Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

    2026             01            08                                         2026/ДШМ/49

 

Х.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ж,

хохирогч “Хаан банк” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

шүүгдэгч Х.Ч-ын өмгөөлөгч Ш.Л,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Хаан банк” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Ч-т холбогдох эрүүгийн ............... дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Ч нь Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хаан банкнаас “Сигначур сигмент” багцын цалингийн зээлийг хууль бусаар авах зорилгоор “Э” ХХК-д ахлах менежер албан тушаалд ажиллаж 3.500.000 төгрөгийн цалин авдаг гэж хуурч, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, Худалдаа хөгжлийн банкны ........... тоот төгрөгийн харилцах дансны хуулга зэрэг хуурамч баримт бичгийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ............ салбарын эдийн засагчид өгч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 30.000.000 төгрөгийг зээл гаргуулан авч, “Хаан банк” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

мөн шүүгдэгч М.А, Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж Хаан банкнаас “Сигначур сигмент” багцын цалингийн зээлийг хууль бусаар авах зорилгоор “Б” ХХК-д ахлах менежер албан тушаалд ажиллаж 3.400.000 төгрөгийн цалин авдаг гэж хуурч, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, Худалдаа хөгжлийн банкны ...... тоот төгрөгийн харилцах дансны хуулга зэрэг хуурамч баримт бичгийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ..... салбарын эдийн засагчид өгч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 30.000.000 төгрөгийн буюу нийт 60.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авч “Хаан банк” ХК-д их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-аас 4.251 /дөрвөн мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч “Хаан банк” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйл /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/-ийн 3-т “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан. Хэргийн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Х.Ч нь С, С, Б нартай хамтран 30,000,000 төгрөг залилсан хэрэг, мөн А, С, С, Б нартай хамтран 30,000,000 төгрөг залилсан хэрэгт шалгагдсан байдаг. Олон этгээд хамтран оролцсон, үйлдэл холбогдлыг нэгтгэн шалгаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай хэрэг байсан гэж үзэж байгаа. Хэргийг тусгаарлан шийдвэрлэснээр оролцогч тус бүр 2 хэрэгт ямар үүрэг оролцоотой, ямар байдлаар хамтран оролцсон, гэмт хэргийн замаар олсон мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулж хуваарилсаныг тогтоох боломжгүй, тодорхойгүй нөхцөлтэй буюу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөлд шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй буюу А, С, С, Б нартай хамтран үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. А, С, С, Б нартай хамтран үйлдсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй, үүний улмаас энэ хэрэгт хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс “... Харин 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дахин зээл авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу энэ талаарх тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн. Ийнхүү тусгаарлан шийдвэрлээгүй, нотолбол зохих байдлыг тогтоогоогүйн улмаас бусад хамтран оролцогч нарын гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй бөгөөд шүүхээс “...Иймд шүүгдэгч Х.Ч нь Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн тул нэр бүхий хүмүүсээс хувь тэнцүүлэн хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй” гэж тэдгээр хүмүүсийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхийг урьдчилан таамаглаж дүгнэсэн. Энэ нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар/-ийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж, уг хавтаст хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт зээлийн гэрээ, дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг нотлох баримт байгааг шинжлэн судлуулсан боловч дүгнээгүй, үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй. Хохирогчийн зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл /Гэмт хэргийн хохирол, хор уршиг/-ийн 2 дахь хэсэгт зааснаар хор уршигт тооцож шаардсан боловч хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийг зөрчсөн бөгөөд хор уршгийг хэлэлцээгүй. Энэ талаарх үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолд заагаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Ч-ын өмгөөлөгч Ш.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, А нь Б болон бусад этгээдүүдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн оролцоо тогтоогдоогүй бөгөөд уг нөхцөл байдал нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн нотлогдоогүй. Түүнчлэн С, Ч, С, Б нарын хамтарсан үйлдэлтэй холбоотойгоор А оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй бөгөөд энэ асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг шийдвэртэй холбоотойгоор маргах зүйлгүй. ...” гэв.

Прокурор Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчиийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан асуудлыг шийтгэх тогтоолд, тухайлбал хохирол мөнгийг яагаад хуваах болсон, Ч-т холбогдох хэргийг яагаад тусгаарлах болсон, ямар нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн талаар ойлгомжтой тайлбарлаж бичсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2397 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Х.Ч нь Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хаан банкнаас “Сигначур сигмент” багцын цалингийн зээлийг хууль бусаар авах зорилгоор “Э” ХХК-д ахлах менежер албан тушаалд ажиллаж 3.500.000 төгрөгийн цалин авдаг гэж хуурч, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, Худалдаа хөгжлийн банкны ............ тоот төгрөгийн харилцах дансны хуулга зэрэг хуурамч баримт бичгийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ...... салбарын эдийн засагчид өгч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 30.000.000 төгрөгийн зээл гаргуулан, 

мөн шүүгдэгч М.А, Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж Хаан банкнаас “Сигначур сигмент” багцын цалингийн зээлийг хууль бусаар авах зорилгоор “Б” ХХК-д ахлах менежер албан тушаалд ажиллаж 3.400.000 төгрөгийн цалин авдаг гэж хуурч, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, Худалдаа хөгжлийн банкны ..... тоот төгрөгийн харилцах дансны хуулга зэрэг хуурамч баримт бичгийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ..... салбарын эдийн засагчид өгч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 30.000.000 төгрөгийн зээл гаргуулан тус тус авч,  “Хаан банк” ХК-д нийт 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Х.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэжээ.

Гэхдээ, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ч-ын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр М.А, Ө.С, М.С, Д.Б нартай бүлэглэн 30.000.000 төгрөг залилан авсан үйлдлийг хэрэгт үндэслэл бүхий баримт нотолгоо авагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг заавал нотолж тогтоосон байдаг нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлүүдийг үргэлжилсэн нэг эсхүл нийлмэл гэмт хэрэгт тооцох эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлж, тогтоосон байх нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Прокуророос шүүгдэгч Х.Ч-ыг Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хаан банкнаас 30.000.000 төгрөг, мөн М.А, Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хаан банкнаас 30.000.000 төгрөг тус тус залилан авч, “Хаан банк” ХК-д нийт 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.Ч нь Ө.С, М.С, Д.Б нартай хэрхэн хамтран оролцсон, мөн М.А, Ө.С, М.С, Д.Б нартай хэрхэн хамтран оролцсон тухай үйл баримт тодорхой тусгагдаагүй байна.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосны дараа шүүхэд шилжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан ба тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэдэг.

Гэмт хэрэгт холбогдсон хүн бүрийн үйлдэл оролцоог нотолсон нотлох баримтыг хэрэгт хуульд нийцүүлэн бүрдүүлж, нотлох баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдлыг дүгнэн үйл баримт болгон тусгасны дараа тухайн үйл баримт үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй. 

Шүүх нь хэргийн бодит байдал ба гэм буруугийн асуудлыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шалгаж, үнэлэх замаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай талаар дүгнэж, үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосны дараа хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийж шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй байхад хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж,

мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэргийг тусгаарлах гэдэг бол холбогдох хэргийг тусгаарлан хянан шийдвэрлэхэд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй тохиолдолд тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалт юм.

Гэтэл дээрх хуульчилсан үндэслэл тогтоогдоогүй байхад прокуророос “яллагдагч Х.Чт холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлах нь 2010009480056 дугаартай хэргийг тал бүрээс бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж үзэж, Ө.С, М.С, Д.Б, М.А нарт холбогдох эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоол /1хх 1-4/ үйлдэж, Х.Ч-т холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан материалуудыг хулбарлан шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх уг хууль зөрчсөн ажиллагааг хуульд нийцүүлэн хийлгэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүйгээс гадна уг ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд харшилсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг бүрт тусад нь шийтгэх тогтоолоор ял оногдуулах бус, эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулдаг.

Харин мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарладаг болно. 

Гэхдээ эрүүгийн хэргийг тусгаарласнаар тухайн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, цаашлаад гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээ, түүнчлэн ял шийтгэгдэж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зэрэгт нөлөөлөх эсэхийг зайлшгүй харгалзах учиртай.

Прокуророос шүүгдэгч Х.Ч-ыг Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хаан банкнаас 30.000.000 төгрөг, мөн М.А, Ө.С, М.С, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хаан банкнаас 30.000.000 төгрөг тус тус залилан авч, “Хаан банк” ХК-д нийт 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байх бөгөөд энэ үйлдэлдээ Ө.С, М.С, Д.Б, М.А нар хэрхэн гэм буруутайд тооцогдсон эсэх талаарх шүүхийн шийдвэрийг хавсаргавал зохино.

Түүнчлэн, уг хэрэгт шүүгдэгч Х.Ч-ын гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт авагдаагүй, тодруулбал, хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл нь яллаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхийг болон тэдгээрийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Иймд, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн залилах гэмт хэргийн үйлдэлд хамаарах нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн хэрэгт хавсаргавал зохино.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой ба шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Х.Ч-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2397 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.   

2. Шүүгдэгч Х.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР