| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч: Ш.Насанжаргал;
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
иргэдийн төлөөлөгч: Л.Хандхүү;
шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бумбат овогт М.Б-т холбогдох 201625022808 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто слессарь мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Далх-Алгинчи” ХХК-д туслах ажилчнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3-1В тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Р368012111 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бумбат овогт М.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Шинэ дэлхий цамхагийн хойд талд байрлах МЖМ ХХК-ний захиалгаар баригдаж буй 18 давхар барилгын 17 давхарт ажиллаж байхдаа 18-19 цагийн орчим хамт ажиллаж байсан Н.Пүрэвсүрэнтэй “хөөсөнцөр хурдан өрсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг агааржуулалтын хоолой гаргах зориулалт бүхий нүх рүү түлхэн унагаж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “МЖМ” барилгын компанийн гадна фасадан дээр хөөс наахаар 4 хүнтэй хамт гарсан. Үдээс хойш Пүрэвсүрэн хөөс хурааж байсан. Хөөснөөс нь зөөлцөж байгаад гадаа гарсан. Тэгээд эргэж орж иртэл хөөсөө хурааж дууссан байсан. Тэгээд “хөөс нь зузаан байна, хөөсөө аятайхан хураахгүй яасан юм бэ, хэмжээгээрээ биш байна” гэж хэлсэн. Гэтэл Пүрэвсүрэн “юу гээд хуцаад байгаа пизда вэ” гэхээр нь би “хохьчино шүү” гэж хэлтэл “та яагаад байгаа юм” гээд намайг заамдаад авсан. Би гарыг нь шувтарч, өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Түүнээс биш айхтар маргалдсан зүйл байхгүй. Тэгээд доошоо буугаад эргээд иртэл талийгаач байхгүй байсан. Батчулуунаас асуухад “мэдэхгүй, харагдсангүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “түрүүлээд явчихсан юм байлгүй дээ” гээд хоорондоо ярьж байгаад 20- 30 минут болоод доошоо бууцгаасан. Хувцас солих өрөөнд талийгаач байхгүй байхаар нь Содбаатар, Нэмэхбаатар нартай хайхаар дээшээ гарсан. Тэгээд хайгаад олдохгүй байсан. Удалгүй захирал “олчихлоо” гээд хашгирсан. Бид нар доошоо буутал савхивчны хоолойгоор унаж 8 давхарт доошоо харсан байдалтай нас барсан байсан. Тэгээд манай захирал цагдаа, онцгой байдал дуудсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-13, 23-43/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Боролдой /1хх-ийн 79-81/, гэрч Л.Батбаяр /3хх-ийн 195/, Ч.Алтантогос /1хх-ийн 104/, Я.Содбаатар /1хх-ийн 143-144/, Д.Нансалмаа /2хх-ийн 189-190/, Ч.Балжинням /1хх-ийн 101-103/, М.Б /107-111/, М.Сарангэрэл /1хх-ийн 120/, Ч.Энэбиш /1хх-ийн 121-122/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6995, 560, 1398 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 165-166, 2хх-ийн 230-232, 233-234/,” МЖМ” ХХК “Ололт Оч Инвест” ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1хх-ийн 194-201/, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн акт /1хх-ийн 205-206/, М.Бын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 49-50/, Х.Фаридагийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 52-53/, М.Бын зан байдлын тодорхойлолт /2хх-ийн 71-73/, шинжээч С.Одончимэг /3хх-ийн 180-183/, Б.Ариунзул нарын мэдүүлэг /3хх-ийн 184-187/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Боролдойгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /3хх-ийн 233/, “Далх-Алгинчи” ХХК-ийн тодорхойлолт /3хх-ийн 234/, Орон сууц захиалгын гэрээ /3хх-ийн 325-238/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /4х-ийн 77-79/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /4хх-ийн 80-86/, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг /4хх-ийн 89-91/, шинжээчийн 5563 тоот дүгнэлт /4хх-ийн 102/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2016 оны 11 дүгээр 23-ны 18-19 цагийн орчим “МЖМ” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт баригдаж буй 18 давхар барилгын 17 давхарт Н.Пүрэвсүрэнтэй хамт ажиллаж байхдаа “хөөсөнцөр хурдан өрсөнгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар Н.Пүрэвсүрэн өөрийг нь заамдан авсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнийг түлхэж холдуулах үйлдэл хийсний улмаас Н.Пүрэвсүрэн нь агааржуулалтын хоолой гаргах зориулалттай нүх рүү унаж гавал,тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас барсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Боролдойн /1хх-ийн 79-82/: “… Тухайн өдөр ... 19 цаг өнгөрөөгөөд 20 цаг болох гэж байхад болов уу дүүгийнхээ ажлыг тарсан байх гэж бодоод гар утас руу нь залгасан чинь “холбогдох боломжгүй байна” гээд байсан. Манай дүүгийн утсыг асууж нярав Баасанбадам, мөн манай захирал Батчулуун ах залгаад дүү Пүрэвсүрэнгийн утсыг асуугаад байхаар нь би хэлж өгчихөөд “яагаад бүгдээрээ асуугаад байгаа юм болдоо” гэж бодоод өөрийнхөө утсаар дүү Пүрэвсүрэнгийн утас руу залгасан чинь “холбогдох боломжгүй” байсан. Тэгтэл Баасанбадам ах над руу залгаад “баруун талын барилга дээр хүн барилга дээрээс уначихсан байна гэж байна, Пүрэвсүрэнгийн утас холбогдохгүй байна” гэхээр нь би хийж байсан ажлаа орхиод ажиллаж байсан барилгаасаа гараад зам хөндлөн гарч дүүгийнхээ ажиллаж байсан барилга руу очоод харуулаас нь “хэдэн давхарт, хаана хүн унасан юм бэ” гэхэд 8 давхарт гэж хэлэхээр нь би 8 давхар руу гүйгээд гарсан чинь 8 давхарын агааржуулалтын хоолойг зүсчихсэн байсан. Тэгээд би шатан дээр суугаад “манай дүү биш байгаасаа” гээд сууж байсан чинь онцгой байдлын хүмүүс ирээд агааржуулалтын хоолойноос хүн гаргаж аваад “хөдөө оршин суудаг Пүрэвсүрэн гэж хүн байна” гэж ярихыг сонсоод тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би хамаатныхаа ахын машинд сууж байсан. Гомдолтой байна, оршуулгын зардалд 1.579.550 төгрөг хүлээн авсан” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Батжаргалын /1хх-ийн 86/: “… Би ажлаа тараад хүмүүс хувцсаа сольдог өрөөнд орж ирэхэд хүмүүс ороод ирчихсэн байсан. Пүрэвсүрэн бууж ирээгүй байсан. Хамт ажиллаж байсан Болдбаатар “доошоо түрүүлж буусан, дээр байхгүй ш дээ" гэхээр нь би Батбаяр руу утсаар яриад “чи Пүрэвсүрэнг түрүүлээд буулгачихсан юм уу” гэж асуухад “үгүй ш дээ наагуур чинь байгаа байх” гэхээр нь “хувцсыг нь үздээ” гэхээр нь би хувцсыг нь үзсэн чинь өрөөнд энгийн хувцас нь байсан. Батбаяр “наагуур чинь байгаа байлгүй дээ, та нар хайгаадах” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар хувцсаа сольчихоод бөөнөөрөө хайсан. Би дээд давхараас Содбаатар, Пүрэвжав, Мөнхбат нартай хамт дээшээ гараад самнаад явж байсан чинь доор “олчихлоо” гээд орилсон” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Батбаатарын /1хх-ийн 90/: “… Би 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад орой 18 цаг 30 минутын орчим 1 давхарын салхивчны нүхээр цус дусалсан мэт шал нь цус болсон байсан. Тухайн үед би юу болсон юм бол цустай юм тавьсан юм байхдаа гэж бодоод нээх их тоолгүй орхисон. Тэгээд 19 цаг 30 минутын орчим 2 давхарт гарч хог ачиж байгаад 20 цагийн орчим гар чийдэн авч ирээд цус дуссан байсан салхивчны хоолойг хартал салхивч дагаад цус дуссан байсан. Тэгээд ажлаасаа буух гээд өрөөндөө орсон …” гэх мэдүүлгээр,
гэрч П.Гантөмөрийн /1хх-ийн 100/: “... Надад манай төрсөн дүү Болдбаатарын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ... Би Болдбаатарыг хоригдсон байхад нь эргэлтээр очиход Болдбаатар надад “хохирогчтой маргалдаад надруу дайрахаар нь би цааш нь түлхчихсэн, тэгээд яаж унасныг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Батбаярын /1хх-ийн 112-113/: “... Манай ажилтан Батжаргал над руу залгаад “Пүрэвсүрэн байдаггүй, гэрийн хувцас нь байгаад байдаг” гэхээр нь би “дээгүүр доогуур явж үзсэн юм уу” гэтэл “хайгаад олдохгүй байна” гэхээр нь захирал Батчулуун бид хоёр гараад барилга дээр очсон. Тэгээд Батчулуун барилгын гадна талаар хайсан ба би барилгын хойд талаар нэг давхар руу орсон. Тэгээд захирал Батчулуун бид хоёр дээш хайгаад явж байгаад би 10 давхарт гараад агааржуулалтын хоолойны нүхэн дээр байсан хөөсөнцөрийг харсан чинь цөмөрсөн байсан. Тэгэхээр нь бид хоёр буцаж доош 8 давхар руу буугаад агааржуулалтын хоолойг харсан чинь өргөн байж байгаад нарийссан байсан. Тэгтэл тэр хоолойг захирал гараараа тогшиж үзсэн. Харин би тойроод харсан чинь хоолойны хойд тал нь дотор талаасаа гадагш товойсон байсан. Тэгтэл захирал Батчулуун гэрэл гаргаад хоолойны завсараар харсанаа “мөн байна” гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би утасны гэрлийг тусгаад харсан чинь манай компаний ажилчдад тавьж өгдөг ногоон өнгийн өмд харагдсан. Тэгтэл захирал “манай хүн мөн байна” гээд орилоод байсан. Тэгээд бүх хүмүүсийг дуудсан. Захирал Батчулуун “МЖМ” ХХК-ийн захирал Энэбиш рүү залгаад болсон асуудлыг ярьж дуудсан. Тэгтэл удалгүй талбайн инженер Реймид, ерөнхий инженер Баярбаатар нар ирсэн. Тэгээд Реймид инженер таслагч аваад салхивч хоолойны доод талыг тасдаж байтал удалгүй цагдаа, түргэн, онцгой байдлын хүмүүс ирсэн…” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Мөнхбаатарын /1хх-ийн 92/: “… Би “МЖМ” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилгад гадна талбайн хамгаалагчаар ажилладаг. 2016 оны 11 сарын 23-ны өдөр ажил тарах үеэр буюу 19 цаг өнгөрч байхад гадна пассадны ажил хийж байсан Батжаргал, Энх-Амгалан, Цолмонбаяр нар манаачийн өрөөнд орж ирээд “Пүрэвсүрэн гэх залууг хаачив, бууж ирэхгүй байна” гээд утас руу нь залгаад байсан. Тэгтэл утас нь холбогдохгүй байсан ба тэр хэд хайхаар дээшээ гарсан. Тэгээд удалгүй гадна пассадны ажил хийж байгаа компаний захирал болон бригадын дарга нар гаднаас орж ирээд “манай нэг хүн алга болчихлоо, хайгаадахъя” гэж хэлээд яваад орсон. Тэгээд удалгүй барилга дээр хонох сангийн хүн гар чийдэн барьж ороод удалгүй гарч ирээд “барилга дотор нэг хүн үхсэн байна” гэхээр нь би түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…” гэх мэдүүлгээр,
гэрч О.Батчулууны /1хх-ийн 140-141/: “ ... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой 18 цаг 40 минутын орчим ажил хийж байгаа хүмүүсдээ “ажлаасаа буу” гэж хэлчихээд хамт ажилладаг Батбаярыг манай ажлаас 200 метрийн цаана байрлах “Содон” нэртэй “Паб”-д дуудсан. Тэгээд Батбаяр бид 2 уг газар хүний 2 ширхэг пиво уугаад дахиад тус бүр 1 ширхэг пиво захиалаад сууж байтал Батбаяр руу манай ажлын Батжаргал залгаад “ажлаасаа буух гэсэн чинь Пүрэвсүрэн олдохгүй, дуудаад хариу өгөхгүй байна” гэхээр нь “барилгын дээд давхраар хайсан юм уу” гэсэн чинь “хайсан олдохгүй байна” гэсэн. Тэгээд Батбаяр бид хоёр пабаас гарч гүйгээд барилга руу явах замдаа Пүрэвсүрэнгийн хамаатны ах манайд ажилладаг цахилгаанчин Батчулуунаас утасны дугаарыг нь асуугаад залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд Батбаяр бид 2 гүйж очоод барилгын доогуур хоёр талаар нь тойроод харсан чинь байхгүй байсан. Тэгээд Батбаяр бид 2 нэг давхараас эхлээд хайж эхлээд 4 давхарт байрлах өөрсдийн өрөөндөө ороод Пүрэвсүрэнгийн гадуур хувцасыг харсан чинь байсан. Тэгээд дахиад дээш хайгаад явж байсан чинь Батбаяр “барилгын дээд давхарын салхивчны хоолойн дээр тавьсан байсан хөөсөнцөр хугарсан байна” гэхээр нь бид хоёр 7 дугаар давхараас дээш 8 дугаар давхар руу гарсан чинь салхивчны хоолой дээрээсээ их бүдүүн явж байгаад доошоогоо нарийссан байсан. Тэгтэл тэр нарийссан газар нь жаахан товойсон байхаар нь цаагуур нь тойроод харсан чинь салхивчны хоолойн дунд жижигхэн нүх язраад гарсан байсан. Тэр нүх рүү гэрэл тусгаад харсан чинь манай ажилчдын нормын гутал байсан. Тэгээд би сандраад цагдаа, түргэн, онцгой руу залгаж дуудлага өгөөд “МЖМ” ХХК-ийн захирал Энэбиш рүү залгасан. Тэгээд таслагч гаднаас оруулж ирээд Г хэлбэртэй зүсээд харсан чинь талийгаач Пүрэвсүрэн толгой нь доошоо, хоёр хөл нь дээш харсан байдалтай байсан…” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2158 дугаартай дүгнэлтэд /1хх-ийн 150/: “… Талийгаачид гавал тархи, дотор эрхтэн, мөчдийн хавсарсан гэмтэл болох духны язарсан шарх, баруун чамархай, толгойн орой зулай хэсгийн хуйхны цус хуралт, 2 ухархай, хоншоор яс, суурь ясны хөндлөн хугарал, суурь ясны баруун далавчаас дагз хүртэлх үргэлжилсэн хугарал, зулай хэсгийн хатуу хальсны дээр ялтаслаг хэлбэрийн цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн баруун зүүн чамархай, зулай хэсгийн аалзан бүрхүүл доорхи цус хуралт тархины эдийн няцрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын зулгаралт, цус хуралт, дээд уруул эрүүний зулгаралт, дээд доод үүдэн шүдний буйл, хүзүүнд төвөнхийн түвшинд цус хуралт, дотор эрхтэний доргилт, голтын цус хуралт, 2 уушгины няцрал, дэлүүний орох хэсгийн өнгөц урагдал цус хуралт, зүүн дунд чөмөгний хүзүүвч хэсгийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндрөөс толгой зулай хэсгээр унах үед үүсгэгджээ. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ…” гэснээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13, 23-43/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн үед авч бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-22/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.
Хохирогч өндрөөс унаж гавал, тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас барсныг шинжээч тогтоосон, тухайн хэрэг учрал болоход амь хохирогч нь М.Бтай хамт ажиллаж байсныг, амь хохирогч 18 давхар барилгын 8 давхарын агааржуулалтын хоолойд унаж нас барсан байдалтай олдсон болохыг гэрч нар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Б өөрийгөө Н.Пүрэвсүрэнгийн амь нас хохирсон хэрэгт хамааралтай болохыг үгүйсгэж буй боловч тухайн хэрэг учрал болоход амь хохирогч нь М.Бтай хамт ажиллаж байсныг гэрч нар мэдүүлсэн, М.Б өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ “амь хохирогчийг түлхсэн, цааш яаж унасныг мэдэхгүй” талаар мэдүүлсэн, үүнд эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй нь түүнийг энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно.
Харин прокурор М.Быг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялласан боловч хүнийг алах гэмт хэргийн гэм буруугийн субьектив тал буюу энэ хэргийн сэдэлт, санаа зорилго М.Бт байсныг нотолж чадаагүй, түүний гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Харин гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн байдаг бөгөөд М.Б нь хор уршгийг хүссэн эсхүл зориуд буюу санаатай хүргэсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл М.Б нь “МЖМ” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт баригдаж буй 18 давхар барилгын 17 давхарт Н.Пүрэвсүрэнтэй хамт ажиллаж байхдаа “хөөсөнцөр хурдан өрсөнгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан, улмаар Н.Пүрэвсүрэн өөрийг нь заамдан авсан барьцыг тавиулах зорилгоор түлхэхдээ агааржуулалтын хоолой гаргах зориулалттай нүх рүү унагасан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь хохирогч үхнэ гэдгийг урьдаас мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, эсхүл энэ үр дагаварт буюу хохирогчийг зориуд агааржуулалтын хоолой руу түлхэн унагаж амь насыг хохирооход хүргэсэн болох нь тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болов.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тухайн маргаан үүссэн газар баригдаж дуусаагүй барилгын агааржуулалтын хоолой гаргах зориулалттай нүх хаана байгааг мэдэх, уг нүх рүү хүн унаж гэмтэх, үхэж болох хор уршиг учирч болохыг М.Б урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан байна.
Нөгөө талаар амь хохирогчийн биед амьд ахуйд нь үүссэн, өндрөөс унах үед үүсэх боломжгүй “…эрүүний доод талд зулгаралт, хүзүүнд дарагдсан мэт ором, нүдний дотор талд цус харвалт…” бүхий гэмтлүүдийг М.Б учруулсныг баттай нотолсон баримт сэлт хэрэгт авагдаагүй бөгөөд агааржуулалт гаргах зориулалт бүхий (хоолой) нүх рүү хүн унах, тухайн хоолой руу уг хүнтэй адил жинтэй элс (элсээр дүүргэсэн чүүчил) унагах хоёрын биеийн нягт болон хэлбэр хэмжээ өөр хоорондоо зөрүүтэй тул уналтын хурд хүч, унаж байгаа байдал нь зөрүүтэй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай хүн агааржуулалт гаргах зориулалт бүхий нүх рүү толгойгоороо унах боломжтой эсэхийг тогтоох туршилт хийх боломжгүй талаар шинжээч дүгнэснийг тэмдэглэж байна.
Гэмт хэрэг гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгтгэн дүгнэвэл М.Б хор уршгийг субъектив талын хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч объектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, боломжтой байсан гэж дүгнэв.
Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос М.Быг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар М.Бын нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй боловч хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
М.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.
Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
М.Б-ын үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргээр зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэг нь хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт хамаарч байсан бол шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаардаг болсон нь түүний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.
Ийнхүү шүүгдэгч М.Бын хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн ажиллаж байсан “Далх-Алгинчи” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 3.875.000 төгрөг, 21 м2 1 өрөө орон сууцыг өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “…цаашид нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдол саналгүй…” гэсэн хүсэлтийг гаргасан нь хэргийн 3 дугаар хавтасны 233 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 хэсэг хөөсөнцөр хавтан, шар өнгийн гутал 1 хос, бор өнгийн хос оймс, хөх өнгийн хос оймс, бор оймс 1 хос, хар өнгийн судалтай ноосон өмд 1 ширхэг, ногоон өнгийн зузаан өмд 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний майк 1 ширхэг, хөх өнгийн, гурвалжин захтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн пудволк 1 ширхэг, юүдэнтэй цамц 1 ширхэг, хөх өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг, цайвар шаргал өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СD 18 ширхэгийг уг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч М.Б-ыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Бумбат овогт М.Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б урьд 610 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 хэсэг хөөсөнцөр хавтан, шар өнгийн гутал 1 хос, бор өнгийн хос оймс, хөх өнгийн хос оймс, бор оймс 1 хос, хар өнгийн судалтай ноосон өмд 1 ширхэг, ногоон өнгийн зузаан өмд 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний майк 1 ширхэг, хөх өнгийн, гурвалжин захтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн пудволк 1 ширхэг, юүдэнтэй цамц 1 ширхэг, хөх өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг, цайвар шаргал өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СD 18 ширхэгийг уг хэрэгт хасаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Х.ИДЭР
Б.ДУЛАМСҮРЭН