Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

                                                                                            Б.Б, Ө.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

     Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ө.У-ийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан;

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ө.У-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Ө.У нарт холбогдох, эрүүгийн 2435000790211 дугаартай, 4 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                        1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      - Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын Б.

      - Монгол Улсын иргэн, З ургийн овогт Ө-ийн У.

     2. Хэргийн агуулга: Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын албан үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус соёлын төвийн бүжгийн багшийн сул орон тоонд тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй иргэн Ч.Ц-г 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар тухайн ажилд томилон ажиллуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт;

      - шүүгдэгч Ө.У нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус Соёлын төвийн өмнөх даргын тушаалаар бүжгийн багшаар ажилд авсан иргэн Ч.Ц-г тус ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу боловсролын байдал нь хангахгүй байгааг мэдсээр байж түүнийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бүжгийн багшаар ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан.

     Мөн нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх бүхий байгууллагын баталж тогтоосон сумын Соёлын төвийн ажиллавал зохих орон тоог хэтрүүлэн өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхрийнхөө төрсөн ах А.А-ыг тус соёлын төвд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар өвийн ажилтнаар авч ажиллуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 21,460,136 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт тус тус холбогджээ.

     3. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр нь шүүгдэгч Б.Б-ийг нэг удаагийн гэмт үйлдэлд, шүүгдэгч Ө.У-г хоёр удаагийн гэмт үйлдэлд тус тус буруутган, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

     4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Б овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж;

     - шүүгдэгч З овогт Ө-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж;

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор, шүүгдэгч Ө.У-г өөрийн байнга оршин суух Увс аймгийн Ө сумын Х багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тус тус тогтоож;

      - шүүгдэгч Б.Б, Ө.У нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр;

     - гэмт хэргийн хохиролд шүүгдэгч Ө.У-ийн хувьд ногдох хөрөнгөөс  38,642,969 төгрөг хурааж улсын төсөвт оруулахаар;

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ө.У нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тус  тус  шийдвэрлэжээ.

      5. Шүүгдэгч Ө.У давж заалдах шатны шүүхэд: “...Анхан шатны шүүхээс Ч.Ц-ийн ажиллаж байхдаа авч байсан цалинг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж, шүүгдэгч Б.Б бид хоёроос 30%, 70% харьцаатай гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар байхаар зохицуулсан.

      Ч.Ц-ийн хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй этгээд боловч 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд соёлын төвийн бүжгийн багшийн ажлыг хийж гүйцэтгэн хөдөлмөр хийсэн. Түүнд ажил хийсний дагуу олгогдсон цалин хөлс нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангасан этгээд ажилласан ч гарах ёстой байсан зардал юм. Тухайн ажлыг Ч.Ц хийж гүйцэтгэсэн тул цалингийн хэмжээгээр байгууллага хохирсон нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

      6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нар дараах тайлбар, санал, дүгнэлт гаргав.

      6.1. Шүүгдэгч Ө.У-ийн өмгөөлөгч Т.Уянга: “...Анхан шатны шүүхээс тухайн хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497.1-ийг үндэслэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйл нь гэм хорын эрх зүйн ерөнхий зохицуулалт бөгөөд тухайн зохицуулалтыг хэрэглэхдээ тухайн Иргэний хуулийн 497 дугаар зүйлээс хойшоо байгаа зохицуулалтуудыг хамтад нь хэрэглэдэг. ...Тус тохиолдолд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийг 501 дүгээр зүйлтэй давхар хэрэглэх ёстой, гэтэл 501 дүгээр зүйлийг анхан шатны шүүхээс хэрэглээгүй.

      Мөн гэм хор гэж үзэж байгаа тохиолдолд гэм хорын эрх зүй нь хохирол, хор уршгийг барагдуулдаг. Иргэний хуулийн ерөнхий ангийн 228-аас 230 дугаар зүйлд гэм хорыг арилгах талаарх зохицуулалтууд байдаг. Тухайн зохицуулалтуудаас үзэхэд Иргэний хуулийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Цалин авсан үйлдлийг гэм хор гэж үзэх юм бол тухайн зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд нь сэргээх нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр цалинг буцаагаад төлчих юм бол тухайн хугацаанд Ч.Ц гэдэг хүний хийсэн ажлыг яах юм бэ гэдэг асуудал байх ёстой гэж харж байна.

     ...Ийм учраас байгууллагад бодитой хохирол учраагүй байна гэж үзэж байгаа. Тухайн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тухайн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдол гаргасан.

    Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгч дүгнэхдээ,  “иргэний хариуцагч Ч.Ц, А.А нар нь төрийн байгууллагаас хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж, тухайн гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлсийг авч байсан тул тухайн цалин хөлсийг буцаан төлүүлэх нь тэднийг албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэл бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаартай конвенцийн үзэл санаанд харшилна. Ийм учраас тухайн хүмүүсээс цалинг гаргуулах үндэслэлгүй” гэдэг агуулгаар шүүх дүгнэсэн. Тухайн хүмүүс хэдий хууль бусаар, ажлын байрны шаардлага хангахгүйгээр ажиллаж байсан ч гэсэн хөдөлмөрлөсөн байна. Ийм учраас тухайн хүмүүс хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлсийг авсан байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн авсан цалинг тухайн соёлын төвд учирсан хохирол гэж үзэж байгаа нь энэ үзэл санаандаа харшлаад байна. Шүүх нэг зүйлийг эсрэг агуулгатайгаар тайлбарласан байна гэж үзэж байгаа. Хэдий тухайн хүмүүс ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан ч ажлаа гүйцэтгэсэн учраас тухайн байгууллагыг ямар нэгэн байдлаар хохироосон асуудал байхгүй гэж үзэж байгаа учраас давж заалдах гомдлын дагуу тухайн хохирлын асуудалд өөрчлөлт оруулж шийдэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна” гэх агуулга бүхий тайлбар, санал;

      6.2. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл: “...Ө.У-ийн гаргасан гомдолтой танилцсан. Тухайн гомдолд 2 зүйлийг үндэслэл болгож шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж өгөөч гэж өмгөөлөгчийн хувьд санал гаргаж байгаа. Ч.Ц 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Х сумын соёлын төвд бүжгийн багшаар ажил хөдөлмөр хийж гүйцэтгэсэн учраас түүндээ тохирсон цалин хөлсийг авсан. Энэ тохиолдолд тухайн ажилд томилсон шийдвэр хууль бус байлаа гээд хөдөлмөрлөснийхөө төлөө авсан хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх эсэхэд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна.

       Гэм хорын хохирол гэж үзэх үү, бодит хохирол учирсан гэж үзэх үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж өгөөч. Ч.Ц-ийн хувьд 2023 оны 03 дугаар сарын 03-аас 04 дүгээр сарын 16-ны хооронд Соёлын төвийн бүжгийн багшаар ажил хөдөлмөр хийж гүйцэтгэсэн. Ч.Ц-г 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс чөлөөлөөд, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр буцаан томилогдоод тухайн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээд явсан. Энэ хэрэгт мэргэжлийн бус хүн гэж үзэж байгаа. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдоод ажил хөдөлмөрөө гүйцэтгээд явсан. Энэ тохиолдолд төрд хохирол учраагүй юм уу? Энэ хүн өөрийнхөө хөдөлмөр хийснийхээ төлөө цалин хөлсөө авсан гэж үзэх үндэслэл байна гэж харж байгаа учраас хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна” гэх агуулга бүхий тайлбар, санал;

     6.3. Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.А: “...Шүүгдэгч Ө.У-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дараах зүйлээр няцаагдаж байна. Учир нь шүүгдэгч Б.Б нь Ч.Ц-г ажлын байрны тусгай шаардлага хангаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүжгийн багшийн ажилд авч ажиллуулан, бусдад давуу байдал бий болгосон. Мөн Ө.У нь 3 хоногийн дараа тухайн албан тушаалд сумын Засаг даргын шийдвэрээр томилогдоод ажиллахдаа Ч.Ц-г сумын соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалд боловсролын байдал нь тусгай шаардлагад тэнцэхгүй байгааг мэдсээр байж, тухайн ажилтныг чөлөөлөөгүй эс үйлдэл гаргасны улмаас Ч.Ц нь үргэлжлүүлэн төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж, улсын төсвөөс 19,188,935 төгрөгийн цалин авсан үйлдэл нь улсын төсөвт хохирол учруулж байна гэж үзэж байгаа.

     Ийм учраас Ө.У-аас Ч.Ц-ийн авсан цалинг гэм буруутай этгээдүүд буюу шүүгдэгч Б.Б, Ө.У нараас тухайн ажлын байранд ажилласан байдал зэргийг нь харгалзан үзээд анхан шатны шүүхээс хувь тэнцүүлэн тодорхой ялгамжтай байдлаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд дүгнэж байна.

      ...Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчийн тайлбар, шүүгдэгчийн давж заалдсан гомдолтой холбогдуулаад тайлбарлахад, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ө.У нар нь ажлын байрны шаардлагад нийцээгүй Ч.Ц-г Соёлын төвийн бүжгийн багшийн орон тоонд авч ажиллуулаагүй байсан бол, мөн Б.Б-ийн хууль бус үйлдлийг Ө.У таслан зогсоосон байсан бол Ч.Ц нь Увс аймгийн Х сумын соёлын төвийн цалингийн сангаас буюу улсын төсвөөс цалин авч улсын төсөвт хохирол учруулахгүй байсан тул гэм буруутай үйлдлийн улмаас гарсан хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа” гэх агуулга бүхий тайлбар дүгнэлт тус тус гаргасан болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан, шүүгдэгч Ө.У-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Ө.У нарт холбогдох, эрүүгийн 2435000790211 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

    2. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ. Уг нотлох баримтуудаар хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

      2.1. Увс аймгийн Х сумын Соёлын төв нь удирдах ажилтан-1, гүйцэтгэх ажилтан-3.5, үйлчлэх ажилтан-2, нийт 6.5 орон тоотой. Тодруулбал соёлын төвийн дарга-1, бүжгийн багш-1, хөгжмийн багш-1, номын санч-1, нягтлан бодогч 0.5 буюу хавсран гүйцэтгэх, үйлчлэгч-1, сантехникч-1 гэсэн ажлын байрууд бөгөөд “өвийн ажилтан” гэх ажлын байр батлагдаагүй.

      Увс аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Б.Б-ийг Х сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Ө.У-г Х сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

      Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.У-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр иргэн А-ийн А-ыг Х сумын Соёлын төвийн өвийн ажилтан гэх ажилд томилон ажиллуулж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тухайн ажлаас нь чөлөөлсөн.

      Иргэний хариуцагч А.А-ыг Увс аймгийн Х сумын Соёлын төвд өвийн ажилтан гэх албан тушаалд ажиллах хугацаанд тус соёлын төвийн цалингийн сангийн зардлаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт нийт 29,210,724 төгрөг зарцуулсан.

       Шүүгдэгч Ө.У-ийн нөхөр А нь иргэний хариуцагч А.А-ын төрсөн дүү буюу төрөл садны холбоотой хамаарал бүхий хүмүүс гэх үйл баримтуудыг анхан шатны шүүхээс тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

     - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Увс аймгийн Соёл, урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга ажилтай Д.Н-ын: “...Өвийн ажилтан гэх орон тоо байхгүй тул тэр ажлын албан тушаалын тодорхойлолт байдаггүй юм. ...Гэхдээ өвийн ажилтнаар хүн ажиллуулахдаа 6.5 гэсэн орон тооноос хэтрүүлэн төсвөөс цалинжуулан ажиллуулж болохгүй. Мөн соёлын чиглэлийн мэргэжилгүй хүнийг ажиллуулж болохгүй. ...Мөн таны асуусан асуултаас харахад Х сумын Соёлын төвийн дарга нь өөрийн хамаарал бүхий хүнээ орон тоо хэтрүүлэн ажиллуулж, байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 53-55 дугаар хуудас);

      - иргэний хариуцагч А.А-ын: “...Би Х сумын Соёлын төвийн өвийн ажилтнаар тус төвийн даргаар ажиллаж байсан Ө-ийн У гэх хүний тушаалаар ажилд орсон. ...Манай сумын Соёлын төвийн даргаар ажиллаж байсан, намайг ажилд авсан Ө.У нь миний бэр болох хүн юм. Тэр миний төрсөн дүү А.А-ийн эхнэр юм.

       ...Би мэргэжилгүй, дээд боловсрол эзэмшээгүй, бүрэн дунд боловсролтой хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 58-59 дүгээр хуудас);

      - гэрч Б.О /Увс аймгийн Х сумын Соёлын төвийн номын санч/-ийн: “...Эрхлэгч Ө.У нь өөрийн нөхөр А.А-ийн төрсөн ах А.А-ыг манай соёлын төвд өвийн ажилтнаар 2023 оны 05 дугаар сард томилон ажиллуулсан. Манай соёлын төвд “өвийн ажилтан” гэх орон тоо байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас);

     - гэрч Т.О /Увс аймгийн Соёл, урлагийн газрын дарга/-ийн: “...Тухайн суманд өвийн ажилтан гээд нэг хүн ажиллаж байгаа. Тэр хүнийг А.А гэдэг ба өвийн ажилтан гэх орон тоонд сумын соёлын төвийн дарга Ө.У-ийн тушаалаар ажиллуулж байгаа. Мөн сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Ө гэх хүн 2023 онд /гэж санагдаж байна/ сумандаа өвийн ажилтан авмаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь “би шийдвэрлэдэг хүн нь биш” гэж хэлсэн. Түүний дараа соёлын төвийн дарга Ө.У нь өвийн ажилтнаар А.А гэх хүн авсан гэж байсан. Тэгэхээр нь би орон тоондоо багтааж авсан байх гэж бодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 64-65 дугаар хуудас);

       - гэрч Н.Г /Увс аймгийн Х сумын Соёлын төвийн нягтлан бодогч/-ийн: “...өвийн ажилтнаар А-ийн А гэх хүн ажиллаж байгаа. Тэр 2023 оны 05 дугаар сард ажилд орсон ба тэр цагаас хойш одоо хүртэл ажиллаж байна. ...А.А нь Соёлын төвийн дарга Ө.У-ийн хадам ах юм. Түүнийг ажилд томилсон тушаал гаргаж ирэхэд нь би “хамаарал бүхий хүндээ тушаал гаргах нь хууль зөрчиж байгаа үйлдэл болж мэднэ” гэж хэлэхэд “би өөрийн хүсэл зорилгын үүднээс авч байгаа юм биш шүү, сумын Засаг дарга С.Ө ажлын байраар ханга гэж хэлж оруулж байгаа” гэсэн утгатай зүйл хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 75-76 дугаар хуудас);

       - гэрч Н.Г /Увс аймгийн Х сумын Соёлын төвийн нягтлан бодогч/-ийн: “...А.А нь 2023 оны 05 дугаар сараас энэ оны 05 дугаар сар хүртэл ажиллахдаа нийт 21,460,136 төгрөгийн цалин бодогдож, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 2,190,431 төгрөгийг цалингаас, ажил олгогч байгууллагаас 2,354,701 төгрөг, цалингийн ашигт 1,485,504 төгрөгийн татвар төлж, гарт 15,429,500 төгрөгийн цалин авсан байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 77 дугаар хуудас);

      - Увс аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай, “Б-ын Б-г Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тухай” захирамж (2 дахь хавтаст хэргийн 164 дүгээр хуудас);

       - Увс аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай “Өлзийн У-г Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж (2 дахь хавтаст хэргийн 165 дугаар хуудас);

        - Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай А-ийн А-г 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс тус соёлын төвийн өвийн ажилтнаар ажиллуулах тухай” тушаал (1 дэх хавтаст хэргийн 180 дугаар хуудас);

       - иргэний хариуцагч А.А-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 236 дугаар хуудас);

        - Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай “А.А-ыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс тус соёлын төвийн өвийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 101 дүгээр хуудас);

        - А.А-ын цалингийн тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 106 дугаар хуудас) зэрэг болно.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтоор сумын Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалд томилогдох иргэнд дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй байх тусгай шаардлага тавьсан байна.

       Иргэний хариуцагч Ч.Ц нь бүжгийн багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй буюу бакалаврын зэрэггүй, харин цэнгээнт бүжгийн сургалт болон бүжгийн багш, дасгалжуулагч бэлтгэх сургалтад хамрагдаж батламж авсан зэрэг үйл баримтууд дараах хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

        - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын: “...Бүжгийн багш гэх орон тоо байгаа бөгөөд тус сумын Соёлын төвийн дарга тухайн албан тушаалын тодорхойлолтыг баталдаг юм. Тэр албан тушаалд ажиллах хүн зохих мэргэжлийн буюу бүжгийн багш, бүжигчнээр дээд боловсрол эзэмшсэн байх ёстой” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 143-145 хуудас);

        - гэрч Б.О /тус сумын Соёлын төвийн номын санч/-ийн: “...Манай Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар 2023 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн Ч-ийн Ц-г манай сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан, одоо тэтгэвэрт гарсан Б.Б анх ажилд авсан. Ч.Ц нь бүжгийн багш мэргэжилгүй,  курс, сургалтад хамрагдсан гэрчилгээтэй юм шиг байна лээ. Учир нь тэр манай Соёлын төвд 2 удаа өргөдөл гаргаж байсан ба өргөдөл гаргах болгондоо бүжгийн багшийн курст хамрагдсан талаар сертификат хавсаргасан байсан санагдаж байна.

      ...Б.Б дарга “бүжгийн багшийн орон тоо байгаа юм чинь хүн авмаар байна, бүжгийн багшийн сургууль төгссөн залуу хүн байвал авмаар байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас);

      - гэрч К.Г /тус Соёлын төвийн дарга/-ийн: “...Өнөөдрийн байдлаар манай соёлын төв бүжгийн багшгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бүжгийн багшаар ажиллаж байсан Ч.Ц-г мэргэжлийн бус учраас Ө.У эрхлэгч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас);

      - иргэний хариуцагч Ч.Ц 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х сумын Соёлын төвд ажилд орохоор гаргаж байсан хүсэлтүүдийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 160, 161 дүгээр хуудас);

       - Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай “Ч-ийн Ц-г тус соёлын төвийн бүжгийн багшаар ажиллуулах” тухай агуулгатай тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 163 дугаар хуудас);

      - гэрч Н.Г /Увс аймгийн Х сумын Соёлын төвийн нягтлан бодогч/-ийн: “...Манай сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байсан Ч.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа нийт 19,188,935 төгрөгийн цалин бодогдож, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 1,913,376 төгрөгийг цалингаас, ажил олгогч байгууллагаас 2,073,947 төгрөг буюу нийт 3,987,323 төгрөг, цалингийн ашигт 1,243,756 төгрөгийн татвар, шимтгэл төлж, гарт 13,957,856 төгрөгийн цалин авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас);

       - Х сумын Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 173-175 дугаар хуудас);

     -  шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар дахин өгсөн: “...Би ямар нэгэн байдлаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ч.Ц-д давуу байдал бий болгоогүй. Учир нь намайг ажиллаж байхад Ч.Ц нь соёлын төвд бүжгийн багшаар орно гэж өргөдөл өгсөн. Тэр өргөдлийн дагуу түүнийг бүжгийн багшаар томилж байсан. Түүнээс биш суманд бүжигчин, бүжгийн багш мэргэжилтэй хүн өргөдөл өгсөөр байтал түүнийг томилохгүйгээр Ч.Ц-г томилсон асуудал байхгүй.

      Манай Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байсан н.А нь 2023 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан тул бүжгийн багшийн сул орон тоо гарсан. Би төрийн албыг тасралтгүй явуулахын тулд сумын Соёлын төвд гарсан сул орон тоо буюу бүжгийн багшийн орон тоонд Ч.Ц-г томилсон. Хөдөө суманд дээд боловсролтой бүжгийн багш, бүжигчин хүн байдаггүй тул Ч.Ц-г өргөдлийн дагуу томилж байсан. Тэр бүжгийн багшийн сертификаттай байна лээ. Тэр надад 2 сертификат үзүүлж байсан ба бүжгийн багшийн сургалтад суусан байсан.

     Ч.Ц нь н.А багшийг тэтгэвэрт гарахын өмнө түүний оронд бүжгийн багшаар ажилд орох хүсэлт гаргасан байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас);

        - иргэний хариуцагч Ч.Ц-ийн дахин өгсөн: “...Би ...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байна. ...Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар намайг ажилд авсан Б.Б-той төрөл садны холбоо байхгүй. ...Б.Б нь надаас ямар нэгэн байдлаар шан харамж авсан, өгөхийг шаардсан удаа байхгүй.

      Би Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажилд орохын тулд тухайн үед Соёлын төвийн даргаар ажиллаж байсан Б.Б-д анх 2022 оны 11 дүгээр сард өргөдөл өгч байсан. Түүний дараа оны өмнө буюу 12 дугаар сард гэж санагдаж байна, мөн өргөдөл өгч байсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас);

     - иргэний хариуцагч Ч.Ц-ийн бүжгийн сургалтад хамрагдсан гэх батламжийн хуулбарууд (4 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас) зэрэг болно.

      3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч иргэн Ч.Ц-г бүжгийн багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуурыг хангаагүй байхад Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар томилсон шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг, мөн шүүгдэгч Ө.У-ийн албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуурыг хангаагүй иргэн Ч.Ц-г Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулсан буюу түүнийг ажлаас чөлөөлөөгүй эс үйлдэхүйг тус тус гэмт хэрэгт тооцсон  хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй.

       3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар тус хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хуульчилсан нийтийн албан тушаалтнуудын үйлддэг авлигын гэмт хэргүүд нь нийтийн албан тушаалтны гаргасан сахилгын зөрчлөөс нийгэмд аюултай шинжээрээ ялгагдана.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой нэг төрлийн гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Тодруулбал төрийн албан хаагчийн буюу нийтийн албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл бүр гэмт хэрэгт тооцогдохгүй.

      Эрх зүйн зөрчлөөс гэмт хэргийг ялгахын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргийн обьектив, субьектив талын шинжийг буюу тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нэг бүрчлэн тодорхойлох учиртай.

      “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” байхаар хуульчилжээ.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Тухайлбал гэмт этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг хэрэгжүүлсэн гэмт санаа, хүсэл зоригийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой юм.

      Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөөр сул орон тоо гарсан, уг орон тоонд ажиллахаар Ч.Ц нь удаа дараа хүсэлт гаргасан, тухайн албан тушаалд томилогдохоор хүсэлт гаргасан өөр иргэн байхгүй болох нь тогтоогдож байна.

    Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой. Энэхүү хэргийн тохиолдолд, шүүгдэгч Б.Б нь бүжгийн багшийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй иргэн Ч.Ц-г Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар томилж, төрийн албан хаагч хууль дээдлэх, ил тод байдлыг хангах зарчмыг зөрчсөн байх боловч шүүгдэгчийн тухайн үйлдэл нь хувийн ашиг сонирхолд тулгуурлаагүй буюу ажилд орохыг хүссэн бусад иргэдийн боломжийг хязгаарлаж өөртөө болон Ч.Ц-д давуу байдал олгох санаа зорилго агуулаагүй байна. Мөн шүүгдэгч Ө.У-г хувийн ашиг сонирхлоор хандаж Ч.Ц-г тухайн албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

     Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилготой байсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.

       3.2. Шүүгдэгч Б.Б-ийн “Ч.Ц-г бүжгийн багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшаар томилсон” үйлдэл нь албан эрх ашгийн эсрэг чиглэсэн, гэмт хэрэгт тооцох нийгмийн аюулын шинжийг агуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

      Мөн шүүгдэгч Ө.У-ийн “Ч.Ц-г бүжгийн багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалаас чөлөөлөөгүй” гэх эс үйлдэхүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

    4. Шүүгдэгч Б.Б-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй  байна.

     4.1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад заасан: “...Б овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэх хэсгийг;

     - 2 дахь заалтын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жил хасаж, 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял” гэх хэсгийг;

       - 3 дахь заалтын: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Б-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт ...тогтоосугай” гэх хэсгийг;

      - 4 дэх заалтын: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэх хэсгийг Б.Б-д холбогдох агуулгаар;

      - 6 дахь заалтын: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Б-д ...оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай” гэх хэсгийг;

       - 7 дахь заалтын: “...шүүгдэгч Б.Б-с гаргуулах хохиролгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэх хэсгийг;

     - 8 дахь заалтын: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д ...урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй” гэх хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

      Шүүгдэгч Б.Б нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхээр эрхийг тайлбарласан хуудас хүлээн авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

      4.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Ц-д олгосон цалингийн 30 хувь болох 5,756,805 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцож түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч, Төрийн сангийн хүү, торгуулийн 100150500000988 тоот дансанд 5,756,805 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор шилжүүлсэн байна.

      Шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан тул уг 5,756,805 төгрөгийг Төрийн сангийн 100150500000988 тоот данснаас буцаан гаргуулж шүүгдэгч Б.Б-д олгож шийдвэрлэлээ.   

      5. Шүүгдэгч Ө.У нь Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн нөхөр А-ийн төрсөн ах А.А-ыг тус байгууллагын бүтэц, орон тоонд батлагдаагүй “өвийн ажилтан” гэх албан тушаалд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр томилж, улмаар түүнийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах боломж олгосны улмаас тус соёлын төвд буюу цалингийн санд 29,210,724 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

       Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т зааснаар “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэх тул шүүгдэгч Ө.У-ийн хувьд түүний нөхөр А төрсөн ах А.А нь хамаарал бүхий этгээд юм.

       Гэтэл шүүгдэгч Ө.У нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, хамаарал бүхий этгээд А.А-ыг өөрийн шууд удирдлагад ажиллуулахаар орон тооны хязгаарыг зөрчиж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

        Шүүгдэгч өөрийн нөхрийн төрсөн ахыг, тухайн байгууллагын бүтцэд батлагдаагүй “өвийн ажилтан” гэх албан тушаалд ажиллуулахаар томилсон хууль бус шийдвэр нь А.А-т илтэд давуу байдал бий болгосон, албаны эрх ашгийн эсрэг чиглэсэн шууд санаатай үйлдэл болохыг илтгэж байна.

       Мөн шүүгдэгч Ө.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тусгай субъект болох “нийтийн албан тушаалтан” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна.

       Шүүгдэгч Ө.У-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндсэн шинжийг хангасан байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

       5.1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

      Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.У-г хоёр үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн хоёр үйлдлийг нь нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн нэг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ө.У-д оногдуулсан ялын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

       Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Ө.У нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас А.А-ыг ажилд томилсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэх хувийн байдал, нэг удаагийн гэмт үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах эерэг нөхцөл байдал, мөн уг гэмт хэргийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө, улсын төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй.

      5.2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...шүүгдэгч Ө.У-ийн хувьд ногдох хөрөнгөөс  38,642,969 төгрөг хураах”-аар шийдвэрлэсэн байна.

      Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ө.У-ийн “Ч.Ц-г дээд боловсролгүй, бүжгийн багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалаас чөлөөлөөгүй” гэх эс үйлдэхүйг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ч.Ц-ийн уг албан тушаалд ажиллаж авсан цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй.

       Харин шүүгдэгч Ө.У-г гэм буруутайд тооцсон үйлдлийн улмаас Увс аймгийн Х сумын Соёлын төвд учирсан гэх 29,210,724 төгрөгийн хохирлын тодорхой хэсгийг шүүгдэгч хариуцан төлөх үндэслэлтэй.

      Тухайлбал, Увс аймгийн Х cумын Соёлын төвийн цалингийн  сангаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын16-ны өдрийг хүртэл А.А-ын цалинд 26,056,471 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 3,154,253 төгрөг буюу нийт 29,210,724 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна. Үүнээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан даатгалуудын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар 10 хувийн албан татварыг хасаж тооцоод А.А-т 20,926,058 төгрөг олгосон. А.А нь тус соёлын төвөөс авах цалингаасаа төлсөн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлүүдийг үйлчилгээ, тэтгэмж зэрэг хэлбэрээр буцаан авч байгаа буюу бусдын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээс шалтгаалан эдийн засгийн ашигтай байдлыг олж авч байгаа тул уг үнийн дүнг хохиролд тооцох үндэслэлтэй. Харин А.А-т олгож буй цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлдэг, мөн цалингаас нь суутгаж буй 10 (2,921,072.4₮) хувийн албан татварыг буцаан улсын төсөвт төвлөрүүлдэг, уг татвар төлснөөр А.А болон бусад этгээд эдийн засгийн ашигтай байдал олж авдаггүй тул уг үнийн дүнг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ө.У-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас (29,210,724₮-2,921,072.4₮=) 26,289,651.6 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

      Шүүгдэгч Ө.У нь анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Төрийн сангийн хүү, торгуулийн орлогын дансанд 4,000,000 төгрөг төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...шүүгдэгч Ө.У-ийн хувьд ногдох хөрөнгөөс 38,642,969 төгрөг хурааж” гэснийг “...шүүгдэгч Ө.У-гаас (26,289,651.6₮-4,000,000₮=) 22,289,651.6 төгрөг гаргуулж” гэсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

      6. Шүүгдэгч Ө.У-ийн “Ч.Ц-г бүжгийн багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад Увс аймгийн Х сумын Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалаас чөлөөлөөгүй” эс үйлдэхүйг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Ө.У-ийн “Ч.Ц-ийн цалинг би хариуцахгүй” гэх агуулгатай давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсэгт:

     1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан:

      - “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэх нэмэлт;

    - Прокуророос шүүгдэгч Ө.У-г “нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа уг соёлын төвийн өмнөх эрхлэгчийн бүжгийн багшаар ажилд авсан иргэн Ч.Ц-г тус ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу боловсролын байдал нь хангахгүй байгааг мэдсээр байж түүнийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус Соёлын төвд бүжгийн багшаар ажиллуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 19,188,935 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэх нэмэлт заалт тус тус оруулж;

      - Шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн “1, 2, 3, 4, 6, 7, 8 дахь заалтуудаас шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцсон болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хэсгүүдийг хүчингүй болгосугай” гэх өөрчлөлт оруулж ;

      1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “шүүгдэгч Ө.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэх хэсгийг хүчингүй болгож;

     1.3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.У-д 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” гэснийг “1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” гэж;

      - 5 дахь заалтын “...шүүгдэгч Ө.У-ийн хувьд ногдох хөрөнгөөс 38,642,969 төгрөг хурааж” гэснийг “...шүүгдэгч Ө.У-гаас 22,289,651.6 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

     2. Шүүгдэгч Б.Б-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож, улсын төсөвт шилжүүлсэн 5,756,805 төгрөгийг Төрийн сангийн 100150500000988 тоот данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Б.Б-д олгосугай.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АЛТАН

                                           ШҮҮГЧ                                   Н.МӨНХЖАРГАЛ

                                           ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА