Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 

2025           12            24                                                                                    2026/ДШМ/12

  Н.М-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Гантулга,

шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2502000000160 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б- овгийн Н-ын М-, ......, /РД: Н-/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Н.М- нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байрны гадна зогсоолд Н- УНН улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгсэлд делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, 0.0289 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өөрийн эзэмшлийн цүнхэндээ метамфетамины агууламж бүхий бор өнгийн шилэн савлагаатай, өнгөгүй шингэн зүйл 2 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин нь 33.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 3 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдпэх ялд оруулан тооцон хассаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий зиплок уутанд хийсэн цэвэр жин нь 0,0289 грамм жинтэй шавар мэт зүйл, “дексаметазон” гэх бичиглэлтэй хагархай тарианы шил, бохирлогдсон зиплок уут, бор болон өнгөгүй тунгалаг бортого хэлбэр бүхий 2 ширхэг шилэн хэрэглүүр, хоёр талдаа хөвөнтэй хар өнгийн саваа мэт зүйл 8 ширхэг, цагаан өнгийн хөвөнтэй саваа 1 ширхэг, хуйлсан зиплок уутнууд, хар өнгийн цахилгаан жин, цагаан өнгийн тагтай дотроо тосорхог зүйл агуулсан сав, “Liquid oxygen” гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн шилэн сав, дотроо улаан цэнхэр өнгийн хуванцар соруул, хөвөнтэй саваа агуулсан өнгөгүй гялгар уут, резинэн гуурс холбосон бор өнгийн шилэн бортого мэт сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тарианы шилний хагархай хэсэг, ягаан өнгийн хуванцар соруул, ягаан өнгийн соруул-2 ширхэг, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, өнгөгүй цайвар соруул 2 ширхэг, тортог мэт зүйлээр бохирлогдсон хүрэн өнгийн тарианы шилний толгой хэсэг, цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон хар өнгийн зурагтай зиплок түгжээтэй гялгар уут 1 ширхэг, ямар нэгэн бохирдолгүй зиплок түгжээтэй гялгар уут 1 ширхэг зэргийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Монгол Улсын АР2637304 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, NJ9379849 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Н.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдпэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус хэрэгт холбогдсон цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулалгүй үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршиг болон нийгэмд учруулсан сөрөг нөлөөг бүрэн ухамсарлаж үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна.

Миний бие ам бүл 3, эх болон 3 настай хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Мэргэжилээрээ геологи, хайгуулийн зураг хувиараа зурдаг. Мөн хамтран амьдрагч Б.Э- 2 сартай жирэмсэн эмчийн хяналтанд байгаа зэргийг харгалзан үзэж биеэр эдлэх 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.М- өөрийн үйлдсэн гэмт хэргээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зөвхөн түүнд оногдуулсан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан. Миний бие шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дүгээр талд “шүүгдэгч Н.М- энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн гэм бурууд 3 жилийн хугацаагаар хорих ял тохирно” гэж дүгнэсэн талаараа дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд урьд тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан бол хүнд ял шийтгэл оногдуулна гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Шүүгдэгч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд хамаарна. Миний үйлчлүүлэгч үүн дээр дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Шүүхийн шийдвэрийн нээлттэй сангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг судалж, харьцуулж үзэхэд, миний үйлчлүүлэгчид хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийг урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэдгээр эрх зүйн байдлыг нь дордуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнээс хүнд ял, шийтгэл оногдуулж болохгүй гэж тусгайлан хуульчлагдсан байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.М- “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч “Н.М-ыг урьд энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан гэдгийг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал ... харгалзан үзнэ” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, 2 удаа ял шийтгүүлсэн гэдэг хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн болохоос Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Н.М- нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байрны гадна зогсоолд Н- УНН улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгсэлд делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, 0.0289 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өөрийн эзэмшлийн цүнхэндээ метамфетамины агууламж бүхий бор өнгийн шилэн савлагаатай, өнгөгүй шингэн зүйл 2 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин нь 33.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 1/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 9-10/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...2,4,8,10,11,12 дугаар баганад 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг зааж байсан...” тухай тэмдэглэл /1 хх 11/,

Б.Э-гийн биед нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-16/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Б.Э- ...2,4 дүгээр баганад 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан...” тухай тэмдэглэл /1 хх 17-19/,

мөрдөгчийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” санал /1 хх 20/,

прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /1 хх 21-23/,

мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1 хх 24/,

хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 25/,

сэжигтэн, яллагдагч Б.Э-гийн “...Тухайн өдөр би гэртээ байхад манай найз Н.М- уулзъя гээд манай гэрийн ойролцоо ирсэн. Бид хоёр “Toyota Carina” маркийн машинд дөнгөж уулзаж байтал манай охин сургуулиасаа ирэх цаг болчихсон болохоор би охиноо авахаар явсан. М- машинд үлдсэн. Би охиноо авчхаад гэрт нь оруулж өгөөд буцаад машинд дөнгөж суух үед цагдаа нар ирээд саатуулсан. Бид хоёр анх машинд суухад тийм зүйл байгаагүй. Намайг гэр рүүгээ охиноо оруулж өгөх үед М- ил гаргаж тавьсан байх. Харин миний цүнхнээс хураагдсан эд зүйлс минийх юм. Би баригдсан өдрөөсөө ойролцоогоор 3-4 хоногийн өмнө мөс, өвс гэх нэртэй мансууруулах бодисыг У.Э- гэх хүнтэй цуг хэрэглэсэн. Тийм болохоор гарч байгаа байх ... Э- гэх хаяг бол надад байдаг. Гэхдээ яг миний хаягтай адилхан зурагтай хуурамч хаягууд бас байдаг. Тэр хаягуудыг хэн нээж хэн ашигладаг талаар мэдэхгүй байна. Би гомдол гаргаагүй. ...Тэр соруул, зиплок уут зэргийг хэрэг болохоос 5-6 хоногийн өмнө У.Э- гэх хүн надад бэлэг болгон өгсөн. Шинжилгээгээр илэрсэн бодисын хувьд У.Э-тэй хамт хэрэглэсэн бодис илэрсэн байх. Би Э-тэй уулзахгүй гэхээр дарамт шахалт үзүүлээд байдаг. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний танихгүй утаснаас мартаар өгч чадаагүй байгаа бэлгээ өгье, хаана байна гээд дарамталсан өнгө аястай ярихаар нь би утсаа салгаад дахиж яриагүй. Тэгтэл Н.М- руу залгаад “Эма хаана байгаа вэ, над руу залга” гээд хэлүүлсэн байсан. Маргааш нь цагдаа нарт баригдсан нь Э- цагдаад дуудлага өгч биднийг бариулсан гэж бодож байна. Энэ хуурамч хаягийг Э- ашиглаж байгаа гэж бодож байна. Энэ хаягаас миний хаяг руу найзын хүсэлт явуулсан байсан. Мөн Э-ийн бичиж байгаа хэв маяг нь ижилхэн байсан. ...” /1 хх 33, 176, 210-211/,

шүүгдэгч Н.М-ын “...Тухайн шавар мэт зүйл нь минийх. Би яг хэзээ хаанаас яаж авснаа санахгүй байна. Тухайн өдөр хуучин гадуур хүрмийнхээ халааснаас гэртээ байхдаа олоод халаасалчихсан юм. Учир нь бас гэртээ хадгалаад яахав ер нь гаргаж хаяна гэсэн бодпоор халаасалсан. 03 дугаар сарын 19-нд найз Э-тай гэрийнх нь ойролцоо машинд уулзаж байгаад халаасанд байсан хогуудтайгаа нийлүүлээд хаях гээд машины хаалганы хавтсанд хийчихсэн. Улмаар цагдаа нар ирж нэгжлэг хийгээд хураан авсан. Бусад хураагдсан зүйлс нь мөн минийх. Би машинд нь гаргаад тавьчихсан байсан юм. Тухайн өдрөөс 3, 4 хоногийн өмнө мөс болон өвс хэрэглэсэн. ...Э- энэ хэрэгт хамааралгүй. Тухайн олдсон бодис нь минийх. Э- гэдэг хүн миний мэдэхээр 2023 оноос хойш хажуудаа байлгах зорилгоор янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлж утас руу нь янз бүрийн мессеж, чат явуулж утсаар ярьдаг. Мөн над руу бас мессеж бичиж утсаар ярьж Э-г яриул гэж хэлдэг. Намайг Э-г манайд аваад ирвэл мөс өгье, мөнгө өгье гэж хэлж байсан. Э-гийн фэйсбүүк хаяг ийм нэртэй боловч мөн ижил нэртэй ийм хаягийг хуурамчаар нээж, Э-гийн зургийг оруулсан байсан. Энэ хэрэгт Э- хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” /1 хх 29, 212-213/ гэсэн мэдүүлгүүд,

Тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-8/,

Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0325/2476 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн шилэн гуурс мэт зүйл, цагаан өнгийн хөвөнтэй, шар өнгийн модон саваа мэт зүйл, хуйлсан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплокуут 7 ширхэг, өнгөгүй хуванцар гуурс тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Өнгөгүй шилэн гуурс мэт зүйл, хар өнгийн хөвөнтэй саваа мэт зүйл 8 ширхэг, хуванцар савлагаатай тосорхог зүйл, “Liquid oxygen” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн шилэн савлагаатай шингэн зүйл, хар өнгийн хуванцар зүйл, өнгөгүй гялгар ууттай улаан өнгийн хуванцар соруул 2 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар соруул, өнгөгүй хуванцар соруул 2 ширхэг, цагаан өнгийн хөвөнтэй саваа мэт зүйл 3 ширхэг тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй. ...” /1 хх 37-40/,

Шинжээчийн 2025 оны 03 дугаар  сарын 31-ний өдрийн ЕГ0325/2480 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн шавар мэт зүйлээс Дельта-9-Тетрагидроканнабинол /Delta-9- Tetrahydrocannabinol/ илэрсэн. Хоосон өнгөгүй жижиг зиплок уутнаас Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Дельта-9-Тетрагидроканнабинол болон метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ll-р жагсаалтад багтана. “Дексаметазон” гэсэн шошготой бор өнгийн жижиг шилнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин 0,0289 грамм байна. Хоосон өнгөгүй жижиг зиплок уутны жин тогтмол өөрчлөгдөхгүй тул жинг тогтоох шаардлагагүй. ...” /1 хх 49-50/,

Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/2477 дугаар “...1.2.4. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хажуу талдаа гуурсаар холбогдсон бор өнгийн шилэн савлагаатай өнгөгүй шингэн зүйл, хагархай шил мэт зүйл, ягаан өнгийн хуванцар зүйл, гялгар уут зэргээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3. Хажуу талдаа гуурсаар холбогдсон бор өнгийн шилэн савлагаатай өнгөгүй шингэн зүйл нь 2 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 33,7 г байна. ...” /1 хх 61-62/,

Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/2481 дүгээр “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Н.М- Н-” гэж хаягласан биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шээснээс MDMA, метамфетамин /Methamphetamine/, тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн MDMA нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад, Метамфетамин, Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад тус тус багтдаг болно. ...” /1 хх 66-67/,

Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/2478 дугаар “...1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Н-84, Товч утга: Б.Э-гийн биеэс хураан авсан, Объектын мэдээлэл, онцлог: хэрэглүүр, Алба хаагч, цол, нэр: а/д Б.Мөнхжин, Огноо: 2025.03.19” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн соруул, хар өнгийн зураг бүхий гялгар уут зэргээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Мөнгөлөг цааснаас дельта 9 тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol) илэрсэн. Метамфетамин, дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Өнгөгүй соруул, өнгөгүй гялгар уут, хүрэн өнгийн тарианы хагархай шил, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 1,3 г, цэвэр жин 0,9 г байна. ...” /1 хх 54-56/,

Шүүх сэтгэц эмгэг судпалын 2025 оны 04 дүгээр сарын 21 -ний өдрийн 400 дугаар “...1. Н.М- нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.6.7. Н.М- нь одоо Олон төрлийн сэтгэц идэвхт эм бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байна. 3. Н.М-ын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. 4. Н.М- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Н.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1 хх 90-92/ гэсэн дүгнэлтүүд,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б25-27 дугаар “...Toyota Carina маркийн тээврийн хэрэгсэл 1,685,000 төгрөг. ...” /1 хх 78-81 гэсэн тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-ыг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, 0.0289 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, мөн өөрийн эзэмшлийн цүнхэндээ метамфетамины агууламж бүхий бор өнгийн шилэн савлагаатай, өнгөгүй шингэн зүйл 2 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин нь 33.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.М-аас “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулалгүй үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршиг болон нийгэмд учруулсан сөрөг нөлөөг бүрэн ухамсарлаж үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байгаа, мөн миний бие ам бүл 3, эх болон 3 настай хүүгийн амьдардаг, хамтран амьдрагч Б.Э- 2 сартай жирэмсэн эмчийн хяналтанд байгаа зэргийг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Н.М-т 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.

Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Н.М- нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, 0.0289 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, мөн өөрийн эзэмшлийн цүнхэндээ метамфетамины агууламж бүхий бор өнгийн шилэн савлагаатай, өнгөгүй шингэн зүйл 2 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин нь 33.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М-т 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

          Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял эдлэж байсан нь гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг дүгнэх хүчин зүйл болж байгаагаас гадна анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.М- нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2361 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

 

 ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

                         ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР