гаргасан зөрчил нь тогтоогдсон байх тул сахилгын шийтгэл оногдуулж, захирлын тушаалаар 2016 оны 04 сарын 04-ний өдөр сануулга авсан байж, дахин сахилгын зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс. хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” Гэсний дагуу 2016 оны 4 сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хэрэгт авагдсан, мөн хуулийн 131.3-т "Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсний дагуу мөн хуулийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно" гэсний дагуу сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчилд гаргасан байх тул 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаал гаргасан байсныг давж заалдах шатны шүүхээс үнэлэлгүй мөн дээрх хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр Хан-Уул дүүргийн ...шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, ...шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Э.Амарчимэг нь хариуцагч "Монгол-Солонгосын Политехникийн коллеж”-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан бөгөөд уг зөрчил арилаагүй байхад дахин зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн захирлын тушаал хуулийн үндэслэлтэй гэж маргажээ.

         "Монгол-Солонгосын Политехникийн коллеж”-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Амарчимэгийг “...Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг биелүүлэхээс удаа дараа татгалзан, сахилгын зөрчил давтан гаргасан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.11/а/, хөдөлмөрийн дотоод журмын 6.2, Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас халжээ.

         Хэрэгт “Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт” хоёр тусдаа авагдсан байх бөгөөд хариуцагч байгууллага нь хэргийн 44 дүгээр талд авагдсан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтыг нэхэмжлэгчид танилцуулсан гэх боловч хэргийн 62-67 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлын байрны тодорхойлолттой нэхэмжлэгч Э.Амарчимэг танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх хоёр тодорхойлолт хоорондоо зөрүүтэй тул уг нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

         Нэхэмжлэгч Э.Амарчимэг нь шүүх хуралдааны явцад “Шинээр гаргасан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолтыг надад танилцуулаагүй” гэж тайлбар гаргаснаас үзэхэд түүнийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолттой танилцсан гэж үзэх боломжгүй тул ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

         Иймээс ажилтан Э.Амарчимэгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг “ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шаардсан” гэх шалтгаанаар гүйцэтгэхээс татгалзсан үйлдлийг сахилгын зөрчилд тооцсон нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Хариуцагч "Монгол-Солонгосын Политехникийн коллеж”-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 50.183 /тавин мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН