| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 608 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: С.Эрдэнэтуяа;
өсвөр насны шүүгдэгч: Ч.Ч , түүний хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхсолонго, тэдний өмгөөлөгч О.Санчирбал;
арван зургаан насанд хүрээгүй хохирогч: Б.Есөн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Шижиртуяа, тэдний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэдцэрэнгийн Ч-ад холбогдох эрүүгийн 1809026320567дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөгжим бүжгийн коллежийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЭ01211439 регистерийн дугаартай Авга овогт Чимэдцэрэнгийн Чинбат.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Өсвөр насны яллагдагч Ч.Чинбат нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын консерватори дотор насанд хүрээгүй хохирогч Б.Есөн-Эрдэнийг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөгжим бүжгийн коллежийн сургуулийн 1 давхарт Есөн-Эрдэнэтэй тааралдсан. Есөн-Эрдэнэ, Хулан хоёр уулзаад зогсож байхаар нь миний уур хүрээд гараараа Есөн-Эрдэнийн нүүр рүү нь нэг удаа цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Есөн-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөгжим бүжгийн коллежийн 1 давхарт явж байтал Ч тааралдаад “чи яагаад байгаа юм бэ” гэж асуусан. Би түүнээс “Хулан бид 2-ын үерхэж байгаа асуудлыг яриад байгаа юм уу” гэж асуухад “тийм” гэж хэлсэн. Намайг Хулантай уулзчихаад салаад 3 давхарын шатан дээр явж байтал Чинбат 4 давхараас бууж ирж байсан ба араас ирээд намайг хажуу тийшээ хартал миний уруулын орчимд нэг удаа гараа зангидаж цохисон. Миний 2 шүд унасан, нэг шүд хөдөлгөөнтэй болсон гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Есөн-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 5/, өсвөр насны Ч.Ч-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Б.Должинсүрэн /хх-ийн 16/, Ч.Удвал /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7139 тоот дүгнэлт /хх-ийн 10/, хохирлын баримтууд /хх-ийн 11-13, 30/ Ч.Ч-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-44, 46-52, 57/, шинээр 7 хуудас хохирлын баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Хөгжим бүжгийн коллежийн 3 давхарт Ч.Ч нь Б.Есөн-Эрдэнийн нүүрэнд гараараа цохиж хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Есөн-Эрдэнийн /хх-ийн 5/: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хичээл завсарлаад 1 давхарт явж байтал Ч гэдэг хүүхэд тааралдаад “чи яагаад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Хулан бид 2-ын үерхэж байгаа асуудлыг яриад байгаа юм уу” гэж асуухад “тийм” гэж хэлсэн…Ч араас гүйж ирээд “Хулантай 3-лаа хамт уулзаад асуудлаа шийдье” гэсэн…Би Хулантай уулзаад “3-лаа уулзаадхая” гэж хэлтэл Хулан Ч-ыг харчихаад “уулзахгүй” гээд байсан юм. Хулан намайг дагуулаад 3 дугаар давхарт гараад “Ч-тай уулзмааргүй байна, уулзсан ч гэсэн Ч-ыг байхгүйд уулзмаар байна” гээд байсан. Би Хулантай уулзчихаад салаад 3 давхарын шатан дээр явж байтал Ч 4 давхараас бууж ирж байсан ба араас ирээд намайг хажуу тийшээ хартал миний уруулын орчимд нэг удаа гараа зангидаж цохисон. Тэгтэл миний үүдэн доод нэг шүд газар унаад,нэг шүд уначихсан нь аманд мэдэгдсэн. Тэгээд миний 2 шүд уначихсан,нэг шүд хөдөлгөөнтэй болчихсон…” гэх мэдүүлгээр,
өсвөр насны Ч.Ч-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23/: “…2018 оны 06 дугаар сарын 04-ний 12 цаг өнгөрч байхад Хөгжим бүжгийн коллежийн сургуулийн 1 давхарт манай сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Есөн-Эрдэнэ надтай тааралдаад “Би Хулантай үерхэж байгаа” гэж хэлсэн. Би “хоёулаа Хулантай уулзъя” гэж хэлээд Есөн-Эрдэнэ бид хоёр Хулангийн анги руу очсон. Тэгсэн чинь Есөн-Эрдэнэ Хуланг ангиас нь дуудаад уулзаад явсан. Би араас нь сургуулийн хувцас солих өрөө рүү очсон боловч байгаагүй. Би 4 давхараас 3 давхар руу шатаар уруудаж байхад Есөн-Эрдэнэ, Хулан хоёр уулзаад зогсож байхаар нь миний уур хүрээд “амжилт хүсье” гэж хэлээд өөрийнхөө баруун гараар Есөн-Эрдэнийн уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Би Есөн-Эрдэнийг цохьчихоод л яваад өгсөн…Би сургуулийнхаа Хулан гэдэг хүүхэдтэй үерхдэг. Есөн-Эрдэнэ Хулантай давхар үерхэж байгааг мэдээд би Есөн-Эрдэнэтэй маргалдсан…” гэх мэдүүлгээр,
Ч.Ч-ын буруутай үйлдлийн улмаас Б.Есөн-Эрдэнийн биед “гурван шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болох, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7139 тоот дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн өсвөр насны шүүгдэгч Ч.Ч нь Б.Есөн-Эрдэнийг “Хулантай үерхлээ” хэмээн дургүйцэж түүнийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Хөгжим бүжгийн коллежийн 3 давхарт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэмээн ташаарч бичсэнийг баримтад мэдээлэлд тулгуурлан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэж шүүх нөхөн гүйцэтгэж зөвтгөн залруулав.
Дээрх байдлаар зөвтгөн залруулсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй, оролцогчийн эрхийг хязгаарлахгүй болно.
Ийнхүү Ч.Ч-ын хардлагын улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ч-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
14-18 хүртэлх насны шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцан арилгах үүрэгтэй тул шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй гэм хор болох эмчилгээний 410.000 төгрөгийн баримтад заасан төлбөрийг өсвөр насны шүүгдэгч Ч.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхсолонго нараас гаргуулж хохирогч Б.Есөн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Шижиртуяа нарт олгох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн өсвөр насны шүүгдэгч Ч.Ч гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас хохирогчийг “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” үр дагаварт хүргэсэн.
Ийм учраас хохирогчийн “өмгөөлөгчид төлсөн зардал 500.000 төгрөгийг” гэмт хэргийн хор уршигт тооцож, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас нэмж гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Есөн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул энэ (гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн) талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Ч.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Ч.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний доторх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэхдээ хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Авга овогт Чимэдцэрэнгийн Чинбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.2 дугаар зүйл, 8.3 дугаар зүйлийн 2, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Ч.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ч-ад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ч-ад хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхсолонго нараас нийт 910.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Есөн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Шижиртуяа нарт олгосугай.
7. Хохирогч Б.Есөн-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа (гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн талаарх) нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 2 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ