Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Д.Мөнхтогоо;

хохирогч: Б.Энхээ;

шүүгдэгч: С.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С холбогдох эрүүгийн 1809022640612 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1951 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжны 412А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, КГ51021211 регистерийн дугаартай, Ордос овогт С.С.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.С нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-412А гэрийнхээ гадна төрсөн эгч С.Чулуунцэцэгийн хүүхдүүд болох Б.Энхээ, Б.Энхцэцэг нартай хашаан дотор тээврийн хэрэгсэл чирж эзэмшилд халдсан хэмээн маргалдаж, улмаар гартаа барьж байсан хүрзээрээ Б.Энхээг цохиж  эрүүл мэндэд нь зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун шуу, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджзэ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй, прокуророос яллаж байгааг зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхээ мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 6 буудалд байх Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-412 тоот хашаанд ногооны талбайд ажлаа хийж байсан. Манайх Сэр-Одын хашаатай зэргэлдээ байдаг юм. Манай дүү Мишээлт “хашаанд 2 машин явж байна” гэсэн. Мишээлтийг “очиж үзээд ир” гэж хэлээд явуулсан юм. Гэтэл С эхнэр хүүхдүүдийн хамт Мишээлт рүү чулуу шидээд хөөж байсан. Би өмнөөс нь очиж “яагаад хүүхэд хөөж айлгаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл над руу уурлаж хашгичаад янз бүрийн үгээр доромжилсон. Сэр-Од миний зүүн гар руу хүрзээр цохисон, мөн чулуу шидэж оносон. Их гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Энхээ /хх-ийн 15-19/, гэрч С.Чулуунцэцэг /хх-ийн 20-21/, Б.Энхцэцэг /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, С.С-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №5957 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, С.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-41, 46-50/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-412 тоот хашаанд Б.Энхээ, С.С нарын хүмүүс “мод, ногоо тарих гэж байгаа талбайд автомашин орууллаа” гэсэн шалтгаанаас өөр хоорондоо хэрэлдэж маргалдан улмаар С.С нь өөрийн нагац дүү Б.Энхээг хүрзээр цохиж хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Энхээгийн /хх-ийн 15-19/: “... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-412 тоот хашаанд модны тарилт хийж байтал манай дүү Мишээлт “хашаанд 2 машин явж байна” гэсэн. Мишээлтийг “очиж үзээд ир” гэж хэлээд явуулсан юм. Мишээлтийн араас харсан чинь манай нагац ах С, эхнэр Хорлоо, охин Булган, ач охин нарын хамтаар Мишээлтийг гартаа хүрз барьж чулуу шидээд хөөж байсан. Би өмнөөс нь очиж “яагаад хүүхэд хөөж айлгаад байгаа юм бэ” гэж хэлсэн…Би дүү нараа ардаа оруулаад нагау ахтайгаа хэрэлдэж маргалдсан. Гэтэл тэрээр гартаа барьж байсан хүрзээрээ миний зүүн гарын шуунд цохисон…Мөн чулуу шидэж миний баруун гуянд 2-3 газар онож хөх няц болгосон…” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Чулуунцэцэгийн /хх-ийн 20-21/: “...Сэр-Од бид 2 нэг эцэг, эхээс төрсөн ах, дүүс юм. Тэрээр миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү Сэр-Од маш муухай ааштай, яагаад юунаас болоод биднийг болон намайг элдвээр хэлж, хэл үгээр доромжлоод байдгийг мэдэхгүй юм… Манай хашаанд 2 машин нэгийгээ чирээд орж ирэхээр нь манай зээ хүү Мишээлт очиж уулзсан чинь зээ хүүг маань С эхнэр Хорлоогийн хамтаар зодож цохих гэж хөөж туусан байсан. Тэгээд Энхээ дүүгээ, Энхцэцэг хүүгээ хамгаалж С-той маргалдсан…Энхээ ёолоод байсан, юу болсон талаар асуухад “С хүрзээр цохисон” гэж байсан. Тэр үед С гартаа хүрз бариад зогсож байсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Энхцэцэгийн /хх-ийн 22-23/: “…2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байх хашаанд маань 2 машин нэгийгээ чирээд орж ирсэн. Миний хүү Мишээлт очиж уулзахаар явсан. Төд удалгүй хүүг маань С, эхнэр Хорлоо, охин нар нь хөөгөөд явж байсан…Энэ үед эгч Энхээ маань гарч С уулзаж улмаар маргалдсан…Тухайн үед С гартаа барьж байсан хүрзээрээ Энхээгийн шуунд цохиж гэмтээсэн…”  гэх мэдүүлгээр,

С.С-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38-39/: “…Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хашааны газар өмчлөн амьдардаг юм. Манай хажуу талд миний төрсөн эгч Чулуунцэцэг нь нэлээд том газарт мод, жимс тарьдаг юм. 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай хүргэн хашаандаа машин байрлуулах гээд багтаж эргэхгүй болохоор нь Чулуунцэцэг эгчийн хашаагаар дамжиж машинаа эргүүлээд буцаагаад хашаандаа оруулсан. Манай эгч бид 2-ын хашаа голоороо хаалт байхгүй задгай байдаг юм…Тэгээд бидэн дээр ирээд “та нар манай хашаанд зөвшөөрөлгүй машин оруулж чирлээ” гэж хэрүүл маргаан эхлүүлсэн. Манай эгчийн охин Энхээ биднийг хэл үгээр загнаад байсан. Энэ үед би хог цэвэрлээд хүрз бариад явж байсан. Энхээ гар утас бариад бичлэг хийгээд байхаар нь гартаа барьж байсан хүрзээр гар утсыг нь цохиж унагаах гээд цохитол хүрзний ажлын хэсгийн ар талын хумбагар хэсгээр Энхээгийн цээжинд цохисон. Тухайн үед би их уурлаж, тэдэнд гомдсон байсан учраас өөрөөр цохиж зодсон талаараа санахгүй байна…” гэх мэдүүлгээр,

С.С-ын буруутай үйлдлийн улмаас Б.Энхээгийн биед “зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун шуу, баруун гуяны цус хуралт” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №5957 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийг зодсон болохыг хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороон, Хандгайтын 35 дугаар гудамжны 412 тоот хашаанд шүүгдэгч С.С нь урьдны хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй хэрүүл маргааны улмаас Б.Энхээг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

             

              “Мод, ногоо тарих гэж байгаа талбайд автомашин орууллаа, хүүхэд айлгаж хөөсөн” хэмээн уурлаж бухимдсан хохирогчийг зодож, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн С.С-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.С-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Энхээ “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ордос овогт С.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ