Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2026/00181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжшүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: ........... овогт Д-ийн О

      Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.О, түүний өмгөөөлөгч И.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М, Н.Х /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.  

        Хүсэлтийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Хүсэлт гаргагч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Миний бие Д.М-тэй гэр бүл болж, 23 жил амьдрахдаа 4 хүү төрүүлж өгсөн. Тэгээд М нь 2023 оны хавар охин хүүхэд үрчилж авахаар ярьж манай ахын охин Х охин хүүхэд төрүүлэх гэж байсан учраас М нь төрөл садан юм чинь Х-ын охиныг өргөж авъя гэхээр нь зөвшөөрч, манай ахын охин Н-н Х-аас 2023 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин О-ийг үрчилж авсан. 2023 оны 03 сарын 27 өдөр төрсний гэрчилгээг нь авсан. Миний бие нь 2023 оны 03 сараас хүүхэд асрах чөлөөг ажлаасаа авч, охин О-ийг харж, хандаж өсгөж өнөөдрийг хүрсэн. Д.М-ийн удаа дараагийн хүчирхийллийн улмаас, 2025 оны 04 сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү М.О, М.О, охин О нарыг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Д.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ирсэн бөгөөд гэртээ байх нөхцөлгүй байдаг учраас бага насны хүүхдүүдээ асарч хамгаалах боломжгүй байсан. Учир нь Д.М нь цалингийн зээлээ төлдөггүй бөгөөд миний бие нь ажил хийж М-ийн цалингийн зээл болон хүүхдүүдээ тэжээн тэтгэх болсон. Гэр бүл цуцалснаас хойш Д.М нь мөн миний биед халдаж, шүүх хурлаар орж, зөрчлийн хуулиар 7 хоног баривчлах шийтгэл авсан. Мөн хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд 2025 оны 04 сараас хойш бага охин Отгонгэрэлийг харж, хандахгүй байна гэж дуудлагыг олон удаа өгсөн бөгөөд хүүхдийг Д.М нь өөрийнхөө асрамжид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өөртөө байлгадаг, өөрөө гэртээ байдаг байсан. Би ажил дээрээ ажиллаж, ажлаасаа өгсөн байранд байдаг байсан. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд дуудлага өгдөг байдлаас болж, миний бие Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж байсан юм. Иймд охин М.О-ийг Д.М, Д.О нар үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

          2. Хүсэлт гаргагч Д.О-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Миний үйлчлүүлэгч Д-ийн О нь гуравдагч этгээд Д.М-тэй 23 жил гэр бүлийн харилцаатай хамт амьдарсан. 3 хүүхдийн эцэг, эх болсон. Улмаар 2023 оны 03 дугаар сард 3 хүүтэй юм чинь хүүхэд үрчилж авъя гэдэг асуудал яригдаад О-ийн ах болох Н гэх хүний охин Х нь 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин хүүхэд төрүүлсэн байсан. Н.Х-ын хүсэлтээр ........... аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлээд Х-ын О гэдэг хүүхдийг үрчилж авсан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь хүүхэд үрчилж авсан цагаас эхлээд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ......... аймаг дахь сум дундын шүүхээр гэрлэлт цуцлуулсан. Гэрлэлт цуцалж шийдвэрлэхдээ 3 хүүхдийг буюу нэхэмжлэгчийн 2 бага хүү, охин О нарыг нэхэмжлэгч Д.О-ийн асран хамгаалалтад үлдээхээр шийдвэрлэж, гуравдагч этгээд Д.М-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тогтоож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч О нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч О гэдэг хүүхдэд хүүхдийн тэтгэлэг авахаасаа татгалзсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зөвхөн өөрийн төрсөн хоёр хүүдээ тэтгэлэг авч байгаа. Ямар үндэслэлээр О тэтгэлэг авахаас татгалзсан бэ гэхээр 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлийн харилцаа дуусгавар болоод тусдаа амьдарч эхэлснээс хойш гуравдагч этгээд М нь .......... аймагт байрлах өөрийнхөө гэрт хоёр хүү болон О-ийн хамт амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа нэхэмжлэгчтэй холбоотой гомдол мэдээллийг Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд удаа дараа гаргадаг. О-ийн хувьд .......... сумын 2 дугаар багт төмөр замд ажиллаж, байгууллагын байранд амьдарч байхад нь бага насны хүүхэд болох О-ийг үл хайхраад байна гэдэг байдлаар 108 дугаарын утсанд удаа дараа гомдол гаргаад байдаг. Яагаад ингээд гомдол гаргаад байдаг юм бэ гэхээр хүүхдийн асрамжийн асуудлыг О-т шийдвэрлэсэн байтал М хүүхдийг өгдөггүй. Өөрөө асран хамгаалдаг. Өөрөө асран хамгаалж байгаа мөртлөө О-ийг хүүхэд үл хайхраад хүчирхийлэл үйлдээд байна гээд дуудлага өгөөд байдаг. Удаа дараагийн дуудлага өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн гэр бүлийн харилцаа дуусгавар болсноос хойш гуравдагч этгээд М нэхэмжлэгчийн биед удаа дараа халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр удаа шүүхийн шийдвэрээр 2025 оны 07 дугаар сард, 2025 оны 11 дүгээр сард тус бүр нэг удаа Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулж баривчилгаанд явсан. Энэ нөхцөл байдлуудаас шалтгаалаад мөн нэхэмжлэгчийн зүгээс гэр бүлийн харилцаа дуусгавар болж байна гээд Н.Х-д хандан эгч нь 2 жил хүүхдийг чинь асрамжлаад өдий болгоод өглөө одоо эргүүлээд охиноо аваачээ гэдэг байдлаар хүсэлтээ илэрхийлсэн байсан. Н.Х-ын зүгээс одоохондоо хүүхдийг авах боломжгүй байна. М харж хандах байх гэдэг зүйлийг хэлсэн. Ийм нөхцөл байдалтай яваад байсан чинь О-ийн эрх ашиг зөрчигдөж эхэлсэн. Ажилдаа явах нөхцөлгүй болж эхэлсэн. Байсхийгээд л 108 дугаарын утсанд тань дээр гомдол мэдээлэл ирсэн байна гэдэг байдлаар холбогдож эхэлсэн. Хүүхэд хамгааллын байгууллага энэ хүнийг дуудаад ажиллагаа хийхээр хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдал харагддаггүй. Тэгэхээр гомдол нь хаагдчихдаг. Хүүхдийн асрамжийг О-т өгөхгүй М өөр дээрээ байлгаад байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хүүхдийн асрамжийг буюу Отгонгэрэлийг өөрийнхөө асрамжид шилжүүлэхээр албадан гүйцэтгэх хүсэлт гаргаад тус шүүхээр гүйцэтгэх хуудас бичүүлсэн. О-ийн хувьд ажлын шаардлагаар ................... багт амьдарч байгаа учраас бага насны охин О-ийг О-ийн асран хамгаалалтад үлдээгээд сургууль, цэцэрлэгт нь зөөх ажлыг М туслаад явж байгаа гэж ойлгож байгаа. Энэ нөхцөл байдлаас буюу гэр бүлийн харилцаа дуусгавар болсон, хүүхдийн эрх зөрчөөд байна гээд гомдол гаргаад байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх бусад үндэслэлээр хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж болно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж, 2023 оны 04 дүгээр сард .............. сумын Засаг даргын гаргасан захирамжийн дагуу Х-ын О-ийг төрсөн эх Н-н Х-д буцаан өгөхөөр үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

       3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Хоёр удаа баривчилгаанд явсан гээд байх юм би 2025 оны 06 дугаар сард баривчилгаанд ороогүй. Хүүхэд гэдэг дуртай үедээ өргөж аваад дуртай үедээ буцааж өгдөг тоглоом биш. Хүчингүй болго. Би өөрийнхөө нэр дээр болгож авна. Энэ хүн угаасаа хайхрахгүй байгаа юм чинь би өөр дээрээ байлгаж байя. Дүүгийнд нь байлгаад цэцэрлэг сургуульд нь зөөгөөд явж байя гэв.

       4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүүхдээ өөрийн нэр дээр буцаан авахад татгалзах зүйл байхгүй... нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна... тогтмол орлоготой... сарын 2,500,000 төгрөгийн цалинтай, 4, 8 настай хүүхэдтэй гэв.

          5. Нэхэмжлэгчээс: Д.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ............ багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 854 дугаар албан бичиг, ............... сумын 5 дугаар цэцэрлэгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, М.О-ийг үрчилсний бүртгэлийн лавлагаа, ........ ӨЭМТ-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, .......... сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/89 дугаартай Х.О-ийг үрчлүүлэх тухай захирамжийн хуулбар, ............ сумын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/241 дугаартай албан бичиг, ......... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 306/ШШ2025/00.... дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, ............ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/... дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ЗШ/.... дугаартай шийтгэвэр, М.О-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг бүрдүүлэн өгсөн байна.

        6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас: Хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

         2. Хүсэлт гаргагч Д.О нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/89 дугаартай Засаг даргын захирамжийн дагуу Д.М, Д.О нарын үрчилж авсан М-ийн О-ийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

             3. ......... овогт Н-н Х нь авга эгч Д.О, түүний нөхөр Д.М нарт үрчлүүлсэн болох нь ........... сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/89 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, үрчилсний бүртгэлийн лавлагааны хуулбар, М.О-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

         4. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно... гэж заажээ.

           Иймд хүсэлт гаргагч Д.О нь охин М.О-ийн эх асран хамгаалагчаар татгалзсан байх тул тэрээр хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй этгээд байна.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт ...шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно... гэж заасан.

       Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд, хүүхдийн дээд эрх, ашгийг хүндэтгэн, хүсэлт гаргагч Д.О-ийн гаргасан хүсэлтийг хангаж, .............. сумын Засаг даргын захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/89 дугаартай Х.О-ийг үрчлүүлэх тухай үрчлэлтийг хүчингүйд тооцож, М.О-ийг төрүүлсэн эх Н.Х-ын асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

         5.1. Учир нь, хүсэлт гаргагч хүүхдийг үрчлэн авсан эх Д.О, үрчлэн авсан эцэг Д.М нар нь ........... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 306/ШШ2025/00...... дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтийн баталгаа цуцлуулсан ба М.О-ийг эх Д.О-ийн асрамжид шийдвэрлэсэн байна. Гэвч үрчлэн авсан эх Д.О нь охин М.О-ийг цаашид асран хамгаалахаас татгалзаж байгаа бөгөөд төрүүлсэн эх Н.Х нь өөрийн асрамжиндаа буцаан авах хүсэлтэй байгаа тул хүүхдийн хүүхдийн өсөж бойжих орчин, хүүхдэд цаашид хандах анхаарал халамж, хүүхдийн дээд эрхийг харгалзан төрүүлсэн эх Н.Х-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох төрүүлсэн эх Н.Х нь ...Хүүхдээ өөрийн нэр дээр буцаан авахад татгалзах зүйл байхгүй... нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна... тогтмол орлоготой... сарын 2,500,000 төгрөгийн цалинтай, 4, 8 настай хүүхэдтэй... гэснийг дурдах нь зүйтэй байна.

        5.2.Хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох үрчлэн авсан эцэг Д.М нь хүсэлт гаргагч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч М.О-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, асрамжиндаа авна гэж маргасан боловч энэ талаар тус шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/-... дугаартай шийтгэвэр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ЗШ/.... дугаартай шийтгэврээр эхнэр Д.О-ийг хэл, амаар доромжилсон, зодсон болох нь тогтоогдож байх тул хүүхдийн өсөж бойжих орчин, хүүхдэд цаашид хандах анхаарал халамж, хүүхдийн эрхийг харгалзан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

        6. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6.-д зааснаар ................. сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/89 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Х-ын О-ийг, ........... овогт Д-ийн М, ........ овогт Д-ийн О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7., Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д зааснаар 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин, ........ овогт М-ийн О-г төрсөн эх Н.Х-ын асрамжид шилжүүлсүгэй.

       3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9.-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн уг бүртгэлд өөрчлөлт оруулж, М.О-ийн төрсний гэрчилгээг сэргээхийг ........... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

      4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хүсэлт гаргагч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Н.АРИУНЖАРГАЛ