| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2235000680182 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 22.1.3., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
Д.Б, У.Г, М.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Л.Содбаяр, яллагдагч Д.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Өнөрбаяр /цахимаар/, Б.Лхагважав, яллагдагч У.Г-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, О.Мягмарсүрэн /цахимаар/, Л.Шинэн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.Б, У.Г, М.Ч нарт холбогдох, эрүүгийн 2235000680182 дугаартай, 9 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ЭХөдщЭлжинэдүирхздрилт ургийн овогт Д-ын Б,
Монгол Улсын иргэн, З ургийн овогт У-ын Г,
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт М-ын Ч.
1. Холбогдсон хэргийн агуулга:
Яллагдагч Д.Б нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан У.Г, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Ч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, У.Г-ийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Б” ХХК-д Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2017, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газраас дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/438 дугаартай захирамжаар 200 м.кв газрыг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/263 дугаартай захирамжаар 192 м.кв газрыг тус тус худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр,
мөн Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Увс аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/187 дугаар захирамжаар Н.П-д 700 м.кв, “Н” ХХК-д 860 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тус тус олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт;
- яллагдагч М.Ч нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Газрын удирдлагын хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Увс аймгийн Засаг дарга Д.Б, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Г нартай бүлэглэн У.Г-ийн үүсгэн байгуулсан түүний хамаарал бүхий “Б” ХХК-д Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2017, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/438 дугаартай захирамжаар 200 м.кв газрыг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/263 дугаартай захирамжаар 192 м.кв газрыг тус тус худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, “Б” ХХК-нд давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх гэмт хэрэгт;
- яллагдагч У.Г нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК-нд давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Засаг дарга Д.Б, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга М.Ч нарт хууль бусаар нөлөөлж Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2017, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/438 дугаартай захирамжаар 200 м.кв газрыг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/263 дугаартай захирамжаар 192 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, тус компанид давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Л.Содбаяр:
- Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар;
- М.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар;
- У.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: яллагдагч Д.Б, У.Г, М.Ч нарт холбогдох эрүүгийн 2235000680182 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Л.Содбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Дээрх шүүгчийн захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн “...Яллагдагч У.Г нь яллагдагч Д.Б, М.Ч нарыг ямар байдлаар хатгасан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хувийн хамаарал бүхий харилцаа, албан тушаалын хамаарал бүхий харилцааны хамаарлаараа нөлөөлсөн эсхүл хөлсөлж энэ гэмт хэргийг үйлдүүлсэн болохыг нотлох баримтаар тогтоох үүргээ мөрдөгч, прокурор зохих ёсоор биелүүлээгүй байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийн прокурорт буцааж шийдвэрлэв...” гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Д.Б нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамж /2-р хх-ийн 60-74 дэх тал/-аар Увс аймгийн Засаг даргаар томилогдож үүнээс 5 сарын дараа Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаал /5-р хх-ийн 218 дахь тал/- аар У.Г-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “...Тамгын газрын даргыг ... Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, ... Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн... Тамгын газрын... ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтаар Д.Б-тай зөвшилцсөний дагуу У.Г-ийг Засаг даргын ажлын албанд томилж, тэрээр аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2 дахь заалтад зааснаар “Засаг даргын ажлын алба” нь Аймгийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад Засаг даргад туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг тул Увс аймгийн Засаг дарга Д.Б, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын дарга У.Г нар нь захирах, захирагдах ёсны зарчимтай албан тушаалын хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Тэгэхээр шүүгчийн захирамжид заасан албан тушаалын хамаарал бүхий харилцаа эдгээр хүмүүст байгаа эсэх асуудал хэрэгт авагдсан баримтаар болон томилсон тушаалаар хангалттай тогтоогддог.
Түүнчлэн тэдгээрийн албан тушаалын харилцан хамаарлын талаар хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, гэрч У.Б, гэрч Л.Д нараас тодруулан мэдүүлэг авах боломжтой бөгөөд прокуророос тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан болно.
Иймд Д.Б, У.Г нар нь албан тушаалын хувьд харилцан хамааралтай эсэхийг тогтоолгохоор “Хэргийн прокурорт буцаах” шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлд хамаарахгүй байна.
Хоёр. Анхан шатны шүүхээс хэргийг буцаасан шүүгчийн захирамжид хэрэгт хийх мөрдөн шалгах ажиллагаа тодорхой тусгагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор тодорхойлж, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлд прокурорын зөвшөөрлөөр явуулах, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааг тодорхой тусгасан.
Анхан шатны шүүхээс ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх нь тодорхойгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрхэн шалгах шаардлагатай болох талаар үндэслэл бүрхэг, хэт ерөнхий, ойлгомжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан захирамжийг биелүүлэх боломжгүй байна. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын хууль тайлбарлах хэрэгцээ шаардлага хэсэгт “Ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх нь тодорхойгүй, үндэслэл бүрхэг ерөнхий ойлгомжгүй” байх нь хэргийн шийдвэрлэлт удаашрах, мухардах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт хангагдах баталгaa сулрах эрсдэлтэй талаар дурдаад авлигын гэмт хэргийн нотлох ажиллагаа, нотлогдвол зохих байдлын талаар стандарт шалгуурыг тогтоож өгсөн байна.
Прокурорын зүгээс үйлдсэн яллах дүгнэлтийн хувьд авлига, албан тушаалын хэрэг байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн онцлог нь нууц далд аргаар үйлдэгддэг, мөн нэр бүхий албан тушаалтан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотойгоор хөшигний ард явдаг гэмт хэрэг.
Тэгэхээр У.Г Засаг дарга руугаа ороод та надад туслаач гэж уулзсан, түүнийг нь харсан гэрч байсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад огт байхгүй. Өөрөөр хэлбэл авлигын гэмт хэргийн нотлох ажиллагааны стандарт тодорхой шалгуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийг тайлбарлахтай холбоотой Улсын дээд шүүхээс тайлбарласан.
Нотолгооны стандартын хувьд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжтой гэдэг байдлаар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Мөн анх иргэн С гэх хүнээс 2022 оны 01 сарын 05-ны өдөр, одоогоос 4 жилийн өмнө Авлигатай тэмцэх газар гомдол гаргаснаар хэрэг шалгагдаж эхэлсэн. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааг 3 жилийн хугацаанд явуулж, тодорхой ажиллагаануудыг хийсэн.
Прокурорын зүгээс мөрдөн шалгах байгууллагад нотолбол зохих байдлыг шалгуулахаар хэд хэдэн удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан тохиолдлууд байдаг, эдгээр нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нөхцөл байдал харагддаг.
Цаг хугацааны хувьд 2017 он, 2019 онд үйлдэгдсэн, хэрэг гарснаас хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагчаар татсан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийг цаашид шалгахад мухардалд хүргэх нөхцөл байдалд хүрч болзошгүй шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болохоор гарсан байна. Тухайн захирамжийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, хууль зүйн үндэслэлийг нь харж үзнэ үү гэж эсэргүүцлийнхээ 2 дахь үндэслэлийг тайлбарлаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар Увс аймгийн Засаг дарга Д.Ц-ийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжаар /5хх 53 дахь тал/ дахин Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Х” дэлгүүрийн дэргэд 180 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар нээлттэй дуудлага худалдааны зарчмаар газар эзэмших эрхийг олгохоор шийдвэрлэж, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь дуудлага худалдааг явуулсан.
Эхний дуудлага худалдаанд У.Г нарын 10 иргэн оролцож, ялагчаар нь иргэн Б 263,000,000 төгрөгөөр тухайн газрыг худалдан авахаар болсон ч дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулахаас татгалзсан үндэслэлээр хүчингүй болсон.
2 дахь дуудлага худалдаанд яллагдагчаар татагдсан У.Г-с 180 м.кв газрыг хамгийн өндөр 36,000,000 төгрөгийн үнэ хаяж, ялагчаар тодорч гэрээг байгуулсан боловч газрын үнийг төлөөгүй учраас тухайн газрыг түүний эзэмшилд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрснээр 2 удаагийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах шалгаруулалтын үйл ажиллагаа хүчингүй болсон.
У.Г нь албан тушаалтан болсны дараа 2017, 2019 онуудад дээрх газрыг өөрийн хамаарал бүхий буюу үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал, төрсөн ээж Л.Н-р дамжуулан Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “..газрын хэмжээ нэмэгдүүлэн олгоно уу..” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж, тухайн хүсэлтийг үндэслэн улс төрд нөлөө бүхий этгээд Д.Б, нийтийн албан тушаалтан М.Ч нараас “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж заасан бөгөөд хэдийгээр У.Г нь өөрөө биечлэн хүсэлт гаргаагүй боловч, гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан гэж үзэх үндэслэлтэй байна.
“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал, У.Г-ийн төрсөн эх Л.Н-ын хүсэлтийг үндэслэн улс төрд нөлөө бүхий албан тушаалтан Д.Б, газрын албаны холбогдох албан тушаалтан М.Ч нар нь Засаг даргын 2 удаагийн захирамжийг боловсруулж, хууль зөрчсөн захирамжууд гарах үндэслэлийг бүрдүүлсэн.
2005 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээнд Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Үүнийг шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаандаа ашиглаж болно гэдэг эрх хэмжээг тодорхойлсон.
Тэгэхээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд У.Г 2015 оноос хойш тухайн 180 м.кв газрыг авах санаа, зорилготой байсан болох нь тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан бөгөөд мөрдөгч нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчөөгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж үнэлж дүгнэн, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талууд мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, шаардлагатай гэрч, шинжээчийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 561 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.
...Өмгөөлөгч нарын хувьд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдаж, гаргаж байсан хүсэлтүүдээ дэлгэрүүлээд ярьлаа. Шүүгчийн захирамжид дурдсан хөөн хэлэлцэх хугацаа, У.Б-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт холбогдуулан прокурорын зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хангалттай тайлбарласан.
Прокурорын зүгээс эсэргүүцлээ дэмжиж оролцож байгаа учраас шүүгчийн захирамжийн хэмжээ хязгаараар эсэргүүцлийнхээ үндэслэлээ нэмж, өмгөөлөгч нарын гаргасан тайлбаруудтай холбоотой зарим зүйлд тайлбар дүгнэлтийг хэлье.
Нэгдүгээрт, шүүгчийн захирамжаас үзэхэд, У.Г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хэрхэн яаж хатгасан, буруутай эсэхэд шүүгч урьдчилсан дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй гэж заасан. Прокурорын зүгээс У.Г-ийг хатгасан гэдэг байдлаар оруулж ирсэн. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг нь гэм буруугийн хуралдаан биш учраас үнэхээр хатгасан эсэх, хатгасан бол ямар байдлаар хатгасан гэдэг асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанд ярилцаж, талуудын мэтгэлцээний үндсэнд шийдвэрлэх асуудал.
Өмгөөлөгч нарын зүгээс ярьж байгаа нотолбол зохих байдал нь зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хязгаарлагддаггүй. Шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээрээс тогтоохоор хуульчилсан. Магадгүй шүүх энэ эрх хэмжээгээ хэрэгт авагдсан баримт болон талуудын мэтгэлцээний үндсэнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд, гэм буруугийн асуудлыг шийдүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэнтэй холбоотойгоор мөрдөн шалгах зохих ажиллагаа хийгдсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй баримт цугларсан гэдэг байдлаар үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс нь шүүхийн шатанд үргэлжилж дуусдаг, прокурорын шатанд дуусна гэсэн зохицуулалт байхгүй. Шүүх үүнийг талуудын мэтгэлцээний үндсэнд эцэслэн шийдвэрлэнэ. Хэргийн бодит үнэнийг тогтох нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яригдах асуудал юм.
Ж.Өнөрбаяр өмгөөлөгч ярихдаа шүүгч ямар ажиллагаа хийхийг заах боломжгүй гэж байна. Шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах, хэргийг прокурорт буцаах ажиллагаанууд нь дандаа л шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа асуудал. Зөвхөн мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагаа хийнэ гэх зүйл байхгүй, шүүхэд эрх хэмжээ нь байдаг юм.
Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн тайлбарын 2.2 дахь хэсэгт тодорхой заасан хэсгээс эш татсан. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гаргасан тогтоол, үүнтэй холбоотой хууль хэрэглээний хувьд хэрэгжүүлэх талаас нь тайлбарлах зорилгоор эш татах бүрэн боломжтой.
Шүүхээс У.Г буруутай эсэх асуудалд урьдчилсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээд У.Г хатгасан, эсхүл хувийн болон ажил албан тушаалын байдлаараа хамаарал бүхий харилцаа нь тогтоогдохгүй, У.Г-ийн хатгах үйлдэл, оролцоогүйгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэх нөхцөл байдал тогтоогдвол цагаатгах эрх хэмжээ нь шүүхэд байгаа.
Гэтэл шүүхээс У.Г-ийн гэм буруу бүрэн тогтоогдоогүй байна, тогтоо гэдэг байдлаар хэргийг прокурорт буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шүүхээр гэм буруугаа шийдвэрлүүлэх гэж байгаа хүний хувьд хууль зүйн шаардлага нь болохгүй байна. Мөн шүүгчийн захирамжаар ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байгаа юм. Иймд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна” гэжээ.
5. Яллагдагч Д.Б-н өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 561 дугаартай нэмэлт ажиллагаа хийлгэх тухайн шүүгчийн захирамж гарсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан үйл ажиллагаануудыг хийгээгүй, мөрдөгч, прокурор үүргээ биелүүлээгүй гэх байдлаар хэргийг прокурорт буцаасан. Гэрч нарын мэдүүлгүүд эргэлзээ бүхий, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон.
Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч У.Г-ийг хатгагчаар ялласан байдаг. Албан тушаалын байдлаар эсхүл хувийн байдлаараа хэрхэн, яаж нөлөөлсөн нь хэрэгт тогтоогдоогүй учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүх прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй.
Прокурорын зүгээс, захирамжид хэргийг прокурорт буцаах үндэслэлээ тодорхой тогтоогоогүй, яг ямар ажиллагаа хийхийг нь заагаагүй гэдэг зүйлийг яриад байдаг.
Гэтэл энэ талаар шүүгч захирамждаа тусгасан байгаа. У.Г нь хэргийн холбогдогч болох Д.Б-д хэрхэн хатгаж нөлөөлсөн гэдгийг 3 янзаар тогтоохыг шаардсан захирамж гаргасан.
Үүнд хувийн хамаарал бүхий харилцаа байсан уу, албаны харилцаа байсан уу, эсхүл гуравдагч этгээд буюу өөр хүнээр дамжуулж нөлөөлсөн үү, хөлсөлсөн эсэх байдлыг тогтоолгохоор захирамжид заасан. Тодорхой ажиллагаа хийлгэхээр заасан гэж үзэж байгаа.
Тийм учраас анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 561 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6. Яллагдагч Д.Б-н өмгөөлөгч Ж.Өнөрбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон, буцаасан үндэслэл нь ойлгомжтой, тодорхой байгаа.
Прокурор ойлгож ядаад байгаа нь ойлгомжгүй байна. Прокурор эсэргүүцэлдээ ямар ажиллагааг, яаж хийлгэх нь ойлгомжгүй учраас шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй байна гэх тайлбарыг хэлж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч юу хийх, юу хийх ёсгүйг шүүх заах эрх хэмжээ хуулиар байхгүй. Харин прокурор даалгавар бичиж, мөрдөгчид тухайн нөхцөл байдлыг хэрхэн яаж тогтоох аргыг зааж өгдөг хуулийн зохицуулалт байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд болсон нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Тус хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тогтоох ёстой. Нотолбол зохих байдал дутуу хийсэн учраас шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, Прокурор эсэргүүцэлдээ Улсын дээд шүүхийн 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор хийсэн тайлбарыг дурдаж байна. Тус тайлбар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5-д заасан зохицуулалтыг албан ёсоор тайлбарласан болохоос авлигын эсрэг гэмт хэргийн нотолбол зохих байдлын талаар стандарт шалгуурыг тогтоогоогүй.
Тайлбарын үндэслэл хэсэгт хэд хэдэн судалгаа дурдсан байдаг. Бодит байдалд хэрэг яагаад удаашраад, буцаад байна вэ гэдгийг дурдсан албан ёсны тайлбарын агуулга байхгүй. Тийм учраас прокурор шалгуур, стандарт тогтоочихсон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Тус тайлбарын 2.5-д хоорондоо зөрүүтэй гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ авахгүйгээр шүүхэд шилжүүлэх нь хэргийг дахин шалгах хэмжээнд хүргэж байгаа нь прокурорт буцаах үндэслэл болдог гэдгийг тодорхой дурдсан.
Мөн тайлбарлах хэсгийн 1.15-д мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор тодорхой ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийнэ гэдгийг дурдсан. Зөрүүтэй байдлыг арилгахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь хэрэг прокурорт буцаах үндэслэл болдог гэдгийг тайлбарлаад байна.
Тиймээс шинжлэн судлах баримтын хүрээнд Б-ийн өгсөн зөрүүтэй мэдүүлэг болох эхлээд хүсэлт хүлээж авсан, хүсэлтэд үндэслэж захирамж гаргасан гэх мэдүүлэг өгснөө, 3 сарын дараа өгсөн мэдүүлэгтээ огт хүсэлт ирээгүй, манайх судалж үзээгүй байхад, бараг төслийг боловсруулаагүй байхад захирамж гарчихсан гэдэг тайлбар хэлдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад байгууллагын архивд үзлэг хийгээд, тухайн төслийг боловсруулсан хэсэгт хэн гарын үсэг зурсныг тогтооход Б өөрөө зурсан байсан. Энэ мэтчилэн зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байгаа учраас хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, нэмэлт ажиллагаа хийх нь зүйтэй.
Прокурорын дурдаж байгаа Улсын дээд шүүхийн тайлбарын 5.2-т хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг заалтыг тайлбарлахаас бусад асуудлаар шинжилгээ хийлгэж болно гэсэн. Гэтэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.6-д заасан хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалт, хэсгийг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно гэдэг хэм хэмжээний хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулаад байгаа.
Шинжлэн судлуулсан бүх шинжээчийн дүгнэлт нь хориглосон хэм хэмжээний хүрээнд хийсэн тайлбарууд байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-д заасан хэргийг буцаах үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болж хувирч байна.
Тухайн 2 үндэслэлийг анхан шатны шүүхийн явцын хэлэлцүүлэгт маш тодорхой хэлсэн. У.Г Д.Б-ыг хатгасан тухай асуудал биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулах хүрээнд хэргийг буцааж шийдвэрлэсэн гэж үзнэ.
Прокурор үндсэн эсэргүүцлийнхээ хүрээнд үндэслэл бүхий тайлбар хэлж чадсангүй, субьектив эмзэг тайлбар хэлж байна.
Шүүгчээр прокурорын даалгавар бичүүлэх ёстой юм шиг тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан үүргийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаагаа хийгээд, даалгавраа бичээд явчихвал хэрэг хурдан шийдэгдэхээр байгаа юм.
Эсэргүүцэл бичээд байвал харин ч хэрэг удааширч байгаа нөхцөл байдал байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү” гэв.
7. Яллагдагч У.Г-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 561 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж үндэслэлтэй гэх байр суурьтай байна.
... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар У.Г нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. У.Г-ийн ямар идэвхтэй үйлдэл, ажиллагааны улмаас тус захирамжууд гарах болсонд ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, нотлох баримт авагдаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт холбогдуулаад гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авсан. Дээрх газруудыг эзэмшүүлэх шийдвэр гаргах үйл ажиллагаанд У.Г-ийн зүгээс гуйсан, шаардсан, тулгасан зүйл байхгүй гэх тогтвортой мэдүүлгийг өгч ирсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байсныхаа төлөө өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож байдаг онцлогтой.
Үүнд У.Г-ийн ямар үйлдэл байна вэ. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар захирамж ойлгомжгүй, энэ 2 хүн нь захирах, захирагдах албан тушаалтай, нэг нь Засаг дарга, нөгөө нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн газрын дарга байсан. Засаг дарга болсных нь дараа томилогдсон, албан тушаалын хувьд удирдах, удирдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсоноор хатгагч гэж үзсэн.
Миний хувьд, албан тушаалтны хувьд нөлөөлсөн гэж үзэж яллаад байна уу, эсхүл хувийн хамаарал бүхий харилцааныхаа хувьд нөлөөлсөн гэж яллаад байна уу гэдэг байдлаар шүүгчийн захирамж гарсан гэж ойлгоод байгаа.
Албан тушаалын хувьд ямар хамааралтайг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоо гэдэг байдлаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа захирамж үндэслэлгүй гэж тайлбарлаад байгаатай санал нэгдэхгүй байна.
Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байх явцдаа албан тушаалтныхаа хувьд нөлөөлсөн гэж үзвэл субьектив шинжийн хувьд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын хуулиар хүлээсэн ямар чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, өөртөө ямар давуу байдал бий болгож авсан, бусдад давуу байдал бий болгох зорилтод үндэслэж ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүйг хөтөлбөргүй тогтоох ёстой байсан.
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал биш, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал юм. Гэмт хэргийн субьектив талын нөхцөл байдлыг нотолж тогтоох ёстой гэж шүүгчийн захирамж гарсан.
Шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамж гаргахдаа хэргийг удаашруулъя, мухардуулъя гэх хүсэл зорилгоор гаргасан гэж үзэхгүй байна. Хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байсан учраас захирамж гарсан гэж үзэж байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Яллагдагч У.Г-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Нэгдүгээрт, хувийн эсхүл албан тушаалын хувьд харилцаа хамаарал байгаа гэдгийг зөвшөөрөхгүй. Албан тушаалын хувьд харилцан хамааралтай гэдэгт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлогдон тогтоогдсон гэх үндэслэлийг дурдсан. Үүнд У.Г гэдэг хүн нийтийн албан тушаалтан мөн эсэхтэй маргаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспозицид байгаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашигласан, Д.Б, М.Ч гэх нийтийн албан тушаалтанд хууль бусаар яаж нөлөөлөөд “Б” ХХК-д ямар давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж тогтоогоогүй гэх үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан.
Энэ үндэслэлийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр буцаасан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцэлд дурдаж байгаа эхний үндэслэлийг үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч хэргийг тал бүрээс нь хянан шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн заалт байгаа. Шүүхийн захирамжид дурдсан гол үндэслэл нь прокурор, мөрдөгч үүргээ хэрэгжүүлээгүй буюу ямар ажиллагаа явуулаад, ямар нотлох баримтаар үүнийг тогтоосонд шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Тиймээс прокурорын гаргасан эхний үндэслэл нь үндэслэлгүй гэж үзлээ.
Хоёрдугаарт, хэрэгт хийх мөрдөн шалгах ажиллагаа тодорхой тусгагдаагүй, ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь тодорхойгүй гэх үндэслэл зааж прокурор эсэргүүцэл гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2.3-д заасан үндэслэлийг зааж байгаа.
Тус зохицуулалт нь шүүхээс гарч байгаа шийдвэрт тавигдах шаардлага, бүтэцтэй холбоотой зохицуулалт бөгөөд шүүхээс гарч байгаа эрхийн актын хувьд шүүх шийдвэр гаргаагүй, харин хэргийг прокурорт буцаасан захирамж гаргасан.
Эсрэгээрээ шүүгчийн захирамжийн үндэслэлд хатгасан гэх үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотолж тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэх үндэслэлийг зааж, буцаасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарахыг хүсье.
Гуравдугаарт, Эсэргүүцлийн 3 дахь үндэслэл нь хэргийн үйл баримт, прокуророос яллагдагч нарыг буруутгасан буруутгалын үндэслэлээ дурдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотолсон.
Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэх агуулгаар гомдол гаргасан. Энэ нь шүүгчийн захирамжийн дурдсан үндэслэлд хамаарахгүй гомдол гаргасан ба уг агуулгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан мөрдөгч, прокурор хэргийн талаар нотолбол зохих холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж, бүрэн дүүрэн нотлох үүргээ биелүүлээгүй гэх шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэл болохгүй учраас эдгээр үндэслэлүүдээр эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү.
Улсын яллагчаас эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарласан байдал, нэмэлт тайлбар дүгнэлтээр яллагдагч У.Г-ийг яллахаас татгалзаж байгаа агуулга бүхий тайлбарыг хэлээд байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарах ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан үндэслэлээр У.Г-т холбогдох асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой гэдэг тайлбар хэлээд байгаа нь У.Г-ийн хувьд прокурор яллахаас татгалзаж байгаа агуулга харагдаж байна.
- Прокурорын эсэргүүцэлд дурдагдаад байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг шүүгчийн захирамж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй байгаа учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9. Яллагдагч У.Г-ийн өмгөөлөгч Л.Шинэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Нэгдүгээрт, Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 15 тоот тогтоолыг дурдаад, мөрдөн шалгах ажиллагааг ингэж явуулна гэх стандарттай гэдэг байдлаар тайлбарлаж байна. Өмгөөлөгч нарын тайлбартай санал нэг байна.
Шүүгчийн захирамжид албан тушаалын хамаарал бүхий харилцааны хамаарлаар нөлөөлсөн, эсхүл хөлсөлж гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоох үүргээ мөрдөгч биелүүлээгүй гэж үзсэн.
Үүнийг тогтоох үүрэг нь шүүхэд бус шалгаж байгаа прокурор болон мөрдөгч нарт байдаг. Шүүх хуралдаан удаашраад байна, ийм байж болохгүй гэдэг агуулгаар нь Улсын дээд шүүх тайлбарласан болохоос зааж зааварчилж, шүүгчийн захирамжийн дагуу мөрдөгч, прокурор үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголт биш. Шүүх юу гэж үзнэ, түүний дагуу энэ асуудлыг шийдье гэдэг байдлаар хандаж болохгүй.
Хоёрдугаарт, хэрэг үйлдэж байгаа үйлдлийн үндсэн арга нь хэнд ч мэдэгдэхгүй, нууц байдлаар үйлдэгддэг учраас заавал шалгаж тогтоох боломж байдаггүй, төсөөллөөр хүнийг яллаж болохгүй гэх агуулгаар хэлж байна. Далд аргаар үйлддэг нь хэнд ч ойлгомжтой. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны журмаар илрүүлэх эрх хэмжээ нь прокурор, мөрдөгчид байгаа.
Ээж Л.Н-р буюу бусдаар дамжуулан хатгасан гэж байна. Тэгвэл яаж, хэзээ, хаана, ямар нөхцөл байдалд хатгасан гэдгийг яаж, хэн тогтоосон юм бэ?, үүнийг та нар хийх үүрэгтэй гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.7.1-т тодорхой заасан, илэрхий хуулийн зохицуулалтыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Анхан шатны шүүх үүнд зөв дүгнэлт хийсэн гэж бодож байна.
Миний бие О.Мягмарсүрэн өмгөөлөгчтэй хамтраад Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Тухайн хүсэлтэд шүүхээс дүгнэлт хийгээгүй.
Хүсэлтдээ, У.Г-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл байгаа учир хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн.
Энэ хэргийн үйлдэл нь 2016 оноос үргэлжлээд 2019 онд дуусгавар болсон, яллах дүгнэлтийн хамгийн сүүлчийн хуудсанд Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байсан.
Яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх, мөн яллагдагчийн ял хүндэрсэн буюу эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж болохгүй гэдэг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасан нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх гэхээр энэ үйлдэл нь 2019 оны 5 дугаар сарын 01-нд дуусгавар болсон.
Нэгэнт үргэлжилсэн үйлдэл нь төгсчихсөн байхад яагаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9-д заасныг баримтлаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр яллах үндэслэлтэй гэж үзээд байгаа юм бэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал байгаа гэдгийг дурдаад байгаагийн учир нь бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тус заалтыг зөрчүүлэхгүй гэдэг агуулгаар сонгож бичээд байна. Үүнийг бид анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Шүүх өөрөө хууль зөрчих асуудалд хүрч байна.
Тийм учраас прокурор хэргээ буцааж аваад мөрдөн шалгах ажиллагааны явцад эсвэл прокурорын шатанд эдгээр асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээч. Хууль болон хүний эрхийг зөрчих асуудлууд яригдаж байна. Өмнөх шатанд шүүгч үүнд дүгнэлт хийгээгүй орхичихсон хэдий ч энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хатгагч гэдгийг шалгаж үндэслэлийг нь тогтоогоогүй байна гэдэг агуулгаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаагаад шийдвэрлэсэн шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.
... Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно гээд тусдаа 3 субъектийн тухай асуудлыг ярьж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлоод, шалгаад ирсэн баримтад шүүх дүгнэлт хийнэ гэсэн үг.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад хэлэлцэх бололцоогүй гэж дүгнээд мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаагийн учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зохих ажил үүргээ гүйцэтгээгүй байна гэдгийг дүгнэж хэлээд байна.
Үүнийг хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэнд хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гээд заачихсан.
Тухайн мөрдөн шалгах үүрэг нь шүүхэд байгаа юм шиг байдлаар тайлбарлаад байж болохгүй, хууль зөрчих асуудал яригдана.
Үүнийгээ хэргийн материалд цугларсан нотлох баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдалд дүгнэлт хийх хууль зүйн боломж шүүгчид буюу шүүхэд байхгүй л гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хатгагч болон хөлслөх гэх үгийг тайлбарлаж байгаад, ямар байдлаар хөлслөөд байгааг нь тогтоогоогүй” гэв.
10. Яллагдагч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Надад гаргах тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.Б, М.Ч, У.Г нарт холбогдох, 2235000680182 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Л.Содбаяраас:
- яллагдагч Д.Б, У.Г, М.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх яллагдагч Д.Б-н өмгөөлөгч Ж.Өнөрбаяр, яллагдагч М.Ч-ын өмгөөлөгч Т.Уянга, яллагдагч У.Г-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Л.Шинэн нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон явуулж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.
4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4.1. Анхан шатны шүүх яллагдагч Д.Б, У.Г, М.Ч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх буюу “яллагдагч У.Г нь яллагдагч Д.Б, С.Ч нарыг ямар байдлаар хатгасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хувийн хамаарал бүхий харилцаа, албан тушаалын хамаарал бүхий харилцааны хамаарлаараа нөлөөлсөн эсхүл хөлсөлж энэ гэмт хэргийг үйлдүүлсэн болохыг нотлох баримтаар тогтоох үүргээ мөрдөгч, прокурор зохих ёсоор биелүүлээгүй байна. Энэ байдлыг эргэлзээгүйгээр тогтоосны үндсэн дээр яллах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа, яллагдагч У.Г-ийн үйлдэл, оролцоог бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэгт хэрхэн, яаж хамтран оролцсон болохыг нотлох баримтаар тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцээгүй байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлаар хязгаарлагдахаар хуульчилсан. Тодруулбал, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлаар оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх, мөн шүүхийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг явуулах тохиолдолд ч дээрх хуульд заасан асуудлын хүрээнд хэлэлцүүлэг явуулж, шийдвэр гаргахаар заасан.
Гэтэл шүүхээс яллагдагч Д.Б, У.Г, М.Ч нарт холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлаар шийдвэр гаргаагүй, харин зарим яллагдагчийн гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийж, тухайн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь мөн зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх тогтоох тул шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээс яллагдагчийн гэм буруугийн асуудлаар урьдчилан дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн хангаж шийдвэрлэлээ.
4.2. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллагдагч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгаж, үнэлж дүгнэх байдлаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Д.Б, У.Г, М.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ