| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2335000530024 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
Г.О, Ц.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Г.О, Ц.С, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Ш.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/183 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Г.О, Ц.С нарт холбогдох, 2335000530024 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Г-ийн О.
Монгол Улсын иргэн, Г овогт Ц-ийн С.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Х-д “газар худалдан авч байшин барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нөхөр Ц.С-н Төрийн банкны Х тоот дансаар 22,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан ,
- шүүгдэгч Ц.С нь Г.О-г залилах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Г.О, Ц.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/183 дугаар цагаатгах тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2335000530024 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т ургийн овогт Г-ийн О, Г ургийн овогт Ц-ийн С нарыг цагаатгаж,
- шүүгдэгч Г.О, Ц.С нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн зардалд 1,100,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.С-н өмчлөлийн Kia Bongo pronter загварын автомашиныг битүүмжлэлийг хүчингүй болгож,
- шүүгдэгч Г.О, Ц.С нар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 /арав/ жилийн дотор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ.
4. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “... Шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Дээрх гэмт хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.О, Ц.С нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Цагаатгах тогтоолд “... шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь 15,689,350 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хохирогчийн нөхөр Б.А-ын газар дээр бий болгож, хариу төлбөр хийсэн байна... хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийсэн тохиролцоо буюу хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцааг бүрэн агуулж байна.....талуудын хооронд үүссэн иргэний харилцааг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх үндэслэлгүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч нарыг цагаатгаж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийжээ.
Шүүхээс, шүүгдэгч Г.О, Ц.С нарын гэм бурууг хянан хэлэлцээд тэднийг гэм буруутайд тооцох нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.О нь Увс аймгийн Х сумын газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, .... өөрийн эзэмшлийн Төрийн банкны Х тоот дансаар 22,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч М.Х-ын мэдүүлэг, гэрч Г.Э-ын мэдүүлэг, гэрч Д.Д-ийн мэдүүлэг, гэрч Б.Ш-ын мэдүүлэг, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ш.Л-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33/130 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ иргэний эрх зүйн харилцааны маргаан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэх, харьцуулан шинжлэн судлах, харилцан зөрүүтэй нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн обьектив талын шинж нь “бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Уг гэмт хэрэг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй хуульчилсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсдөг.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хуурч, төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэх субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа гэрээний эрх зүйн маргаанаас ялгагддаг.
Шүүгдэгч нарын одоог хүртэл хохирогчид хохирол төлбөр төлөөгүй нь гэмт хэргийн субьектив санаа зорилгыг тодорхойлж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах идэвхтэй үйлдэл хийсэн нөхцөл байдал нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар” цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүдэгч нарын хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар тайлбарлаж дурдаагүй байна.
Энэ нь анхан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/183 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зааж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь 2021 оны 6 сарын 07-ны өдөр Ц.С-ийн Төрийн банкны дансаар 22,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, тухайн өдрөө Бонго портер загварын тээврийн хэрэгслийг 13,200,000 төгрөгөөр худалдан авч, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь тогтоогдсон. Дээрх хашаа байшин барьж өгнө гэсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн 22,500,000 төгрөгийг тухайн хашаа байшинд зарцуулаагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Гэтэл шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцаа хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэхгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль ёсны гэж үнэлж чадаагүй байна гэж үзсэн.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар н.А газар эзэмших талаар хүсэлт гаргаагүй учраас түүнд ямар нэгэн байдлаар газрын гэрчилгээ гараагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдсон. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас газрын бүртгэлийн дэвтэрт нөхөн бичсэн баримтыг гаргаж өгсөн.
Тухайн баримтын талаар шүүх дүгнэсэн байдаг. Газрын бүртгэлийн дэвтэрт н.А гэдэг нэрийг нөхөн бүртгэсэн буюу өөр өнгийн балаар нөхөн бүртгэсэн нөхцөл байдал байгаа юм. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Г.О нь тухайн баримтыг сүүлд нь үйлдсэн байх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Иймд эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Увс аймгийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 183 дугаартай цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн хохирогчийн эрх одоог хүртэл зөрчигдөж, сэргэхгүй байгаа нөхцөл байдал, мөн дахин хохирч байгаа нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэв.
6. Хохирогч Ш.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.
Б.Батгэрэл өмгөөлөгч намайг “сумын төв ороод Г.О, Ц.С нартай уулз” гэсэн бөгөөд нь би очиж уулзаад нотариатаар батлуулъя гэхэд “юунд нь нотариатаар батлуулаад байдаг юм” бэ? гээд батлуулаагүй.
Г.О, Ц.С хоёрт би олон удаа хулхидуулж байсан. Газар авах гэж байна гээд 2, 3 хонь өгснийг мэдэх гэрч нар байгаа. Газрын татваруудыг хийсэн гэж хэлсэн ч заримыг нь хийгээгүй байсан. Өчигдөр би газрын албаны даргатай очоод уулзахад миний нэр дээр байсан зарим газрууд нь алга болсон байна.
Би маш олон удаа хохирч байна. Тухайн газарт барьсан хашаа нь нураад уначихсан, байшингийн дээвэр нь хавар хууларч унасныг буцаагаад нөхсөн байсан. Чанарын шаардлага хангахгүй барилга барьсан. Намайг очихоор “энэ байшинг чинь зараад мөнгийг нь өгье” гэсэн. Эд нарт олон удаа хулхидуулсан учраас өгч чадахгүй гэдгийг нь би мэдэж байгаа учраас давж заалдсан” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Эсэргүүцэл бичсэн зорилго нь шүүхийг төөрөгдүүлэх гэсэн байна.
Өмнөх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдаагүй атлаа эсэргүүцлийн 3 дугаар талд, гэрч Г.Э-ын “Б.А нь намайг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд өөрийн нэр дээр сумын төвд газар эзэмших, өмчлөх талаарх хүсэлтийг гаргаж байгаагүй. Мөн иргэдээс газар өмчлөх, эзэмших талаарх хүсэлтийг газрын даамал Г.О хүлээн авч тухайн үед Засаг даргад танилцуулж байж Засаг даргын захирамж гаргадаг бөгөөд Б.А газар өмчилж байгаа талаар Г.О надад танилцуулж байгаагүй. Иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж болон хавсралтыг газрын даамал төлөвлөн оруулж ирдэг бөгөөд тухайн үед уг захирамж болон холбогдох баримтуудтай танилцаж байж захирамж гаргадаг байсан. Харин 2025 оны 79 дугаартай захирамжтай би танилцаагүй, мөн гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул тухайн захирамж нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэх хамгийн эхний гэрчээр өгсөн мэдүүлэг, үүний дараа 1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар талд авагдсан Д-тэй нүүрэлдүүлэн байцаахад “би энэ үед ажиллаж байсан, намайг ажиллаж байхад надад мэдэгдэхгүйгээр Д захирамж гаргаад өгчихжээ, энэ бол санаатай үйлдэл” гэж мэдүүлсэн.
Яллах дүгнэлтийн 5 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 226 дугаар талд байгаа Г.Э-ын 2024 оны 11 сарын 18-нд дахин өгсөн мэдүүлэгт “миний бие гол төлөв зуны цагаар ээлжийн амралт авдаг бөгөөд тухайн үед буюу 2015 оны зун ээлжийн амралт авч чадахгүй байсаар 2015 оны 10 дугаар сард амарсан, одоогоос 9 жилийн өмнөх асуудал учраас 2015 онд яг хэзээ амарсан гэдгээ өөрөө сайн санахгүй байсан. Дээрх баримтуудтай танилцаад өөрийгөө 2015 оны 10 дугаар сард амарсан гэдгээ мэдэж байна, тухайн үед Д орлож байсан гэдгийг хэлсэн байна.
Сая би шинжлэн судалснаар тооцуулсан 3 дугаар хавтаст хэргийн 210-215 дугаар талд авагдсан бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Засаг даргын Тамгын газрын ажилчдын цагийн тооцоонд 2015 оны 10 дугаар сард Г.Э ажиллаагүй гэдгийг тогтоочихсон.
Прокурор Г.О-ын нагац ах нь буюу тухайн үед сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д А/79 дугаартай захирамжид гарын үсэг зурсан гэж яллаж байсан.
Үүнийг эсэргүүцэлдээ бичих ёстой байсан. Тогтоогдсон үйл баримтын зөвхөн эхний хэсгийг нь салгаж бичээд, арын хэсгийг нь бичээгүй байгаа нь шүүхийг санаатайгаар төөрөгдөлд оруулж байгаа хэлбэр гэж харж байна.
Гэрч Б.Ш-ын мэдүүлгийг эсэргүүцэлдээ бичсэн. Б.Ш нь тухайн үед Х сумын иргэдийн хурлын дарга байсан Г.О-тай холбогдож өөрөө гомдол гаргасан этгээд. Гэрч Л буюу Тамгын газрын татварын байцаагч нь “ямар нэгэн газрын татварын баримтууд байгаагүй” гэсэн мэдүүлгийг өгсөн. Сүүлд Х сумын Тамгын газраас Ш.Х, Б.А нарын нэр дээр газар байдаг, газрын татварын ногдуулалт гарч, төлж байсан баримтууд гарч ирсэн. Энэ нь 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Мөн эсэргүүцэлд Ц.С-ийн дансаар 22,500,000 мянган төгрөгийг шилжүүлэн авч, тухайн үед Бонго пронтер загварын тээврийн хэрэгслийг 13,200,000 мянган төгрөгөөр худалдан авсан, үлдэгдлийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь нотлох баримтаар тогтоогддог учраас гэсэн.
Хавтаст хэрэгт, Х суманд баригдаж дуусаагүй хашаа, байшинд өчнөөн олон удаа үзлэг хийж, Гэрэгэ Эстимэйт ХХК тухайн үед 15,665,900 төгрөгөөр үнэлсэн. Прокурорын хэлснээр 22,500,000 төгрөг аваад, 13,200,000 төгрөгөөр нь машин авсан бол 9,300,000 төгрөг үлдэх ёстойг хувийн хэрэгцээнд зарцуулчихсан гэж яллаад Х суманд байгаа байшинг байхгүй мэтээр бичиж байна.
Сая хэлэхдээ “залилах гэмт хэргийн субъектив санаа зорилго нь бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хариу төлбөргүйгээр бүрэн болон хэсэгчлэн өөрийнхөө мэдэлд авахыг хэлнэ. Энэ нь өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс хохирлыг төлөөгүй байдлаар илэрч байна” хэмээн тайлбарлаж байна.
Энэ иргэний эрх зүйн харилцаа юу, залилан мэхэлсэн эрүүгийн эрх зүйн харилцаа юу гэдэгт маргахын оронд харин ч иргэн хоорондын хэлцлийн дагуу хашаа, байшин баригдаж байхад очиж шалгаж эхэлсэн цагаас хойш тухайн үл хөдлөх хөрөнгө баригдаж болохгүй, зогсчихсон.
Анхан шатны шүүх хурлын үеэр үлдэгдэл ажлаа яах талаар тохироод байж байхад прокурор эсэргүүцэл бичсэн учраас эд нарын хооронд дараагийн харилцаа үүсэхгүй болсон.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг яагаад агуулаагүй гэдгийг тайлбарласан.
Г.О Б.А-ын нэр дээр бичсэн өргөдлийг хүлээж аваад захирамжид оруулсан. Ш.Х мэдүүлэхдээ “манай Ц.С-ийн нэр дээр газар байгаа, тухайн газарт бид нар хашаа байшин бариад өгнө гэж хэлсэн” гэдэг.
Тэгж хэлсэн бол бичиг баримтыг нь үзүүлэх ёстой байсан ч үзээгүй байдаг. Бичиг баримтыг яаж авдаг талаар Б болоод бусад гэрч нар хэлсэн байгаа. Г.О луйвардахаар шийдчихсэн байсан бол улсын бүртгэлийн газар очоод А-ын нэр дээр гэрчилгээ гаргачихлаа гэх ёстой байсан, манай нөхрийн нэр дээр гэж хэлэхгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.С-ийн нэр дээр нэг ч газар байхгүй. Эдгээр үндэслэлүүдийг шүүхээс анхаарч дүгнээд, эрүүгийн эрх зүйн шийдвэрлэх асуудал биш байна, иргэд хоорондын ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт Х сумын Засаг даргын Тамгын газрын архивд 2015 оны захирамжид үзлэг хийхэд “2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамжид 12 иргэнд 8.000 м.кв газрыг өгсөн жагсаалтын 2 дахь хэсэгт Б овогт Б-ын А х регистрийн дугаартай хүнд 700 м.кв газар өгч, газрынх нь үнэ 560,000 төгрөгөөр” гээд Б.А-ын нэр дээр анхнаасаа газар байсан гэдэг нь тогтоогдож байгаа юм.
Хавтаст хэрэгт бичиж байсан өргөдөл нь авагдсан байгаа. Шинжээч томилохдоо прокурорууд Ш.Х, Б.А хоёрын гарын үсэгтэй, өргөдлийн гарын үсгийг харьцуулж бичсэн. Шинжээч дүгнэхдээ “2024 оны 5 сарын 28-ны өдрийн 33/130 дугаартай шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объект дээрх бичвэр нь хэзээ бичигдсэн нь тодорхойгүй, огноо байхгүй. Мөн харьцуулах загварт ирүүлсэн Б.А, Ш.Х нараас авсан гар бичмэл дээр огноо байхгүй, чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварын аль болох нь тодорхойгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй” гэж дүгнэсэн. Түүнээс биш, Б.А, Ш.Х-ын нарын гарын үсэг биш байна гэж дүгнээгүй.
Б.А, Ш.Х нараас Ц.С-ийн данс руу мөнгө орж, тэдний хооронд хашаа байшин барьж өгөхөөр ярилцаж тохирсон талаар маргахгүй байгаа. Б.А, Ш.Х 2 бид нарт хашаа байшин барьж өгнө гэчхээд барьж өгөхгүйгээр биднийг залилаад байна гэж үздэг.
Прокурор үзэхдээ Б.А-ын нэр дээрх газрыг нууж байгаад, тухайн газрыг Ц.С-ийн нэр дээрх газар гэж хэлээд залилсан гэдэг. Шүүхээс дүгнэлт хийсэн.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 183 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, улсын яллагч эсэргүүцэл бичихдээ шүүхийн шийдвэрийн үндэслэлийн аль хэсгийг, яаж үгүйсгэж байгаа талаар тодорхой баримтыг дурдаж, няцаалт хийгээгүй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Шүүгдэгч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүдээ үзүүлэх гээд Баруунтуруун сум руу явахдаа гар утсаа гэртээ үлдээсэн байсан. Тэр хойгуур Ш.Х над руу залгасан байсан. Шүүхийн шийдвэрийг гардаж аваад Ш.Х 1 дэх өдөр манай ажил тарах үеэр ирсэн. Би тайлан мэдээтэй байсан болохоор тайлангаа өгчхөөд Ш.Х-ыг нөхрийнхөө утсаар залгаж дуудаад шүүхийн шийдвэр гарчихлаа, хэдүүлээ одоо яаж үргэлжлүүлэх вэ гэдэг асуудлыг ярилцсан.
Тэгээд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд прокурор эсэргүүцэл бичих юм чинь та хэдийг түр зууртаа хүлээж бай, прокурор эсэргүүцэл бичихгүй бол зөвлөлдөөд ажил гүйцэтгэх гэрээгээ цаашаа үргэлжлүүлээд ажлаа гүйцээгээд яв гэсэн иймэрхүү зөвлөмжийг авсан учраас би Ш.Х, Б.А хоёртой хамт дөрвүүлээ сууж байгаад цаашдаа яаж гүйцээх, ямар шийдэлд хүрэх асуудлыг хоорондоо ярьсан.
Бид 2 хулхидаад залилсан зүйл биш, бодитоор барьсан барилга нь байгаа. Ш.Х-ын нэр дээр 2 өвөлжөө, Б.А-ын нэр дээр 1 хаваржаа байдаг. 2 намаржингийн газартай, манайх намаржингийн газарт гэрчилгээ олгодоггүй.
Манай ажил дээр очиж даргатай уулзсан байсан. Өнөө өглөө манай дарга намайг дуудаад тайлбар авсан. Татварын талаар манай улсын байцаагч лавлаж асуугаад татвараа төлөөд явж байгаа талаар мэдэгдсэн, өөрсдөө ч мөн татварын газраас очиж нотлох баримтаа авсан байсан.
Тухайн үед би Ш.Х руу залгаж мөнгө аваагүй, хашаа байшин барих талаар дөрвүүлээ ярьж хэлэлцэж тохиролцсон. Манай нөхөр тухайн үед нь төрийн банкнаас 30,000,000 төгрөгийн зээл аваад нэг машин, үлдсэнээр нь үхэр авах төсөл хэрэгжүүлэхээр хот явсан байхад нь 6 сарын 07-ны өдөр мөнгө шилжүүлсэн талаар би юу ч мэдээгүй байсан. Ц.С машин авахдаа тэр мөнгө орж ирснийг мэдээгүй байсан.
Эднийх Б гэх айлаас нэг өвөлжөөний газар авсан ч нөгөө айл нь өргөдлөө өгөөгүй учраас түүнийг нь шилжүүлж чадахгүй байгаа. Түүнийг би өөрийн санаачилгаар бичиг баримтыг нь бүрдүүлээд шилжүүлж чадахгүй учраас, тухайн айлтайгаа ярилцаж тохиролцоод бичиг баримтуудаа авч ирээд шилжүүлж аваарай гэдэг зүйлийг тохирсон.
Иргэн өөрөө ирж мэдээллийн маягтаа бөглөж байж бид дугаарыг нь унагаагаад гэрчилгээг нь хэвлэж өгдөг.
Манай мэргэжилтнүүд танай газрууд чинь бүгд мэдээллийн санд байна, та хүсэлтээ өгвөл газрын гэрчилгээ хэвлэгдэхэд бэлэн болсон байна гэх тайлбарыг өгсөн байсан. Шүүх хуралдаан дуусахаар та 2 ирж ойлголцоорой гэх ойлголтыг өнөө өглөө надад өгсөн.
Шүүхийн шийдвэрийн дараа 2 талаасаа тохироод байшингийн доторлогооны материалыг нь аваад байшингаа гүйцээж барих шийдвэрт хүрсэн байгаа. Бичгийн хэлбэрээр нотариатаар батлуулаагүй байгаа болохоос хулхидсан зүйл байхгүй. Тухайн үед корона вирус гараад, бид чадахаасаа чадахгүй хүртлээ явсан. 2021 оноос хойш энэ хэрэгт шалгагдаад, ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон учир шүүхийн шийдвэрийг хараад хүлээгдэж байгаа” гэв.
9. Шүүгдэгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед 22,500,000 төгрөг миний дансанд орж ирснийг би мэдээгүй. Миний гар утсанд Төрийн банкны орлого, зарлагын мэдэгдэл ирдэггүй, зөвхөн Хаан банканд ирдэг.
Тухайн үед би машин болон үхэр авах төсөл бичээд төрийн банкнаас 30,000,000 төгрөгийн зээл аваад, түүнээс 13 сая төгрөгөөр машин авч, үлдсэнээр нь үхэр авах төлөвлөгөөтэй яваад түүнийхээ дагуу л зарцуулсан.
Тэгээд мөн байшин барьж эхлэхэд корона болон бусад гачигдлууд ар араасаа гарч ирсэн. Ямар ч байсан барина гээд эхэлсэн юм чинь дуусгах ёстой гэж боломжоороо ажиллаж байхад Б.Ш өргөдөл өгөөд ажлыг шууд зогсоосон. 4 жил тэр хашаанд очоогүй учраас хашааны ганц нэг банз нь хугарсан байсныг босгосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа бид 4 уулзаж, тал талаасаа дэмжээд танай байшинг энэ хавар гэхэд ашиглалтад оруулах талаар ярилцсан. Нотариатаар батлуулна гэхэд нь орой болсон байсан учраас амжаагүй, тэгээд эднийх хөдөө яваад холбогдож амжаагүй байхад прокурор эсэргүүцэл бичсэн. Өмгөөлөгч маань одоохондоо чимээгүй байж байгаарай гэсэн болохоор дахин холбогдож амжаагүй.
Ямар ч байсан байшинг чинь бариад өгнө гэхэд ирээд “энэ ч болохгүй байна” гээд ажил хийлгүүлэхгүй байсаар шүүх рүү шалгагдсан учраас ажил нь зогссон” гэв.
10. Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Прокурорын бичсэн 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.
Миний үйлчлүүлэгч Ш.Х-ын хувьд 2021 оны 6 сарын 07-ны өдөр Ц.С-ийн данс руу 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед 1,500,000 төгрөгөөр өөрийн гэсэн газартай болоод, үлдсэн мөнгөөр нь хашаа байшинтай болох юм байна гэдэг итгэл үнэмшлээр 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Г.О-ын нөхөр Ц.С-ийн нэр дээр байдаг газрыг худалдаж аваад түүн дээр нь хашаа байшин бариулж авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн.
Х нь сумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжаар нөхөр Б.А-ын нэр дээр газар эзэмшихээр болсон, газартай байсан гэдгээ мэдээгүй байсан. Өвөлжөөний зориулалттай, Х багт байгаа газрын татварыг төлсөн асуудал байдаг.
Шүүгдэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр газар өмчлөлийн улсын бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь авч ирсэн. Тухайн дэвтэрт үзлэг хийхэд, 2015 оны 27 дугаартай өргөдөл гомдол хүлээж аваад асуудлыг шийдвэрлэсэн байсан. 2015 оны 27 дугаартай Ц гэдэг хүний өргөдөл гомдлын шийдвэр нь 10 сард гарсан байсан, Б.А-ынх 35 дугаарт дугаарлагдсан, өргөдөл гомдлын бүртгэлийнх нь дугаар 8 сард байдаг, бүгд засвартай.
Прокуророос уг бүртгэлийг нөхөөд хийсэн байх боломжтой гэж тайлбарлаж байна, ер нь эргэлзээ бүхий нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнийг юунд үндэслэж байна вэ гэвэл шүүгдэгч Г.О-ын авч ирж өгсөн баримтуудад өргөдөл гомдлыг нь алгасаад дугаарласан байгаа.
2017 оны бүртгэл 41-48 хүртэл дугаартай, 42-47 нь хоосон, алгасаад 48 гээд дугаарласан. Г.О нь тухайн үед Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаад 2015 оны засаг даргын захирамжийг Б.А-ын нэр дээр нөхөөд гаргачихсан байх боломжтой нөхцөл байдал харагдаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Тийм ч учраас эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлуулж оролцсон. Хэрэв хохирогч 2015 оны 10 сарын 21-ний өдөр өөрийнх нь нөхрийн нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гарсан гэдгээ мэдэж байсан бол Г.О, С нараас 1,500,000 төгрөгөөр газар худалдаж авъя гэдэг асуудал гарахгүй, харин газраа зориулалтынх нь дагуу эзэмших, өмчлөх гэрчилгээгээ гаргуулаад, газар эзэмших гэрээгээ байгуулаад явах ёстой байсан.
Газрын албанд өгсөн өргөдөлд зурагдсан гарын үсэг Б.А-ын гарын үсэг биш гэдэг зүйл яригддаг. Нөгөө талаас, хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг.
Хохирогч Ш.Х газар худалдаж авахаар болсны дараа 1 сарын хугацаатай газрын кадастр хийхэд та хоёрын бичиг баримт хэрэгтэй байна гээд бид хоёрын иргэний үнэмлэхийг аваад, намар нь нөхөр хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсны дараа иргэний үнэмлэхээ Г.О-с авч байсан талаар мэдүүлсэн.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн “ талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн” гэх дүгнэлттэй санал нэгдэхгүй байна. Анхнаасаа танай нэр дээр газар байна, тийм учраас танай газар дээр чинь байшин бариад өгье гэх хэлцлийг хийгээгүй, газар худалдаж аваад, тухайн газар дээр чинь байшин бариад өгье гэдэг асуудал яригдсан учраас энэ байдлаараа мөн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/183 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Г.О, Ц.С нарт холбогдох, 2335000530024 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр цагаатгах тогтоолд хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ын Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх үедээ “Б.А-д Х сумын 4 дүгээр багийн нутаг Б хороололд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/79 дугаартай сумын засаг даргын захирамж гаргуулсан”, улмаар 2018 онд уг газрыг “газрын кадастрын нэгдсэн сан”-д оруулсан, мөн 2021 онд хохирогч Ш.Х, Б.А нараас “танайд газар худалдан авч өгч, уг газар дээр байшин барьж өгнө” гэж тохиролцож, 22,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүдийг тус тусад нь салгаж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэх нөхцөл болсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.О-ын дээр дурдсан гурван удаагийн үйлдэл нь цаг хугацааны хувьд удааширсан боловч эцэстээ нэг үр дагаварт хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
3. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.
Шүүхээс, шүүгдэгч Г.О-ын Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх үедээ “Б.А-д Х сумын 4 дүгээр багийн нутаг Б хороололд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/79 дугаартай захирамж гаргуулсан”, улмаар 2018 онд уг газрыг “газрын кадастрын нэгдсэн сан”-д оруулсан гэх үйлдлүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарна” гэж буруу дүгнэснээс үүдэн “шүүгдэгчийн 2021 онд 22,500,000 төгрөг шилжүүлсэн авсан” үйлдлийг талуудын хооронд “Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” хийгдсэн гэж дүгнэн, цагаатгах тогтоол гаргахад хүрсэн байна.
4. Хэргийг өмнө нь шийдвэрлэсэн Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр магадлалд “...яллагдагч Г.О-ын газрын даамлаар ажиллаж байхдаа дээрх газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гаргуулсан гэх үйлдэл, мөн түүний 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш.Х, Б.А нараас газар худалдан авч, газар дээр байшин барьж өгнө гэж 22,500,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй эсэх, эсхүл тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ” гэж дүгнэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч Г.О-ын дээрх үйлдлүүдийг “үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг агуулаагүй“, харин “тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй” гэж үзсэн талаараа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
5. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
6. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хангаж шийдвэрлэлээ.
7. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.О, Ц.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/183 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Г.О, Ц.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН