Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: П.Ганбаатар;

өсвөр насны шүүгдэгч: Э.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Энхмаа, тэдний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С холбогдох эрүүгийн 1809022750514 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 69 дүгээр сургуулийн 8Ж ангийн сурагч, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-88 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46-20 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, УК02322039 регистерийн дугаартай, Боржигин овогт Э.С.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Өсвөр насны яллагдагч Э.С нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны
өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг плаза” төвийн 6
дугаар давхраас иргэн Б.Азбаярын эзэмшлийн “Фүжи” маркийн унадаг дугуйг хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.996.800 төгрөгийн,

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “ЕSР” төвд байрлан үйл ажиллагаа явуулах “Касе” япон хэлний сургалтын төвийн 02 тоот өрөөнөөс иргэн Д.Чулууннавчийн “Ленова” маркийн зөөврийн компюьтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 681.948 төгрөгийн буюу нийт 2 удаагийн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 2.678.748 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахиж хэрэг хийхгүй гэв.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Азбаяр /хх-ийн 10/, Д.Чулууннавч /хх-ийн 50-51/, гэрч Д.Баясгалан /хх-ийн 52/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 18, 57/, Э.С-ийн  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13, 54, 65/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7, 45-47/, цагдаагийн илтгэх хуудас /хх-ийн 8/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10/, Э.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-30, 32-34, 68-69/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 38/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

            Э.С нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Шинэ тэрэг плаза” төвийн 6 дугаар давхраас Б.Азбаярын эзэмшлийн “Фүжи” маркийн унадаг дугуйг,

мөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “ЕPS" төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Касе” япон хэлний сургалтын төвийн 02 тоот өрөөнөөс Д.Чулууннавчийн “Ленова” маркийн зөөврийн компюьтерийг тус тус нууцаар, зарах зорилгоор, хууль бусаар авч яван иргэдэд нийт 2.678.748 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Азбаярын /хх-ийн 10/: “...2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ унадаг дугуйгаа унаж ирээд ажил дээрээ хонож ажилласан. Маргааш өдөр 16 цагийн орчим дугуйгаа алдсан гэдгээ мэдээд цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан дугуй бол Япон Улсын “Фүжи” брэндийн унадаг дугуй байсан бөгөөд одоо камер байдаг боловч тухайн үед ажиллахгүй байсан....” гэх мэдүүлгээр,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, дэд ахлагч Э.Пүрэв-Очирын “2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим Э.Сайханбилэгийг “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн дугуйн лангуун дээр хохирогч Б.Азбаярын “Фүжи” брэндийн унадаг дугуйг зарах гээд явж байхад нь барьсан” талаархи илтгэх хуудас /хх-ийн 7/,

            Э.Сайханбилэгээс “Фүжи” брэндийн унадаг дугуйг хураан авч хохирогч Б.Азбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 8-10/,

 

            хохирогч Б.Азбаярын хулгайд алдсан “Фүжи” брэндийн унадаг дугуйг “Дамно” ХХК-аас 1.996.800 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 18/,

 

            хохирогч Д.Чулууннавчийн /хх-ийн 50-51/: “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЕSР” төвд “Касе” нэртэй япон хэлний сургалтын төвийг ажиллуулдаг юм. Өнөөдөр ажил дээрээ орчуулга хийж байгаад компьютер хэрэг болоод хичээлийн 2 тоот өрөө рүү ортол зөөврийн компьютер байхгүй, залгуур нь байж байсан юм. Тэгээд би багш нараасаа асуутал хамгийн сүүлд 15 цагийн үед Юри Еэ гэдэг багш ашиглаад 2 тоот өрөөний ширээн дээр залгуургүй үлдээсэн гэж байсан. Тэгэхээр нь хяналтын камеруудыг шүүгээд 16 цаг 05 минутанд хичээлийн танхим руу гадны эрэгтэй хүн ороод гарахдаа гадуур хувцсандаа нэг юм боогоод авч гарч байгаа нь бичигдсэн байсан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Камерийн бичлэгт бичигдсэн хүн нь манай төв болон оффист ажилладаггүй, огт харж байгаагүй гадны хүн байсан...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Д.Баясгалангийн /хх-ийн 52/: “...Би 2018 оны 01 сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЕSР” төвд жижүүрээр ажил хийж байгаа юм. Миний ажил ажлын өдрүүдэд орой 18 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл байдаг ба өдрийн цагаар ресепшн, мэдээллийн ажилтан Айнур гэдэг эмэгтэй үүдэнд суудаг юм. Тэгээд өнөөдөр намайг ээлж хүлээж авахаас өмнө 16 цагийн орчим “Касе” сургалтын төвийн өрөөнөөс зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Би хяналтын камерийн бичлэгт бичигдсэн зөөврийн компьютер хулгайлж авсан хүнийг харж байгаагүй. Манай байгууллагаар орж ирж байгаагүй, танихгүй гадны хүн байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлгээр,

 

            хохирогч Д.Чулууннавчийн хулгайд алдсан “Ленова” маркийн зөөврийн компюьтерийг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас 681.948 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 57/

 

Э.Сайханбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 13, 54, 65/: “2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Шинэ тэрэг плаза” руу бие засах гэж санаандгүй ортол 6 дугаар давхарт унадаг дугуй байхаар нь авч Цэцэрлэгт хүрээлэнд жоохон унаж байгаад “Нарантуул” зах дээр ирээд зарах гэж байтал дугуй засдаг нэг хүн харчихаад миний таньдаг хүний дугуй байна гээд цагдаад дуудлага өгсөн... “ЕSР” төврүү ороход үүдэнд нэг эгч сууж байсан. Тэгээд   4 дүгээр давхарт гараад нэг хичээлийн өрөө шиг өрөө байхаар нь ортол ширээн дээр зөөврийн компьютер байхаар нь аваад такси бариад “Сансар” орохдоо тэр ахыг энэ компюьтерийг ломбардад тавиад өгөөч гэхэд “би өөрөө авъя, манай оюутан дүүд хэрэг болоод байгаа юм” гэж хэлээд 50.000 төгрөгөөр зарсан. Машин нь “Приус-20” маркийн машин байсан бөгөөд улсын дугаарыг нь мэдэхгүй…” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдсанаа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн өсвөр насны шүүгдэгч Э.С нь 2 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Шинэ тэрэг плаза” төвийн 6 дугаар давхраас Б.Азбаярын эзэмшлийн “Фүжи” маркийн унадаг дугуйг хулгайлж 1.996.800 төгрөгийн,

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “ЕPS” төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Касе” япон хэлний сургалтын төвийн 02 тоот өрөөнөөс Д.Чулууннавчийн “Ленова” маркийн зөөврийн компюьтерийг хулгайлан авч 681.948 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр, шунахай сэдэлтээр авсан Э.Сийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдэн гарахад эцэг, эхийн үр, хүүхдэдээ тавих хараа хяналт сул, гэр бүл салалт нөлөөлсөн гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Э.С-ийн “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.С нь хар өнгийн “Fuji” маркийн унадаг дугуйг хохирогч Б.Азбаярт биет байдлаар буцаан өгсөн тул түүнд төлөх төлбөргүй болно.

 

Харин 14-18 хүртэлх насны шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцан арилгах үүрэгтэй тул мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 681.948 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Э.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Энхмаа нараас гаргуулж хохирогч Д.Чулууннавчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Э.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогт Э.С-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сийг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Энхмаа нараас нийт 681.948 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Чулууннавчид олгосугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Э.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Энхмаа нар нь хохирогч Б.Азбаярт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Э.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ