Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

    2026             01            08                                      2026/ДШМ/48

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Дөлгөөн,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Ч,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б-д холбогдох эрүүгийн ................... дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр ...... тоотод байрлах гэрээсээ 2025 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “А” ХХК-ийн эзэмшлийн данснаас нийт 60 удаагийн гүйлгээгээр 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

мөн ...... дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэр ....... тоотод байрлах гэртээ байхдаа 2025 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “А” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны аппликейшнд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хохирогч “А” ХХК нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн таталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн, хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна. Түүнчлэн Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа хууль хэрэглээний алдаа гаргажээ. Тухайлбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д нэг шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон атлаа оногдуулсан хэд хэдэн төрлийн ялын аль ялыг түрүүлж эдлүүлэх талаар тодорхой зааж өгөөгүй нь шийтгэх тогтоолыг тодорхойгүй, ойлгомжгүй болгосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дах хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл тус тусад нь эдлүүлэх асуудлыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэглэх хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Зургаадугаар бүлэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам”-д нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байвал зохино. Шүүх шүүгдэгч Ц.Б-д нэг шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэд хэдэн төрлийн ялыг хэрхэн эдлүүлэх нь ойлгомжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2376 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие хохирлыг бүрэн барагдуулж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...Хэрэг маргаан болж өнгөрсний дараа л харамсаж байна. Намайг гэх хүмүүсээс уучлалт гуймаар байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ц.Б-д холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлыг ерөнхий агуулгын хүрээнд тайлбарлая. Хууль зүйн үндэслэлийн хувьд давж заалдах гомдлыг нийт 4 үндэслэлээр гаргасан бөгөөд эхний үндэслэлийн тухайд 60 удаагийн гүйлгээгээр 297,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлын хүрээнд миний үйлчлүүлэгч уг мөнгийг авсан, буцаан төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг өмнө нь гүйцэт барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулах хууль зүйн үндэслэл байсан боловч уг нөхцөл байдлыг ашиглаагүй нь хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдал үүсгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 60 удаагийн гүйлгээгээр хохирогч байгууллага “А” ХХК-ийн данснаас 297,800,000 төгрөгийг авсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгдөг бөгөөд мөн шүүхийн шатанд ч уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргалгүйгээр оролцсон байдаг. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлын хувьд хохирогч байгууллагын үүсгэн байгуулагч, захирал “С”-ийн мэдүүлгээр нягтлан бодогчоор, мөн тухайн байгууллагын баримт бичгийг боловсруулж цаашид хамтарч ажиллах хүсэлт зорилготойгоор хамтран ажилласан тухай мэдүүлсэн байдаг. Уг нөхцөл байдлаас хамаарч Ц.Б-г хамтран ажиллаж байсан эсэх, албан тушаалд томилогдсон эсэхийг шалган тогтоолгохоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан байдаг. Гэвч уг үйл баримттай холбоотойгоор талууд тодорхой тайлбаруудыг мэдүүлээгүй, яллагдагчаас албан тушаалтай холбоотойгоор тодруулах ажиллагаа хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байгаа юм. Чухамдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлийн дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрдүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм. Учир нь, тус хэргийг өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж тухайн хуралдаандаа хохирогч байгууллагад нягтлангаар ажиллаж байгаа талаарх баримт бичгийн хуулбарыг мөн холбогдох баримт бичгүүдийг хуралдаанд гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй нөхцөл, мөн гэм буруугийн хуралдаанд шүүгдэгчийн зүгээс эх хувиар нь гаргаж өгөхөд тус баримтыг хүлээж аваагүй, мөн үнэлээгүй нь хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Чухамдаа баримтуудыг хүлээж аваад үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангуулаад гэм буруугийн хуралдаанд гаргаж өгөхөд хүлээж авахгүй гэж тайлбарласан нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх, өөрт холбоотой баримт бичгээ гаргаж өгч шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Тухайн хөдөлмөрийн гэрээ, тогтоолтой холбоотой баримтуудыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс үүсгэн байгуулагч, БНХАУ-ын иргэний зүгээс гаргаж өгсөн баримт болох тухайн баримтыг хохирогч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч тал үгүйсгэж хуралдаанд оролцдоггүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг асуудлаар ч тодорхой тайлбарлахдаа тус баримтыг БНХАУ-ын иргэний зүгээс гаргаж өгсөн тухай мэдүүлсэн байдаг. Баримтыг хүлээж аваагүй, үнэлээгүй нь нотлох баримтыг гаргаж өгөх шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Ц.Б нь тухайн хэрэг явдлын талаар өөрийн болсон үйл явдал, нотлох баримтыг эх сурвалжаа тайлбарладаг бөгөөд хохирогчийн анхны орчуулагчтай өгсөн мэдүүлэгт мөн дурдагдсан байдаг. Хохирогчоор мэдүүлэг өгсөн БНХАУ-ын иргэн “C” нь мэргэжлийн орчуулагчтай мэдүүлэг өгсөн эсэх дээр шүүх дүгнэлт гаргаагүй бөгөөд хэрвээ тус мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэх юм бол заавал хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан эсэх, тус байгууллага нь ажилчдын бүртгэлдээ бүртгэж нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн эсэх, эсхүл хөлсөөр ажиллуулж байгаад жинхэлж авах байсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад шүүх тус нөхцөл байдалд, процессын илтэд зөрчилтэй байдлыг харгалзалгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон болно. “А” ХХК-ийн зүгээс гаргасан гомдлыг шалгахдаа дансанд нэвтэрсэн үйлдлийг хуурамч хаяг ашиглан нэвтэрсэн гэж тайлбарладаг боловч угтаан тухайн баримтыг нотлох баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хохирогчоор өгсөн БНХАУ-ын иргэний мэдүүлгүүдэд банкны бүртгэлд бүртгүүлэхэд бүртгүүлсэн и-мэйл хаягийг байгууллагын үйл ажиллагаанд зориулан үүсгэсэн хаяг болох нь тогтоогддог. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын иргэн “C”-д орчуулга хийж хамтран ажиллаж байсан орчуулагчийг гэрчээр асуулгах ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус хэргийг анхнаас мэдэх боломжтой, банкны хаягийг нээх Ц.Б-тэй харилцах харилцааг орчуулж өгч бүхий л үйлдлийг нь мэдэх иргэнээс мэдүүлэг авч хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа огт хийгээгүй байдаг. Чухамдаа хаяг нээх, байгууллагын дансыг хэн хөтлөх, мөнгөн зарцуулалт хийх эрхийг олгосон эсэх бүхий л үйл баримтын зангилааг тайлбарлах боломжтой гэрчээсээ огт тайлбар мэдүүлэг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, цугларсан дутуу материалуудаар дүгнэж шийдвэрлэсэн байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн болно. Мөн хэргийг буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гаргасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн байдаг. Эцэст нь нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагааны илтэд зөрчилтэй, шүүгчийн захирамж бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь байх тул Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2376  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан тайлбар хэлье. Прокурорын эсэргүүцэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэсэн агуулгаар тодорхойлсон. Прокурор бичсэн эсэргүүцэлдээ зөвтгөх гэж байгаа юм уу эсхүл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс тус бүрт нь ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Өөрийн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь ....... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр ...... тоотод байрлах гэрээсээ 2025 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Голомт банкны интернэт банкны үйлчилгээг ашиглан “А” ХХК-ийн эзэмшлийн данснаас нийт 60 удаагийн гүйлгээгээр 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн ...... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр ........ тоотод буюу гэртээ байхдаа 2025 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “А” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны аппликейшнд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Ч”-ийн “...2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Хятал Ард Улсаас Монгол Улсад ирээд өөрийн Голомт банкны ....... дугаартай дансны үлдэгдлээ шалгахад дансанд байсан мөнгө байхгүй болчихсон байсан тул харьяа банкнаас тодруулан асуухад Хаан банкны .......... дугаартай данс руу 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 5,000,000 төгрөгөөр олон удаа гүйлгээ хийсэн байна гэж хэлсэн тул тухайн дансыг шалгахад манай байгууллагад түр хугацаанд нягтлангаар ажиллаж байсан Ц.Б гэх хүний данс байсныг олж мэдсэн. Яаж олсон бэ гэвэл Ц.Б манай байгууллагын жолооч “Z” рүү “Ви чат”-аар дансаа явуулж байсан ба тэр данс нь ............. гэсэн данс байсан тул мэдсэн. Манай жолооч “Z” Ц.Б руу “Ви чат”-аар зурвас бичихэд зөвшөөрөлгүй мөнгө авсанд уучлаарай, ойрын хугацаанд буцааж төлнө гэх утгатай зурвас илгээсэн байсан тул Ц.Б авсан гэдгийг мэдсэн. Хэрэв миний данснаас мөнгө гараагүй бол дансанд маань 290,000,000 гаруй төгрөг байх ёстой байсан. ...Ц.Б манай байгууллагад 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажиллаж байсан. ...Би Голомт банкны ...................... дугаартай дансны мэдээллээ хүнд өгөөгүй, Ц.Б гэх хүн яаж авсан талаар мэдэхгүй байна. ...Ц.Б манай компанид ямар ч албан тушаал дээр ажиллаж байгаагүй бөгөөд түр ажилтнаар ажилд ороод 2 хоног болж байсан. ...Надаас өөр миний интернэт банкийг хамтран эзэмшдэг, ашигладаг хүн байхгүй. 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр орчуулагч “Z” болон манайд түр ажилтнаар орсон Ц.Б нартай ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Голомт банкны салбар дээр өөрийн Голомт банкны ....... дугаартай түр хугацааны дансаа урт хугацааны харилцах данс болгосон юм. Тухайн үед би өөрийн бүх мэдээллийг орчуулагч “Z” болон Ц.Б нарт хэлж өгсөн. ...2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр тухайн Голомт банк дээр байгуулсан Голомт банкны интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд миний зөвшөөрлөөр манайд түр ажилтнаар орсон Ц.Б-ээр бүх бичиг, гэрээнд оролцуулж хувийн мэдээллээ бичүүлж надад байхгүй мэйл хаягийг Ц.Б-ийн хаягаар хийж байсан. ...Би бол уншиж, бичиж мэдэхгүй, харин манай орчуулагч “Z” бага зэрэг мэддэг бөгөөд Монгол хэлээр бичсэн зүйлсийг бага зэрэг ойлгодог. ...Миний дансны үлдэгдэл 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 299,473,400 төгрөг байсан. ...Би 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-руу яваад 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсад ирээд өөрийн Монгол дансаа үзэхэд миний дансанд 1,539,200 төгрөг үлдсэн байсан. ... Ц.Б өөрөө миний данснаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн. Удахгүй өгнө гэж яриад байгаа. Минийх биш би хэний мэйл хаягийг нь мэдэхгүй байна. ...Би Ц.Б-д огт мэйл хаяг өгч байгаагүй. Миний интернэт банкаар орж шилжүүлж авсан байх гэж би бодож байна. ...” /1хх 15-16, 25-26/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-ийн “...Тус хөрөнгө нь тухайн үед байгууллагын мөнгө байсан. Компани хуульд заасан шаардлага хангах зорилгоор байршуулсан мөнгө байсан. Анх тухайн мөнгийг иргэн “C” өөрийн орлогоос гаргасан. Тус байгууллага нь “C”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалттай болохоор байгууллагын бүх хөрөнгийг иргэн “C” эзэмшдэг. ...Анх Монгол Улсад ирэхдээ мөнгөтэй байсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бизнес хийж олсон мөнгө. ... “C”-ийн харилцах данс руу гар утасны аппликейшн, ямар нэгэн цахим харилцаа холбооны хэрэгсэл ашигласан талаар бидэнд Ц.Б хэлсэн юм бол байхгүй, бид ч мэдээгүй анхнаасаа банкинд худал мэдээлэл өгч өөрийнхөө мэйл хаягийг өгсөн байсан. ...” /1хх 159-160/,

шүүгдэгч Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 23 минутад хийсэн гүйлгээг би .... тоот гэртээ байхдаа өөрийн данс руу шилжүүлж авсан. ... Ойрын хугацаанд бүх хохирлоо барагдуулна...” /1хх 103-104/ тус тус мэдүүлгүүд,

хохирогч “А” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ..... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-42/,

шүүгдэгч Ц.Б болон хохирогч “А” ХХК-д жолооч ажилтай “Z” нарын хоорондоо харилцсан “Ви чат” /Wechat/-ны хуулбар /1хх 43-49/, дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 58-83/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Б-г кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б нь “А” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ..... дугаартай дансанд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэн танилцаж, улмаар тус данснаас олон удаагийн үйлдлээр 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Цахим хөгжлийн багц хууль буюу Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн бөгөөд эдгээр хуулиудаар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т хүний хувийн мэдээлэл гэж хүний ...хөрөнгө, ...цахим тодорхойлогчийг ойлгоно...”, 4.1.13-т “цахим тодорхойлогч гэж хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг ойлгоногэж зааснаар хүний цахим орон зай нь хуулиар хамгаалагдаж, халдашгүй байх эрхийн нэг хэсэг болох буюу түүнд аливаа этгээд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрэх, хянан шалгах, мэдээллийг олж авах, өөрчлөх, устгахыг хориглодог.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг ойлгохоор хуульчлан тодорхойлжээ.

Гар утас, цахим хэрэгслээс нэвтрэх, ашиглах боломж бүхий интернэт банк нь арилжааны банкны үйлчилгээний нэгэн төрөлд хамаарах мэдээллийн систем бөгөөд хэн нэгэн этгээд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч орсон тохиолдолд кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэрэгт тооцогдоно. Түүнчлэн, интернэт банкинд нэвтэрч, эзэмшигчийн холбогдох мэдээлэлтэй танилцсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар “А” ХХК нь 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “интернэт банкны үйлчилгээ авах” хүсэлт гаргасны дагуу /1хх 31-33/ Голомт банктай тухайн өдрийн 363 дугаартай “Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээг /1хх 28-30/ байгуулжээ.

Байгууллагыг төлөөлж гүйцэтгэх захирал Хятад Ард Улсын иргэн “Ч” баталгаат гарын үсэг зурж, уг гэрээнд мэйл хаягийг [email protected] гэж, утасны дугаарыг ..... гэж бүртгүүлсэн, тухайн мэдээллийг хамт байсан шүүгдэгч Ц.Б мэдэж авсан бөгөөд олж авсан мэдээллээ ашиглан интернэт банкны үйлчилгээгээр шүүгдэгч Ц.Б нь “Амэба машинейри экуйпмент” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны дансанд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэн танилцаж, улмаар бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүй нэвтрэх аргаар 60 удаагийн давтамжтайгаар гүйцэтгэж, тус данснаас нийт 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авч буй үйл баримт нь хулгайлах гэмт хэргийн дээрх хүндрүүлэх буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах болон кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. 

Прокурор “...шүүгдэгч Ц.Б-д нэг шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэд хэдэн төрлийн ялыг хэрхэн эдлүүлэх нь ойлгомжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2376 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл,

шүүгдэгч Ц.Б “...Миний бие хохирлыг бүрэн барагдуулж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Ч “...Миний үйлчлүүлэгч хохирлыг бүрэн барагдуулан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулах хууль зүйн үндэслэл байсан боловч уг нөхцөл байдлыг ашиглаагүй нь хууль буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хийгдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан ялуудыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, улмаар хэд хэдэн төрлийн ял буюу торгох, хорих ял шийтгэсэн тохиолдолд хорих ял эдэлж дууссаны дараа торгох ялыг эдлүүлэх талаар нарийвчилсан зохицуулалтгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс тухайн ялуудыг хуульд заасан зохицуулалтын хүрээнд эдлэх, биелүүлэхээр заажээ.

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.

Өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Ц.Б хохирогчийн эзэмшлийн интернэт банк буюу бусдын хувийн мэдээллийг агуулсан, цахим мөнгө хэлбэрийн гүйлгээ хийх буюу орлого авах, зарлага гаргах боломж бүхий мэдээллийн системд хууль бусаар нэвтэрсэн нь зөвшөөрөлтэй байсан эсэхийг тодруулаагүй, “БНХАУ-ын иргэн “C”-д орчуулга хийж хамтран ажиллаж байсан орчуулагчийг гэрчээр асуулгах ажиллагаа хийгдээгүй, хаяг нээх, байгууллагын дансыг хэн хөтлөх, мөнгөн зарцуулалт хийх эрхийг олгосон эсэх бүхий л үйл баримтын зангилааг тайлбарлах гэрчээс огт тайлбар мэдүүлэг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан” гэж үзжээ.

Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5708 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж болон шүүх хуралдаан тэмдэглэл /1хх 196-198/-д яллагдагчийн өмгөөлөгч Г.О-ээс ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хуулбар баримтыг шүүхэд гарган өгсөн байх бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй тул хавтаст хэрэгт тусгалгүй шийдвэрлэсэн ба 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2376 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /2хх 5-6/ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-ээс “шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, хохирогч байгууллагын гомдол, саналгүй талаарх бичиг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хохирол нөхөн төлсөн баримт зэрэг 19 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна” гэжээ.

Шүүхээс ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг буцаан өгч, бусад шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

Хохирогч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал “C” “...Ц.Б манай компанид ямар ч албан тушаал дээр ажиллаж байгаагүй бөгөөд түр ажилтнаар ажилд ороод 2 хоног болж байсан. ...Надаас өөр миний интернэт банкийг хамтран эзэмшдэг, ашигладаг хүн байхгүй. ...Голомт банкны салбар дээр өөрийн Голомт банкны ..... дугаартай түр хугацааны дансаа урт хугацааны харилцах данс болгосон юм. Тухайн үед би өөрийн бүх мэдээллийг орчуулагч “Z” болон Ц.Б нарт хэлж өгсөн. ...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн Голомт банк дээр байгуулсан Голомт банкны интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд миний зөвшөөрлөөр манайд түр ажилтнаар орсон Ц.Б-ээр бүх бичиг, гэрээнд оролцуулж хувийн мэдээллээ бичүүлж надад байхгүй мэйл хаягийг Ц.Б-ийн хаягаар хийж байсан. ...Ц.Б өөрөө миний данснаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн. Удахгүй өгнө гэж яриад байгаа. ... Миний интернэт банкаар орж шилжүүлж авсан...” /1хх 15-16, 25-26/ мэдүүлгээр шүүгдэгч Ц.Б хэрхэн “А” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны .... дансны мэдээллийг олж авсан, улмаар “Амэба машинейри экуйпмэнт” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ..... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-42/, .... дугаартай дансны хуулга /1хх 37/ зэрэг нотлох баримтуудаар мөнгө хэрхэн шилжүүлж авсан нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дахин шалгуулах нөхцөл байдал байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжтой.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдол зөрүүтэй буюу өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаж оролцсон тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Б-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

                 3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

                

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР