Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 851

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Дүүрэн трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нарын 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК-ийн захирал Д.Рэнчинханд, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүвээ, хариуцагч П.Саран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК-ийн захирал Д.Рэнчинханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Манай байгууллагад 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичгийн дагуу удирдлагын шийдвэр, удирдамжаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийсэн юм. 

Тус актанд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасан заалтыг үндэслэн 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 2,196.0 төгрөгийн торгууль, 2,508.0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 12,024.0 төгрөгийн төлбөрийн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон байсан юм. 

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь Татварын улсын байцаагчийн 350017419 тоот акттай холбоотой маргааныг тус зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн 101 тоот тогтоолыг эс зөвшөөрч байна. 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3  дахь заалтыг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 350017419 тоот актаар 73,200.0 төгрөгийн зөрчилд 7,320.0 төгрөгийн нөхөн татвар, 2,196.0 төгрөгийн торгууль, 2,508.0 төгрөгийн алданги, нийт 4,704.0 төлбөрийг хасч 73,200.0 төгрөгийн зөрчилд 7,320.0 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосон байгаа. 

Иймд “Шагайвар” ХХК болон манай компаний хооронд хийгдсэн ажил хуурамч биш, тодорхой ажил, үйлчилгээ явуулсан тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нарын шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 2577801 тоот регистрийн дугаартай ”Дүүрэн трэйд” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Хяналт шалгалтын тасгийн даргын 35150100027 тоот томилолт, Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-11077 тоот албан бичгийн дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нар нь хэсэгчилсэн шалгалт хийж, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 350017419 тоот актаар 12,024,000.0 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон.

Хяналт шалгалт хийх явцдаа:  нэгд, Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-11077 тоот албан бичиг, Татварын ерөнхий газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэдээлэл болон “Дүүрэн трэйд” ХХК-иас ирүүлсэн “Шагайвар” ХХК-иас худалдан авалт хийсэн гэсэн тодорхойлолт;

хоёрт, Татвар төлөгчийн ярилцлагыг;

гуравт, 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 12 сарын тайлан, худалдан авалтын дэвтэр, “Шагайвар” ХХК-ний 11835313 тоот 73,200,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг;

дөрөвт, Татварын программын хөндлөнгийн мэдээллийн санд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Шагайвар” ХХК-иас 11835313 тоот падаанаар 73,200,000.0 төгрөгийн худалдан авалт хийсэн мэдээллийг тус тус үндэслэн дээрх маргаан бүхий актыг тогтоосон.

Иймд “Дүүрэн трейд” ХХК нь 2787503 тоот регистрийн дугаартай “Шагайвар” ХХК-иас дээр дурдсан падаанаар 73,200,000.0 төгрөгийн хий бичилттэй хуурамч нэмэгдсэн өртгийн татварын падааныг тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого бууруулсан зөрчилд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-14.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, мөн зүйлийн 74.1.6, 74.3-т тус тус заасны дагуу 12,024,000.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон болно.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийн захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан тул 2012 онд 73,200,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан ашиглан хий бичилт хийсэн зөрчилд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхгүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна;”,  74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;”, 74.1.6-д “баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах”, 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг тус тус үндэслэн 7,320,000.0 төгрөгийн нөхөн татвар, 2,196,000.0 төгрөгийн торгууль, 2,508,000.0 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд “Дүүрэн трейд” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК-ийн захирал Д.Рэнчинханд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нарын 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгох” гэж тодруулсан тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нарын 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК нь:

 “Шагайвар” ХХК болон нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК-ийн хооронд хийгдсэн ажил хуурамч биш, тодорхой ажил үйлчилгээ явуулсан байтал татварын улсын байцаагч нараас 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320.0 төгрөгийн нөхөн татвар тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж; 

-хариуцагч татварын улсын байцаагч нараас “...падаан хий бичилттэй нь тогтоогдсон, акт нь ...хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нараас Татварын хяналт, шалгалтын ерөнхий удирдамж , Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх 35150100027 тоот томилолт , Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-11077 тоот албан бичгийн  дагуу нэхэмжлэгч 2577801 тоот регистрийн дугаартай “Дүүрэн трейд” ХХК-ийн  2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 10/5-11077 дугаар албан бичигт “...2787563 регистрийн дугаартай “Шагайвар” ХХК-ийн захирал Р.Түвшинбаяр нь тус компаний нэмэгдсэн өртгийн 183 ширхэг борлуулалтын падаан дээр 17.205.917.800 төгрөгөөр хий бичилт хийж бусдад татвараас зайлсхийх боломж олгосон бөгөөд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 201301000498 тоот хэрэг үүсгэн шалгаж байна. ...175 сая төгрөгөөс доош худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд харьяа ..., дүүргийн татварын хэлтсүүдээр акт гаргуулж түүгээрээ шийдвэрлүүлэх ажлыг даруй зохион байгуулахыг” Татварын ерөнхий газарт үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК нь 2787563 регистрийн дугаартай “Шагайвар” ХХК-иас 0011835313 дугаартай 73,200,000.0 төгрөгийн дүнтэй падааныг  2012 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын албан татварын тайланд тусгаж  худалдан авалтын хасалтыг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нарын 350017419 тоот актаар нэхэмжлэгч компанид “...“Дүүрэн трейд” ХХК нь 2787563 тоот регистрийн дугаартай “Шагайвар” ХХК-иас ...11835313 тоот падаанаар 73,200,000.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан 2012 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөнүйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд төлсөн;”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн тул ...Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.6, 74.3 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн 2013 онд 73,200,000.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого  бууруулсан зөрчилд 7,320,000.0 төгрөгийн нөхөн татвар, 2,196,000.0 төгрөгийн торгууль, 2,508,000.0 төгрөгийн алданги, нийт 12,024,000.0 төгрөгийн төлбөр ногдуулжээ. 

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хянан хэлэлцэх явцад “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 350017419 тоот актыг хэвээр батлах нь зүйтэй байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3-т заасны дагуу 2.196,0 мянган төгрөгийн торгууль, 2,508.0 мянган төгрөгийн алдангийг чөлөөлж, 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 7,320.0 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон  байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна. 

Нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

Нэг. “Шагайвар” ХХК-ийн 0011835313 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 73,200,000.0 төгрөгийн бараа, материалын худалдан авалтыг хийсэн гэж 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан хаагчийн падаан ашиглан төсөвт төлөх албан татварын орлого бууруулсан болох нь:

нэгд, цахим тайлангийн системд шивсэн татварын тайлан; 

хоёрт, цахим тайлангийн системд шивж бүртгэсэн тухайн саруудын худалдан авалтын падааны жагсаалт ;

гуравт, “Дүүрэн трейд” ХХК-ийн “Дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо  болон татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо;  

дөрөвт,  “Шагайвар” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24/0000219 тоот дүгнэлт; 

тавд, “Шагайвар” ХХК-ийн захирал Ц.Чинбат  болон Э.Эрхэмхүүгийн  эрүүгийн хэрэгт сэжигтнээр байцаахад “нэр бүхий компаниудад борлуулалт хийгээгүй, хий бичилттэй падаан гаргаж байсан” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, тэмдэглэл зэргээр тус тогтоогдож байна. 

Хоёр. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой бөгөөд нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК нь 2012 оны12 дугаар сарын татварын тайланд тусгасан “Шагайвар” ХХК-иас 0011835313 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа худалдан авсан гэж тайлагнасан боловч бодит байдалд:

-авсан гэх бараа материалыг хэзээ, хэрхэн худалдан авсан эсэх; 

-худалдан авалтаар авсан бараа бүтээгдэхүүний үнийг хэдийд хэрхэн яаж төлсөн эсэх;

-“Шагайвар” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрхэн төлсөн, бараа материалын журналд материалыг орлогодсон, бүртгэгдсэн байх ёстой нягтлан бодох бүртгэлийн ямар ч журнал, тооцоо бүртгэлийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлээгүй , мөн тус шүүх нь 2016 оны 1/11852 тоот албан бичгээр нэхэмжлэгчээс падааны бичилтийн үнэн зөвийг тогтоох, “Шагайвар” ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ямар ямар нэр төрлийн, хичнээн ширхэг бараа, материалыг нэг бүрийг нь ямар үнээр худалдан авсан болох нь бичигдээгүй тул бодит худалдан авалт хийсэн гэдгийг нотлох дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээ гэх мэт баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй байна. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заасны дагуу уг хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм. 

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нарын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 350017419 тоот актаар "Дүүрэн трейд" ХХК-нд шалгалтаар илэрсэн 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Дүүрэн трейд” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нарын 350017419 тоот актаар 73,200.0 мянган төгрөгийн зөрчилд 7,320,0 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙСАЙХАН