Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2018/0461

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 23 өдөр   

  Дугаар 221/МА2018/0461

Улаанбаатар хот

 

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0389 дүгээр шийдвэртэй, Ц.А-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0389 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай   хуулийн /2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/ 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Г-ийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч М.Г нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “О.Гантуяагийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах” гэж тодруулсан ба О.Гантуяаг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хүсэлт гаргасан юм. Гэтэл хүсэлтийг хүлээн авалгүй нэхэмжлэгчийн эрхийг хангаагүйгээр шүүх анхнаасаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох итгэл үнэмшлийг өөртөө төрүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн талаар сонсох ажиллагаа явуулсан боловч ажлаас чөлөөлөх болсон тухай сонсох ажиллагаа явуулаагүй...” гэсэн нь нэхэмжлэгч талын тайлбарлаагүй зүйлийг гуйвуулж ярьсан мэтээр тусгасан байна. Энэ нь тус хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүйг харуулж байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/59 дүгээр тушаалын хавсралтаар Орхон аймгийн Төрийн аудитын газрын орон тоог батлахдаа Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Ерөнхий аудиторын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/48 дугаар тушаалын хавсралтын 2.1б-д заасныг тус тус зөрчсөн байхад шүүх энэ асуудал дээр дүгнэлт хийгээгүй. Аудитын хэлтсийн шинжээч, аудитор гэж ялгавартайгаар тодорхойлж зохицуулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шинжээчээр ажиллаж байсан албан хаагч аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч 2 нь адил байсан эсэх талаарх баримтыг цуглуулах, шинжээчийн ажлын чиг үүрэг шинэ батлагдсан бүтцээр ямар ажлын байранд шилжсэн эсэхийг харьцуулан шалгаруулах боломжтойг тогтоох зэрэг эдгээр нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх ёстой байтал дээрх ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, үндэслэл муутай шийдвэр гаргасан байна.

Шүүх шийдвэртээ “...Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 18 дугаар зүйл ... дээрх хуулийн заалтуудаас үзвэл ...Ц.А-ийн хувьд төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй” гэж дүгнэж байгаагаараа төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албан тушаалд томилогдоогүй гэж дүгнэсэн атлаа “...туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй...”, “...Ц.А-ийг ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй...” гэж тайлбарласан нь хоорондоо авцалдаагүй, үндэслэлгүй байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн аудиторын байгууллагад шинээр орох ажилтанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 2-т “...мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэнийг 6 сараас 1 жилийн хугацаагаар түр томилж ажиллуулна”, 4-д “Туршилтын хугацааг Ерөнхий аудиторын тушаалаар сунгаж болох бөгөөд туршилтын нийт хугацаа 1 жилээс хэтэрч болохгүй. Үр дүнгийн гэрээг амжилттай дүгнүүлсэн бол нэгжийн даргын саналыг үндэслэн Ерөнхий аудиторын тушаалаар зохих албан тушаалд томилж, Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргүүлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийг 1 жил 6 сар ажиллуулж дээрх журмыг зөрчсөн байна. Хэрэв нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т зааснаар ажлаас чөлөөлөгдөх бол мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтанд төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших боломжийг хангах ёстой.

Тухайн үеийн Орхон аймгийн Аудитын газрын дарга нь нэхэмжлэгч Ц.А-ийг шинжээчийн ажлын байранд томилохдоо “...бичгээр хариулт авч, ур чадварыг шалгаж нөөцөд бүртгүүлсэн юм. Ингээд сул орон тоо гарснаар түүнийг нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулж авч байсан” гэсэн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийг төрийн албан хаагч гэж үзэхгүй байх нь үндэслэлгүй юм. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0389 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.А-ийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 314 дүгээр тушаалаар Орхон аймгийн Аудитын газрын орон тоог 12 байхар баталж, уг орон тоонд газрын дарга-1, аудитын менежер-1, ахлах шинжээч-1, ахлах аудитор-2, аудитор-1, шинжээч-5, жолооч-1 ажиллаж байсан бол мөн даргын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар аймаг, нийслэлийн Аудитын газруудыг аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалын хавсралтаар Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоог 12, үүнд газрын дарга-1, аудитын менежер-1, ахлах аудитор-3, аудитор, бусад ажилтан-7 байхаар тус тус баталжээ.

Нэхэмжлэгч Ц.А нь шинжээчийн албан тушаалд түр томилогдон /хариуцагчийн тайлбар болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баталсан Үндэсний аудитын газрын харьяа аудитын газрын аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд хариуцагчийн 2017 оны А/59 дүгээр тушаалаар шинжээч гэх албан тушаалыг хасч, аудитор гэх албан тушаалыг үлдээж ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Ц.А-ийн ажиллаж байсан шинжээчийн албан тушаал хасагдсан бөгөөд түүнийг чиг үүрэг нь хадгалагдаж үлдсэн Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд томилуулан ажиллуулах боломжтой ч тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг /Төрийн албанд болон мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх/ хангахгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилох, томилохыг даалгах үндэсгүй юм.

Түүнчлэн томилогдох боломжтой гэх албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлагыг нэгэнт нэхэмжлэгч хангахгүй байхад хариуцагчийг Ц.А-т төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших боломж олгосонгүй гэж буруутгахааргүй байна.

Хариуцагч 2017 оны А/59 дүгээр тушаалаар аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулсан бөгөөд уг тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно/-д заасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжийг агуулаагүй  дотогшоо чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй ба уг тушаалтай нэхэмжлэгч маргаагүй байх тул Ц.А-ийн “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дүгээр тушаалд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ асуудал дээр дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Ц.А “О.Гантуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулах” тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2018/3029 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүйгээр тухайн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо “...О.Гантуяаг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА