2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/11772

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 18 191/ШШ2025/11772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дүгээр хороо,..... мянгат гудамж, ....дугаар байр, ... тоот хаягт оршин суух, .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .....дугаар хороо, .... гудамж, зуслангийн байранд оршин суух, ....-д холбогдох,

 

168,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Л.У, Б.Уу

Хариуцагч Г.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Мэ

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.Мэ нь хариуцагч Г.Нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Р.Мэ нь хариуцагч Г.Нтэй 2023 оны 9 дүгээр сард тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах эрх зүйн харилцаанд орж анх танилцаж байсан. Тухайн үеэс хойш бид хэд хэдэн удаа уулзаж, тээврийн хэрэгсэл сонирхох сонирхол нэг тул итгэлцэл үүсэн бизнесийн харилцаа холбоотой болсон. Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Р.Мэээс анх тээврийн хэрэгсэл худалдан авсны дараа Г.Н нь өөрт цэргийн зориулалттай том оврын тээврийн хэрэгслүүд байгаа, худалдах сонирхолтой байгаа, аяллын болгон тоноглож болно гэж санал гаргасан ба нэхэмжлэгч Р.Мэ нь хариуцагч Г.Нгийн эзэмшлийн улсын ... дугаартай, МАN маркийн том оврын автомашиныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

 

2024 оны 5 дугаар сард тухайн чатад бизнесийн санаа байна, хоёулаа бизнес хийе гэж ярьдаг. Тухайн үед Р.Мэ бизнесийн санаа байвал сонирхъё гэдэг байдлаар гэрээний маргааны харилцаа эхэлж байсан.

Гэрээний зүйл болсон улсын ... дугаартай, МАN маркийн тээврийн хэрэгслийн үнийг 326,610,000 төгрөгөөр буюу ...тауэрийн 8 давхрын 806 тоотод байрлах 39.14 м.кв болон 14 давхрын 1411 тоотод байрлах 33.44 м.кв / 1 м.кв үнийг 4,500,000 төгрөгт тооцон/ оффисын талбайг бартераар арилжихаар тохиролцсон.

 

Мөн тус тээврийн хэрэгсэлд кампер тавиулах, аяллын болгон тоноглуулан бүрэн бүтэн болгон 2024 ондоо багтаан Г.Нгээс биет байдлаар авахаар тохиролцсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг Р.Мэ нь өөрийн хувь эзэмшдэг байсан ... ХХК-ийн барьж бүтээн босгосон .... дүүргийн 5 дугаар хороо, ...төслөөс өөрийн захиран зарцуулах эрхтэй буюу худалдан авсан талбайгаас 39.14 м.кв, 33.44 м.кв оффисын талбайг тус тус талбайн захиалгын гэрээний эрхийг Г.Нд шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн байдаг. Мөн тухайн улсын ... дугаартай МАN маркийн тээврийн хэрэгсэлд кампер тавиулах, аяллын болгон тоноглуулахад 168,700,000 төгрөгийг цувуулан хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд тус том оврын тээврийн хэрэгслийг аяллын зориулалттай болгон тоноглож, тоноглолын хамт 2024 ондоо багтаан хариуцагч Г.Н нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөлгүй нэхэмжлэгчийг хохироосон.

 

Хариуцагчийг үүргээ биелүүлэхийг, нэмэлт тоноглолд хүлээн авсан 150,000,000 төгрөгөөр тус тээврийн хэрэгслийг тоноглон хүлээлгэн өгөхийг шаардаж, нэмэлт хугацаа тогтоож нэхэмжлэгч Р.Мэээс хариуцагч Г.Нд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн.

 

Гэвч хариуцагч Г.Н нь мэдэгдлийг хүлээн авч танилцсан ч харилцан тохиролцсон тээврийн хэрэгслийг аяллын зориулалттай болгон бүрэн бүтэн биет байдлаар мэдэгдэлд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөх боломжгүй гэх агуулгатай хариу зурвас ирүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшлийн оффисын талбайгаас захиалгын гэрээг нь шилжүүлэн өгсөн гэрээг цуцалсан, нэмэлт тоноглол хийлгэхээр шилжүүлсэн 168,700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч буцаан шилжүүлээгүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаад 2 ширхэг оффисын талбайгаа хүлээлгэж өгөхгүй, цаашид цуцалж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцааж, 168,700,000 төгрөгийг буцаан шилжүүлнэ үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Р.Мэ нь нийт 27 удаагийн гүйлгээгээр 168,700,000 төгрөг шилжүүлсэн гэв.

 

2.Хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд болон шүүх гаргасан хариу тайлбартаа: 2023 оны намар Р.Мэээс би тээврийн хэрэгсэл худалдан авч танилцсан юм. Тэр үед эрчүүдийн хоорондох яриа болоод өнгөрсөн. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой юм ярихад ямар гоё юм бэ? би бас тээврийн хэрэгсэлтэй болох санаа байдаг гэж хэлж байсан. 2024 оны 5 дугаар сард миний шар МАN маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж өөрөө ирж үзэж байсан. Бартерын наймаа хийе гэсэн. Дутуу баригдсан, ашиглалтад ороогүй оффисыг захиалгын гэрээг шилжүүлж өгье гэсэн. 8 дугаар сарын 07, 08-ны өдөр хүртэл холбоо бариагүй. Би Хөвсгөл яваад ирэхэд Р.Мэ над руу залгасан. Тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг асуусан.

 

Тухайн үед наймаа хийж чадаагүй, одоо боломжтой болсон байна гэж хэлсэн. Ярьж байснаараа хийе гэсэн. ... тээврийн хэрэгслийг захиалгын гэрээтэй 2 оффисоор худалдаж авсан. Тэрний дагуу тухайн үед нь тээврийн хэрэгслийг Р.Мэий нэр дээр шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгсэл хэзээ авах вэ гэхэд хийх газар байхгүй, түр агуулж байж болох уу гэсэн. Тээврийн хэрэгсэлтэйгээ холбоотой мессеж бичиж ярьж байсан. Надаас 1 путикийг худалдаж авах санал тавьж 2 дахь наймаагаа хийсэн. Хаана янзлуулахаа мэдэхгүй, та надад туслах уу гэсэн би 2 удаагийн наймаа хийсэн дүү учраас Р.Мэийг бодсон. Захиалгын, тохижуулах гэрээний тухай сүйдтэй зүйл яриагүй. Хамтарч бизнес хийж зараад, ашиг олно гэсэн асуудал байгаагүй. Өөрийнхөө зарсан тээврийн хэрэгслийг дахин янзлаад зарна гэж байхгүй.

 

Би тусалъя, гэхдээ маш их хугацаа ордог ажил гэж хэлсэн. Надад гарааш байхгүй, өвлийн хүйтний улиралд хийх бололцоогүй болно шүү гэж хэлээд ажлаа эхлүүлсэн. Будгийг нь арилгаж эхэлсэн. Будагт өгсөн гэрчийн мэдүүлгээс та бүхэн мэдсэн байх. Будаг дээр 2 сар болчихсон. Дараа нь Р.Мэ бид хоёр өвсний наймаа хийсэн. Р.Мэ гадаадад байсан. Би өөрийнхөө хүүг дагуулан 2 сар нойртой, хоолтой хоолгүй өвлийн хүйтэнд хаа сайгүй явсан. 1800 боодол том өвс хураах, харуул хамгаалалтаас эхлүүлэн өөрийн бүх ажлыг гүйцэтгэсэн. 8 сарын дундаас хойш дуусгахгүй гэдгээ мэдэж байгаа, намайг дуусгаж өгнө гэж хэлээд зажилчихсан мэтээр яриад байна. Гэвч тийм асуудал байхгүй. Хугацааны хувьд 2024 онд дуусна гэсэн хугацаа байхгүй. 12 сард над руу эхнэр дургүйцэж байна, юун олон том тээврийн хэрэгсэл аваад байгаа юм бэ? хэрүүл болж байна гэсэн байдлаар наймаагаа буцаая гэдэг байдлаар надад хандаж байсан.

 

Тухайн үед би эргэж буцсан наймаа хийдэггүй, эхнэр чинь мэддэг байсан бол эхнэртэйгээ ирж наймаа хийхийг чинь хориглоогүй, нэрийг чинь шилжүүлээд тээврийн хэрэгслийг чинь өгсөн гэдэг. 11 дүгээр сарын 05-ны өдөр будгийн ажлаас тээврийн хэрэгсэл гарсан. Тэр үед 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өвсний ажил эхэлчихсэн завгүй байсан. Тээврийн хэрэгсэл тоноглох ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон. Яагаад гэвэл Р.Мэий өвсний ажлыг давхар гүйцэт үүрэг хүлээсэн байсан. бид хоорондоо ярилцаж, хавар үргэлжлүүлэхээр ярьсан. Үнэлгээний тайлан дээр зарим нэг тусгагдаагүй юм байгаа. Гараашны төлбөр 4,500,000 төгрөг, өвсний ажил дээр Р.Мэ дутуу мөнгө төлсөн. Мөнгө нэхсэн гэдэг байдлыг дунд нь хольж хутгаж яриад байх шиг байна. Мөнгө шаардлагатай бол төлөхөөс өөр арга байхгүй. Төлөх хэрэгтэй байсан байх. Гэхдээ өдөр шөнөгүй утасдаж, утсыг нь авахгүй байсан асуудал байгаагүй. Бид байнга ярьж байсан. Тээврийн хэрэгсэл үзүүлэхгүй гэсэн асуудал байгаагүй.

 

Надад Р.Мэий бие төлөөлөгч тээврийн хэрэгсэл тэрэгний асуудлаар явж байна гэдэг асуудлыг огт хэлээгүй. Өвс хүлээлцэж авч байх явцад тээврийн хэрэгслүүд чинь хаана байгаа юм бэ гэдэг нэг л асуултыг надаас асуусан. Р.Мэий зүгээс итгэлтэй яриад байх шиг байна. 1 сард мэдэгдэл ирсэн. Мэдэгдэл ирснээс хойш ажлыг хийх идэвхгүй болсон. Кампер тохижуулах мөнгөн дутуу байсан. 75,000,000 төгрөгөөр авсан камперийг тохижуулахад багадаа 200,000,000 төгрөг орно, захын газар руу ороод янзлагддаг тээврийн хэрэгсэл биш, гарааш сав олдохгүй асуудлууд байдаг. Өгч байгаа мөнгөн дотроосоо өөрийнхөө ажлын хөлс, цалин, хоолны мөнгийг гаргаарай гэж хэлж байсан. Тухайн үед өөрийнхөө мөнгөөр шатахуунаа дүүргэж л байсан. Би уг ажлыг итгэл үнэмшилтэйгээр явуулж байсан. Р.Мэ бид хоёр энэ талаар ярьснаас хойш буюу 12 сараас хойш эхэлсэн тээврийн хэрэгслийг янзлаад дуусгачихсан. Хийж чадахгүй ажил огт биш. Тань руу шилжсэн мөнгөнөөсөө өвсний тээвэр рүү та түр өгч байгаач зарим мөнгийг та төлж байгаач эхнэр төрчихсөн мөнгө цаасгүй хүний нутагт хэцүү байна гэдэг байдлаар надад хандахад ахын ёсоор би хандаж байсан. Тээврийн хэрэгслийн ажил зогссон. Олон сар, хугацаа шаардагддаг ажил шүү дээ. Би өндөр үнийг энэ тээврийн хэрэгсэл дээр огт яриагүй. Наймаа бизнес хийгээд үзчихсэн, 5 төгрөгийн бараа харчихсан дүү байна, тээврийн хэрэгсэлтэй болъё гэж бодож байгаа юм байна гэж бодож байсан. Би Р.Мэий над руу шилжүүлсэн мөнгөнөөс шамшигдуулаад, идээд уугаад, тээврийн хэрэгсэл авч хүний мөнгийг шамшигдуулсан зүйл огт байхгүй. Тээврийн хэрэгсэл 2 хэсэг газар байрлаж байсан. Монгол наадам цогцолборын хашаанд надаас авсан 3 шинэ тэргээ хадгалж байсан. Энэ ногоон тэргийг хэзээ ч гараашинд хийгээгүй, тэр гараашинд засвар хийхийг зөвшөөрдөггүй, хадгалах, түрээсээ төлөх, өдөр болгон хөдөлгөхийг хориглосон гарааш байсан.

 

Миний хийсэн ажлаас үлдэж байгаа мөнгөнөөсөө 4,500,000 төгрөг байна. Өвсний тээвэр рүү шилжүүлчихье, мөнгө төгрөг байхгүй байна, энэ ажил хавар үргэлжлүүлэх юм чинь наад мөнгөө өвсний тээвэр рүүгээ шингээгээд хийж байгаач гэж хэлсний дагуу өвсний тээвэрт өгсөн. Нийт 1800 ширхэг боодол өвс байсан. Нэг үр нь 500-600кг, 1 боодол өвс 90, 95, 100,000 төгрөгөөр Сүхбаатарын Эрдэнэцагаанаас тээвэрлэгдэж ирсэн. 100,000 төгрөгөөр бодоход 180,000,000 төгрөгийн тээврийн хөлс Р.Мэ надад төлсөн байх ёстой. Тухайн үед ийм зүйл болно гэж мэдсэнгүй. Надад зарим зүйлээ хайнга хийчихдэг тал байгаад байна. Зарим тээврийн хэрэгслүүдийг миний саналаар авсан ч ихэнхийг нь Р.Мэ өөрийн хүсэлтээр авсан. 3309 гэх цэнхэр тээврийн хэрэгсэл дээр би санаагаа хэлж байсан.... дээр ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Миний хувьд 168,700,000 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. 01 дүгээр сарын 22-ны өдөр ирснээс нь хойш маш олон өдөр залгаж, олон удаа уулзаарай гэсэн.

 

Гэхдээ надтай нэг ч удаа уулзаагүй. Өөрийнхөө эсрэг болж магадгүй гэсэн зурвасуудаа устгасан байсан. Би огт устгаагүй. Яагаад гэвэл худал яриагүй учраас устгаагүй. Бидний наймаа буцлаа гээд хохироод байх зүйл байхгүй байх. Эр хүн шиг ярилцаад явах боломжтой байсан шүү дээ. Зарим тээврийн хэрэгслээ буцаагаад худалдаж авсан зүйл байгаа. Гэрчээр оролцож байсан хүмүүс нь нэхэмжлэгч талын танил, талын хүмүүс байсан. Зарим гэрч нь намайг залилагч мэтээр ярьж байсан. Өвсний хашаан дээр ирчхээд байсан 3 камазыг үзсэн байх. Тээврийн хэрэгсэл үзэх гэж байна гэж ирээгүй. Өвс хүлээлцэх гэж ирчхээд тэрийгээ мушгиж яриад байна. Энэ ажил тасралтгүй явж байсан бол дуусах байсан, хийх байсан. Үүнээс хойш эхэлсэн ажлыг наадмын өмнө хийж дуусгасан гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Дансны хуулга /х-5-14/, /хх-46-50/, хариуцагч Г.Н хүргүүлсэн мэдэгдэл /хх-17-24/, нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулга /хх-204/

5. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ананд цекү ХХК-ийн тодорхойлолт /хх-86/, шилжүүлгийн баримт /хх-87-89/, фото зураг /хх-90-99/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх2-17-39/

 

6. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: Хил хамгаалах ерөнхий газраас .../-ийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа /хх-240/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Мэ нь хариуцагч Г.Нд холбогдуулан гэрээний төлбөрт төлсөн 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 168,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Р.Мэий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Хариуцагч Г.Н өөрт нь цэргийн зориулалттай том оврын тээврийн хэрэгслүүд байгаа, худалдах сонирхолтой байгаа, аяллын болгон тоноглож болно гэж санал гаргасан ба нэхэмжлэгч Р.Мэ нь хариуцагч Г.Нгийн эзэмшлийн улсын ... дугаартай, МАN маркийн том оврын тээврийн хэрэгслийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Гэрээний зүйл болсон улсын ... дугаартай, МАN маркийн тээврийн хэрэгслийн үнийг 326,610,000 төгрөгөөр буюу ...тауэрийн 8 давхрын 806 тоотод байрлах 39.14 м.кв болон 14 давхрын 1411 тоотод байрлах 33.44 м.кв / 1 м.кв үнийг 4,500,000 төгрөгт тооцон/ оффисын талбайг бартераар арилжихаар тохиролцсон. Мөн тус тээврийн хэрэгсэлд кампер тавиулах, аяллын болгон тоноглуулан бүрэн бүтэн болгон 2024 ондоо багтаан Г.Нгээс биет байдлаар авахаар тохирч, гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн тээврийн хэрэгсэлд кемпер тавиулах, аяллын болгон тоноглуулахад 168,700,000 төгрөгийг цувуулан хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь тээврийн хэрэгслийг аяллын зориулалттай болгон тоноглож, тоноглолын хамт 2024 ондоо багтаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагчийг үүргээ биелүүлэх талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчээс удаа дараа хүргүүлсэн. Иймд гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 168,700,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Талуудын хооронд аман хэлцэл байгуулагдсан. Асуудал арилжааны гэрээнээс эхлэлтэй. Арилжааны гэрээний дагуу нэхэмжлэгч ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж аваад, түүнийхээ төлбөрт талбайн захиалгын гэрээг шилжүүлсэн. Тусдаа гэрээ учраас талбайн захиалгын гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар худалдан авсан тээврийн хэрэгслээ засан сайжруулах, тоноглох зорилгоор дахин кампер, дугуй, аккумлятор худалдан авахаар болсон. Хоорондоо тусдаа гэрээний харилцаа үүссэн. Дараа нь тээврийн хэрэгсэлд дээрх авсан зүйлүүдийг тоноглох, засан сайжруулах ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч талаас 1 гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж, өгсөн төлбөрийг буцаан шаардсан гэсэн нь үндэслэлгүй гэж татгалзсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

 

4.1 Зохигч талуудын хооронд хэд хэдэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой тохиролцоо хийгдэж итгэлцэл бий болсон, хариуцагч Г.Нгээс маргааны зүйл болох ... улсын дугаартай, MAN маркийн том оврын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Р.Мэд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Р.Мэ гэрээний хариу төлбөрт ...тауэрийн 8 давхрын 806 тоотод байрлах 39.14 м.кв болон 14 давхрын 1411 тоотод байрлах 33.44 м.кв / 1 м.кв үнийг 4,500,000 төгрөгт тооцон/ оффисын талбайг хүлээлгэн өгөхийг амаар тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.2 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Р.Мэ нь ... ХХК-д эзэмшдэг байсан хувьцаагаа тус компанид худалдаж, хариу төлбөрт нь тус компанийн баригдаж байгаа ...таурийн барилгаас 8 болон 14 давхарт үл хөдлөх хөрөнгө авахаар тохиролцсон, Р.Мэ нь Г.Нд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой захиалгын гэрээ байгуулах эрхийг шилжүүлсэн, Г.Н нь Р.Мэээс шилжүүлэн авахаар тохирсон дээрх 2 үл хөдлөх хөрөнгөөс Тэгш дэглий цагаан ХХК-д худалдсан.

Улмаар Г.Н нь ... ХХК-д холбогдуулан ...таурийн 14 давхрын 1411 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болон өөр бусад үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг шилжүүлэх, Тэгш дэглий цагаан ХХК нь ... ХХК-д холбогдуулан ...таурийн 8 давхрын 806 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гарган иргэний хэрэг үүсэж, Р.Мэий нэхэмжлэлтэй хариуцагч Г.Нд холбогдох тус маргааныг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзсэн, энэ талаар шаардлага гарган шийдвэрлүүлэхгүй гэх тайлбарыг зохигч талуудаас гаргаж, маргахгүй байна.

 

4.3 Нэхэмжлэгч Р.Мэ нь гэрээний үүрэгт дээрх байдлаар 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсоноос гадна өөрийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь 463013143 тоот харилцах данснаас хариуцагч Г.Нгийн ХААН банк ХК дахь 5007216698 тоот данс руу 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Mergen гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Mergenees гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг,

хариуцагч Г.Нгийн ХААН банк ХК дахь ... тоот данс руу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Кемперний төлбөр гэх гүйлгээний утгаар 35,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Кемпер гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Кемпер2 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Кемпер3 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Кемпер гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төмрийн ажил гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дугуйны төлбөр 1 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Дугуйны төлбөр 2 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Дугуйны төлбөр 3 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр MAN 1 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 2 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 3 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 4 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 5 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 6 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 7 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, MAN 8 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөгөөр тус тус нийт 121,000,000 төгрөг шилжүүлсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч Р.Мэ нь Голомт банк ХК дахь:...... тоот харилцах данснаасаа хариуцагч Г.Н рүү 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Кемперний төлбөр гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Мэргэн-с гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Мэргэн-с гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Кемпер гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Кемпер 2 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Кемпер 3 гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Мэргэн-с гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, Mergen гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний Машины гараж, аккумулятор гэх гүйлгээний утгаар 7,700,000 төгрөг нийт 47,700,000 төгрөгийг шилжүүлжээ.

 

5. Талууд тэдгээрийн хооронд хэлцэл байгуулагдсан, маргааны зүйл болох 06-77 МАN маркийн тээврийн хэрэгсэл одоо бодитоор хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа, тээврийн хэрэгслийн бүртгэлд хариуцагч Г.Н бүртгэгдсэн, хэлцэл байгуулагдсанаас хойш тээврийн хэрэгслийг хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгч байгаагүй, нэхэмжлэгч нь дээрх байдлаар 168,700,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар маргаангүй байна.

 

Харин талуудын хооронд хэд хэдэн хэлцэл байгуулагдсан эсэх, хэлцлийн дагуу хүлээх үүрэг, гэрээ хэрэгжиж дуусгавар болсон эсэх, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргасан.

 

6. Шүүхээс талуудын харилцсан зурваст 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлд Г.Нгээс ...За дүү хөрөнгө оруулалт байна уу, ажил байна гэхэд Р.Мэ нь ...үүсгэх л хэрэг гарах байхдаа. Юуны бизнес вэ гэж, Г.Нгээс ...шаталтгүй бизнес ер нь машин л даа. Зарагдахгүй бол хараад сууж байна, ...Ахийн чинь ирж байгаа хоёр бол агаар дээрээ зарагдчих гээд хүн гуйгаад байна. Тэгээд ч тэр хоёрыг кампер болгож үнэтэй зарна... гэж, Р.Мэээс ...па наадахыг чинь гоё тоноглох уу..., Г.Нгээс авчихлаа гэхэд Р.Мэээс Зохицуулалт хийнэ дээ... гэж, Г.Нгээс ...ингээд авч тавьдаг болгоод, илүү дутуу зарим тоногийг аваад хаямаар санагдлаа..., ...кампер болгоно гэснээрээ болгоё гэж бодож байна... гэснээс үзвэл нэхэмжлэгчийн аяллын болгон тоноглосон МАN маркийн тээврийн хэрэгслийг хүлээн авах хүсэл зорилготой байсан, энэ агуулгаар гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний холимог гэрээ гэж үзлээ.

 

7. Хариуцагч талаас нэхэмжлэгч ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, төлбөрт нь оффисын талбайн захиалгын гэрээг шилжүүлснээр арилжааны гэрээний үүрэг дуусгавар болсон, үүний дараа нэхэмжлэгч өөрийн авсан тээврийн хэрэгслийг тоноглох зорилгоор кампер, дугуй, аккумлятор худалдан авч худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон, худалдан авсан зүйлийг тээврийн хэрэгсэлд суурилуулах, засан сайжруулах талуудын тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

8. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү тохирсон төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хэм хэмжээг анхаарна гэж зохицуулсан.

Зохигч талуудын хооронд үүссэн маргаан нь тээврийн хэрэгслийг арилжсантай холбоотой буюу хөрөнгө харилцан өмчлөлд шилжүүлэх талаар бус, илүүтэй тээврийн хэрэгсэл аяллын болгон тоноглогдсон эсэх тухай байх тул энэ маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний зохицуулах зүйлд хамааруулж дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

9. Талууд гэрээний хугацаа болон хийж гүйцэтгэх ажил, ажлын үр дүнг тээврийн хэрэгслийг аяллын болгон тоноглох гэснээс өөрөөр нарийвчлан тохиролцоогүй байна.

 

9.1 Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч талаас ажлын үр дүнг 2024 ондоо багтаан авахаар тохирсон, хариуцагч талаас ажлыг 2025 оны хавар үргэлжлүүлэхээр тохирсон гэх зөрүүтэй тайлбар гаргасан ба тэдгээрийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний үүргийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүрэг шаардаж байжээ.

 

9.2 Хариуцагч талаас тээврийн хэрэгсэл дээр кампер тавьж аяллын болгон тоноглоход 75,000,000 төгрөгөөр кампер болон 6 ширхэг дугуй, 4 ширхэг аккумулятор худалдан авч хийсэн, 10,000,000 төгрөгөөр бүрэн будуулсан, гараашын төлбөр гарсан гэж тайлбарлан, үүнтэй холбоотой Ананд цэкү ХХК-ийн тодорхойлолт, дансны хуулга, Болор үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дансны хуулгыг ирүүлсэн байна.

 

Түүнчлэн хариуцагч талаас тээврийн хэрэгслийг аяллын болгон тоноглоход хамгийн багадаа 200,000,000 төгрөг шаардагдах байсан, нэхэмжлэгч талаас өгсөн мөнгө хүрэлцээгүй, ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй буюу гадаад улсад зорчиж байсан гэж татгалзсан.

 

Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болох талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зохицуулсан.

 

Талууд тээврийн хэрэгслийг аяллын болгон тоноглоход шаардагдах төсөв зохиогоогүй, хариуцагчийн шаардсанаар нэхэмжлэгч нь шаардлагатай мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан, нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн үйл баримт үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар, дансны хуулга, Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт зэргээр тогтоогддог.

 

Гэвч хариуцагчаас 168,700,000 төгрөгийг авсны дараа дахин нэмэлт ажлын төсөв шаардсан, гэрээний үүргийг биелүүлсэн, ажлын үр дүнг хүлээн авахыг мэдэгдэж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар талууд ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон гэж үзвэл бол ажлын тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлс төлөхөөр байна.

 

10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн аваагүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн талууд гүйцэтгэсэн үүргийг дүгнэж харилцан тохиролцож тооцоо нийлж байгаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 168,700,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

11. Хариуцагч нь 168,700,000 төгрөгөөс гараашын төлбөрт төлсөн гэх боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

12. Нэхэмжлэгч Р.Мэий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,159,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,001,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Нгээс 168,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Мэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Мэээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,159,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгээс 1,001,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Мэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ