Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2026/00215

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

        Нэхэмжлэгч: ................... ТӨХХК-ийг төлөөлж, ................ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй

        Хариуцагч: .............. ХХК 

        Хамтран хариуцагч: .................... тоотод оршин суух, ............... овогт Д-гийн У нарт холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: Мал эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч ............... ТӨХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө өр авлагыг ................. ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ............ ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. .......... ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10- ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 13,429,969 төгрөг байна. Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний нийт үнэ 12,527,957 төгрөг, хүү 902,012 төгрөг, нийт 13,429,969 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2011/01 дугаар Барьцааны гэрээг байгуулсан. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 6,714,984 төгрөг болно. Иймд 01 дугаар Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13,429,969 төгрөг, алданги 6,714,984 төгрөг, нийт 20,144,953 төгрөгийг Мал эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

     2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ................. ТӨХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

        ................. ХХК нь ................. ТӨХХК-ийг төлөөлж ..............ХХК, Д.У. нарт холбогдуулан мал эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ.

            2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ......... дугаар .......... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлиин шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

    2. Нэхэмжлэгч ............ ТӨХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

       Хариуцагч ............... ХХК, хамтран хариуцагч Д.У нарт холбогдуулан мал эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

       3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... ТӨХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. ХХК нь ...үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан: Гэвч 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ....... дугаар ......... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлиин шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

       74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

       Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ ХХК-д итгэмжлэлээр нэхэмжлэлээс татгалзах эрх түүнд олгогдсон ба Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

        5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

  ЗАХИРАМЖЛАХ нь: 

           1. Хариуцагч ............ ХХК, хамтран хариуцагч Д.У нарт холбогдох мал эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ байгуулан ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,144,953 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ............ ТӨХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ