Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 

 

А.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

     прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, А.Ж-т холбогдох, 2535000000200 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт А-ын Ж.

    1. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Ж нь 2025 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр баг, 30-03 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хохирогч А.Б-ийн өмчлөлийн “iphone 14 pro” загварын гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

         2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгч А.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

     3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолоор:

       - шүүгдэгч Т ургийн овогт А-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил хорих ялаар шийтгэж,

     -  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

     - шүүгдэгч А.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

      - шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

       - хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг CD дискийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ.

     4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “А.Ж-т мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч болон мөрдөгч нар нь гэм буруугаа хүлээсэн нь зөв, ийм тохиолдолд хорих ял авахгүйгээр хэргээ шийдүүлэх боломжтой гэж тайлбарлаж ойлгуулсан. Тиймээс А.Ж нь би хорих ял авахгүйгээр хэргээ  шийдүүлэх боломжтой гэж итгэж, иргэн А.Б-ийн гэрээс гар утсыг нь хулгайлж авсан гэж мэдүүлэг өгсөн, мөн тухайн эрүүгийн хэргийг зүйлчилсэн зүйл, хэсгийн үр дагаврыг ойлгоогүйгээс, гэмт хэрэг үйлдээгүй атлаа гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгч эрх зүйн байдлаа дордуулж, хорих ялаар шийтгүүлсэн.

      Иймээс мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийлгээгүй гэж үзэж дахин мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоолгуулах, өөр этгээдийн үйлдсэн гэмт хэргийн өмнөөс ял шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байгаа.

   Хэргийн холбогдогч А.Ж нь тухайн гэмт хэрэг гарсан гэх өдөр гар утас хулгайлж авсан гэж гүтгүүлж хохирогчийн нөхрөөр зодуулсан тул энэ талаар шалгуулахын тулд өөрийн найз Б.М-ын х дугаартай утаснаас Цагдаагийн газарт өөрөө гэмт хэргийн талаарх дуудлага өгөхөд хохирогчийн нөхөр гэх залуу эндээ учраа олъё гээд хулгайд алдсан гэх утсаа өөрийн хашаан дотроо хайгаад олсон байдаг.

     Тухайн утсыг А.Ж нь хулгайлж аваагүй боловч хөгжлийн бэрхшээлтэй ээж аав, дүү нараа асран хамгаалж тэжээж тэтгэдэг бөгөөд хэргээ хүлээвэл бага хариуцлага хүлээнэ гэдэг ойлголтыг өгсөн тул үйлдээгүй хэргээ хүлээн зөвшөөрсөн нь үр дагавар хүнд туссан.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэгт нотолбол зохих байдлуудыг хуульчилсан ба хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг заавал тогтоохоор хуульчлан тогтоосон байна.

      Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Би энэ хэрэгт эхнээсээ оролцоогүй, давж заалдах шатны шүүхийн үе шатнаас намайг өмгөөлөгчөөр авсан. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах болсон шалтгаан нь хууль зүйн мэдлэггүй, мөн төлбөрийн чадваргүй гэх байдлаас шалтгаалж, улсын өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч байсан.

      Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчтэйгөө уулзахад, “чи тухайн хэрэгт өөрийн гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрч оролцсон тохиолдолд чиний гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж, оногдуулах ял нь хөнгөрнө” гэх байдлаар тайлбарласан байдаг ба А.Ж тухайн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл надад хорихоос өөр төрлийн буюу торгох гэх мэт ял оногдуулах юм байна гэх ойлголтыг авсан талаар ярьдаг.

      Хоёрдугаарт, Мөрдөгчийн зүгээс үнэн зөв мэдүүлэг өгч, хэргээ хүлээвэл хэрэг чинь шуурхай шийдэгдэнэ гэж танилцуулсан гэдэг.

     Гэтэл анхан шатны шүүхээр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Мөн улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадвартай гэдэг байдлаар хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан. Учир нь А.Ж-ийн ээж аав нь хоёулаа төрөлхийн хэлний бэрхшээлтэй, юм ярьдаггүй. А.Ж айлын том хүүхэд бөгөөд 3 дүүтэй, ээж аавдаа гүүр болж тухайн хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ болон ажилд нь зуучилж, гэр бүлээ тэжээж явдаг ганц гишүүн нь юм.

      Анхан шатны шүүхээс, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээсэн, ар гэр амьдралынх нь нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

   А.Ж ялаа эдлэх хугацаандаа давж заалдах боломжтой, ийм хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ухамсарлаагүй, тухайн гэмт хэргийг асуудлаа хурдан шийдүүлнэ гэдэг үүднээс хүлээсэн нь буруу юм байна гэдэг байдлаар надад хандсан.

    Хэргийн нөхцөл байдалтай танилцаад би “зүйлчлэл өөрчлөх боломжгүй юм байна” гэхэд, “эрхээ эдэлж, гомдол гаргаж асуудлаа шийдүүлмээр байна, ээж, аав маань хүнд нөхцөлд байгаа” гэдэг зүйлийг яриад давж заалдах гомдол гаргасан.

    Өмгөөлөгчийн зүгээс “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулна, хэргийг чинь цагаатгуулна” гэдэг байр суурьтай энэ хэрэгт ороогүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай. А.Ж өөрөө ч гэсэн энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа.

    Энэ хэрэгт нэг эргэлзээ бүхий зүйл харагдаад байдаг. Тухайн үед А.Ж найзынхаа гэрт очоод, архи согтууруулах ундааны зүйл буюу пиво уусан. Тухайн айлд амьдардаггүй учраас гараад хашаанд нь ороод бие засчхаад эргээд орохдоо айлаа андуураад өөр айлд орчихсон байсан.

      Гэтэл тухайн айлын хүмүүс гарч ирээд “ гар утас алга боллоо, чи манай утсыг хулгайлчихлаа” гээд түүнийг зодоод, утсаа алга болгосон хохирогч, аав, нөхрийн хамт хашаан дотор гар утсаа хайгаад олж авсан байдаг.

      Түүний найз болох Б.М-ыг гэрчээр асуухдаа, таны утсаар цагдаад  дуудлага өгсөн үү, ийм процесс болсон уу гэдгийг асуухгүйгээр миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар асуусан байдаг.

    Тэгэхээр тухайн утсыг хулгайлаагүй, хуулийг буруу тайлбарласан, нөхцөл байдлыг тогтоохоор холбогдох ажиллагаануудыг хийхгүйгээр шууд хэргийг хүлээлгээд явчихсан нь процессын алдаа болсон ба энэ нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.  

       Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.

        6. Шүүгдэгч А.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэг гардаг орой би найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэгээд гэр лүүгээ харих гэтэл манай найз “чи согтуу харьж хэрэггүй, ээж чинь мэдчихвэл уурлана, манайд очоод хоночих” гэж хэлэхээр нь найзындаа очоод унтах гээд хэвтэж байтал дотор муухайраад гарч бие засаад буцаад орохоор явахдаа нөгөө айлын хашаа руу нь орчихсон байсан.

      Гэтэл нэг хүн гэрэл барьж гарч ирээд миний хойноос “хулгайч” гэж орилж хөөгөөд, тэр айлын хүү нь намайг барьж аваад зогсож байтал аав нь хүрч ирээд үгийн зөрүүгүй “чи яагаад манай хашаанд явж байдаг юм, хулгайч минь” гэж хэлээд  шууд цохиод эхлэхэд хүү нь салгасан.

     Би “та яагаад байгаа юм бэ” гэхэд аав нь “чи муу хулгайч манай малаас авах гэж ирсэн үү, танайхан удмаараа хулгайч гэдгийг чинь мэднэ” гэж хараал хэлсэн.  

      Тэр үед манай найз гэрээсээ гарч ирсэн, тэгээд  би найзынхаа утсаар шөнийн 2 цагийн үед цагдаагийн газарт  дуудлага өгөхдөө “утас хулгайлсан хэрэгт гүтгүүлж дарамтлуулаад байна” гэхэд “дуудлагыг бүртгэж авлаа, удахгүй яваад” очно гэж хэлсэн.

      Цагдааг хүлээх зуур аав нь охинтойгоо нийлж над руу дайраад, модоор чичиж, цохиод байсан. 3 цагийн үед цагдаа руу ахин залгахад “удахгүй очно” гэж хэлэхэд тэр залуу нь “чи цагдаа дуудаж яах гээд байгаа юм, чамд л гай болно, зүгээр утас гаргаж ирээд өгчих” гэж хэлэхээр нь би “гар утсыг аваагүй, цагдаа нь ирээд шүүх байлгүй” гэж хэлсэн. Цагдаа ирэх үеэр аав охин 2 нь “хашааны буланд булчихсан байсан байна гээд гар утсаа олоод ирсэн.

       Цагдаагийн газарт ирээд надаас байцаалт авч байсан, цагдаа нь “чи хэргээ хүлээсэн нь дээр, яагаад худлаа хэлээд байгаа юм, чи өмнө хэрэгт холбогдож байсан, би чамайг авсан гэдгийг чинь мэдэж байна” гэж гүтгээд байсан.

      Би тухайн үед нь тайлбар, мэдүүлэг өгөхгүй байж байтал дэслэгч н.Мягмаржав гэх хүнд байцаалт өгөөд 10 хоногийн дараа улсын өмгөөлөгч М.Мөнхөө гэх хүнийг өмгөөлөгчөөр өгсөн.

     Тухайн үед ээжийгээ ажилд оруулж ажлыг нь зааж өгч байсан, цагдаа дахин дахин дуудаж байцаалт авч байсан. М.Мөнхөө надад “чи хэргээ хүлээсэн нь дээр, чамаас өөр тийшээ орсон хүн байхгүй, чамд тэр хүмүүс гомдол гаргаагүй учраас хэргээ хялбаршуулсан байдлаар шийдсэн нь дээр” гэх зүйлийг ярьсан.

     Цагдаа ч надад хорих ял оногдуулах талаар тайлбарлаагүй, мөнгөн торгууль оногдуулах байх гэж тайлбарлаж байсан. Тухайн үед би ээжийгээ шинэ ажилд оруулсан, хаяж явж болохгүй, захирал нь уурлаад байсан учраас хэргээ хурдан шийдвэрлэхийн тулд “гар утас авсан” гэж байцаагчтайгаа нийлж мэдүүлгээ найруулж бичээд шүүх рүү шилжиж, шүүх хуралд орсон.

     Гэрчээр мэдүүлэг өгөхөд ямар ч хамааралгүй ээж нь мэдүүлэг өгсөн. Намайг барьсан аав нь гэрчээр мэдүүлэг өгөөгүй, цагдаа ирэхэд гарч ирж уулзаагүй. Хүү нь надаас “чи цагдаад манай аавын талаар гомдол гаргах уу” гэхэд нь би “болсон явдлын талаар ярина” гээ хэлсэн. Хохирогч А.Б ч мэдүүлэг өгөөгүй.

      Тэр хүмүүс хулгайд алдсан гэх утсаа 3 цагийн турш хайхдаа “чи найзынхаа нойлд аваачаад хийсэн байна, чи өөр хүнд дамжуулаад явуулчихсан байна, энэ тойрогт байршил нь заахгүй байна” гэх мэтээр хэлж байгаад цагдаа нар төв замаас бууж ирж байх үед аав охин 2 хашааны булангаас “чиний давах гэж байсан хашааны газарт булсан байсныг олж ирлээ” гээд аваад ирсэн” гэв.

     7. Прокурор Э.Цэвээнгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... А.Ж хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 30-3 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хохирогч А.Б-ийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч хохирогчид 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон.

     Тухайн үед шүүгдэгч А.Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд үйл явдал шөнийн 12-02 цагийн хооронд болсон байдаг.

      Шүүгдэгч А.Ж яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээн зөвшөөрч “Энэ гэмт хэргийг би үйлдсэн, цаг хугацаа, гар утас асаалттай байсныг нь мэдсэн, орж авсан, аваад гараад зугтаахад хохирогчийн эцэг мэдээд араас хөөгөөд зугтсан газраар явж гар утсыг газарт булсан байсныг нь олж тогтоосон” гэж мэдүүлсэн.

       Үүнд хэргийн газрын үзлэг, гар утсанд үзлэг хийгдсэн. Тухайн үед гэрт байсан болон шүүгдэгчийг хөөж олж авсан эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авсан ба хэргийн үйл баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан яллагдагч А.Ж-ийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтдээ ч дурдсан, шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгохдоо ч дурдсан байдаг.

   Тухайн мэдүүлгийг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан. Яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зурж мэдүүлэг өгсөн.

    Прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татахдаа ямар хэрэгт яллагдаж байгаа, хэрэв гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтойг мөрдөгчид даалгаж, тогтоолд дурдаад 17 дугаар бүлэгт заасныг тайлбарлаж, гэмт хэргээ хүлээн зөвшөөрвөл ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлаж өгөхийг тогтоох хэсэгт дурдсан. Шүүгдэгч үүнийг буруугаар тайлбарлаад байх шиг байна.

      Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг улсын өмгөөлөгч өмгөөлж байсан боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэнээр А.Ж-т улсын өмгөөлөгч туслалцаа үзүүлэх боломжгүй болж энэ хэргээс татгалзан гарсан.

      Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эсэхийг асуухад “өмгөөлөгч авахгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж шүүгч болон улсын яллагчийн асуултуудад хариулдаг. Өөрийнхөө эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шинжлэн судалж шүүх хуралдаанд орсон.

     Анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг тогтоож, А.Ж-ийг хулгайлах гэмт хэргийг бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан гэх үндэслэл байхгүй, эдгээр нотлох баримтууд хангалттай хүрэлцээтэй байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн.

    Мөн шүүгдэгч А.Ж-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хулгайлсан гар утсыг хүлээлгэн өгч, хохирогчийг гомдолгүй болгосон байдал, хохирлыг төлсөн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж, хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг үндэслэн, А.Ж-т холбогдох, 2535000000200 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр  хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

       2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ж-ийг 2025 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр баг, 30-03 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хохирогч А.Б-ийн эзэмшлийн “iphone 14 pro” загварын гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

      3. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргажээ.

     4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  хорих ялыг  хөнгөрүүлэн оногдуулж болохоор зохицуулсан.                         

      Анхан шатны шүүхээс, шүүгдэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  гэх урьдач нөхцөл хангагдсан, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жил хорих ялын хоёрны нэгээс бага буюу нэг жил хорих ял оногдуулсан байна.

      Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд: “А.Ж-т мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч болон мөрдөгч нар нь гэм буруугаа хүлээсэн нь зөв, энэ тохиолдолд хорих ял авахгүйгээр хэргээ шийдүүлэх боломжтой гэж тайлбарлаж ойлгуулсны улмаас тэрээр “би хорих ял авахгүйгээр хэргээ  шийдүүлэх боломжтой” гэж итгэж, иргэн А.Б-ийн гэрээс гар утсыг нь хулгайлж авсан гэж мэдүүлэг өгсөн, мөн тухайн эрүүгийн хэргийг зүйлчилсэн зүйл, хэсгийн үр дагаврыг ойлгоогүйгээс, гэмт хэрэг үйлдээгүй атлаа гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгч эрх зүйн байдлаа дордуулж, хорих ялаар шийтгүүлсэн.

       Иймээс мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэж, дахин мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоолгуулах, өөр этгээдийн үйлдсэн гэмт хэргийн өмнөөс ял шийтгэл хүлээсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоогоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргаж,              давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ дэмжиж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах санал гаргаж  оролцсон.

       Түүнчлэн, шүүгдэгч А.Ж нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “гар утас хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдач нөхцөл хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

          Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх/-ийг хэрэглэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах зохицуулалтын суурь үндэслэл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх урьтач нөхцөл бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэгт: 1. Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг хамааруулж үздэг. Энэ нөхцөл, шаардлага хангагдаагүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.         

      4.2. Шүүгдэгч А.Ж урьд нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, уг ялаа эдэлж байхдаа дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, тодруулбал, шүүгдэгчид ял оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмыг хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхисон байна.

     5. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

      6. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй учраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх  агуулгатай давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     7. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                ШҮҮГЧ                             М.НЯМБАЯР

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АЛТАН