| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2026/01555/И |
| Дугаар | 191/ШШ2026/03362 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/03362
2026 03 05 191/ШШ2026/03362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дүгээр хороо, ....тойруу, .... дүгээр байр, .....тоотод байрлах, .... ББСБ ХХК /РД:....../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ч.Анхтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч .... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хиыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд
Иргэн Б.Хи нь манай компанитай 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 46/2024 дугаартай Зээлийн гэрээ болон 46 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци-г тус тус байгуулан 20,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3 сарын хүүтэй, жижиг бизнесийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар унах нөхцөлтэй, AHR207010454 арлын дугаартай, Toyoto Estima-AHR20 загварын, 2007 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад импортоор 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орж ирсэн, улсын дугаар аваагүй, сувдан цагаан өнгийн авто машиныг манай компанийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж, 34-82 УКР улсын дугаар авсан бөгөөд одоо уг авто машин нь Б.Хиын эзэмшилд байгаа болно.
Б.Хи нь дээрх зээлийн гэрээнд заасан графикийн дагуу эргэн төлөлтөө огт хийж байгаагүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 542,000 төгрөг, нийт 3,642,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Манай компанийн зүгээс зээлийн төлөлтөө хийхийг удаа дараа утсаар шаардаж байсан боловч Б.Хи нь Өмнөговь аймагт Хятад компанид ажиллаад цалингаа авч чадахгүй 4 сар болж байна, эндээс цалингаа аваад очиж зээлээ төлнө гэж хэлдэг байсан. Гэтэл 2025 оны 8 дугаар сараас эхлэн гар утас нь холбогдохгүй болсон. Компанийн зүгээс 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр оршин суудаг гэх хаягийнх нь дагуу Монгол шуудан ХК-аар мэдэгдэл хүргүүлсэн боловч Ийм хүн байхгүй гэсэн бүртгэлтэйгээр буцаагдсан тул 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.Хиыг Эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Гэтэл тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/Ш32025/54832 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс Б.Хиын оршин суудаг гэх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр лавлагаа авахаар хүсэлт гаргахад ... Булгийн .... дугаар гудамжны .... тоот хаяг нь Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд харьяалагддаг болсон гээд тодорхойлолт хийж өгсөн. Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргад тус хорооны Булгийн 12 дугаар гудамжны 1195 тоот хаягт Б.Хи нь оршин суудаг эсэх талаар лавлагаа авахаар хүсэлт гаргаж, уулзахад Б.Хи нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гээд Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга ..... 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт бичиж өгсөн.
Одоо манай компани 2024 оны 9 дүгээр сард Б.Хит 20,000,000 төгрөг зээлдүүлснээс хойш үндсэн зээл болон түүнийхээ хүүг авч чадахгүй хохирч байна. ....... тоот хаягт бүртгэлтэй болно.
Иймд Б.Хиыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.2 Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-7-9/
2.3 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-10/
2.4 Зээлийн карт /хх-11/
2.5 Шуудангийн баримт, мэдэгдэл /хх-12-13/
2.6 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/54832 дугаар захирамж /хх-14-15
2.7 Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-16/
3. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2026/06017 дугаар захирамжаар Б.Хиын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч .... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хиыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
.... ББСБ ХХК, Б.Хи нарын хооронд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нэртэй гэрээ тус тус байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Б.Хи нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах .... ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
.... ББСБ ХХК нь Б.Хиын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд .... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хиыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч .... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч .... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хиыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч .... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хиыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /1.......6/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ