| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 607 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж;
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг;
шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг;
гэрч Б.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.Э-т холбогдох эрүүгийн 1809000000132 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хэвлэх үйлдвэр ажиллуулдаг байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, СЖ81111216 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Х.Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Х.Э нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны подволд иргэн В.Өнөрбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг онц харгис хэрцгийгээр буюу толгой, хүзүү, хэвлий, сүүж, эгэм, хөлийн гуяны хэсэгт хэвлэлийн машины бул төмөр болон гар, хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн чамархайн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд няцрал, баруун талд 4, 7, 8, 9, зүүн талд 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, духанд цус хуралт, хуйханд шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, оочинд зулгаралт, зүүн эгэм, өвчүүнд зулгаралт, цээжинд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун мөр, баруун бугалганд зулгаралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн сарвуунд цус хуралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн өгзөг, баруун ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр найз нарын хамт архи уусан юм. 22 цагийн үед талийгаач ажил дээр ирсэн байсан. Талийгаачийг “гэртээ харь, яв” гэхэд явахгүй байсан учраас бид нар хоорондоо маргалдсан юм. Би талийгаачийг ширээн дээр байсан голдоо хөндий төмрөөр газарт унасан хойно нь цохисон. Ингээд 23 цагийн үед би гарч явж Сансар орж хоносон. Өглөө ажилдаа ирэхэд цагдаа нар ирсэн байсан ба намайг бариад аваад явсан юм. Их харамсаж гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвэлмаа мэдүүлэхдээ: Хүү рүүгээ ярихад утас нь холбогдохгүй байсан. Найз нартайгаа архи уугаад явж байгаа байх гэж бодож байсан. Хүүгээ нас барсныг Цагдаагийн хэлтэс дээр очоод мэдсэн. Одоо оршуулгын зардалд 11.978.728 төгрөгийг нэхэмжилнэ. Би Х.Эын ээжтэй нь үерхэж найзалж байсан. Энэ хүн хуулийн дагуу зохих шийтгэлээ эдлэх байх гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Дарханбаатар мэдүүлэхдээ: В.Өнөрбаяр талийгаачтай орой 21 цагийн үед уулзсан юм. Тухайн үед талийгаач гайгүй согтолттой байсан. Х.Батгэрэл бид хоёр талийгаачийг Х.Эын ажлын байрны гадаа машинаас буулгаж үлдээсэн юм. Тухайн үед талийгаачид ямарч шарх гэмтэл байгаагүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-12/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-17/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 19/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-25/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 26-27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвэлмаа /1хх-ийн 34-37/, гэрч П.Гансүх /1хх-ийн 40-41/, С.Батпүрэв /1хх-ийн 44-45, 46-47/, Б.Ариунзаяа /1хх-ийн 48-50/, Г.Энхбаатар /1хх-ийн 51-53/, Г.Ган-Од /1хх-ийн 54-56/, Х.Батгэрэл /1хх-ийн 63-65/, Д.Олзвой /1хх-ийн 66-69/, Б.Отгонбаяр /1хх-ийн 70-72/, Б.Дарханбаатар /1хх-ийн 57-59, 60-61/, Ч.Пагмасүрэн /1хх-ийн 73-80/ нарын мэдүүлэг, Х.Эрдэнэбаярын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39, 172-176/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 677, 558 тоот дүгнэлтүүд/1хх-ийн 116-119,129-132/, шинжээч М.Энхбаярын мэдүүлэг /1хх-ийн 135-142/, Х.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 182-186, 188, /, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-ийн 191/, оршуулгын зардлын баримтууд /1хх-ийн 197-250, 2хх-ийн 1-3/, өмгөөлөгчийн ажлын хөлс /2хх-ийн 11/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шалгуулах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын албан бичиг /2хх-ийн 37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
2018 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны подвольд Х.Э нь “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар найз В.Өнөрбаяртай маргалдаж улмаар түүнийг хэвлэлийн машины бул төмөр, гар, хөлөөрөө зодож олон тооны шарх, гэмтэл учруулан биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвэлмаагийн /1хх-ийн 34-37/: “...Орой 21:00 цаг өнгөрч байхад би Өнөрбаяр руу дахиад залгахад дуу нь нилээн больчихсон согтотлоо уучихсан шинжтэй байсан. ...Отгонбаяр гээд найз нь над руу залгаад “Өнөрбаяр гэртээ байна уу, утсаа авахгүй байна” гэхээр нь би “бас миний утсыг авахгүй байна, та нар уулзаагүй юм уу” гэхэд өчигдөр орой “Өнөрбаяр, Олзвой, Дарханбаатар, Ган-Од ...Эрдэнэбаяр бид нар уулзсан, би удаагүй яваад өгсөн” гэж хэлсэн.Тэгээд би Дарханбаатар руу үдээс хойш залгахад “Өнөрбаяр манай гэрт байхгүй байна, өчигдөр бид нар уулзсан, гэхдээ 21:00 цаг өнгөрч байхад бид нар тараад явцгаасан.Өнөрбаяр Эрдэнэбаярын гэрт үлдсэн” гэж хэлэхээр нь би Эрдэнэбаяр руу залгасан чинь утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. ...Цагдаа дээр ирээд хүүгээ нас барсныг мэдлээ…1980 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий
аймгийн Биндэр суманд миний 2 дахь хүү болж төрсөн. Дээрээ 1 ахтай, доороо 1
эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. ...Хүү маань хүнтэй гэр бүл болж байгаагүй, үр хүүхэдгүй
ганц бие, надтай хамт амьдарч байсан юм...Э нь Өнөрбаяртай хамт архи уучихаараа зодчихдог байсан. Нэг бус удаа тэгж зодчихоор нь
би Эрдэнэбаярт “битгий Өнөрбаярыгаа зодож бай” гэж хэлж ч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч П.Гансүхийн /1хх-ийн 40-41/: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 00 тоот өрөөнд би хувиараа мужаан хийдэг юм. Манай эсрэг талд Эрдэнэбаяр гэх залуу хэвлэх үйлдвэр ажиллуулдаг юм. ...Би өдөр нь Эрдэнэбаяртай таараагүй юм. Орой нь Эрдэнэбаяр манайхаар орж ирээд гарсан. Эрдэнэбаяр манайд орж ирэхдээ гар нь хар өнгийн тос болсон орж ирсэн. Би Эрдэнэбаяраас “гар чинь яагаад тос болсон юм бэ” гэхэд “хэвлэхийн машинаа янзалж байгаад орхиод орж ирлээ, маргааш янзлахаас” гэж байсан. Хувцсыг нь ямар байсныг сайн ажиглаагүй...”Сансарт найзындаа очно” гээд гарсан. Гар нь хэвлэхийн машины хар тос болчихсон байсан. Тэгэхээр нь би “юу хийж байгаад ирэв” гэхэд Эрдэнэбаяр “хэвлэхийн машинаа засах гээд хэсэг ноцолдож байгаад орж ирлээ, маргааш дуусгахаас” гэж байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Дарханбаатарын /1хх-ийн 57-59, 60-61/: “...Бид нар бүгд нэг нутгийн, нэг ангийн 10 жилийн хүүхдүүд байгаа юм. ...Отгонбаяр бид хоёр 17 цагт ирсэн. Эрдэнэбаяр уг архинаас бид нартай хамт ууж суусан, гэхдээ удаагүй унтаад өгсөн. ...21 цагийн орчимд байх Батгэрэл бид хоёр талийгаачийг Эрдэнэбаярын яг ажлын үүдний харалдаа машинаас буулгачихаад явсан. Тухайн үед талийгаач нэг их согтоогүй гайгүй байх шиг байсан...”Хүргэнээ дуудчихсан байгаа, машинтайгаа заавал явна” гээд зөрүүдлээд байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Пагмасүрэнгийн /1хх-ийн 73-80/: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутын үед гэрээсээ гарч орцоо цэвэрлэх гээд байж байхад манай баруун талын өрөөнд амьдардаг Эрдэнээ гэх залуу орж ирээд халамцуу “Пагмаа эгчээ би унтлаа, Сансар руу явах хэрэгтэй байна 2000 төгрөг зээлээч, миний утас байхгүй байна та миний утас руу залгаач” гэсэн ба би “надад мөнгө байхгүй” гээд утас руу нь залгаж өгсний дараа Эрдэнээ өрөө рүүгээ орсон. ...20 цаг өнгөрч байхад үүдний хаалганы шатаар өөдөөс хоёр согтуу залуу орж ирсэн. Нэг нь нас бардаг залуу байсан. Нөгөө залуу нь саарал өнгийн пальтотой өндөр, туранхайдуу, шар царайтай залуу байсан. Энэ хүн талийгаачийг сугадаж түшчихсэн орж ирсэн. Тэр хоёр залуу шууд Эрдэнээгийн өрөө рүү яваад орчихоор нь би Эрдэнээд танай өрөө рүү хоёр хүн орлоо шүү гэж хэлсэн. Эрдэнээ тухайн үед “00” өрөөнд байсан юм. ...Шөнө 01:00 цагийн үед үүдэнд хэвтэж байсан залуу “ёоё би хаана байна, миний найз нар хаана байна, Даавка, Намсрай, Ээгий” гэж орилсон. Дараа нь “ээжээ” гэж орилоод “би үхлээ шүү дээ” гээд орилоод байхаар нь би гараад “чи чинь яагаа вэ? хаана чинь өвдөж байна” гэхэд цээж, гэдэс рүүгээ заагаад байсан. Тэгэхээр нь “102, 103 дуудъя, ар гэрийн хүмүүсийнхээ утсыг өг” гэхэд юу ч хэлэхгүй байсан ба “надад ус хийж өгөөч” гэж 2 удаа хэлсэн. Би ус хийж өгсөн. Намайг ус хийж өгөхөд “эгчээ би өндийж чадахгүй байна” гээд байсан ба би хажууд нь тавьчихсан чинь өөрөө уучихсан байсан. Тэгээд бас “кола ууя” гээд байсан...Түргэн 01 цаг 07 минутад ирсэн. Тэгээд би эмчид тэр залууг зааж өгөх гэхэд сууж байсан газраа байхгүй байсан ба Эрдэнээгийн өрөөнд шар буйдан дээр дээшээ хараад хэвтэж байсан...Манай нөхөр, ач, бид гурав өрөөндөө байсан. Эрдэнээгийн гэрийн хаалга онгорхой байсан. Өөрөө байхгүй, талийгаач байсан. Подвольд өөр хүн амьтан байгаагүй...” гэх мэдүүлгээр,
Х.Э гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 38-39, 172-176/: “...23:00 цаг өнгөрч байсан байх би талийгаачтай цуг ажлын өрөөнд байдаг буйдан дээр цуг зэрэгцээд сууж байсан. Би талийгаачийг “одоо гэртээ харь, би явах хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхэд талийгаач “би явахгүй, танайд хононо” гээд байсан ба бид хоёр маргалдаад би талийгаачийг босгох гээд цамцнаас нь татаад бид хоёр барьцалдаж аваад бие биенийгээ 2, 2 удаа шанаа, цээж рүү цохисон. Би талийгаачийн зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тухайн үед ажлын ширээн дээр хэвлэлийн машины задлаад тавьчихсан гадуураа резинтэй, голдоо төмөртэй гурилын элдүүр шиг хэлбэртэй бул байхаар нь би тэрийг аваад талийгаачийн нуруу хэсэг рүү нь 1 удаа цохисон. Талийгаач тэгэхэд ажлын ширээний хажуугаар зүүн гар талаараа унасан ба унасных нь дараа хөлний гуяны ар хэсэг рүү нь барьж байсан булаараа 2 удаа цохисон. Өнөрбаяр газар унаад “болиочээ” гэхээр нь нөгөө барьсан төмрөөрөө хөлийн хоёр гуя, бөгс, нуруу хэсэг рүү нь олон удаа цохисон. Тэгээд би гартаа барьж байсан булыг хэвлэлийн машин дээр тавьчихаад ажлынхаа түлхүүрийг хайж байгаад олохгүй болохоор нь хаалгаа хаагаад гараад явсан...” гэх мэдүүлгээр,
талийгаач В.Өнөрбаярын цогцост “баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд няцрал, 2 талын олон хавирганы хугарал, духанд цус хуралт, хуйханд шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, оочинд зулгаралт, зүүн эгэм, өвчүүнд зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хэвлийд зулгаралт, баруун мөр, баруун бугалганд зулгаралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, 2 шуунд зулгаралт, цус хуралт, 2 сарвуунд цус хуралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, 2 өгзөг, баруун ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд талийгаач спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсныг…” тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 677 тоот дүгнэлтээр /1хх-ийн 116-119/,
мөн хүрээлэнгийн “Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №677 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. В.Өнөрбаярын цогцост баруун зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд няцрал, баруун талд 4, 7, 8, 9, зүүн талд 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, духанд цус хуралт, хуйханд шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, оочинд зулгаралт, зүүн эгэм, өвчүүнд зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хэвлийд зулгаралт, баруун мөр баруун бугалганд зулгаралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн сарвуунд цус хуралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн өгзөг, баруун ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний 2 талын олон хавирганы хугарал бүхий гэмтэлтэй хүн өөрөө босох, суух, алхах, гараа хөдөлгөх боломжтой боловч өвчин эмзэглэл ихтэй байна. Талийгаач нь дээрх гэмтлүүдээс болж нас бараагүй байна. Гэмтэл нь хордлогын явцыг түргэтгэхгүй. Спиртийн хордлогод орсон хүнийг бүх шатлалын эмнэлэгт оношлох боломжтой. Талийгаач нь спиртийн цочмог хордлогод орсон тохиолдолд түргэн тусламжийн эмч үзлэгээр оношлох, илрүүлэх боломжтой. Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврах боломжтой” хэмээн хэргийн материалаар хийсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 558 тоот дүгнэлтээр /1хх-ийн 129-132/,
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч М.Энхбаярын /1хх-ийн 135-142/: “...Хоёр талын олон хавирганы хугарал гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг өөрөө гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан, хохирогч спиртийн хордлогын улмаас нас болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Х.Эрдэнэбаяр нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны подвольд В.Өнөрбаярыг “гэртээ харьсангүй” гэсэн шалтгаанаар буруутган зодож, олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгчийн үйлдэл онц харгис хэрцгий шинжийг агуулаагүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаар санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учрыг тайлбарлавал, Х.Э нь өөрийн найзыг “согтуурхаж гэртээ харьсангүй, өөрийг нь гарч явахад саад төвөг учрууллаа” гэсэн шалтгаанаар хэвлэлийн машины бул төмөр ашиглан зодож, хохирогчийг газарт унасан хойно түүний “болиоч” гэсэн сануулгыг эс хайхран үргэлжлүүлэн олон удаа цохиж, олон тооны шарх гэмтэл үүсгэж, учруулсан гэмтлийн улмаас хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгож буй нь түүний өршөөл энэрэлгүй, балмад онц харгис хэрцгий авир гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно.
Ийнхүү хохирогчийг зодохдоо сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн хүндэвтэр гэмтээсэн Х.Эрдэнэбаярын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Эрдэнэбаярын онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвэлмаагаас оршуулгын зардалд 11.978.728 төгрөгийг нэхэмжилсэн болно.
“Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан эсэхийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн прокуророос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардлын 11.978.728 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Харин шүүгдэгч Х.Эын буруутай үйлдлийн улмаас хохирогч нас бараагүй тул дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх Х.Эт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтов.
Мөн дээрх нөхцөл байдлууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд прокуророос эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хорлоогийн Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбаярыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбаярыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбаяр урьд 62 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэвэлмаагийн оршуулгын зардлын 11.978.728 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Прокуророос эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Эрдэнэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эрдэнэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ