Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 856

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Эф Эйч Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох; 

-Ашигт малтмал, газрын тосны газарт “Эф Эйч Эл” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 833.29 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох;

-Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох нэг сая төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Эф Эйч Эл” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож, энэ тухайгаа Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр оролцож,  2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт ХА-018475-001-NE дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гарган өгсөн. Тус газраас өргөдлийг хүлээн авч NE-025678 дугаартай өргөдлийн бүртгэлийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. 

Манай компаний өргөдөл гаргасан талбай нь Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу Засгийн Газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байгаа. Мөн Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийн ямар нэг давхцалгүй, хуульд харшлаагүй учраас NE-025678 өргөдлийн бүртгэлийн дугаар олгож бүртгэсэн билээ.

Гэтэл Ашигт малтмалын газраас 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон 6/5624 тоотоор Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Мандал нэртэй газарт гаргасан NE-025678 дугаартай өргөдлийн талбайг бүхэлд нь Дөрвөлжин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 тоот шийдвэрээр “...дээрх өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг мэдэгдэе” гэсэн мэдэгдлийг хүлээн авсан. Тус 541 тоот шийдвэр хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус шийдвэр тул гомдол гаргаж байна. 

Тус газраас өргөдөл хүлээн аваад  бүртгэгдсэнээс хойш ажлын 20 хоногийн дотор өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг өгөх ёстой байтал ямар учраас хууль, дүрэм журмаа зөрчин 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өргөдлийг шийдвэрлэлгүйгээр дарагдуулсан нь компаний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. 

Нөгөөтэйгүүр “Эф Эйч Эл” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу оролцож 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт ХА-018475-001-NE  дугаар бүхий өргөдлийг тус газарт гарган өгөхөд хүсэлт гаргасан талбай нь хэний ч эзэмшил ашиглалтад байгаагүй ба ямар нэгэн давхцалгүй байсан. 

Манай компаний зүгээс Ашигт малтмалын газарт илт хууль зөрчсөн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 тоот шийдвэрээ хүчингүй болгон манай компаний өргөдлийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэн өргөдөл гаргасан талбайд хайуулын тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 08/05 дугаар албан бичгээр өгсөн бөгөөд Ашигт малтмалын газраас 2015 оы 8 дугаар сарын 10-ны өдөр 2/6244 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн.                                            

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Эф Эйч Эл” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт “Мандал” нэртэй талбайд 833.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдөл нь NЕ-025678 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14.00-14.15 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 тоот албан бичгээр мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Завхан аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд тус аймгийн Дөрвөлжин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авахад тухайн өргөдөл гаргасан талбайг тус хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Завхан аймгийн Засаг дарга энэ тогтоолыг үндэслэн тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1-426 тоот албан бичгээр Кадастрын хэлтэс ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.2.3 дахь хэсэгт “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасныг тус тус үндэслэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт “Мандал” нэртэй талбайд 833.29 гектар талбайд “Эф Эйч Эл" ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гурав. Нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: 

“Эф Эйч Эл" ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн  “Эф Эйч Эл” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох нэг сая төгрөгийг гаргуулах;  

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасныг үндэслэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт “Эф Эйч Эл” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 2006 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох.” гэж тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйл буюу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журамд заасны дагуу Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг “Мандал” нэртэй 833.29 гектар талбайд хамгийн түрүүнд гаргасан өргөдөл болно.

Өргөдлийг хянан үзэхэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байх, талбай нь дөрвөн өнцөгт хэлбэртэй, түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, батлагдсан маяггын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл нь баримт бичгийн бүрдэл хангасан, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргасан байсан. Ийм учир өргөдлийг хянан үзэж хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.3-д заасан ажиллагааг хийсэн болно. 

Хэрэв өмнө нь буюу “Эф эйч эл” ХХК-ийн өргөдлөөс түрүүлж өөр компанийн өргөдөл байсан бол дээр дурдсан ажиллагааг гүйцэт хийхгүй өмнө өгсөн өргөдөлтэй давхцалтай үндэслэлээр хасагдах хуулийн зохицуулалттай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажпын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох”, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зааж өгсөн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр: Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянан үзэхэд 250 000 төгрөг хураана.” гэж заасан байна.

Дээр дурдсан хуулиудын зохицуулалтаар төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгө юм. Энэ нь хариу төлбөргүй ба өргөдөлийг хуулийн дагуу бүртгэлээс хассан тохиолдолд буцаан олгохгүй бөгөөд харин хуулиар тэмдэгтийн хураамжийг хөнгөлөх чөлөөлөх харилцааг зохицуулсан байна. 

Нэхэмжпэгчид геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасны дагуу хохирол гаргуулах болоод нэхэмжпэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан талаар ямар ч үндэслэл байхгүй юм. 

Гэтэл нэхэмжлэгч тал буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зориудаар хуульд нийцэхгүй байдлаар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах, нэхэмжпэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж байна. 

Иймд хуульд заасан үйлчилгээгээ авсаны дараа үндэслэлгүйгээр хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас 1 сая төгрөгийн хохирол учирсан гэж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн  тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; Ашигт малтмал, газрын тосны газарт “Эф Эйч Эл” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 833.29 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох; Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох нэг сая төгрөгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Нэг. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн  тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

I. Маргаан бүхий хариуцагчийн 2015 оны 541 дүгээр шийдвэр  нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-ийн Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Завхан аймгийн Засаг даргад Мэдэгдэл хүргүүлэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 дүгээр албан бичгийг  явуулсан байх бөгөөд аймгийн Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/426 дугаар албан бичгээр  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг хүргүүлсэн байна. 

 Тус саналд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Эф Эйч Эл” ХХК-ийн өргөдлийг дэмжих боломжгүй, дээрх газарт тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байгаа хууль ёсны үндэслэл нь “...Их Өлзийт, Бага Өлзийт, Талын хар, Гозгор улаан, Үртэсийн гозгор, Боовой уул орчимд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасны дагуу өвөлжөө, хаваржааны доорх газрыг 10 гаруй айл өрхөд эзэмшүүлсэн, байгалийн үзэсгэлэнт газар, худаг уст цэг бүхий газрыг хамарсан талбайтай давхцаж байгаа учир уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй.” байна гэжээ.

Гэтэл хариуцагчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлдээ “...Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байх тул хайгуулын тусгай тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай.” гэсэн нь:

нэгд, Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй саналд; 

хоёрт, Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “дэмжихгүй” гэсэн саналын үндэслэлд огт дурдаагүй буюу Засаг даргаас ирүүлсэн дээрх санал хариуцагч Кадастрын хэлтсийн даргад ирснээс хойш, тодруулбал 15 хоногийн дараа Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор  “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар”-тай давхцалтай  гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг, ...Засаг дарга энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг “дэмжсэн” хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...мэдэгдэнэ.” гэсэн заалтаас үзэхэд: 

хэрэв Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “...зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгөх” бол энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг “дэмжээгүй” хариу өгсөн нөхцөлд төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж болно гэсэн дүгнэлт гарч байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэсэн заалтын “татгалзсан хариу өгч болно.” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд тайлбарлажээ.

Тэгэхлээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан буюу “Эф Эйч Эл” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй, 19.2.3-т заасан тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаагүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь: 

нэгд, хариуцагчийн “нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 дүгээр албан бичгээр болон дээр дурдсан үндэслэлүүдээр; 

хоёрт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар  буюу Засаг даргын санал нь “Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-аар хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй, үндэслэлгүйгээр татгалзсан” гэсэн эрх зүйн шүүлт хийсэн баримтаар  Завхан аймгийн Засаг даргын санал “хууль зүйн үндэслэлгүй” гэдэг нь нотлогдож байхад хариуцагч хуульд заасан журмын дагуу “Эф Эйч Эл” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй, харин Дөрвөлжин сумын 2015 оны 5 дугаар сарын сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолыг гарсны дараа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 541 дүгээр шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

1.2. Хариуцагч “Эф Эйч Эл” ХХК-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 541 дүгээр шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг нотлохын тулд шүүхэд болон шүүх хуралдаанд “...Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 тоот албан бичгээр мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн. ...Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд тус аймгийн Дөрвөлжин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авахад тухайн өргөдөл гаргасан талбайг тус хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Завхан аймгийн Засаг дарга энэ тогтоолыг үндэслэн тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1-426 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст ирүүлсэн.”  гэж тайлбарлаж байгаа боловч: 

Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан саналыг авалгүй шууд Кадастрын хэлтэст “дэмжихгүй” гэсэн хууль зүйн үндэслэлгүй саналыг гаргасан болон хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1/. Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 97 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-д нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан талбай байрших Дөрвөлжин сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжсэн эсхүл дэмжээгүй талаар ямар санал ирсэн талаар дурдаагүй; 

2/. Засаг даргын саналд хариуцагчийн маргаан бүхий 2015 оны 541 дүгээр шийдвэр гарах үндэслэл болсон нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн талбай нь Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай талаар дурдаж, энэ үндэслэлээр “дэмжихгүй” гэсэн саналыг гаргаагүй;

3/. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Эф Эйч Эл” ХХК-д хайгуулын тусгай тусгай зөвшөөрөл авах санал, хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл, хэлэлцээд гарсан тогтоол, шийдвэр зэрэг баримтууд байхгүй байна.”  гэсэн тус шүүхэд ирүүлсэн 13 тоот албан бичиг;

4/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу Засаг дарга санал авахаар явуулсан эсэх, саналыг хэлэлцсэн болон тус саналтай холбоотой ирсэн, явсан албан бичгийн хяналтын картыг нотлох баримтаар авахаар шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/924 , 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/4583 , 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/6323  дугаар албан бичгүүдийг удаа дараа явуулсан боловч эдгээр албан бичгүүдэд дурдсан баримтуудыг шүүхэд ирүүлээгүй;

5/. Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивд шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 1/4580 дугаар албан бичгээр  Дөрвөлжин сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн эсэх талаар тайлбар, холбогдох баримтыг шаардсан боловч шүүхэд нотлох баримтаар мөн гаргаж ирүүлээгүй байх тул Ашигт малтмалын газарт “хууль зүйн үндэслэлгүй” хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг Засаг дарга хүргүүлсэн болох нь тус тус нотлогдож байна. 

Иймд Завхан аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “...Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах;” мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “...тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх;”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...сум, ...аймаг, ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ...төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, улмаар хариуцагчид “...өвөлжөө, хаваржааны доорх газрыг 10 гаруй айл өрхөд эзэмшүүлсэн, байгалийн үзэсгэлэнт газар, худаг уст цэг бүхий газрыг хамарсан талбайтай давхцаж байгаа учир уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг шууд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргаас шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 2/154 дүгээр албан бичигт “...Дээрх 11 өрхийн  өвөлжөөний бүс нутаг газрын кадастрын зураг, солбилцол одоогоор хийгдээгүй болно.”  гэжээ. 

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй болох нь тогтоогдож байна. 

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтад заасан “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх;” гэсэн заалтыг тус тус зөрчиж:

улмаар маргаан бүхий 2015 оны 541 дүгээр шийдвэрийг гаргахдаа Завхан аймгийн Засаг даргын саналд дурдаагүй үндэслэл болох Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхацсан тул тухайн газар нутагт тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн мэдэгдлийг  нэхэмжлэгчид хүргүүлж, татгалзсан шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

1.3. Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 97 дугаар “дэмжихгүй” гэсэн саналд Кадастрын хэлтсийн даргаас хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй тул нэгэнт “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн тул татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч:

нэгд, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, ...энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Нийтлэг үндэслэл” гэсэн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөгө болгоно.”,

хоёрт, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар” -ын 4 дэх хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг хариуцагч хэрэгжүүлэх ёстой байна. 

Гэтэл “Эф Эйч Эл” ХХК-ийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас”-т  бичигдсэн эрх зүйн шүүлт хийсэн дүгнэлтээс үзэхэд: 

1/. Засаг даргын санал авахаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Засаг даргад явуулсан /хяналтын хуудасны 8 дугаарт тэмдэглэгдсэн байна/;

2/. Засаг даргаас хариуг 2015 оны 4 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон  байхад хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэж, “Засаг даргын саналыг үндэслэн татгалзах мэдэгдлийн төсөл боловсруулав.” /хяналтын хуудасны 9 дугаарт тэмдэглэгдсэн байна/ гэж, мөн Засаг даргын санал эрх зүйн шүүлт хийхэд хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй, үндэслэлгүй татгалзсан /хяналтын хуудасны 10 дугаарт тэмдэглэгдсэн байна/ болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 541 дүгээр хууль бус шийдвэрийг гаргасан нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны байх, гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

II. Хариуцагчаас нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн бөгөөд тус 6/5624 дүгээр мэдэгдэлд “...Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн ...541 дүгээр шийдвэрээр хайгуулын тсгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье.” гэжээ. 

Нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 09-нд гаргасан , хариуцагчаас Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж  үзэхэд нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэж үзэж Завхан аймгийн Засаг даргад 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн , Засаг даргаас уг мэдэгдлийн хариуг 2015 оны 4 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид албан бичгээр  хүргүүлсэн, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн ирсэн бичгийн бүртгэлийн картад  тэмдэглэгдсэн үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагч “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дэх хэсгийн 4.5-д заасны дагуу “...ажлын 3 өдөрт багтааж” хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийн төслийг боловсруулж, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад тус заалтыг зөрчиж 2 сарын дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрх бүхий хуулийн этгээд, нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх “үндсэн эрх”-ийг эдлэх хууль ёсны этгээд” мөн. 

Харин хариуцагч мөн хуулийн 12 дахь заалтын “...Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.”, мөн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.3-т заасан заалтыг үндэслэл болгосон бол мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэсэн заалтыг зөрчиж маргаан бүхий 2015 оны 451 дүгээр шийдвэрийг ажлын 60 өдрийн дараа буюу 2 сарын дараа гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчээс “...хариуцагч хуульд заасан хугацаанд, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй. ...тус үүргээ биелүүлэх ёстой байтал орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 32 дугаар тогтоол гарахыг хүлээж байсан эс үйлдэхүй байсан байна ...” гэх тайлбар үндэслэлтэй болох нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32 дугаар тогтоолыг хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн бүртгэл  болон “Эф Эйч Эл” ХХК-ийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсын бусад тэмдэглэл  хэсгийн 2, 4-7 дугаарт бичигдсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүдээр нотлогдож байна. 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан байх бөгөөд тус хуралдааны тэмдэглэлд “...Орон нутгийн тусгай хамгаалалтад газар нутгаа бэлчээртэй нь авлаа.”  гэснээс дүгнэхэд хариуцагчийн маргаан бүхий 2015 оны 541 дүгээр шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа хуралдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Иймд хариуцагч нь Завхан аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн санал нь бодит байдалд “хууль зүйн үндэслэлгүй” санал болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.2-т заасан ажиллагаагаар тогтоосон, түүнчлэн Үндэслэх хэсгийн I, II-т дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр “Эф Эйч Эл” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2015 оны 541 дүгээр шийдвэрийг хариуцагч гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5-д заасан “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. “Ашигт малтмал, газрын тосны газарт “Эф Эйч Эл” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 833.29 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох; Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох нэг сая төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг  гаргасан, уг өргөдлийг хариуцагч мөн өдөр хүлээн авч өргөдлийн бүртгэлийн NE-025678 дугаарт бүртгэж  уг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт  хийхэд Ашигт малтмалын тухай хуульд заасан хориглосон болон хязгаарласан талбайтай давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-ийн өргөдлийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг “Мандал” нэртэй 833.29 гектар талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.3-т заасан ажиллагааг тус тус хийсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “тусгай зөвшөөрөл авах, ...үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д “ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр: Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянан үзэхэд 250 000 төгрөг хураана.” гэж заажээ.

Иймд дээрх хуулиудын зохицуулалтаар төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгө бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлын мөнгө болох 1 сая орчим төгрөг бол “...нэхэмжлэгч компаниас анх хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд төлсөн 250.000 мянган төгрөг болон холбогдох бусад мөнгийг тушаадаг, ...энэ нь 1.000.000 сая гаруй төгрөг болж байгаа бөгөөд хариуцагчид төлсөн хураамжтай холбоотой мөнгөн дүн юм” гэж тайлбарласан  тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нөхцөл тогтоогдохгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2,  19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эф Эйч Эл” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрийн “Эф Эйч Эл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газарт “Эф Эйч Эл” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 833.29 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох”; “Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох нэг сая төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ӨЛЗИЙСАЙХАН