2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01673

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 28

191/ШШ2026/01673

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Өл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б холбогдох

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 97,076,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, нийт 99,076,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөг Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Ө миний бие 2023 онд БНСУ-д ажиллахаар яваад 2025 оны хавар ирсэн, тэнд ажиллаж олсон хэдэн төгрөгөө ямар бизнест хөрөнгө оруулалт хийж хэрхэн өсгөх талаар бодож байх үед миний танил найз Г.Б надтай уулзаж чамд хэдэн төгрөг байгаа бол найзтайгаа хамтарч ажилла, би зээл чөлөөлөх ажил хийх гэж байгаа юм, хүний зээлийг нь чөлөөлж, тухайн хүн дахин өөр газраас зээлжиж надаас авсан мөнгийг хоногт 3-5% нэмж өгдөг юм, тэр хүү гэж тооцож нэмж авсан мөнгөнөөс чамд хөрөнгө оруулалтын өгөөж гэж талыг нь өгч байя, харин зээл чөлөөлөхөд чамаас авсан хөрөнгө оруулалтыг чинь мэдээж чамд буцаагаад 100% өгнө" гэснийх нь дагуу түүнд итгэж дээрх зээл чөлөөлөх гэдэг ажилд нь хамтран ажиллахаар болсон.

 

Өөрөөр хэлбэл бид зээл чөлөөлөх ажлыг хамтран хийхдээ зээлийг чөлөөлөх хөрөнгийг миний бие гаргана гэхдээ энэхүү гаргаж буй мөнгө нь хамтран ажиллаж байгаа бидний дундын өмч хөрөнгө болохгүй, учир нь Г.Б мөнгө гаргахгүй зөвхөн миний мөнгөөр зээлийг чөлөөлж ашиг олох ажлыг хийх гэж байгаа тул миний гаргасан мөнгөөр зээлийг чөлөөлж ашиг олонгуут надад миний гаргасан мөнгийг тухай бүр нь буцаан өгч байхаар болсон юм. Харин олсон ашгийг хоёр хуваан авахаар болсон.

 

Г.Б нь надад хэлэхдээ би хүнээ олж мөнгө хэрэгтэй болохоор өөрийн дансаа эсхүл зээлээ чөлөөлүүлэх гэж байгаа хүний дансыг чамруу өгөхөөр чи мөнгө хийгээд байгаарай" гэснийх нь дагуу мөнгөө хийхээр болсон. Бид энэхүү тохиролцоогоо бичгээр байгуулаагүй, харин амаар харилцан тохиролцож байгуулж байсан тул шүүхэд гарган өгөх хамтран ажиллах гэрээ байхгүй.

 

Ингээд хамгийн анх 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлж гэсний дагуу Г.Бийн Ө банк дахь ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ тоот дансруу шилжүүлэн өгсөн ба үүнээс хойш 16 удаагийн гүйлгээгээр нийт 165,050,000 төгрөгийг Г.Бийн дансруу шилжүүлэн өгсөн.

 

Эхэн үедээ Г.Б нь миний мөнгөөр хүмүүсийн зээлийг чөлөөлж ашиг олонгуутаа буцаагаад миний мөнгийг шилжүүлэн өгдөг байснаа сүүлдээ өгөхгүй удах болсон. Мөн хамтран ажиллах гэрээний үр өгөөж ашиг гэж надад 2,000,000 төгрөг л өгсөн зэргээс болж 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дахин мөнгө шилжүүлэн өгч хамтран ажиллахаа больж өмнө нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж эхэлсэн. Гэвч Г.Б нь элдив шалтаг хэлэх болсоор өдийг хүрсэн.

Миний бие Г.Бид хамтран ажиллахаар 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 165,050,000 төгрөгийг түүний өөрийнх нь болон шилжүүл гэсэн данснуудад шилжүүлэн өгсөн, харин түүнээс буцааж 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 67,974,000 төгрөгийг авсан. Одоо 97,076,000 төгрөгийг авч чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан "Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ" гэж заасан. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "Талуудын аль үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж заасны дагуу Г.Б нь анх ярилцаж тохиролцсон гэрээний үүргээ биелүүлээгүй, миний мөнгийг буцаан өгөөгүй, ашиг хуваарилаагүй тул миний бие 2025 оны 07 дугаар сараас эхлэн гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцаан шаардаж байна.

Иймд Г.Боос хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 97,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Миний бие Приус30 маркийн Ө УНӨ улсын дугаартай автомашинтай байсан юм. Гэтэл Г.Б нь Ланд 200 маркийн автомашин худалдан авч байгаа төлбөр мөнгө нь дутаад байна, чи Приус 30 маркийн машинаа зарж үрэх бол надад зээлээр өгчихөөч би 13,000,000 төгрөгөөр бодож чамаас авч цааш нь Ланд 200 маркийн автомашиныхаа төлбөрт тооцон өгөх гэсэн юм, удахгүй чиний машины мөнгийг чамд өгье" гэсэн тул түүнд машинаа 13000,000 төгрөгөөр тооцон зээлээр амаар гэрээ байгуулан худалдсан.

Машинаа өгөхдөө Г.Бийн мөнгө өгөх ёстой гэх хүнд итгэмжлэл хийж машинаа шилжүүлэн өгсөн.

Г.Б нь машины төлбөрт 11,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 6,500,000 төгрөг болон 4,500,000 төгрөгөөр хоёр хуваан төлсөн. Харин үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Г.Боос хамтран ажиллах гэрээний дагуу 97,076,000 төгрөг, мөн автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөг буюу нийт 99,076, 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 16 удаагийн гүйлгээгээр иргэн Ч.Ө нь над руу 196,000,000 төгрөг шилжүүлсэн гэжээ. Энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Өас надад 14 удаагийн гүйлгээгээр 110,950,000 төгрөг шилжүүлсэн.

Ч.Өас миний Ө банкны ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ тоот дансанд шилжүүлсэн мөнгөн дүн 2025.05.30-нд 500,000 төгрөг, 2025.06.04-нд 4,000,000 төгрөг, 2025.06.12-нд 25,000,000 төгрөг, 2025.06.15-нд 1,150,000 төгрөг, 2025,06,16-нд 5,000,000 төгрөг, 2025.06.16-нд 1,000,000 төгрөг, 2025.06.17-нд 26,300,000 төгрөг, 2025.06.18-нд 1,000,000 төгрөг, 2025.06.17-нд 300,000 төгрөг, 2025.06.17-нд 2,000,000 төгрөг, 2025.06.18-нд 10,200,000 төгрөг, 2025.06.19-нд 2,000,000 төгрөг, 2025.06.26-нд 2,000,000 төгрөг, 2025.07.03-нд 30,500,000 төгрөг, нийт 110,950,000 төгрөг хүлээн авсан 110,950,000 төгрөгөөс буцааж 78,974,000 төгрөгийг Ө банкны ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ тоот данснаас болон М банкнаас АААААААын Ө банкны Ө тоот дансанд дараах байдлаар 2025.06.15-нд 4,000,000 төгрөг, 2025.06.26-нд 2,000,000 төгрөг, 2025.07.01-нд 21,300,000 төгрөг, 2025.07.02-нд 27,500,000 төгрөг, 2025.07.04-нд 2,300,000 төгрөг, 2025.07.06-нд 390,000 төгрөг,

2025.07.29-нд 1,484,000 төгрөг, 2025.08.04-нд 1,000,000 төгрөг, 2025.08.14-нд 1,000,000 төгрөг, 2025.08.22-нд 2,000,000 төгрөг, 2025.08.26-нд 1,000,000 төгрөг, 2025.09.09-нд 2,000,000 төгрөг, 2025.09.11-нд 6,500,000 төгрөг, 2025.09.11-нд 4,500,000 төгрөг, (М банкнаас) 2025.09.12-нд 2,000,000 төгрөг, нийт 78,974,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Одоогийн байдлаар үлдэгдэл 31,976,000 төгрөг байна. Гэвч иргэн Ө нь иргэн Агүн Өээс Приус 30 маркийн автомашин худалдан авна гэсний дагуу миний бие Ч.АААААААын нэрийн өмнөөс 10,000,000 төгрөгийг 2025.06.06-ны өдөр Агүн Өийн Ө банкныӨ данс руу шилжүүлсэн.

Иймд үлдэгдэл 21,976,000 төгрөгийг Ч.Өд төлөхөд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ө банкны дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч оролцуулах хүсэлт,

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: бичгээр гаргасан тайлбар, Ө банкны дансны хуулга, хадгаламжийн дансны хуулга, хүсэлтүүд, тодорхойлолтууд, иргэний үнэмлэхний хуулбар дансны хуулгууд, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шингэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Г.Бид холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн төлбөрт Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 97,076,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, нийт 99,076,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 28,000,000 төгрөгөөр багасаж, 71,076,000 төгрөг шаардсан.

2. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрнө үлдсэнийг зөвшөөрөхгүй. Ч.Өас 110,950,000 төгрөг хүлээн авсан, 78,974,000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэх 21,976,000 төгрөгийг Ч.Өд төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 3. Ч.Ө Г.Б нар нь 2025 оны 05 дугаар сараас 2025 оны 07 сарын 03-ний өдрийг хүртэл хугацаанд бусдын зээлийг чөлөөлж, ашиг олох зорилгоор хамтын үйл ажиллагаа явуулахаар амаар тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Хамтын ажиллагааны мөнгөн хөрөнгийн үүргийг Ч.Ө хүлээн мөнгөн хөрөнгийг гаргаж уг мөнгөөр хариуцагч Г.Б нь зээлийг чөлөөлж ашиг олох ажлыг хийхээр талууд тохиролцсон байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хамтран ажиллах замаар ашиг олохоор аман хэлбэрээр тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

  4. Талуудын хамтын үйл ажиллагаа нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ч.Ө нь Г.Бийн Ө банкны ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлснээр эхэлсэн бөгөөд 2025 оны 07 сар хүртэл үргэлжилсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

  Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна., 477.4-д Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна. гэж тус тус хуульчилсан боловч нэхэмжлэгчийн оруулсан мөнгөн хөрөнгийг дундын өмч хөрөнгө болгохгүй, хариуцагч Г.Б нь мөнгө гаргахгүй зээлийг чөлөөлж ашиг олох ажлыг хийж байсан болох нь тогтоогдсон.

  Хамтын үйл ажиллагааны явцад бий болсон өмч нь дундын өмч бөгөөд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундын өмчийг харилцан тэнцүү өмчлөх эрхтэй атал талууд хэдэн төгрөгийн ашиг олсон нь тодорхой бус байна.

5. Нэхэмжлэгч нь хамтын ажиллагааны хугацаанд нийт 165,050,000 төгрөг шилжүүлэн өгсөн 67,974,000 төгрөг буцаан авсан гэж, хариуцагч нь 110,950,000 төгрөг над руу шилжүүлсэн би 78,974,000 төгрөгийг Ө банк болон М банкнаас шилжүүлэн буцаан төлсөн гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар Ч.Ө нь Ө банкны Ө тоот данс, Г.Б нь Ө банкны ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ тоот данс, М банкны хадгаламжийн Ө тоот данс, М банкны Ө тоот харилцах данс тус тус эзэмшдэг болох нь тогтоодсон.

 

 

6. Нэхэмжлэгч Ч.Ө нь 2025 оны 05 сарын 30-ний өдрөөс 2025 оны 07 сарын 03-ний өдрийн хооронд өөрийн Ө банкны данснаас /500.000+4.000.000+1.150.000+5.000.000+1.000.000+26.300.000+1.000.000+300.000+2.000.000+10.200.000+2.000.000+2.000.000+21.300.000+28.000.000+30.500.000+2.000.000/ нийт 139,750,000 төгрөгийг хариуцагч Г.Бид шилжүүлсэн./х.х-ийн 4-9 хуу/

Хариуцагч Г.Б нь 2025 оны 06 сарын 15-ний өдрөөс 2025 оны 09 сарын 12-ний өдрийн хооронд /+4.000.000+21.300.000+2.000.000+27.500.000+2.300.000+390.000+1.484.000+1.000.000+1.000.000+2.000.000+1.000.000+2.000.000+6.500.000+2.000.000+4.500.000/ нийт 78,974,000 төгрөг шилжүүлсэн байна. /х.х-ийн 23-36 хуу/

7. Г.Б нь Ланд-200 маркийн автомашин худалдан авахдаа Ч.АААААААын Приус-30 маркийн автомашиныг төлбөртөө оруулан тооцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч 13,000,000 төгрөгт тооцсон хариуцагч 11,000,000 төгрөгт тооцсон гэж маргасан боловч хэн аль нь үүнийгээ нотлоогүй.

Хариуцагч Г.Б 2025 оны 09 сарын 11-ний өдөр Ө банкнаас 6,500,000 төгрөг, М банкнаас 4,500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Өд шилжүүлсэн үүнийг Приус-30 машины үнэ гэж тайлбарласан энэ талаар Ч.Ө маргаагүй харин 2,000,000 төгрөгийг дутуу төлсөн гэж тайлбарласан.

Ч.Ө нь автомашин худалдан авахдаа 2025 оны 06 сарын 06-ний өдөр Г.Боос 10,000,000 төгрөг саарал 30 гэсэн утгатайгаар шилжүүлэн авсан, энэ цаг хугацаанд талуудын хамтын ажиллагаа эхлээд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 4,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд зөрүү 5,500,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгсөн байна. /х.х-ийн 24 хуу/

Талуудын хооронд үүссэн авто машин худалдан авахад төлсөн гэх 10,000,000 төгрөгийн зөрүү /5,500,000+78,974,000= 84,474,000/-тэй нийт 84,474,000 төгрөгийг хариуцагч Г.Б нэхэмжлэгч Ч.Өд төлсөн гэж шүүх үзэв.

8. Иймд хариуцагч Г.Боос /139,750,000-84,474,000=55,276,000/ 55,276,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,330 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс тэмдэгтийн хурааж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

  Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч шүүхэд Ц.Ө, Б.Ө нарын тодорхойлолт болон банкны дансны хуулгыг ирүүлснийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Боос 55,276,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 15,800,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 653,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 434,330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ӨЛ