Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 204/МА2021/00008

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 145/ШШ2021/00104 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч Э.У-д холбогдох “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Э.У-тай танилцан хамтран амьдарсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин Г.О төрж, бид хувийн цөөн тооны мал маллан хөдөө амьдарч байсан. Гэтэл 2018 онд Э.У хүүхэд харах ажил хийхээр Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймаг хэд хэдэн удаа явж ирэхдээ авсан цалин байхгүй хоосон ирсэн. Тэгээд дахиад явна гэж уурлаад гэртээ тогтохгүй болж, өөрийн дураар явдаг болсон. Энэ хугацаанд би охин Г.О-н хамт амьдарч байсан бөгөөд Э.У бид хоёр 2019 оны зун салаад тус тусдаа амьдрах болсон. 2020 оны 01 дүгээр сард Э.У “охиноо санаад байна” гээд авч явсан бөгөөд үүнээс хойш би охинтойгоо уулзаагүй байна. Гэтэл 2020 оны 10 дугаар сард охин Г.О бэлгийн замын халдварт өвчтэй болсон талаар шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлт гарсан байхад Э.У охиныг эмчлүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй, хүүхдээ хайхраагүй. Э.У хувьд надтай суухаас өмнө нэг хүүхэдтэй байсан. Энэ хүүхэд ээжтэй нь хамт амьдардаг. Мөн Э.У ээж, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, амьдралын боломж сайн биш учир охинд авч өгсөн хувцсыг өөрсдийнхөө хүүхдэд өгөх зэргээр миний охиныг хайхардаггүй. Э.У ээж нь хүүхдээ ирж аваарай гэж нэг биш удаа өөрөө болон хүнээр хэлүүлж байсан. Миний хувьд өмнө нь гэрлэж байсан бөгөөд эхнэр 2007 онд өвчний улмаас нас барсан. Ингээд охинтойгоо үлдэж охиноо өөрөө өсгөсөн. Э.У нь эх хүний хувьд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж муу, өөрөө тогтвор суурьшилгүй, тэнэмэл, зөрүүд зантай, худлаа их ярьдаг, хөнгөн явдалтай, хүүхдэд муугаар үлгэрлэх учир хүүхдийнхээ ирээдүйг бодож өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Иймд охин Г.О-г миний асрамжид өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд амьдрахын эрхэнд Сэлэнгэ явж ажил хийдэг байсан. Харин цалингаа аваад гэр орондоо болон хоол хүнс авах, хүүхдэдээ хувцас авч өгч байсан бөгөөд эх хүний хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ умартаагүй. Би ажил хийхээр явах үедээ охин Г.О-г өөрийн ээжид үлдээсэн байсан. Гэтэл аав нь ирээд аваад явна гэхээр нь ээж өгөөд явуулсан гэж хэлсэн. Дараа нь Сэлэнгээс ирээд охиноо авахад царай алдсан, хувцас нь хүн өмсөхийн аргагүй болсон байсан. Тэгээд усанд оруулахад эрхтэн нь улайсан маш хэцүү байдалтай байсан тул усанд оруулахад цус шиг улаан туяатай зүйл гарсан. Ингээд охиноосоо асуухад “аав миний бөөкөө рүү хуруугаа хийсэн, миний гарыг сунгаж татдаг” гэж хэлсэн. Мөн Д.Г гэртээ архи ууж, янз бүрийн хүн цуглуулдаг бөгөөд сүүлдээ өөрөө ухаан алдаад унаад өгдөг ийм хүнд охин хүүхдээ өгөөд дараа нь юу гэж бодох юм. Миний ар гэрийг олуулаа гэж байна. Бүгд тус тусдаа боломжийн амьдралтай. Иймд Д.Г-н нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Г.О-г өөрийн асрамжид авах Д.Г-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-н улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Э.У намайг бага насны охин Г.О-д бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан гэж гүтгэж хүнд хэрэгт холбогдуулж 2020 оны 0З дугаар сараас 12 дугаар сар хүртэл шалгуулж цагдан хоригдож эдийн болон оюун санааны маш их хохиролд оруулсан. Надад холбогдуулсан хэргийг шалгасны эцэст Өвөрхангай аймгийн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хэргийг шалгах явцад охин Г.О бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчтэй талаар 2020 оны 10 дугаар сарын 06-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 1128 тоот дүгнэлт гарсан. Надаас тухайн үед шинжилгээ авч байсан надад бэлгийн замын ямар нэг өвчин гараагүй. Э.У-с салснаас хойш бэлгийн харьцаа байгаагүй.

Э.У намайг энэ хэрэгт гүтгэхдээ бага насны жаахан охинд минь аав ингэсэн, тэгсэн муухай, очихгүй хар царайт гэх мэтээр аль болох надаас холдуулах үг яриа зааж өгч хүүхдэд нөлөөлж байсан учир охиныг эхээс нь тусгаарлуулах талаар миний бие цагдаагийн газарт хүсэлт гаргаж цагдаагийн газраас охиныг тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сэтгэл зүйчийн хяналтанд тусгаарлаж байсан. Тэгэхэд охиныг хөдөөнөөс эх дээрээс нь авчирахад нүүр гар нь холцруудсан, царай алдсан бандаажгүй дан өмдтэй ирсэн эх нь арай дэндүү юм гэж хүртэл яригдаж байсан. Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өөрсдийн санаачлагаар охиныг минь анхаараад ажиллаад байгаагүй миний санаачлагаар хүүхэд 2 удаа тэнд очсон. Миний бие хүүхдээ эмчлүүлэх талаар Э.У анхаарахгүй, зүгээр байгаа гэж эсэргүүцээд ямарч арга хэмжээ авахгүй болохоор нь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхэд эмчлүүлж өгөөч танай байгууллага хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан гээд гомдол гаргаж байж 2021 оны 01 сард нэг цэгийн үйлчилгээний төвд авчруулсан. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар охиныг мэргэжлийн эмчид үзүүлсэн гэхээс өөр эмчилгээний чанартай арга хэмжээ аваагүй надад бас л гомдолтой байсан. Эдгээр шалтгаан болон Э.У ажил хийнэ гээд тэнээд удаан хугацаагаар явчихдаг, биеэ авч явах тал дээр хөнгөмсөг, гэр бүлийн харилцаанаас гадуураас жирэмсэлдэг, эмэгтэй хүний хувьд энгэр сул, худлаа их ярьдаг ёс суртахуунгүй байдал нь миний охины хүмүүжилд цаашид муугаар нөлөөлнө гэж үздэг эдгээр шалтгааны улмаас охиныг өөрийн асрамжиндаа авах нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх миний нэхэмжлэлийг                      хэрэгсэхгүй болгож шийдвэрээ тайлбарлахдаа хүүхдийн нас, хүйсийн онцлогоос шалтгаалж охиныг усанд оруулахад эх дээрээ байх нь зүйтэй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэдийгээр Г.Од заг хүйтэн өвчин илэрсэн нь тогтоогдсон боловч Д.Г Э.У нарын хэний асрамжинд байхад ямар шалтгааны улмаас өвчин авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул аль нэг талыг буруутган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 10 дугаар сарын 06-ны 1128 тоот дүгнэлтийн хуулбарыг үндэслэн хүүхдийн асрамж шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэнг нотлох баримтыг зөв үнэлсэнгүй энэ дүгнэлт дараах нотлох баримтаар няцаагдана гэж үзэж байна. Миний бие 2020 оны 03 дугаар сарын 27-нд хэргийн учир Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2020/ЦХШЗ/23 шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж мөн шүүхийн 2020 оны 04-р сарын 22-нд дугаар 2020/ЦХШЗ/ЗЗ шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон Өвөрхангай аймгийн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 тоот тогтоол, миний бие бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр, шүүх хуралдаанд миний бие хэрэгт холбогдсоноос 2020 оны 03 сараас хойш одоог хүртэл У болон хүүхэдтэйгээ уулзаагүй талаар тайлбарууд /мөн Э.У-ы/ зэрэг хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудаар охин Г.О нь Э.У-ы асрамжинд байхдаа бэлгийн замын халдвар авсан нь тогтоогдсон гэж үздэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт охин Г.О-г эмчлүүлэх талаар ямарч арга хэмжээ авахгүй, хүүхдээ хайхрахгүй байна гэжээ. Гэтэл 2021 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн эмч болон бэлгийн замын халдварт өвчин судлалын эмчид Г.О-г үзүүлж зөвлөгөө авсан болох нь Өвөрхангай аймаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/49 тоот албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн үзлэг шинжилгээний баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт өрөөсгөл бодит байдалтай нийцэхгүй байна. Би охин Г.О-г эмчлүүлэх талаар Э.У ямарч арга хэмжээ авахгүй, хүүхдээ хайхрахгүй талаар хүүхдийн байгууллагад хандсанг гомдолдоо дурдсан. Миний энэ гомдлыг хүүхдийн байгууллага үл ойшоож хариу өгөхгүй болохоор нь би өөрөө хүүхдээ ачирч үзүүлэе танай байгууллага хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон эрх ашгийг нь хамгаалаад байгаа гээд надаас тусгаарласан гэтэл эх дээрээ байж байгаад хүн сонсоход ч хэцүү өвчин тусгасан харин ч эрх нь ноцтой зөрчигдөж хохирсон байхад анхаарсангүй гэж дарга дээр нь олон удаа орж хүлээж хөөцөлдөж охиныг хөдөөнөөс авчруулсан. Хүүхдийн байгууллага охиныг 2021 оны 01 дүгээр сарын 19-нд хүний их эмч М.Ц, Г.М нарт үзүүлсэн тэмдэглэл, үтрээний сорьц гэсэн шинжилгээний хариу 2021 /01/210 гэсэн он сартай баримт шүүхэд өгсөн. Энэ эмч нарын үзлэгийн дараа өдөр нь шинжилгээний хариу гарсан ба энэ шинжилгээний талаар эмч нар дүгнээгүй. Эмч нарын зөвлөгөөгөөр хүүхдэд ямар эмчилгээ хийлгэх, хийлгэсэн нь тодорхой бус үлдсэн. Миний бие охиноо үзүүлэх, эмчлүүлэх талаар гомдол гаргаж хөөцөлдөж явсанаас У өөрөө санаачлагаараа үзүүлээд хүүхдийн байгууллага анхаараад явсан асуудал биш. Мөн хариуцагчийн өмгөөлөгч охиныг цагдаагийн газраас хүүхдийн байгууллагад тусгаарласан талаар шүүх хуралдаанд тайлбартаа хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт охинд авч өгсөн хувцасыг өөрсдийхөө хүүхдэд өмсүүлэх зэргээр миний охиныг хайхардаггүй тогтвор суурьшилгүй тэнэмэл, зөрүүд зантай худлаа их ярьдаг хөнгөн явдалтай гэх боловч Д.Г хуульд заасны дагуу нотлоогүй энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Уы ам бүлд 4 нас 11 сартай охин хүүхдийн хувцас өмсөх хүн Г.О-с өөр хүн байхгүй байна гэж дүгнэсэн. У ажил хийнэ гээд явчихдаг, гэр бүлээс гадуур жирэмсэн болдог, охины хувцасыг өөрсдийн ах дүүгийнхээ хүүхдүүдэд өмсгөөд өгөөд явуулдаг гэсэн дээр У эсэргүүцээгүй ямар нэг тайлбар няцаалт хийгээгүй учир хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Бодит амьдрал дээр болсон л асуудал. Би хэдхэн хоногийн өмнө У-тай утсаар ярьж охинтойгоо уулзах талаар хэлэхэд хүүхэд хөдөө суманд байгаа очоод ав, би аймагт ажил хийж байгаа гэсэн. Ингээд хүүхдээ анхаарахгүй хаячихаад явчихдаг, хэцүү эх. Э.У шүүх хурал дээр *** суманд ***-ийн 8 нэрийн барааны дэлгүүрт ажиллаж байгаа сард 500000 төгрөгийн цалинтай гээд яриад байсан гэтэл тэр дэлгүүрээсээ оноос өмнө гарсан ажиллаагүй худал ярьсан байх жишээтэй. Охиныг минь хайхардаггүй, худлаа их ярьдаг нь намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, охиноо бэлгийн замын халдварт өвчтэй болгосонг охиноо сайн харж хайхарсан сайн ээж худал хуурмаг явдалгүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ байдлууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эжиллагааны журмаар шалгасан хууль ёсны нотлох баримтаар тогтоогдсон энэ нь иргэний хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ Д.Г өрхийн орлого бүрдүүлэх хүн учир мөн Г.О-г харж гэрт ажилгүй байх нөхцөлд өрхийн орлого тасарч амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл үүсч болзошгүй Г.О-д нь оюутан учир Г.О-г харах боломж хязгаарлагдмал гэжээ. Миний бие одоогоор 2 охинхоо хамт тоо бүртгэлтэй боловч аав ээжийнхээ хамт амьдардаг *** суманд амьдарч байна эндээ суурьшиж амьдрахаар шийдсэн. Миний охин Г.О-д коллежоо төгсөж байна. Охиноо цэцэрлэг сургуульд явуулж боловсролд нь анхаарна. Өнөөдрийн байдлаар У хүүхдээ хөдөө орхичихсон аймагт ажил хийж байгаа гээд аймагт байгаа. Ийм хүнд итгэхэд хэцүү байна. Уы ээж нь өндөр настай даралт ихсэх өвчтэй, хүүхэдтэй зууралдаад арчлаад байх боломж хязгаарлагдмал хөгшин байдаг надад хүүхдээ чи өрөө аваарай гэж хэлдэг хүнээр ч хэлүүлж байсан, энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт би тайлбартаа хэлсэн. Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өөрчлөлт оруулж охин Г.О-г миний асрамжинд тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Э.У-д холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хүүхдийн асрамжийн асуудлаар маргаантай байгаа талууд ямар байдлыг нотлох, нотолгооны зүйл юу болох, мэтгэлцээн ямар агуулгаар явагдах учиртайг шүүх талуудад тайлбарлан таниулсан байх учиртай бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь:

-Хүүхэд өөрт нь илүү дассан байдлыг,

-Мөн нэхэмжлэгч \хариуцагч\ нөгөө талтай буюу эцэг \эх\-тэй нь, гэр бүлийн бусад гишүүдтэй харьцах боломжоор хангаж чадах,

-Хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой бөгөөд чадвартай болох,

-Өөрийн ёс суртахууны болон хувийн зан чанарыг тодорхойлох байдал, боловсролын түвшин, ажил эрхлэлт, ажилгүй бол шалтгаан зэрэг байдал нь маргааны нөгөө талынхаас илүү болох,

-Хүүхэд болон эцэг \эх\-ийн хооронд сайн харилцаа тогтсон болохыг,

-Нэхэмжлэгч \хариуцагч\ хүүхдийн ашиг сонирхлыг хүндэтгэж, харгалзан үздэг, хүүхэдтэй харилцан ойлголцсон харилцаатай болохыг,

-Нэхэмжлэгч \хариуцагч\ хүүхдийн хүмүүжих, хөгжихөд зайлшгүй шаардлагатай цалин орлого, орон байрны нөхцлийг хангах боломжтой болохыг нотолсон байх учиртай.

Мөн нэхэмжлэгч \хариуцагч\ нь хүүхдийг сургууль болон цэцэрлэгт нь явах, боловсрол олох нөхцлийг хангах боломж, хүүхдийн ёс суртахууны болон биеийн хөгжилд цаг зав гаргах боломж, нэхэмжлэгч \хариуцагч\ өөр гэр бүл, хүүхэдтэй эсэх, нэг ам бүлд олон хүн амьдардаг эсэх зэрэг байдлуудыг хамааруулж болно.

Нэхэмжлэгч \хариуцагч\-ийн оршин суудаг газрын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээнд ойр дөт байршил зэрэг нь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжийг бүрдүүлэх боломжтой эсэх, бага насны болон насанд хүрээгүй хүүхэд эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрахыг тогтоох, үүнтэй холбоотой маргааны онцлогоос шалтгаалж хүүхдийг өөрийн асрамжид үлдээх шаардлага гаргаж буй нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь дээрх нөхцөл байдлуудыг нотлох үүрэгтэй.      

          Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий бус гэж үзнэ.

          Дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

          Давж заалдах шатны шүүх гомдлын талаар дүгнэлт хийгээгүй, өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Д.Г-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 145/ШШ2021/00104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Нэхэмжлэгч Д.Г-с давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.     

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй