Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 204/МА2021/00007

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2021/00062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч М.Н-д холбогдох “2500000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Н, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэгдсэн юм. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хэргийн хохирогч М.Нд хулгайд алдсан гэх мотоциклийг цагдаагийн байгууллагаар дамжуулан бүрэн бүтэн хүлээлгэн өгч хохиролгүй болгосон. Энэ тухайгаа хохирогч М.Н Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн шүүхэд мэдэгдсэн байдаг.

Гэтэл мотоциклоо авчихсан байж надаас тодорхой үндэслэлгүйгээр удаа дараа нэхсээр байгаад 3 500 000 төгрөгийг /2 500 000 төгрөгийг дансаар, 1 000 000 төгрөгийг бэлнээр/ авсан. Миний бие сүүлд өмгөөлөгч аваад ийм мөнгө нэмж төлөх ёсгүй байсныг мэдсэн юм. Мөн эрүүгийн хэрэгт мотоциклоо М.Н нь бүрэн бүтэн хүлээн авсан тухай бичгээр баримт гаргаж өгсөн ба мотоциклоос гадна 2 500 000 төгрөг авсан тухайгаа бичгээр баталгаа гаргаж өгсөн. Илүү төлсөн мөнгөө түүнээс нэхэхэд ямар нэгэн тайлбар хэлээгүй бөгөөд үүнээс хойш уулзаагүй. М.Н-с бэлнээр ямар нэгэн баримтгүйгээр өгсөн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр дансаар шилжүүлсэн 2 500 000 төгрөгийг /дансны хуулга болон М.Н-н бичгээр ирүүлсэн тайлбараар нотлогдож байгаа/ гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд М.Н-с 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ө.Г-г төлөөлж шүүхэд хариуцагч М.Н-д холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Учир нь 2020 оны 07 дугаар сард Ө.Г-с М.Н-н данс руу 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн бэлнээр 1 000 000 төгрөг өгсөн байдаг боловч тухайн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэгч Ө.Г хэлсэн.

Тухайн үед алдагдсан мотоциклийн үнэлгээг гаргуулахад 1 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Хулгайд алдагсан мотоциклио эрүүгийн хэргийн хохирогч М.Н өөрөө буцаан хүлээж авсан мөртлөө нэмж Ө.Г-с 2 500 000 төгрөгийг авсан байдаг. Иймд М.Н-ээс 2 500 000 төгрөгийг гаргуулж Ө.Г-д олгож өгнө үү гэжээ.

           Хариуцагч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрийнхээ гаднаас өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг хулгайд алдсан. Би тухайн үед хулгайд алдсан гэж мэдээгүй. Таньж мэддэг хүн унаад явсан юм байх гэж бодоод эрж хайлгүй 2 хоног харсан боловч ирээгүй. Тэгээд миний бие мотоциклио хулгайд алдсан талаар сумынхаа цагдаад хэлсэн. Гэтэл миний мотоциклийг Ө.Г хулгайлаад унаад явсан байсан. Би мотоциклио 2020 оны 06 дугаар сарын 23-24-ний үед буцааж олсон. Мотоциклио алдсаныхаа дараа Дундговь аймгийн *** сум, *** сум, Төв аймгийн *** сумын нутгаар мотоциклио хайж өөрийнхөө машин болон хүний машин гуйж бензин шатахуун хийж явсан. Энэ хооронд надад зардал мөнгө их гарсан. Хаврын тарчиг цаг байсан учраас би хөл залгуулах унаа авахаар Дундговь аймгийн *** сум орж 2 500 000 төгрөгөөр шинэ мотоцикль худалдаж авсан. Би тухайн шинэ мотоциклийг худалдаж аваад 10 хоногийн дараа өөрийнхөө хулгайд алдсан мотоциклийг буцааж олсон. Тийм учраас Ө.Г-ийн нэхэмжлээд байгаа 2 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Н-с 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Гд олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 54950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2020 оны 06 дугаар сарын 04-нд малчин Ө.Г нь миний эзэмшлийн “Хаужи” маркын мотоциклийг хулгайлснаар асуудал эхэлсэн. Энэ тухай миний бие цагдаад өргөдөл өгсөн. Энэ өдрөөс хойш 20-иод хоногийн хугацаанд мотоциклио эрж хайж их явсан. Хөдөөгийн малчин хүний хувьд малаа хардаг ганц унаа нь мотоцикль учраас 7 хоногийн дараа *сумаас 2 450 000 төгрөгөөр “Хаужи” маркын мотоцикль худалдан авсан. Бусад зардалд 1 000 000 гаран төгрөгийн зардал гарсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хулгайд алдсан мотоциклио олж Ө.Г-тай уулзсан. Ө.Г нь эр хүмүүс эндээ шийдье гээд ойрхон айл саахалтын хүмүүс бие биенээ мууг нь үзэх гээд яахав би шоронд явчихна шүү дээ ахаа хөгшин настай өвөө, эмээд минь битгий хэлээрэй гэж удаа дараа гуйж байсан. Би насанд хүрээгүй хүүхэдтэй очиж хулгайлсан мотоциклио унуулж авч явсан юм давхар давхар хүнийг хөөдөөд өөрийгөө ч шоронд оруулах болох нь таны авсан шинэ мотоциклийн үнийг төлье бас бусад гарсан зардлыг төлье, айл саахалтын хүмүүс байна намайг өршөөгөөч гомдолгүй гээд хэлээд өгөөч би буруугаа хүлээж байна дахин ийм үйлдэл гаргахгүй гэж гуйгаад байхаар нь адилхан эр хүмүүс бас залуу хүмүүс юм даа гэж өрөвдөөд эрүүгийн хэргийн шүүхэд гомдолгүй гэж мэдүүлсэн.

Миний бие Ө.Г-с 3 500 000 төгрөгийг авсан. Ингээд эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ө.Г-д тэнсэн харгалзах ял оногдуулсан байсан. Гэтэл Ө.Г нь надаас хулгайлсан мотоциклио авахгүй надад илүү мөнгө өгсөн гэж өмгөөлөгч Г.Г-өөр дамжуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар иргэний хэргийн шүүхээр шийдвэр гаргуулсан. Би Ө.Г-д 2 500 000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй өөрөө дурлаж, шохоорхож авсан мотоциклийг нь өгөх саналтай байгаа. Ө.Г-н хулгайлсан мотоциклийг би огт унаж эдлээгүй буцааж өгөх гээд гражид хийгээд хучсан байгаа. Эцэст нь хэлэхэд хэргийг дахин нягталж, дахин хянаж байж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талыг барьсан, нэг талыг харсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний энэ гомдолд бичсэнээр шийдвэрлэж өгөхгүй бол Ө.Г-г насанд хүрээгүй хүүхэд уруу татаж хулгай хийсэн асуудлыг дахин сэргээж шалгуулна гэж бодож байгаа. Ө.Г хулгай хийснийхээ дараа надаас гуйсан бичлэг байгаа. Ер нь Ө.Г заавал надаас 2 500 000 төгрөгийг бэлнээр авна гээгүй байна лээ. Иймээс хэргийг анхан шатны шүүхийн шүүх рүү буцааж дахин нягталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч М.Н-д холбогдуулан “2500000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Миний бие 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрийнхээ гаднаас өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг хулгайд алдсан. Би мотоциклио алдсаныхаа дараа мотоциклио хайж өөрийнхөө машин болон хүний машин гуйж бензин шатахуун хийж явсан. Энэ хооронд надад зардал мөнгө их гарсан. ...Би тухайн шинэ мотоциклийг худалдаж аваад 10 хоногийн дараа өөрийнхөө хулгайд алдсан мотоциклийг буцааж олсон. Тийм учраас Ө.Г-н нэхэмжлээд байгаа 2 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

         Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолоор Ө.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ө.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

         Ө.Г нь эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад хохирогч М.Нгээс хулгайлсан мотоциклийг нь буцааж өгсөн, мөн түүний ХААН банкны дансаар 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

         Хариуцагчаас М.Н мотоциклоо хулгайд алдсантай холбоотой гарсан бензин, шатахууны зардлын баримт /хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас/, шинээр авсан мотоциклийн гаалийн бичиг /хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/, ХААН банкны *** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

        Хариуцагч М.Н нь “...Дундговь аймгийн *** сум, *** сум, Төв аймгийн *** сумын нутгаар мотоциклио хайж өөрийнхөө машин болон хүний машин гуйж бензин шатахуун хийж явсан...” гэж тайлбарлаж байгаа боловч, ямар машинаар /мотоциклоор/, хэдэн км газар явсныг, М.Н-ээс 2020 оны 06 сарын 14-нд *** дансанд шинэ мотоциклын үнэ 2 350 000 төгрөг шилжүүлсэн гэх баримт нь /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ ямар зорилгоор, хэнд шилжүүлсэн гэдэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл дээрх баримтууд нь хариуцагчийн татгалзлыг хангалттай нотолж чадахгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ.

          Шүүх нотлох баримт бүрдүүлэх, татгалзлаа нотлох буюу хариуцагч эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг цаг хугацааны хувьд хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

           Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

         1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2021/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Нгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91534 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй