Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2018/00718

 

Ө.Гэрэлт, Г.Дашзэвэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25ы өдрийн 181/ШШ2018/00254 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Гэрэлт, Г.Дашзэвэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Капитрон банк” ХХК, “Мфикскапитал” ХХК-д тус тус холбогдох,

Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууц, автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Гэрэлтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянга

Нэхэмжлэгч Г.Дашзэвэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хоролдулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Гэрэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банк ХХК нь “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа 44 А, Б, В, Г байрны зоорийн давхрын автозогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “Капитрон банк” ХХК нь захиалагч Ө.Гэрэлтийн хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэний эд хөрөнгийг мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна. Ө.Гэрэлт нь 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Мфикскапитап ХХК-тай автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоны 44Б байрны зоорийн давхрын 126 тоот автозогсоолыг захиалан, гэрээний үүргээ биелүүлж,, төлбөрийг бүрэн төлсөн болно. “Мфикскапитал” ХХК-иас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Мфикскапитал” ХХК нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0590 дугаар шийдвэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх автозогсоолын өмчлөгчөөр Ө.Гэрэлтийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгасан болно. “Мфикскапитал” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж, иргэний хөрөнгө оруулалтаар бий болсон автозогсоолыг захиалагчийн нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг 2010 оны 05 сард өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ө.Гэрэлтийн өмчлөлийн автозогсоолыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна. Харин “Капитрон банк” ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т ...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэгэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд “Мфикскапитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44в дугаар байрны зоорийн давхарт байрлах, 126 тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Г.Дашзэвэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Дашзэвэг нь 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Мфикскапитал” ХХК-тай 126 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр цогцолборын 44Б байрны 3 тоотод байрлах 148.4 м.кв, 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхрын 103 тоот автозогсоолын хамт захиалан бариулж, захиалгат ажлын төлбөр 141.018 ам.долларыг 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулснаар 2009 оны 12 дугаар сараас эхлэн байрандаа амьдарч эхэлсэн байдаг. Ингээд “Мфикскапитал” ХХК-иас орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Г.Дашзэвэгийн зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж, орон сууц болон автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Мфикскапитал” ХХК хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 647 дугаар захирамжаар иргэн Г.Дашзэвэгийг орон сууц бол автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон билээ. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 407 тоот шийдвэрээр орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр Г.Дашзэвэгийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, шийдвэрлэсэн болно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Дашзэвэгийн орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013634 дугаарт бүртгэж, 000436082 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, автозогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013894 дугаарт бүртгэж, 000436083 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгосон байдаг. Хариуцагч “Мфикскапитал” ХХК Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, талуудын байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний 4.9-д заасныг тус тус зөрчиж, орон сууц болон автозогсоолыг захиалагч Г.Дашзэвэгийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийн оронд түүнд огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар “Капитрон банк” ХХК болон Си Эм Эс Эл ХХК-ийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-тай Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулан, гэрээний Хавсралт-44Б дүгээр байр хэсгийн 3 дахь заалтаар 44Б байрны 3 тоот орон сууцыг барьцаалсан байдаг. Мөн хариуцагч “Мфикскапитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, уг гэрээний хавсралтаар 44А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхрын 205 ширхэг автозогсоолыг барьцаалсны дотор Г.Дашзэвэгийн өмчлөлийн 103 тоот автозогсоол орсон байна. Дээрх үйлдлээрээ “Мфикскапитал” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн тухай гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчжээ. Харин “Капитрон банк” ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4 дэх хэсэгт ...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд “Мфикскапитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44Б дугаар байрны 3 тоот 148.4 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Г.Дашзэвэгийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “Мфикскапитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44Б дугаар байрны иргэн Г.Дашзэвэгийн өмчлөлийн 103 тоот автозогсоолд холбогдох хэсгийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, иргэн Г.Дашзэвэгийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

ХариуцагчМфикскапитал” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нараас тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч “Мфикскапитал” ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Г.Дашзэвэг нь 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай компанитай 126 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 3 тоот 148.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоолын хамт, Ө.Гэрэлт нь 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын 126 тоот зогсоолыг захиалан бариулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог бүрэн төлсөн. Нэгэнт тухайн орон сууц, автозогсоол нь иргэн Г.Дашзэвэг, Ө.Гэрэлт нарын өмч хөрөнгөөр бий болсон тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 647 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 3 тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр Г.Дашзэвэгийг тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Г.Дашзэвэгийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаартай захирамжаар Ө.Гэрэлтийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44в байрны зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Гэрэлтийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нар шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “Мфикскапитал” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “Капитрон банк” ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15.0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27.0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. “Мфикскапитал” ХХК нь Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “Капитрон банк” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн байдаг. Үүний дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 103 тоот зогсоол, 44в байрны 126 тоот зогсоол, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 3 тоот орон сууцыг Капитрон банкны шаардлагаар нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. “Капитрон банк” ХХК нь зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн орон сууц, автозогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 09 дүгээр сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд нэхэмжлэгч нар нь төлбөрийг төлж дуусгасан учир гэрээний дагуу 2009 оны 12 дугаар сараас эхлэн орон сууцандаа амьдарч, зогсоолоо ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлж байсан. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч “Капитрон банк” ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитрон банк” ХХК нь Мфикскапитал” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн Мфикскапитал ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш, 3 өрөө орон сууц, гараашийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон Мфикскапитал ХХК-ийн бараа материалын үлдэгдэл зэрэг болно. Капитрон банк” ХХК нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай 16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,Мфикскапитал” ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, түүнчлэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Мфикскапитал компанийн өмчлөлд 44А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А, Б, В, Г дүгээр байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А, Б, В, Г 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. Капитрон банкны “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Капитрон банкны хувьд Т07/208, Т07/141 тоот Барьцааны гэрээнүүдийг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийг Мфикскапитал” ХХК нь Капитрон банк” ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нарын маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр “Мфикскапитал” ХХК 2007 оны 8 сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсарганагэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээг хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. Капитрон банк” ХХК нь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 3 тоот орон сууц болон 103, 126 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь Мфикскапитал компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн Мфикскапитал компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт бусад баримтад тус барилгын захиалагчаар Мфикскапитал” ХХК, гүйцэтгэгч компаниар Вилмар” ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “Мфикскапитал” ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Харин Г.Дашзэвэг нь Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 647 тоот захирамжаар тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр, Ө.Гэрэлт нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаартай захирамжаар автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад “Мфикскапитал” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 3 тоот орон сууц болон 103, 126 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг “Мфикскапитал” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч нар нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44А, Б, В, Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн орон сууц, автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан “Мфикскапитал” ХХК болон “Капитрон банк” ХХК нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1-д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44в байрны зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44б байрны зоорийн давхарт байрлах 103 тоот автозогсоолыг барьцаалсан хэсэг, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1-д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44б байрны 3 тоот хаягт байрлах орон барьцаалсан хэсгүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ө.Гэрэлтээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 334 285 төгрөг, нэхэмжлэгч Г.Дашзэвэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1 911 581 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мфикскапитал” ХХК, “Капитрон банк” ХХК нараас 334 285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гэрэлтэд, 1 911 581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дашзэвэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах гомдолдоо:

Шүүхийн зүгээс гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хамгийн гол нөхцөл нь ажлын үр дүн байдаг ба үүнээс гадна ажлын төсөв, ажил гүйцэтгүүлж буй этгээдийн хүсэл зоригийг тайлбарлах замаар тодорхойлдог. "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний нөхцөлийг үзэхэд нэгдүгээрт захиалагч нь байрны хийц, дизайныг өөрийн хүсэл зоригийн үүднээс захиалаагүй, харин Мфикскапитал” ХХК-ийн барих барилгаас худалдан авах зорилгоор урьдчилан захиалж буй үйлдэл, хоёрдугаарт нийт автозогсоол, орон сууцнууд нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох бус тодорхой төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажил гүйцэтгэх материалын үнийг шаардаж хөлсийг тогтоох үйл ажиллагаа байдаг бол орон сууц захиалагчтай худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд нэг м.кв үнийг тодорхой зааж хөрөнгийн үнийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон зүйлийн үнийг гүйцэтгэгч тал тодорхойлж тусгасан байна. Дээрх нөхцлөөс дүгнэн үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна.

Нэхэмжлэгч Ө.Гэрэлт нь 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Авто машины зогсоол худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу олж авсан гэх 44А, Б, В, Г байрны 126 тоот авто зогсоол, Г.Дашзэвэг нь 2008 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу олж авсан гэх 44А, Б, В, Г байрны 103 тоот авто зогсоолын асуудлаар маргасан. Гэтэл 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Мфикскапитал" ХХК-тай нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулж байх үед уг автозогсоолын барилга нь 55 хувийн гүйцэтгэлтэй баригдсан ба байсан бөгөөд уг хувиар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан, автозогсоол нь биет байдлын хувьд бэлэн болсон байснаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахаас илүүтэйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байна.

Дээрх гэрээний харилцааг буруу тодорхойлсны улмаас шүүх өмчлөгчийг тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүсэх зохицуулалт нь үл хөдлөх херөнгөтэй огт холбоогүй зохицуулалт бөгөөд харин лизинг бүхий харилцаанд зориулагдсан зохицуулалт юм. Иймээс тус зохицуулалтыг емчлөх эрх тусгай зохицуулалтаар үүсдэг Үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд хэрэглэж байгаа нь буруу байна.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж зааснаар үүсэх тусгай зохицуулалттай. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир энэ харилцаанд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалт хэрэглэгдэх учиргүй.

Иргэн Ө.Гэрэлт болон Г.Дашзэвэг нарын тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гэрээний дагуу үнийг төлснөөр бус харин өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж гарсан огнооноос өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. Тухайлбал, иргэн Ө.Гэрэлт нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1494 тоот захирамжаар, харин Г.Дашзэвэг нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 647 тоот захирамжаар тус тус өмчлөгчөөр тогтоогдсон учир уг үеэс өмчлөх эрхийн асуудал яригдаж эхлэх учиртай байна.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь 2015, 2016 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул Капитрон банкны зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Шүүх Капитрон банкны хувьд зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл болсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч “Мфикскапитал” ХХК-ийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн бол “Капитрон банк” ХХК-ийг хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн тухай дүгнэлт хийгээгүй атлаа зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн хэлцэл болсон гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Гэрэлт, Г.Дашзэвэг нар нь хариуцагч “Мфикскапитал” ХХК, “Капитрон банк” ХХК-д тус тус холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээнээс өөрт холбогдох хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “Мфикскапитал” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “Капитрон банк” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Мфикскапитал” ХХК, нэхэмжлэгч Г.Дашзэвэг нар 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах 126 тоот гэрээг байгуулж, ажил гүйцэтгэгч тал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Blue sky” хотхоны 44В байрны 3 тоот орон сууцыг 2008 оны 4 дүгээр улиралд барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч Г.Дашзэвэг 141 018 ам.долларыг шилжүүлэхээр харилцан тохиролцож, төлбөрийг 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч Ө.Гэрэлт нь хариуцагч “Мфикскапитал” ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Blue sky” хотхоны 44АБВГ байрны зоорийн давхрын 126 тоот зогсоолыг 9 000 ам.доллароор захиалан бариулахаар тохиролцож, төлбөрийг 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон байна. /I-хх 24-29, II-хх 15, 16/

 Нэхэмжлэгч Г.Дашзэвэг, Ө.Гэрэлт нар нь тухайн хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч “Мфикскапитал” ХХК-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 647 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1494 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /I-хх 30, II-хх 18/

Анхан шатны шүүх, талууд шилжүүлж байгаа “эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэх агуулга бүхий Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн бусад зүйл, заалтуудтай холболгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч “Мфикскапитал” ХХК нь маргааны зүйл болох Зайсан 44 дүгээр байрны авто зогсоолын зориулалттай тус бүр нь 18 м.кв талбай бүхий 103, 126 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй, Зайсан 44Б байрны 3 тоот 148.4 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууц, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 00098085, 000103629, 000107205 дугаарын гэрчилгээ авсан нь хэрэгт баримтаар авагджээ. /I-хх 109, 110, II-хх 43/ 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитал банк” ХХК-тай тус компани Т07/141 дугаартай, Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлд тухайн хаягт байрлах 1-205 дугаарын авто зогсоол, 1-22 дугаарын орон сууцнуудыг нэг бүрчлэн зааж барьцаалсан ба үүнд 103, 126 дугаар зогсоол, 3 дугаар орон сууц хамрагдсан байна. /I-хх 11-23/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь барьцаалж байгаа эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бодитоор шалгах үүрэгтэй байдаг. Барьцааны гэрээ байгуулах үед тухайн барилга байгууламжийг улсын комисс хүлээн аваагүй байсан. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга ашиглалтад оруулах улсын комисс №01/01/2011 тоот актаар хүлээн авсан байна. /I-хх 195-196/ Гэтэл ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд тодорхой этгээдийн эзэмшилд байгаа эсэхийг барьцаалагч тал шалгах үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох талаар зохицуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг олж авч буй хариуцагч “Капитрон банк” ХХК нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Энэ агуулгаар үзвэл хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн хувьд 2010 оны 05 дугаар сард эрх бүхий байгууллагад хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн “Мфикскапитал” ХХК-тай барьцааны гэрээг байгуулах эрхтэй тул нэхэмжлэгчээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих тухай зохицуулалт нь улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн дээрх заалтыг үгүйсгэхгүй. Харин өмчлөх эрх шилжихтэй холбоотой үр дагавар, эрсдэл шилжихтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх улсын бүртгэл үнэн зөв гэж үзэх зарчмыг үгүйсгэх агуулгаар тайлбарласан нь буруу болжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч “Капитрон банк” ХХК нь “Мфикскапитал” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Blue sky” хотхоны 44Б байрны 3 тоот 148.4 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууц, 103, 126 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлд үндэслэн барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Капитрон банк” ХХК, “Мфикскапитал” ХХК нарт холбогдох, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Ө.Гэрэлт, Г.Дашзэвэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул “Капитрон банк” ХХК, “Мфикскапитал” ХХК нарт холбогдох, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Ө.Гэрэлт, Г.Дашзэвэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 245 866 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН