Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/00506/и |
Дугаар | 001/ХТ2017/00506 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2017/00506
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын
Засаг даргын тамгын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаар шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалтай,
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Д.Соёлбаатарт холбогдох
Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 10.802.412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Д.Соёлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Д.Соёлбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн гаргасан тайлбарт: “Иргэн Д.Соёлбаатар нь Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу ”Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сумын Засаг даргатай 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 1 жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авч, зээлийн гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон. Бид удаа дараа шаардсан болно. Уг зээлээс 1.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх үндсэн зээл 9.000.000 төгрөг, хүү 1.802.412 төгрөг, нийт 10.802.412 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би энэ зээлийг авсан нь үнэн боловч төлөхгүй. Учир нь би “Хувийн эздийн холбоо”-ны даргаар ажилладаг бөгөөд энэ зээлийг тус холбооны нэр дээр авч, Шаамар сумын балгас болсон нурах шахсан байрыг засаж янзлан үсчин, халуун ус, саун болгон тохижуулж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Үсчний багаж хэрэгслийг бүгдийг нь авч өгсөн. Сум авчихаад намайг “түрээслэн ажиллуул” гэхээр нь нэг сар хувь хүмүүст түрээслэсэн боловч цахилгааны үнийг төлж чадахгүй байсан учраас гаргаж дахин үйл ажиллагаа явуулаагүй хаасан. Энэ байр нь миний хувийн эд хөрөнгө биш сумын мэдлийн хөрөнгө юм. Үүнийг тохижуулахад би өөрөөсөө 3.864.000 төгрөг гаргасан. Би энэ зээлийг төлөхгүй. Сум хөгжүүлэх сангаас би ганцаараа зээл аваагүй, өөр бусад хүмүүс авсан боловч бүгд гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй хувьдаа хэрэглээд алга болцгоосон. Сонгууль явагдах болохоор намайг шүүхэд өгдөг нь цэвэр улс төржилт гэж үзэж байна. “Барс” хувийн эздийн холбооны эзэн нь би учраас энд түүнийг нотолсон баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би энэ зээлийг авч хувьдаа ашиглаагүй учраас төлөхгүй.” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар Д.Соёлбаатараас 10.802.412 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Шаамар сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Соёлбаатараас 160.012 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Соёлбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Соёлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийг иргэнийхээ журмаар зээлээгүй. Харин 2008 онд байгуулагдсан “Барс” хувийн хэвшлийн холбоо нь уг мөнгийг авч сумын Тамгын газрын данстай ашигладаггүй эвдэрч муудсан байрыг сэргээн засварлаж, тоног төхөөрөмж тавьж, сантехникийг бүрэн шийдвэрлэж ахуйн үйлчилгээний зориулалтаар тохижуулж, тухайн үеийн сум орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм. “Барс” хувийн хэвшлийн холбооныхон дундаасаа 10.000.000 төгрөг дээр нэмж 4.000.000 төгрөг гарган ахуйн үйлчилгээний байрыг бүрэн тохижуулж өгсөн. Тухайн үеийн сумын дарга, ИТХурлын дарга нар сум орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож сайхан байртай боллоо хэмээн баярлаж хүлээн авч байсан. Иймд энэ хэргийн хариуцагч нь миний бие биш, “Барс” холбоо болно. Давж заалдах шатны шүүхээс татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт уг зээлийн гэрээн дээр “Барс” холбоо болон Шаамар сумын Засаг даргын тамгын газар гэрээ хийсэн байдаг. Би холбооны гишүүдийн зөвшөөрлөөр холбооны тэргүүний хувьд гарын үсэг зурсан. Уг зээлийг “Барс” холбоо авсан нь тус гэрээн дээр “Барс” холбооны тамга тэмдэг дарагдсан байгаагаар нотлогдоно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгснөөр, харин ...тухайн 10.000.000 төгрөгийг “Барс” холбооны дансанд шилжүүлсэн нь дээрх баримтаар “Барс” холбоо уг мөнгийг авсан болох нь давхар нотлогдож байна. Гол нь сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хүн гүтгэсэн явдал болж байгаа юм. Дээрх мөнгийг сум хөгжүүлэх зориулалтаар нь тухайн сумын удирдлагын хүсэлтээр сумандаа ахуйн үйлчилгээний байр барьж өгснийг тухайн үеийн удирдлагууд нотолдог, барьсан байр нь байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Соёлбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.802.412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, хариуцагч “Барс” холбоо гэдэг төрийн бус байгууллага зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас зээл авч сумын ахуйн үйлчилгээний барилгыг зориулалтаар нь тохижуулж өгснийг тухайн үеийн сумын дарга нар хүлээж авсан. Зээлийг сум орон нутагтаа барилга байгууламжийг засан сайжруулахад зарцуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага болж буй зээлийн гэрээнээс үзэхэд Д.Соёлбаатар нь Шаамар сумын хувийн эздийн холбооны дарга гэсэн нэрээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 10.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авахаар тохирч, 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай зээлийн гэрээг Сумын засаг даргын тамгын газартай байгуулж, 10 000 000 төгрөгийг Хувийн эздийн Барс холбооны 5686061160 дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараас үзэхэд зээл авагч тал буюу хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй буюу зээлийн гэрээний нэг тал нь иргэн Д.Соёлбаатар, эсхүл Хувийн эздийн Барс холбоо аль болох нь ойлгомжгүй, хариуцагчийг иргэн Д.Соёлбаатар гэж дүгнэхэд эргэлзээгүй, зээлийг хувь хүн эсхүл хуулийн этгээд захиран зарцуулсан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
Түүнчлэн зээлийн хөрөнгөөр засварласан гэх халуун усны газар нь ямар этгээдийн мэдэлд байгаа нь тодорхой бус буюу орон нутгийн өмч мөн эсэх, халуун усны газарт засан сайжруулалт хийснийг хүлээн авсан үйл баримт ойлгомжгүй, халуун усны газрыг ажиллуулж, зээл төлөх үүрэгтэй этгээд хэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 187.789 /нэг зуун наян долоон мянга долоон зуун наян есөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН