Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 116

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Ц.Г-ад холбогдох ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804001550115 дугаартай, хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал 

 Улсын яллагч                                                 Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                   Ц.Г- нар оролцов.

 

Шүүгдэгч: 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эцэг эхийн хамт Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар .. тоотод оршин суух хаягтай, одоо Багануур дүүргийн .. дүгээр хороо.. дугаар байрны ..тоот орон сууцанд оршин суух, урьд 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдэж байсан М- овгийн Ц-ы Г- 

 

Прокурорын яллах дүгнэлтэд:

             

 Яллагдагч Ц.Г- нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн ээж Ц.А-ийн биед хүч хэрэглэн халдаж, үснээс нь зулгааж, нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа цохиж духны гадна хэсэгт язарсан шарх, зүүн гарын тохой хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт гэмтлүүдийг үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Ц.Г-ад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. 

              Хохирогч Ц.А-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өглөө Уурхайн нийтийн байранд байх худындаа очиж наадам болж байна гээд 1 шил архи уусан. Тэгээд өдөр гэртээ харихад нөхөр маань том өрөөндөө хэвтэж байсан, хүү Г- архи уучихсан жижиг өрөөнд байсан. Г- согтуу амандаа нэг юм хэлж байгаад над руу дөхөөд ирэхээр нь намайг цохих нь гэж айгаад би гэрээсээ гарсан. Гэтэл Г- миний араас гарч ирж намайг барьж аваад ингээд зугтаж бай гээд үснээс зулгааж толгой руу цохиж зодсон. Г- намайг хааш нь ч хөдөлгөхгүй зодож байснаа орцны довжоон дээр унагасан. Энэ үед цагдаа нар ирээд Г-ыг надаас салгасан.   ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай найз А- гэрт ирээд бид хоёр жижиг өрөөнд 1 шил архи хувааж уугаад байж байтал ээж гаднаас согтуу орж ирсэн. Би ээжийг хаанаас ирж байгаа юм бэ гэж асуухад худын очоод архи уугаад ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед ээжийг манай салсан хадмууд дээр очиж архи уусан байна гэж ойлгоод уурласан. Энэ үед манай найз А- надад ор засаж өгөөд хэвтүүлсэн. Харин ээж маань гадагшаа гарна гээд байхаар нь согтуу байж гадагшаа гарах гэлээ гэж ээжтэй маргалдсан. Тэгээд бие засах өрөө рүү орсон чинь гэрийн хаалга дуугараад ээжийн гарч байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь араас нь гүйж гараад согтчихоод солиотой юм шиг хаашаа явах гээд байгаа юм гэртээ ор гэхэд явна гээд зүтгээд байхаар нь гарыг нь тавихад  цаашаа зүтгэж байсан эрчиндээ орцны довжоон дээр нүүрээрээ уначихсан. Би ээжийг өргөж босгох гээд зууралдаж байх үед цагдаа нар ирсэн. Би тухайн үед нилээн согтчихсон болохоор ээжийг зодож цохисон эсэхээ сайн санахгүй байна. Ээжийг эргүү царайлаад тэнэг минь гэртээ ор гэж хашгирч байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хадмынхаа гэрт байж байтал эгч Г- над руу залгаад ээжийн толгойноос цус гараад эмнэлэгт байна гэнээ хамт очъё гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт яваад очтол ээж духан дээрээ оёдол тавиулчихсан хэвтэж байсан. Яасан тухай асуухад Улаанаа /Г-/ л ингэчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гараад явж байтал манай байрны 4 дүгээр орцны үүдэнд жинсэн өмдтэй хөл нүцгэн өндөр нуруутай залуу, намхан нуруутай, махлаг настай эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд цаашаа явж байтал эмэгтэй хүн чангаар хашгирахаар нь эргээд хартал нөгөө өндөр залуу настай эгчийг гараараа цохисон, гэтэл нөгөө эгч орцны цементэн боржур мөргөөд унасан. Би гүйж очиж тэр залууг салгаж, цагдаа болон эмнэлэгийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

Гэрч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед найз Г-ын гэр буюу 23  дугаар байрны 44 тоотод очиж найз Г-тай 1 шил архи хувааж уугаад сууж байхад ээж нь гаднаас орж ирсэн. А- эгч бид хоёрын ууж байсан архинаас ганц нэг хундагыг уусан. Г- ээжийгээ хуучин хадмуудтай архи уулаа гэж уурлан загнаж байсан. Би гэрт нь ор засаж Г-ыг хэвтүүлчихээд гараад явсан. Орой 20 цагийн үед Г-ынд очиход А- эгч толгойгоо боочихсон, Г- цохьсон гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Шинжээчийн “А-ийн биед духны гадна хэсэгт язарсан шарх, зүүн гарын тохой хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 09шэ/279 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээний”...Нийлбэр оноо 5 буюу  эрсдлийн түвшин “Бага” гэсэн дүгнэлттэй....” гэсэн маягт /хх-ийн 27-28 хуудас/

              Ярилцлагын: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны үдээс хойш гэртээ байж байгаад гарах гэтэл манай хүү Г- араас гарч ирээд үсдэж аваад зодсон. Тухайн үед Г- согтуу байсан бөгөөд архи уухаараа ухаанаа алдаж хүн рүү агсараад байдаг зантай...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 30-31-р хуудас/

              Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 32-39-р хуудас/

              Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан:”... 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдэж байсан ..” гэсэн хуудас /хх-ийн 47-р хуудас/ Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн49-51-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар Ц.Г- нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд гэрээсээ гарлаа гэж өөрийн төрсөн ээж Ц.А-ийн биед хүч хэрэглэн халдаж, үснээс нь зулгааж, нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа цохиж духны баруун дээд хэсэгт хөндлөн чиглэлтэй 7х0.2 см язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 6х5см хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн гарын тохойны гадна хэсэгт 3х2см, 2.5х2см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт бүхий гэмтэл учруулсан болохыг нотолж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

 Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд мөн.

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Ц.Г- нь хохирогчид санаатай халдсан үйлдлээрээ хохирогчийг хөнгөн гэмтэлд хүргэжээ. Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Ц.А-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/279 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Г-ын үйлдэл нь иргэн Ц.А-ийн М- Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.2. “…тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Ц.Г-ын ээж нь хохирогч Ц.А- бөгөөд нэг гэрт хамт амьдардаг болох нь нотлогдож байгаа тул Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Хохирогч Ц.А- нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул Ц.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Ц.Г-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г- гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, аюулын зэргийн үнэлгээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино.

Шүүгдэгч Ц.Г- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэгдэж уг ялаа эдлээгүй болох нь хэрэгт авагдсан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 6/504 тоот “…ялтан Ц.Г- нь торгуулийн ялын төлбөр 500000 төгрөгийг төлж барагдуулаагүй болно…” гэсэн албан бичиг /хх 53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “…Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно…” гэж зааснаар Ц.Г-ад энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. М- овгийн Ц-ы Г-ыг М- Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. М- Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М- овгийн Ц-ы Г-ыг гурван зуун жаран /360/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Г-ад мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ц.Г-ад энэ тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч Ц.А- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Ц.Г-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ