Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/105

 

2026           01            22                                                                               2026/ДШМ/105

 

А.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн  

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2587 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.А-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2305 02268 0783 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И- овогт А-ын А-, ..........,

урьд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 803 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 284 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, /РД: А-/.

 

Шүүгдэгч А.А- нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А- зочид буудалд хохирогч Б.Т-ын Realme 8 pro загварын А72 загварын гар утас, монетан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар өөрийн эзэмшилд авч, бусдад 2,985,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2024 оны 8 дугаар сарын 18-аас 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Т- тоотод иргэн А.Н-ийн гэрт хүүхдийг нь харж байхдаа, түүний өмчлөлийн Айфоне 15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хууль бусаар хулгайлан авч, түүнд 4,200,000 төгрөгийн буюу хохирол учруулсан,

 

мөн 2023 оны 5 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С- бааранд хохирогч Г.О-ийн гээсэн Samsung загварын А72 загварын гар утсыг авч , улмаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч хэрэглэн завшиж 510,000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Г.О-ийн гээсэн Samsung загварын А72 загварын гар утсаараа кибер орчинд хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд И-Монголиагаар нэвтэрч,

"Тус финтек" санхүүгийн байгууллагаас 300,000 төгрөгийн зээл гаргуулан бусдын эзэмшлийн дансаар авч, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны О- дугаартай данснаас 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 8,195,000төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Баянгол дүүргийн прокурорын газар: А.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч И- овогт А-ын А-г "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эдэлж дуусмагц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гийн цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гаас хохиролд 3,995,000 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо О- тоотод оршин суух хаягтай Б- овогт Г-ын О- /РД: Г-/-д 1,010,000 төгрөгийг, хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Арцат апартмент Г- тоотод оршин суух Б- овогт Б-гийн Т- /РД:Б-/-д 2,985,000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна. Хууль зүйн туслалцааны төвөөс улсын өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Миний бие өрх толгойлсон ганц бие эх бөгөөд 13 насны охинтойгоо хамт амьдардаг. Охиныг минь харж хандах хүн байхгүй, хохирлоо төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлын агуулга нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх гомдлыг гаргасан. Хууль зүйн талаасаа үйлдсэн хэргүүд нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй буюу хөнгөн гэмт хэргүүд байгаа. Нэг хохирлыг нь тухайн үед өөрөө хариуцаад арилгасан. Ломбардад тавьсан утсаа өөрөө очиж төлбөрийг төлж, хүлээлгэж өгсөн. Сая шүүх хуралдаан дээр 2.450.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн. Улмаар төлөх хохирлоос 1.545.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Нийт төлөх төлбөр нь 3.995.000 төгрөг байсан. Шүүгдэгч гомдлын үндэслэл дээрээ шүүгдэгч нь “...13 настай хүүхэдтэй. Асран хамгаалагчгүй байгаа. Мөн 3 өнчин дүү нарын амьдардаг. 3 өнчин дүү нар дээр нь 13 настай өсвөр насны охин нь үлдсэн...”  талаар ярьж байна. Шүүгдэгчийн охин ЕБС-ийн 8Б ангид сурдаг гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Мөн өрх толгойлсон эх, өсвөр насны охин хүүхдэдээ санаа зовж байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж байна. Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлэл нь хохирлоо нөхөн төлж байгаа байдлаар гэмшил нь харагдаж байгаа гэж бодож байна. Тухайн үйлдсэн гэмт хэргүүдийн хувьд сонгох санкцтай тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн өндрөөр оногдуулах боломжтой. Шүүгдэгч нь өөрөө уламжлалтын бариа засалч мэргэжилтэй. Ажил төрлөө эрхлээд, эрүүгийн хариуцлагаа хүлээгээд, үр хүүхдээ асран хамгаалаад явах бүрэн боломжтой гэж харж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.А-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

1. Шүүгдэгч А.А- нь: 1. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А- зочид буудалд хохирогч Б.Т-ын Realme 8 pro загварын А72 загварын гар утас, монетан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар өөрийн эзэмшилд авч, бусдад 2,985,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 55/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 57-59/,

- хохирогч Б.Т-ын: “...А-тай буудалд уулзсан. Буудалд пиво уугаад унтсан. Шөнө 01 цагийн үед сэрэхэд хүзүүнд байсан монетан гинж, Realme 8 pro загварын гар утас байхгүй байсан. А- аваад явсан байсан...” /2хх 63/,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: “...Realme 8 pro загварын гар утас 600.000 төгрөг, монетан гинж 2.385.000 төгрөг...” /2хх 69-71/,

- шүүгдэгч А.А-гийн: “...Т-ын хүзүүнд байсан монетан гинж болон гар утсыг хулгайлж аваад буудлаас гарсан. Гинжийг урт цагаанд 1.280.000 төгрөгөөр зарсан...” /2хх 76-77/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

2. 2024 оны 8 дугаар сарын 18-аас 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Т- тоотод иргэн А.Н-ийн гэрт хүүхдийг нь харж байхдаа, түүний өмчлөлийн Айфоне 15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хууль бусаар хулгайлан авч, түүнд 4,200,000 төгрөгийн буюу хохирол учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 120/,

- хохирогч А.Н-ийн: “...2024 оны 8 дугаар сарын 18-нд найз Заяаг хүүхэд харуулахаар дуудаж, тухайн өдөртөө хоносон. Би 19-ний өглөө iphone 15загварын гар утсаа хайтал олдоогүй, Заяа бас гэрт байхгүй байсан. Мөн нөхрийн өмдний халаасанд байсан 120.000 төгрөг байхгүй байсан. Камер шүүхэд Заяа шөнийн 01 цаг 30 минутын орчим гараад явж байсан.../1хх 124-125/, ...А-гаас гар утсаа буцааж авсан...” /1хх 127/,

- “Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: “...IPhone 15 pro max загварын гар утас 4.200.000 төгрөг...” /1хх 153-155/,

- шүүгдэгч А.А-гийн: “...найз Н-ийн гар утсыг аваад ломбардад 2.000.000 төгрөгөөр тавьсан. Н-д гар утсыг нь буцааж өгсөн...” /1хх 144, 165-166/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

3. 2023 оны 5 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С- бааранд хохирогч Г.О-ийн Samsung загварын А72 загварын гар утсыг авч, кибер орчинд хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд И-Монголиагаар нэвтэрч,

"Тус финтек" санхүүгийн байгууллагаас 300,000 төгрөгийн зээл гаргуулан бусдын эзэмшлийн дансаар авч, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны О- дугаартай данснаас 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 8,195,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 19/

- Г.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга ...2023 оны 5 дугаар сарын 21-нд Б- тоот данс руу 200.000 төгрөг, Б- тоот данс руу 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.../1хх 21/,

- хохирогч Г.О-ийн: “...2023 оны 5 дугаар сарын 21-ны 13 цаг 13 минутын үед миний гар утсыг ашиглан Emongolia-аар нэвтрэн “Тусфинтек” гэх санхүүгийн байгууллагаас 300.000  төгрөгийн зээл авч, миний хаан банкны О- дугаартай данснаас 200.000 төгрөгийг авч нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан...” /1хх 25-26/,

- гэрч О.Б-ийн: “...2023 оны 5 дугаар сарын 21-нд 1.260.000 төгрөгийг эгч хүнсний зүйл болон хэрэгтэй зүйлээ аваарай гэж шилжүүлж байсан санагдаж байна. А- эгч 12 настай охин хүүхэдтэй...” /1хх 28/,

- CD компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 36-39/,

- О.Б-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 43/,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: “...Samsung A72 загварын гар утас 500.000 төгрөг, гар утас кэйс 10.000 төгрөг ...” /1хх 69-74/,

- шүүгдэгч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн утасны интернэт банкаар нэвтэрч 200.000 төгрөгийг дүү О.Б-ийн данс руу шилжүүлсэн. Мөн гар утсанд нь “Тус финнанс” аппилкейшн татан 300.000 төгрөгийн зээл авч покер тоглож дуусгасан. Тухайн гар утас Samsung загварын гар утас байсан...” /1хх 31-32, 96-97/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж байна.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.А-г a/ "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, b/ "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, c/ "Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Хэрэгт Г.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга ...2023 оны 5 дугаар сарын 21-нд Б- тоот данс руу 200.000 төгрөг, Б- тоот данс руу 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.../1хх 21/, хохирогч Г.О-ийн...би бааранд гар утсаа алга болгосон бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 21-ны 13 цаг 13 минутын үед миний гар утсыг ашиглан Emongolia-аар нэвтрэн “Тусфинтек” гэх санхүүгийн байгууллагаас 300.000  төгрөгийн зээл авч, миний хаан банкны О- дугаартай данснаас 200.000 төгрөгийг авч нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан.../1хх 25-26/, гэрч О.Б-ийн...2023 оны 5 дугаар сарын 21-нд 1.260.000 төгрөгийг эгч хүнсний зүйл болон хэрэгтэй зүйлээ аваарай гэж шилжүүлж байсан санагдаж байна. А- эгч 12 настай охин хүүхэдтэй.../1хх 28/, CD компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 36-39/, О.Б-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 43/, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: “...Samsung A72 загварын гар утас 500.000 төгрөг, гар утас кэйс 10.000 төгрөг ...” /1хх 69-74/,  шүүгдэгч А.А-гийн...би тухайн утасны интернэт банкаар нэвтэрч 200.000 төгрөгийг дүү О.Б-ийн данс руу шилжүүлсэн. Мөн гар утсанд нь “Тус финнанс” аппилкейшн татан 300.000 төгрөгийн зээл авч покер тоглож дуусгасан. Тухайн гар утас Samsung загварын гар утас байсан...” /1хх 31-32, 96-97/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Эдгээр нотлох баримтыг харьцуулан дүгнэн үзвэл шүүдэгч А.А-гийн дээрх үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө /гар утас/-ийг шунахайн сэдэлтээр өөрийн өмчлөлд авах буюу зарцуулж завшсан үйлдэл бус харин бусдын гар утсыг хувийн ашиг олох шунахайн сэдэлтээр нууцаар авч, гар утсанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хохирогчийн дансанд байх 200.000 төгрөг, улмаар “Тус финнанс” аппилкейшн татан 300.000 төгрөгийн зээл авч тус тус покер тоглож дуусгаж байгаа идэхтэй үйлдэл хийсэн байна. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А- нь бусдын гар утсыг нууцаар авч халаасандаа хийж байгаа үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн сэтгэхүйн үйлдэл гаргасан байх тул уг үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхгүй юм.

Харин шүүгдэгч А.А-гийн хохирогч А.Н-, Б.Т- нарын өмчлөлийн гар утас болон монетан гинжийг тус тус нууцаар авсан үйлдлийг “хулгайлах" гэмт хэргийн, хохирогч Г.О-ийн гар утсанд зөвшөөрөлгүйгээр хандаж  мэдээллийн систем мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн үйлдлийг “кибер орчинд хууль бусаар халдсан” гэмт хэргийн, улмаар хохирогчийн данс дахь 200.000 төгрөг болон аппилкейшнээс 300.000 төгрөгийн зээл авч покер тоглосон үйлдлийг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх ба энэхүү үйлдэл нь прокуророос шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд багтаж байгааг дурдах нь зүйтэй байна гэж үзэв.  

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.А-гийн холбогдсон "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Шүүгдэгч А.А-гаас “...хохирол барагдуулсан тул хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Энэ зарчим нь Эрүүгийн хууль шударга хэрэгжих, шүүгдэгчид оногдуулж буй ял түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байхын бодит илэрхийлэл юм.

Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, алагчлан үзэлгүйгээр, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулна.

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзан үздэг учиртай.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч А.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 4 дэх заалтыг хоёр удаа буюу 4, 4 гэж дугаарласныг болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа буюу MN 590090100900005406 дугаар дансанд Г.О-т 310.000 төгрөг, 700.000 төгрөг, Б.Т-т 740.000 төгрөг, 700.000 төгрөгийг буюу нийт 2.450.000 төгрөгийг тус тус байршуулсан болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.А-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2587 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

                 прокуророос “шүүгдэгч А.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

            1 дэх заалтын “...Шүүгдэгч И- овогт А-ын А-г "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэсэн хэсгийг “...Шүүгдэгч И- овогт А-ын А-г "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,

            2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж...” гэж,

            4, 4 гэж давхардуулан дугаарласны эхний 4 дэх заалт буюу “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эдэлж дуусмагц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг хүчингүй,

            5 дахь заалт буюу “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэснийг хүчингүй болгосугай.

            2. Шүүгдэгч А.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа буюу MN 590090100900005406 дугаар дансанд Г.О-т 310.000 төгрөг, 700.000 төгрөг, Б.Т-т 740.000 төгрөг, 700.000 төгрөгийг тус тус шилжүүлэн байршуулсан болохыг дурдсугай.

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                      П.ГАНДОЛГОР

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА