Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2022/00012

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2022/00169 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1-р багт оршин суух, А овогт Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг 6- ... тоотод оршин суух, Ц овогт Э.М-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1-р багт оршин суух, Д.А миний бие Э.М-тай танилцаж 2017 оны 08 сарын 21-ний өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд охин М.С нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн. Төрөөд сар гаруй хугацаа болж байхад өөр хүнтэй болсон байсан бөгөөд миний бие хүүхдээ аваад хөдөө Бугат сум руу явсан боловч 14 хоногийн дараа араас ирж бид хоёрыг буцааж авч ирсэн. Ингээд 3 сарын Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан боловч сураггүй болж эргэж холбоо барилгүй 6 сар болоод гэнэт ирээд 7 хоноод буцсан. Энэ хугацаанд би дахин жирэмсэн болсон байсан бөгөөд мэдэлгүй явсаар 3 сартай болсон байхад мэдсэн. 4 сартай жирэмсэн байхдаа нөхөр Э.М-д хэлсэн боловч миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу гээд тоогоогүй. 2018 оны 11 сард Улаанбаатар хот руу араас нь очсон боловч Э.М-тай уулзаж үр дүнд хүрээгүй учир эргэж нутагтаа ирсэн. 2019 оны 03 сарын 13-ны өдөр хүү А.С төрсөн. Миний нөхөр болох Э.М нь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байсан учир миний бие хүүхдээ өөрөөрөө овоглосон юм. Ингээд Э.М нь 2019 оны 07 сард ирж бид гуравыг авч бид хамтдаа Улаанбаатар хот явсан. Ингээд хүүхдээ харангаа хажуугаар нь ажил хийсэн боловч хүүхдээ харсангүй, ажил хийж чадахгүй гэх мэтээр дахин таарамжгүй харьцаа үүссэн бөгөөд 9 сард машин авна гэсэн учир урьдчилгаа 5 сая төгрөгийг нь аав, ээжээсээ гуйж лизингийн машин авсан. Ингээд дахин гэртээ ирэхгүй 2 хүүхэдтэй минь галгүй хоол ундгүй гэрт үлдээгээд 7-20 хоногоор алга болчихдог болсон. Мөн өөр хүнтэй болсон гэдгийг нь хэлэхээр намайг зоддог болсон ба ална гэдэг болсон учир би ээждээ хэлж 2 хүүхдээ авч нутагтаа ирсэн. Ингээд нэг жилийн хугацаанд дахин ямар ч холбоогүй болсон. Ингээд дахин хамт амьдраагүй. Иймээс Э.М, Д.А бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.С-ийн эцэг нь Э.М болохыг тогтоож, охин М.С, хүү А.С нарыг ээж Д.А миний асрамжид тогтоож, М.С, хүү А.С нарыг эцэг Э.М-аар тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулж, машины урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг Э.М-аас гаргуулж өгнө үү. Би өөрөө машин барьж чадахгүй. Энэ машиныг авснаас хойш 5, 6 сарын турш дандаа хадам ээж унадаг. Одоо машин дуу ороод эвдрэлтэй болсон байсан, би тэр машиныг унаж чадахгүй болохоор лизингийн 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Э.М угаасаа төв дээр амьдарч байсан болохоор түүнд мал ахуй байхгүй. Харин миний өмчийн мал хөдөө аав, ээж хоёр дээр байдаг. Би өөрөө одоо малаа маллаж байгаа гэжээ.

 

Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.М нь эхнэр болох А овогтой Д.А-тай 2016 онд танилцаж, 2017 оны 08 сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү, охин хоёртой болсон. Миний бие нь эхнэр Д.А-ийг зодож дарамтлах, гэрээсээ хөөх, өөр хүнтэй болж араар тавих, ярьж тохиролцолгүй орхиж явсан, ор сураггүй алга болоогүй учир надад салах, хоёр хүүхдээ өнчрүүлэх шалтгаан байхгүй учир бидэнд эвлэрэх хугацаа өгөхийг хүсэж байна. Гэрээс авах зүйл байхгүй, бүгдийг нь аваад явчихсан. Машины тухайд лизингээ төлж дуусгаад зарж байж 5 сая төгрөгийг өгнө гэж бодож байна. Би ажилгүй байгаа болохоор одоо хөдөө Алтай сумд ирчихсэн хүний мал хөлсөөр хариулж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Э.М, А овогт Д.А нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8201000060 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, охин М.С, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, хүү А.С нарыг эх Д.А-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн охин М.С, хүү А.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц овогт Э.М-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн дундын эд хөрөнгөд хариуцагч Э.М-аас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4 дэх хэсэгт худалдан авсан автомашины урьдчилгаанд төлсөн үнийн дүнгийн тал хувийг тооцон 3,000,000 төгрөг нэхэмжлэгч Д.А-т олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Худалдаж авсан автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас 7,800,000 төгрөгийг зээлж авч уг машиныг авсан байхад хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

Надаас гаргуулсан 3,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, машин авахад өгсөн 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Э.М нар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь 8201000...... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, охин М.С, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, хүү А.С нар төржээ. Хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгүүлэхтэй холбоотой маргааныг шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

 

Гэр бүлийн дундын өмчид машин худалдан авахад эцэг, эхээсээ нэхэмжлэгч Д.А нь 5,000,000 төгрөг авч зарцуулсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Худалдан авсан автомашин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаагийн улмаас гэрлэгчдийн өмчлөлд бүрэн шилжээгүй тул Д.А-т эцэг, эхээс уг машин худалдан авахад зориулж өгсөн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх машин авахад оруулсан 5,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А-т эцэг, эхийн зүгээс машин авахад өгсөн 5,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Харин хариуцагч Э.М 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай шийдвэрт гомдол гаргасан байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байдаг ба анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байх тул шийдвэрт зөвхөн хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2022/00169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2 дахь хэсэгт зааснаар гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э 

                                 ШҮҮГЧИД                            Т.Ж

                                                                       Ш.Б