| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2017/03267/И |
| Дугаар | 210/ма2018/01172 |
| Огноо | 2018-05-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/ма2018/01172
Л.Батмөнхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00564 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.Батмөнхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Лакшари зайсан” СӨХ-нд холбогдох,
Гэм хорын хохиролд 2 292 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мөнх-Эрдэнэ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Түвшинцэнгэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ шүүхэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Батмөнх нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оройн 19.00 цагийн үед гарааж руугаа орох гэтэл гараажийн үүд маш их цас, мөстэй байсны улмаас миний машин шарваж, хажуу талын ханаа мөргөж зогссон. Үүний улмаас 55-55 УНД Лексус-570 маркийн машинд баруун урд крюло, баруун урд хаалга, баруун толины аяга, баруун гишгүүр эвдэрч ахиж хэрэглэх боломжгүй болсон. Мөн машин их хэмжээгээр зурагдаж будаг замаск хийлгэх шаардлагатай болсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газрын цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй гэж заажээ. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6-д иргэн, хуулийн этгээд оршин байгаа замынхаа бохирдол, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй, Хог хаягдын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-д зааснаар аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил газрынхаа 50 метр доторх цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч Лакшари зайсан СӨХ нь цас, мөсний хальтиргаа гулгааг арилгах энэ үүргээ биелүүлэгүйн улмаас Л.Батмөнхийн эд хөрөнгөнд 2 292 800 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас дээрх хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тухайн байрны 4 дүгээр гараажийн үүдэнд цас мөс тогтсоноос үүдэж хохирол учирсан нь үнэн юм бол СӨХ-ны дарга, удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэж, акт үйлдэж баталгаажуулах ёстой байсан. Мөн тухайн өдөр Улаанбаатар хотод анх удаа их хэмжээний цас орсон тул СӨХ-ны ажилчид ажлын цаг дуустал цасаа цэвэрлэсэн ба ажлын цаг дууссаны дараа цасыг үргэлжлүүлэх цэвэрлэх боломж байхгүй. Тухайн үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-т зааснаар замын цагдаагийн байгууллагад дуудлага өгч замын цагдаагийн байгууллагаас акт үйлдэж баталгаажуулсан бол тухайн хэрэг юунаас шалтгаалж, хохирол бий болсныг тогтоох боломжтой байсан. Зохих журмын дагуу гомдол гаргах эрхтэй акт үйлдээгүй учир юуг үндэслэж 2 292 800 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлангаас үзэхэд машины баруун талын гишгүүр хэрэглэх боломжгүй болтлоо эвдэрсэн болох нь харагдаж байна. Тухайн өдрийн хамгаалалтын албаны ажилтны мэдүүлж байгаагаар жолооч замын нөхцөл байдлыг буруу тооцоолж, хурдаа тохируулаагүй байж болзошгүй байдал ажиглагддаг. Мөн өдрийн орой камер шүүх гэж 4-5 хүн орж ирсэн, тэр ирсэн хүмүүс дотор хадмууд нь гэх нэг хөгшин, нэг бага залуу орж ирээд камерын бичлэгийг үзэх явцад гараажийн хаалганы орчим цасгүй, харин машин гараажийн хаалга руу эргэлт хийж орохдоо гэнэт тормоз гишгэж хана мөргөсөн болохыг харсан гэж байна. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийг Л.Батмөнх барьж явсан эсэх нь эргэлзээтэй, уул жолооч гараашид оруулах туршлагагүй, хурдаа тохируулаагүй гэдэг дүгнэлтэд хүргэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2 292 800 төгрөгийн тал хувийг “Аркли алтай” ХХК төлсөн, өмнө нь уг автомашин гэмтэлтэй байсан эсэхийг мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан тул хариуцагч “Зайсан виллаж” СӨХ-оос гэм хорын хохирол 2 292 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Л.Батмөнхийн автомашинд хохирол учирсан байх ба уг осол гарах үед гарааж руу зам цасаар хучигдсан байсан болох нь зохигчдын тайлбар, “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрчүүдийн мэдүүлэг, компакт дискэнд хийсэн үзлэг зэргээр нотлогдож байна” гэж тусгасан атлаа осол болсон нь тогдоогдохгүй байна гэж шийдвэрлэжээ. Мөн уг осол болсон өдрийн бичлэгийг нотлох баримтаар гаргуулж өгч үзлэг хийлгэж шарваж хана мөргөж байгаа дүрс тусгагдсан байна гэж дүгнэсэн атлаа цас цэвэрлээгүйгээс шарвасан гэж шууд дүгнэх боломжгүй гэж шүүх үзсэн. Мөн тухайн өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас руу 3 удаа залгаж ослын талаар мэдэгдэж бүртгүүлсэн боловч уг дуудлага хийсэн баримтыг 102 руу 3 удаа залгасан байна, юу ярьсан нь тодорхойгүй байна гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Л.Батмөнх нь хариуцагч “Лакшари зайсан” СӨХ-нд холбогдуулан гарааш руу орох замын цасыг цэвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс уг осол болсон тул гэм хорын хохиролд 2 292 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг ослын талаар замын цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ослын акт үйлдэж баталгаажуулаагүй тул осол юунаас болж гарсан нь тодорхой бус байна. Автомашиныг Л.Батмөнх жолоодож явсан эсэх нь эргэлзээтэй, жолооч гарааш руу машин оруулах туршлагагүй, хурдаа тохируулаагүйгээс осол болсон гэж маргажээ.
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лакшари зайсан виллаж хотхоны 4 дүгээр гарааш руу нэхэмжлэгч Л.Батмөнхийн өмчлөлийн 55-55 УНД улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин орох гэж байгаад шарвалт үүсч, гараашийн баруун хаалгыг мөргөсний улмаас автомашинд хохирол учирсан байх ба уг осол гарах үед гарааш руу орох зам цасаар хучигдсан байсан болох нь зохигчдын тайлбар, “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрч З.Одбаяр, Х.Батцэнгэл нарын мэдүүлэг, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Л.Батмөнхийн өмчлөлийн 55-55 УНД улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин гарааш руу орох гэж байгаад шарвалт үүссэний улмаас гараашийн хаалганы хажуу талын ханыг мөргөсөн гэх нөхцөл байдал нь “Лакшари зайсан” СӨХ-ны буруутай буюу замын цасыг арилгаагүй байсантай шууд шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан CD гэх баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх бичлэгээр нэхэмжлэгч өөрөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу уг осол болоход жолоочийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх, эсхүл гарааш руу орох замын цасыг цэвэрлээгүйгээс машинаар хана мөргөсөн гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдохгүй байна.
Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Мобиком корпораци” ХХК-ийн 99105299 дугаарын утасны ярианы лавлагаанаас үзэхэд тухайн осол болсон даруй цагдаагийн 102 дугаарт залгасан байх боловч уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д хэсэгт заасан осол, зөрчлийн талаар бүртгэсэн эсэх нь тогтоогдохгүй, энэ талаар бичгийн нотлох баримт авагдаагүй.
Түүнчлэн хэргийн 66 дугаар талд авагдсан CD бичлэгийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж гарааш руу орох замын цас арилгаагүй байсны улмаас уг осол үүсэх нөхцөл бүрдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Гэм хорын хохирол шаардаж байгаа тохиолдолд нөгөө талын гэм буруутай байдал, өөрт учирсан хохирлын шалтгаант холбоог эргэлзээгүйгээр нотлох учиртай.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Батмөнхөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Д.ЦОГТСАЙХАН