| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2535001040195 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Д-ийн давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 2535001040195 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Ж-ийн Д.
1. Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ж.Д нь 2025 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Увс аймгийн Х сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, шороон гадаргуутай зам дээр өөрийн эзэмшлийн “Nissan tiida” загварын, Х улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Ш ургийн овогт Ж-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож,
- шүүгдэгч Ж.Д-г энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх, хохирол хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
- шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгчийн х дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлийн “Nissan Tiida” загварын, Х улсын дугаартай автомашины битүүмжлэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Х сумын иргэн Ж.Д миний бие Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолын ял оногдуулсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.
Би тухайн үед архи уугаагүй байсан бөгөөд санаандгүй байдлаар авто осол гаргаж эхнэрээ хүнд гэмтээсэн боловч одоо эхнэрийн бие сайжирч байгаа, миний бие эхнэрээ асран хамгаалж, эмнэлэг, сувилалд биеийг нь үзүүлж, эмчилгээнд авч явах шаардлагатай байгаа тул намайг болон миний амьдралыг харгалзан ялыг өөрчилж өгнө үү.
Эхнэр маань эмчилгээнд яваад ирсэн, удахгүй гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Би өөрийн биеэр хамт авч явах шаардлагатай байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, төхөөрөмж зүүж, зорчих эрхээ хязгаарлуулах нь миний ажил амьдралд нөлөөлөхөөр байна. Би З суманд багийн Засаг даргаар ажилладаг, хурал цуглаан, сургалтад их явдаг учир түүнд ч бас нөлөөлөл их үзүүлж, ажилгүй болох магадлалтай байна.
Намайг ажилгүй болчихвол манай гэр бүлийн амьдралд хүндрэл учирч, мөн эхнэрээ эмчилгээнд авч явах, 3, 5 настай 2 хүүхдээ асран хамгаалахад хэцүү болох учраас эдгээр нөхцөл байдлыг маань харгалзан үзээд надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэжээ.
5. Прокурор Э.Цэвээнгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Д-ээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан эрүүгийн хариуцлага үндэслэлгүй байна, тэнсэж өгнө үү гэдэг агуулгатай гомдол гаргажээ.
Прокурорын зүгээс шүүгдэгчээс гаргасан гомдол үндэслэлгүй байна, анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэж үзэж байна.
Тодруулбал, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Энэ гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь сонгох санкцтай буюу зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ялтай зүйл заалт.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан буюу тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас, энэ гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиггүй, хохирлоо нөхөн төлсөн байна гэдэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэн үзэж, хоёр эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг оногдуулсан.
Анхан шатны шүүхээс, зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа энэ хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор буюу 1-3 жил оногдуулахаар зааснаас хамгийн багаар нь буюу 1 жилийн хугацаагаар оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
6. Хохирогч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нөхөр намайг асран хамгаалах шаардлагатай байгаа.
Нөхрийг маань аваад явчихаар гэр бүлийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас тухайн нөхцөл байдлыг маань харгалзан үзэж, тэнсэж өгнө үү. Намайг асарч хамгаалах, эмнэлэгт авч явах хүн байхгүй, одоо би хөл дээрээ босоод явж байгаа” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ хэргийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй.
Хэрэг 6 дугаар сарын 06-ны өдөр гарсан, 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 3 сар гаруй хугацаанд өөрийнхөө биеийг болон эхнэрээ эмчлүүлэх ажилтай явсан.
Бид хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт санал хүсэлтээ гаргасан. Бид нарын хувьд, хорих ял оногдуулахгүйгээр тэнсээд өгөөч, тэгвэл эдгээр хүмүүсийн ар гэр, ахуй амьдрал, эхнэрийнх нь эрүүл мэнд болоод үр хүүхдүүдийнх нь хэвийн өсөж бойжих нөхцөл хөндөгдөхгүй гэдэг талаар санал гаргасан боловч прокурор тохиролцоогүй учраас хэрэг ердийн журмаар шүүхэд шилжиж ирсэн.
Хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар санал гаргаж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг хэрэглэх бүрэн боломжтой байхад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан.
Оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрхэн хангаж байна гэдэгт эргэлзээтэй байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, энэ хүн шүүхээр гэм буруутайд тооцогдоод ял шийтгэл авч байгаа нь цээрлүүлж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа.
Зөрчигдсөн эрх нь сэргэж, эхнэр нь гомдол, саналгүй, эмчилгээнд надтай хамт явах ёстой гэдгийг хэлж байхад эхнэрийнх нь санал зорилгыг харгалзаж үзэх ёстой. Хохирогчийн эмчилгээ, оношилгоотой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагад учирсан хохирол 7 сая гаруй төгрөгийг төлсөн.
Шүүгдэгчийн хувь хүнийх нь байдлыг харж үзэхэд, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, нутаг орондоо нэр хүнд бүхий багийн даргаар сонгогдсон залуу юм.
Энэ хүнийг цаашид санаатайгаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хувь хүн болж төлөвших зан төлөв бүрдсэн тул заавал хатуу чангаар цээрлүүлж байж засаж хүмүүжүүлж, нийгэмд аюулгүй болгоно гэх үндэслэлгүй. Анхнаасаа бүх байдлаа дурдаад ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Прокурорын хэлж байгаагаар заавал ял оногдуулж байж зорилго нь хангагдана гэж ойлгож болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоохоор бид бүгд Үндсэн хуулиа дагаж мөрдөж байгаа хүмүүс.
Тийм учраас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс давж заалдах шатны шүүх маань анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах гэсэн хэсэгт нь өөрчлөлт оруулж, ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой гэж харж байгаа учир тэнсэж өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ж.Д-д холбогдох, 2535001040195 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Ж.Д нь 2025 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Увс аймгийн Х сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, шороон гадаргуутай зам дээр “Nissan tiida” загварын, Х улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,
- зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-12 дугаар тал/,
- шүүгдэгч Ж.Д-ийн жолоодож явсан, Ниссан тида маркийн, Х улсын дугаартай суудлын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-17 дугаар тал/,
- хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө найз нөхдийн хамт хээр сууж байгаад нөхөр автомашинаа жолоодоод бид хоёр харихаар явсан. Нөхөр бид хоёр сумын төв рүү явж байгаад аавынх уруугаа очихоор болж, буцаж сумын төвийн дээд талын дэржгэнүүр ихтэй шороон замаар явж байхад гэнэт автомашины дугуй хагарч, автомашин өнхөрснөөс хойш юу болсныг санахгүй байна. Ослын улмаас миний биед гэмтэл учирсан тул эмчилгээ хийлгэсэн. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 сарын 19-ний өдрийн EГО525/1098 дугаар: “1. Ц.О-ийн биед аарцаг ясны баруун олон яс уулзах үе, умдагны симфизын үеэр салсан, зөрөөтэй, умдаг ясны баруун, зүүн дээд, доод салаа, ууцны S3-4 нугаламын түвшинд хөндлөн сэлтэрсэн зөрөөтэй, зүүн дунд чөмөгний дээд 1/3-н хөндлөн зөрөөтэй ил хугарал, зүүн гуяны том хэмжээний урагдсан шарх, давсагны урагдал, хэвлийн арын зайн цусан хураа, зөөлөн эдийн няцрал, шээсний гаралтай гялтантас, гэмтлийн шалтгаант умайн урагдал, амьгүй ураг /12 долоо хоног/, жирэмслэлт таслагдал, гадна бэлэг эрхтэн урагдсан, шарх, цус хуралт, цочмог их хэмжээний цус алдалт, цус алдалтын шок гэмтэл, умайг зүүн дайврын хамт бүрэн тайрч авах мэс засал /2025.06.06/, зүүн дунд чөмөгний ил хугарлыг гадна бэхлэгчээр бэхэлж, шарх угаах цэгцлэх мэс засал /2025.06.08/ тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18, 4.1.25, амь тэнссэн байдал байдал үүсгэсэн тул 4.3.3, үлдэц уршигт гэмтэл хамаарах тул 4.5.2, 4.5.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 155-160 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс сум руу алсын дуудлагад очсоны төлбөр 581,256 төгрөг, мөн эмнэлгийн эрчимт эмчилгээ үзүүлсний төлбөр 5,351,083 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 27,140 төгрөг, 06 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагад очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,937,520 төгрөг гээд нийт ослын улмаас хохирогчид эрүүл мэндийн даатгалын сангаас 7,896,999 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь лавлагаа хүснэгтээр тогтоогдож байх тул тухайн мөнгөн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан гэсэн нэртэй 100900020080 дансанд тушаалгаж даатгалд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
- гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Х сумын 03 дугаар багийн шар нурууны овоо тахилга болсон. Уг тахилга дээр би өөрийн биеэр очсон. Овооны тахилга 15 цагийн үед тарсан бөгөөд тус орой нь цэнгээнт бүжгийн арга хэмжээ болсон боловч би очоогүй. 06 дугаар сарын 06-ны шөнө, орон нутгийн цагаар 03 цаг 09 минутад Ж.Д нь өөрийн х гэсэн дугаараас миний дугаарт залгаж, “даргаа эхнэр бид хоёр автомашинтай явж байгаад уначихлаа, амь авраач” гэж их тэвдсэн байдалтай яриад тасалсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл лавлаж асууж чадаагүй. Тэгээд би жолооч болон эмнэлэг рүү залгаж энэ талаар хэлж мэдэгдсэн. Түүний дараа дахин 03 цаг 16 минутад Ж.Д нь залгаад “даргаа амь авраач” гэж хэлэхээр нь хаана байгаа талаар асуухад “аавын гэр лүү явах замд байна” гэж хэлсэн. Уг хүний ярианы байдлаас бол бие нь тааруу, өөр бусад зүйл ярих боломжгүй байх шиг байсан, би дахин эмнэлэг рүү залгаж байгаа газрыг нь зааж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
- гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 06 дугаар сарын 05-ны орой нөхөр н.И болон мөн нэг ангийн найзууд болох Б.Н, Д.О, н.Б, С.Д бид Х сумын Соёлын төвд болж байгаа бүжигт оролцож байхдаа Ж.Д, Ц.О хоёртой 23 цагийн үед таарсан. Бүжиг 00 цаг өнгөрсний дараа тараад манай автомашинтай Б.Н, Д.О, н.Б, С.Д бид нар хамт, харин Ж.Д, Ц.О хоёр автомашинтайгаа хамт тус тус гараад сумын төвийн ойролцоо газарт юм ярьж суунгаа Сэрүүн нэртэй 2.5 литрийн 2 пиво хувааж уусан. Анх соёлын төвд байхад бол бид нар хоорондоо пиво хувааж уусан. Бид нар бөөндөө 02 цаг хүртэл хоёр пиво хувааж ууж дууссаны дараа С.Д өөрөө согтуурсан байдалтай ирээд хамт сууж байхдаа Ц.О-тай бид нараас зайдуу очиж ярилцаж байгаад маргалдсан. Мөн тэр үед пиво дууссан учраас Ж.Д нь “манай эхнэр жоохон согтоод хүнтэй маргалдаад байгаа учраас түрүүлээд явлаа” гэж хэлээд өөрөө автомашинаа бариад явсан. Бид нар тухайн газартаа сууж үлдээд араас нь харж байхад Ж.Д нь сумын төв руу орж байгаад буцаж эргээд аавынхаа гэрийг чиглээд явж харагдсан. Түүнээс хойш 30 орчим минутын дараа Ж.Д нь Б.Н-ын утас руу залгаад “бид хоёр явж байгаад автомашинтай онхолдчихлоо, ирж авраач” гэж хэлсэн. Тэр үед бид нар Д.О, С.Д хоёрыг буулгаад Ж.Д-г аавынхаа гэр рүү явж байсныг харсан учраас явсан замаар нь яваад очиход автомашин явж байсан чиглэлээ өөрчилж буцаж эргэж хараад хажуу талаараа унасан байдалтай байсан. Бид нарыг автомашинаас буухад Ж.Д нь автомашины хажуу хэсэгт хөл нь дарагдсан байдалтай, харин Ц.О нь зам дээр дээш хараад цус алдсан байдалтай хэвтэж байсан. Очоод юу болсон талаар асуухад Ц.О нь “миний хоёр хөл даагдахгүй байна, хөл өргөөд өг” гэж хэлсэн, эмнэлгийн дугаар хэлж өгсөн. Тэр үед н.Б, н.И, Б.Н гурав Ж.Д-г татаж гаргахын тулд автомашиныг өргөж, түлхэж байсан. Гэвч автомашин нь дийлдэхгүй байсан учраас Ц.О-г автомашинд суулгаад сумын эмнэлэгт хүргэхээр явсан. Харин би Ж.Д-ийн дэргэж үлдэж юу болсон талаар асуухад “найз нь алдаа гаргачихлаа, автомашинаа жоохон мушгисан чинь уначихлаа” гэж хэлсэн. Ярилцаж байтал сумын төвөөс нөгөө гурав болон эмнэлгийн автомашинтай хүмүүс ирээд автомашиныг нь өргөж босгоод Ж.Д-г сумын төв рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,
- гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Д нь 02 цаг өнгөрч байхад над руу залгаад “би автомашинаа унагаачихлаа, надыг хурдан ирж аваарай” гэж хэлээд тасалсан. Хамт явсан хүмүүс Ж.Д-г аавынхаа гэр лүү явдаг замаар явсан гэдгийг харсан учраас уг замаар очиход автомашин нь баруунд талаараа хажуулдаж унасан, Ж.Д-ийн хөл дарагдсан байсан. Харин Ц.О замын гол хэсэгт дээш хараад цус алдсан байдалтай байхаар нь эхлээд Ж.Д-г автомашин доороос татаж гаргасан. Ц.О-г автомашины суудал дээр хэвтүүлж авч явахын тулд ганцааранг нь авч яваад сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Миний хувьд эмнэлгээс шууд харьж амарсан тул түүнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,
- шүүгдэгч Ж.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...суманд овоо тахилга болсон орой бүжиг болоход эхнэрийн хамт оччихоод үргэлжлүүлэн найз нөхдийн хамт хөдөө гарч пиво ууцгаасан. Тэгэхдээ би пиво уугаагүй. Тухайн газарт эхнэр хүмүүстэй маргаан үүсгээд байхаар нь эхнэрийг аваад харихаар автомашинаа жолоодоод түрүүлж явсан. Тэр үед эхнэр “ааваас асууж ярилцах үг байна, аавынд очмоор байна” гээд байхаар нь буцаад аавынх уруу явсан. Тухайн шөнө саргүй, харанхуй байсан бөгөөд дэржгэнүүртэй зам дээр 60 орчим км цагийн хурдтай, замын ховил гаргаад явж байхад жолоочийн эсрэг талын урд хойд дугуй гэнэт хагарч, зогсоож чадаагүй байхад автомашин өнхрөөд унасан. Нэг мэдэхэд би автомашинд дарагдсан байдалтай, харин эхнэр автомашины цаад талд надад харагдахгүй байсан. Биеийн байдлыг нь асуухад уйлаад дуу нь сулраад байсан. Би автомашинаас гарах гэсэн боловч чадаагүй тул утсаараа тусламж дуудаж удалгүй хамт сууж байсан найзууд ирж тусалсан. Түүнээс хойш одоог хүртэл эхнэр эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед шороон замын ховил буруу гаргаж мушгих үед дугуй хагарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 235 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Д-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т: “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, автомашинд хамт явсан Ц.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
6. Шүүгдэгч Ж.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Ц.О-ийн биед хүнд хохирол учирч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 7,896,999 төгрөгийн зардал гарсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт Увс аймгийн эрүүл мэндийн даатгалын сан /хууль ёсны төлөөлөгч Увс аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Б.Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн нь хэргийн баримтаар нотлогдсон, хохирогч Ц.О нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй, мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэргийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
7. Шүүгдэгч Ж.Д-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...эхнэр Ц.О нь хүнд гэмтэл авсны улмаас цаашид асран хамгаалж, эмчлүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
7.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.
7.2. Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т оногдуулахаар заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, ялын хэмжээг тухайн зүйл, хэсэгт заасан доод хэмжээгээр буюу нэг жилийн хугацаагаар тогтоож, оршин суудаг Х сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож тус тус шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, үндэслэл бүхий байна.
7.3. Шүүгдэгчийн давж заалдах гомдол, тайлбарт дурдсан шалтгаанаар ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
Хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас эмчилгээ, оношилгоо хийлгэсэн нь тогтоогдсон ба хохирогч цаашид гадаад улс уруу явж эмчилгээ, оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй. Түүнчлэн шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан, миний бие багийн засаг даргаар ажилладаг бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлснээр уг ажлаа хийх боломжгүй болно гэх тайлбар, үндэслэл нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН