Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 204/МА2021/00011

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00111 дугаар шийдвэртэй

Х.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “Төрийн албан хаагчийд олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 22469486 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Э.Э нар /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2012 оны 10 сарын 03-ны өдрийн №44 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын ажил албан тушаалд томилогдсон. Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Б/214 тоот “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалаар Баянхонгор аймаг дахь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн ч аймгийн газрын дарга Д.А нь ямар нэгэн ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй тул Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргад хандан 2017 оны 12 сард “Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Б/214 тоот “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тушаалын биелэлтийг хангуулах” талаар өргөдөл гаргасны дагуу Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 1/56 тоот “Ажлын байраар хангах тухай” албан бичгийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргад ирүүлсэн боловч ажилд авахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байсан.

Иймд Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын дарга Д.А Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Б/214 тоот “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2018 оны 01 сарын 15-ны өдрийн тоот албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын халамжийн хэлтсийн даргаар томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 тоот шийдвэрээр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн №141 тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэхдээ “Төрийн албаны тухай /2020/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус баримтлан Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаал болон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2016 оны 10 сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох” шийдвэрийг эцэслэн гаргасан. Дээд шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилд буцаан томилох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “Таны тэтгэвэртээ гарах хүртэл хугацааны нөхөн олговрыг гаргаж шийдвэрлэсэн. Учир 2018 оны 12 сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоолгосон байна” гэсэн тайлбарыг өгч байсан. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дарга Д.А нь хууль бус эс үйлдэхүй гаргаж намайг ажлын байраар хангаагүйгээс шалтгаалж би төрийн албанд ажиллаж байсан хугацааны буцалтгүй тэтгэмжээ авч чадаагүй, хувиараа ажиллаж байсан мэт тэтгэвэр тогтоолгосон. Харин төрийн албанд тэтгэвэрт ороход өгдөг буцалтгүй тэтгэмжийг захиргааны албан тушаалтан Д.А-н хууль бус эс үйлдлээс шалтгаалж өнөөдрийг хүртэл олгогдоогүй хохироож байна. Миний бие нь тухайн үед хуулийн дагуу ажлын байраар хангагдаж, тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчид олгогдох буцалтгүй тэтгэмж авах байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү тэтгэмж олгогдоогүй байгаа тул буцалтгүй тэтгэмж болох 22 469 486 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлээ дэмжиж байна. Би 2012-2016 онд Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2016 онд Хөдөлмөр, Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга н.А нь намайг ажлаас чөлөөлсөн, халсан эрх зүйн акт гаргаагүй байдаг. Ажлаас чөлөөлөгдсөний дараа тэтгэвэрт гарахад 1 жил гарангийн хугацаа үлдсэн учир өөр ажлын байран дээр ажиллуулах байх гэж хүлээж байсан боловч ажлын байраар хангаагүй. Ерөнхий газраас миний цалин хөлсийг буруулахгүй, ажлын байрыг нь хадгалж ажиллуулах талаар ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй. Миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учир, эрх хамгаалуулахаар иргэний шүүхэд хандсан. Би төрд 32 жил ажилласан бөгөөд төрийн захиргааны жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалингийн дунджаас хэтрэхгүй нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг минь хаасан учир тухайн тэтгэмжийг гаргуулах хүсэлтэй байна. Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргатай уулзаж байхад миний цалин хөлсийг буруулахгүйгээр тэтгэвэрт гартал нь тодорхой ажлын байраар хангах талаар н.А даргад албан тоот явуулахаар хэлсэн юм. Үүний дараа н.А даргад ажлын байраар хангаж өгнө үү ...гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг минь авч хэлэлцээгүй. Иймээс миний бие тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргуулахаар өргөдөл өгөхөд хариуг нь өгөөгүй. Надад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нөхөн олговор олгох тухай дээд шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин авсан учир ажиллаж байсан гэж үзэж 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй болохоор тухайн тэтгэмжийг хохирол гэж үзэж иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч хөөн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй, 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-т хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж заасан. Манай зүгээс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрийг Дээд шүүхийн 2019.05.08-ны өдрийн 141 дүгээр тогтоол гарснаар тодорхойлогдоно гэж үзэж байгаа бөгөөд учир нь тус тогтоолоор тэтгэмж гаргах үндэслэл бүхий хөдөлмөрийн эрх зүйн харилцааг эцэслэн шийдвэрлэсэн байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан төрийн албан хаагчид олгох буцалтгүй тэтгэмж нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэж байгаа харилцаа юм. Тиймээс Дээд шүүхийн тогтоол гарч тус тогтоолыг гардан авснаас хойш 3 сарын дотор төрийн албан хаагчид олгох буцалтгүй тэтгэмж авах эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд эрх нь нээлттэй байсан боловч хандалгүйгээр 1 жил 6 сарын дараа шүүхэд хандаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл мөн юм. Мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй бөгөөд Дээд шүүхийн тус зүйлийг тайлбарласан тайлбарт хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж заасныг онцгойлон тэмдэглэж байна.

Дээд шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 5 дахь хуудсанд ..харин   хэрэг  хянан   шийдвэрлэх   ажиллагааны   явцад   нэхэмжлэгч Х.У нь 2018 оны 11 сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон, төрийн албанаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх гэж заасан тул ажилд томилохыг даалгах нь хуулийн дээрх заалтанд нийцэхгүй,   нэхэмжлэгчээс өөрийн  хүсэлтээр  өндөр  насны  тэтгэвэр тогтоолгосон байна... гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулинд тэтгэмж авах үндэслэл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх тус тэтгэмжийг авахад шаардагдах материалд тухайн байгууллагын ажлаас чөлөөлсөн тушаал байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хуулийн шаардлагыг буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэл шаардлагыг нэхэмжлэгч нь хангахгүй байгаа нь дээрх тайлбараар тогтоогдоно гэж үзэж байгаа тул тэтгэмж олгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гараагүй өөрийн хүсэлтээрээ нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлсөн цалингийн дунджаар тэтгэвэрт гарсан байгаа тул тэтгэмж олгох боломжгүй гэж Дээд шүүх дүгнэсэн байна. Мөн 6 дугаар хуудсанд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг биш ажилд эгүүлэн тогтоох үйл баримттай холбоогүйгээр харин захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны хохиролд тооцож ажилгүй байсан цалинг Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг хэрэглэж, нөхөн олговор гаргуулсан тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм гэж үзэхэд  манай  байгууллага  нь  нэхэмжлэлд  ..Баянхонгор     аймгийн халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А нь хууль бус эс үйлдэл гаргаж намайг ажлын байраар хангаагүйгээс шалтгаалж.... гэж дурдагдсан үйлдлийн улмаас учирсан хохирлыг Дээд шүүхээс тогтоосны дагуу 2016-2020 онуудад 29.2 сая төгрөгийг тооцоо нийлж иргэн Х.У-т өгсөн болно. Өөрөөр хэлбэл Дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан ....нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой гэж үзэж байна. Х.У нь дээрх нөхөн олговрыг авахдаа Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ суутгуулаагүй дүнгээр тооцож нийт 29.2 сая төгрөгийг авсан болно. Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын тухай хуульд байгууллагаас цалин авч байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ төлж цалингаасаа суутгуулсан байж цалингаа авдаг. Гэтэл Х.У нь дээрх нөхөн олговрыг тооцуулж авахдаа Нийгмийн даатгалыг сайн дураар шимтгэл төлж тэтгэврээ тогтоолгосон тул анхны нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ  төлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл суутгуулаагүй дүнгээрээ нөхөн олговрынхоо мөнгийг тооцуулж авсан болно... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тухайн асуудал өмнө нь 3 шатны шүүхээр шийдэгдсэн байгаа нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулиар эрх байдал нь тодорхойлогдоод ирэхээр нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэхгүй гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэж хохирлыг нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд зааснаар нөхөн олговор байдлаар олгох талаар дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжпэлийн шаардлага нь захиргааны эрх зүйн харилцаатай холбоотой гэж харахаар Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн болон бусад хуулиар зохицуулна...” гэж заасны дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай асуудал гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “...Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй ...” гэж заасан учир нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж байна. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаар тайлбарладаг боловч энэ талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Мөн нэхэмжлэгч нэмэлт тайлбар дээрээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна ... гэж заасныг дурдсан байдаг боловч тухайн заалт нь иргэд болон байгууллага хоорондын эдийн болон эдийн бус харилцаатай холбоотой асуудлыг зохицуулдаг юм. Иймээс Хөдөлмөр, Нийгмийн халамж үйлчилгээний газар болон нэхэмжлэгч хоёрын хооронд үүсээд байгаа харилцаа нь эдийн болон эдийн бус харилцаатай асуудал байхгүй тул тухайн харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөр, Нийгмийн халамж үйлчилгээний газрын гаргасан шийдвэрийг захиргааны шүүхээр хянагдах ёстой юм. Улсын дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хугацаа хүртэл нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Иймээс нэг байгууллагын нэг бус үйлдэл дээр хоёр дахин хохирол гаргах боломжгүй байна. Мөн Улсын дээд шүүх тогтоолдоо нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүндэтгэн үзэж ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа үйлдлээрээ татгалзсан байна гэж үзсэн учир нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул эрхээсээ татгалзсан гэж харагдаж байна. Захиргааны хэргийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд байхад нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрөө өгсөн учир ажилд эгүүлэн томилох шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг. Одоо иргэний шүүхээр нэхэмжлэлийн шаардлага бүхий 22469486 төгрөг гаргуулах асуудал яригдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 3-н өөр төрлөөр тайлбарлаад байгаа юм. Хариуцагч байгууллагын буруутай шийдвэр байсан учир Улсын дээд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хохирлыг гаргуулахаар заагаад хохирлыг төлсөн байхад нэг үйлдэл дээр хоёр шүүхэд хандаж хохирол гаргуулах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хохирлын хэмжээний талаар маргаан үүсэх боловч тэтгэмж нэхэмжлэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь төрийн жинхэнэ албан хаагч гэдэг дээр хоёр тал маргахгүй байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээн дээр үндэслэж байгаа харилцаа юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс бусад харилцааг шийдвэрлэдэг тул энэ зүйл заалтаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.У-ийн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан албан тушаалтны буруутай шийдвэр үйл ажиллагаанаас учирсан хохирол болох төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 22469486 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270296 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.У гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00111 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие нь Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2012 оны 10 сарын 03-ны өдрийн №44 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын ажил албан тушаалд томилогдсон.

Гэтэл Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 тоот “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалаар Баянхонгор аймаг дахь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн ч Аймгийн газрын дарга Д.А нь халамжийн хэлтсийн даргын ажлын байр хэвээр хадгалагдаж байхад тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй тул Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргад хандан 2017 оны 12 сард “Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Б/214 тоот Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалын биелэлтийг хангуулах талаар өргөдөл гаргасны дагуу Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 1/56 тоот “Ажлын байраар хангах тухай” албан бичгийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргад ирүүлсэн боловч ажилд авахгүй, ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй, шийдвэрлээгүйгээр барахгүй үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй болно.

Ийм учраас би арга буюу Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 тоот шийдвэрээр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн №141 тоот тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэхдээ “Төрийн албаны тухай /2020/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зуйлийн 100.1 дэх хэсгийг тус тус баримтлан Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаал болон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2016 оны 10 сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг хариуцагч Баянхонгор аймгийн хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох гэсэн шийдвэрийг эцэслэн гаргасан.

Дээд шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилд буцаан томилох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “Таны тэтгэвэртээ гарах хүртэл хугацааны нөхөн олговрыг гаргаж шийдвэрлэсэн. Учир нь та 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгосон байна” гэсэн тайлбарыг өгч байсан.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дарга А нь хууль бус эс үйлдэхүй гаргаж намайг ажлын байраар хангаагүйгээс шалтгаалж би Төрийн албаны хуулийн дагуу төрийн албанд ажиллаж байсан хугацааны буцалтгүй тусламжийг авч чадаагүй хувиараа ажиллаж байсан юм шигээр л тэтгэвэр тогтоолгосон. Учир нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг улс төрийн шалтгаанаар санаатайгаар зөрчсөн үйлдэл болсон юм. Иймд Агийн хууль бус эс үйлдэхүйгээс болж тэтгэвэрт ороход төрөөс олгогддог буцалтгүй тусламжийг авч чадаагүй өдий хүрлээ.

Гэтэл Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг авч үзэхдээ Иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гарсан, захиргааны байгууллагын хууль бус шийдвэр байна гэж үзэх тул хариуцагч байгууллагаас нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв гэж дүгнэсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын буцалтгүй тусламж авах эрхтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон албан хаагчид түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхгүй байгаа албан тушаалтны эс үйлдэл ямар үндэслэлээр төрийн албанд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчид хуульд заасан буцалтгүй тусламж олгохгүй байгаа захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа, хэний ямар буруутай үйл ажиллагаанаас хамааралтай болох шалтгаан нөхцөл нь тодорхойгүй байна гэж үндэслэх хэсэгтээ бичжээ.  

Энэ талаар би хэрэгт хангалттай нотлох баримт, материалууд мөн гурван шатны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг өгсөн. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч "өөрт учирсан гэж үзэж байгаа буцалтгүй тусламж авах тэтгэврийг анх гаргасан нэхэмжлэлтэйгээ хамтатган нэхэмжлээгүй тул энэ тал дээр хийсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн агуулгаар тайлбарласан.

Харин Д.А-ийн хууль бус эс үйлдэл гаргасан нь гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх илт зөрүүтэй дүгнэлт гаргасанд үнэхээр гомдолтой байна.

Өмнөх захиргааны хэргийн шүүх намайг ажилд томилохгүй байгаа, үүнтэй олбоотой тэр л үйл явцыг бүхэлд нь хууль бус эс үйлдэл гэж дүгнэсэн. Гэтэл энэ хууль бус эс үйлдлээс болж төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгогддог буцалтгүй тусламжийг авч чадалгүйгээр хохирсон байхад үүнийг яагаад дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна. Нэгэнт шийдсэн асуудлыг Захиргааны хэргийн шүүх дахин хүлээн авдаггүй.

Ийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-д Захиргааны хууль бус актын улмаас хохирсон хохирлын хэмжээний талаар Захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол Иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж харьяалуулсан байдаг.

Би анх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.А-ийн үйлдлийг хууль бус эс үйлдэл гэж тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага гаргаж байсан ба шүүхээр хэрэг хянан хэлэлцэж байх хугацаанд миний тэтгэвэрт гарах нас болж шүүхээс энэ байдалд үнэлэлт өгч тэтгэвэрт орох хүртэл хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн.

Д.А нь намайг тухайн ажил албанд томилоод ажиллуулж байсан бол би энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар авах байсан байтал өнөөдрийг хүртэл авч чадаагүй, мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаал ч гаргаагүй хүний талд дахин Захиргааны хэргийн шүүхээр шүүхдэж байж тэтгэмжээ ав гэсэн утгатай шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэв би тус байгууллагад ажиллаж байсан бол миний энэ тэтгэмж надад тухайн үед олгогдож миний амьдралд болон үр хүүхдүүдэд минь хэрэгтэй байх байсан. Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл дөрвөн жил гаруй хугацаанд сэтгэлзүй, эрүүл мэнд, цаг хугацаа, амь амьдралаараа хохирч байгаадаа үнэхээр харамсаж байна. Өөрөөр хэлбэл Д.А-ийн эс үйлдэхүй нь хууль эрх зүйн үүднээс надад шууд болон шууд бус учирсан хохирол гэж үзэж байна. Тухайн удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хууль бус гэж тогтоочихоод байхад түүнийг хамгаалж шийдвэрлээд байгаа иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх бол шударга ёсны хэмжүүр гэж ойлгож явдаг иргэн хүний хувьд энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд миний дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00111 тоот шийдвэрийг хүчингүй болгож, төрийн албан хаагчид олгодог миний зайлшгүй авах ёстой байсан буцалтгүй тусламж болох 22 469 486 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хууль өөрөөр заагаагүй бол... гэсэн нь дээрх маргаан нь өөр хуулиар харъяалуулсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд илүү нарийвчлан тусгасан байх тул нэхэмжлэлийг шүүгч дангаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв гэжээ.

Иргэний хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүний ажиллаж байгаа байгууллага буюу төр хариуцан арилгана гэжээ.

Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.А нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд түүний Х.У-г ажилд авсан үйлдэлтэй холбоотой ажилд авах, ажлаас чөлөөлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь хууль бус эс үйлдэл болохыг Захиргааны хэргийн шүүхээр тогтоосон байдаг.

Захиргааны хэргийн шүүхээр маргааныг хянан шийдвэрлэх явцад Х.У нь төрийн албан хаагчийн тэтгэвэрт орох насны дээд хязгаарт хүрсэн байдаг.

Энэ насанд хүрэхээс өмнө Х.Уийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл нь "ажилд авахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндсэн шаардлага байсан.

Захиргааны хэргийн шүүхээс энэ нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж шийдвэрлэсэн.

   Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасан хуулийг хэрэглэхдээ “хуульд өөрөөр заагаагүй бол” гэсэн агуулгыг илтэд буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн “хуульд өөрөөр заах” агуулгын хүрээнд харвал Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.2-д хохирлын хэмжээний талаар маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэжээ.

Х.У нь Д.А-н хууль бус эс үйлдээс болж өөрт учирсан хохирол болох Төрийн албаны тухай /2002/ хуулийн 24.1.1, 24.1.2-д заасан баталгаа болох нэг удаагийн буцалтгүй тусламж 22 469 486 төгрөгийг авч чадаагүй хохирсон.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ  .... төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэттэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол энэ буцалтгүй тусламжийг гаргуулах үндэслэл болж байна гэж дүгнэсэн атлаа  ... халамжийн хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн харин ажилд томилох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ...ажлын байр хэвээр хадгалагдах, өөр ажлын байраар хангуулах зэрэг эрх нь хэвээр үргэлжилж байгаа мэт ойлгогдох боловч тэрээр өөрийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул энэ үндэслэлээр Төрийн албаны хуульд заасан 36 сарын буцалтгүй тусламж авах эсэхэд дүгнэт хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй, хууль болон Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг илтэд зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм. Улсын дээд шүүхийн тогтоолд “давж заалдах шатны шүүхээс нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн байна. Тодруулбал нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зуйлийн 30.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлага гэргаагүй, хариуцагчаас хариу тайлбар аваагүй, анхан шатны шүүхээс дүгнээгүй асуудлаар хариуцагчид үүрэг ногдуулсан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх дүгнэлт хийсэн. Учир нь энэ талаар анхан шатны шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээсэн гэсэн үг юм. Нэхэмжлэгч нь авч чадаагүй буцалтгүй тусламжийг хохирол гэж үзэж байгаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар /эс үйлдэхүй/-ээр хохирол учруулсан бол уг этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан. Энэ тохиолдолд гэм хор учруулагч нь төр юм.

Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг.

Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал юм. Я.Ц-ийн Монгол хэлний товч тайлбар толинд гэм хорыг “Гэм”- ёс зүйгээс ангид хийсэн үйл явдал, түүний уршиг, үр нөлөө. “Хор”- хөнөөл, аюул, зовлон. “Зовлон”- ямар нэг шалтгаанаар тохиолдсон бие сэтгэлийн зүдгүүр, шаналгаа гэсэн байдлаар тайлбарласан байна.

Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Хууль зуйн шинжлэх ухааны доктор, МУҮИС-ийн тэргүүлэх профессор С.Н эрх зүйн эх толь бичигтээ “гэм хор гэж иргэний субъектив эрх буюу баялгийг багасгах, устгах. Хууль зүйн ном зохиол шүүхийн практикт хохирол гэсэн нэр томъёог хэрэглэдэг. Гэм хор ба хохирол нь агуулгын хувьд ялгаатай ойлголтууд юм. Гэм хор нь нилээд өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж хуваагдана. Эд хөрөнгийн гэм хор гэдэгт үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг /эдийн засгийн/ үр дагаврыг ойлгоно. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж нэрлэнэ" гэжээ.

Маргаан бүхий нэхэмжлэлийн хувьд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.А-н хууль бус эс үйлдлийн улмаас ажиллаж чадахгүй байж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход өгдөг төрийн албан хаагчийн баталгаа болох буцалтгүй тусламж 22 469 486 төгрөгийг авч чадаагүй хохирсон нь Д.А-н хууль бус эс үйлдлийн үр нөлөө юм.

           Гэтэл шүүхээс хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалах, хамаарах талаар шалтгаан нөхцөл нь тодорхойгүй ... 36 сарын буцалтгүй тусламж авах тухай асуудлаар бичгээр тухайн байгууллагад гаргаагүй, энэ талаар ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй ...нөгөө талаар буцалтгүй тусламжийг одоо хүртэл олгоогүй шалтгаан болох төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлсөн албан тушаалтны шийдвэр гараагүй зэрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тул Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэжээ.

Шүүхийн харьяалалын хувьд Захиргааны Ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-д маш тодорхой зааж хуулиар хохирлын асуудлыг Иргэний шүүхэд харьяалуулсан.

Мөн шүүх өөр шатны шүүхийн харьяалал гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шийдвэрлэх байтал энэ талаар дүгнэлт хийсэн мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн дараагийн шүүхэд хандах эрхийг илтэд хязгаарласан, тус хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл юм.

Хэргийн материалд Х.У нь хэдэн удаа ажилд орох талаар өргөдөл гаргаж, тус захиргааны байгууллагаас ямар хариу авч байсан, ажилд оруулах, ажлаас чөлөөлсөн тушаал гаргах талаар хандаж байсан, удаа дараа татгалзсан хариуг ажил олгогчоос өгч байсан талаар баримт авагдсан.

    Мөн энэ талаар Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэрүүдэд тусгалаа олсон байхад эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны байх шалгуур шинжийг хангаагүй гэж үзнэ.

Нөгөө талаар ажилд авсан тушаал байхгүй тул ажлаас халсан тушаал гаргах боломжгүй гэж эрх мэдлээ илтэд хэтрүүлсэн, Х.У-ийг илтэд тохуурхсан үйлдэл гаргасан хууль бус бүхий л үйл ажиллагааг шүүхээс “хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэсэн нэр, томьёогоор шийдвэрлэсэн байхад шүүх дээрх нотлох баримтыг илтэд буруу хэрэглэсэн. Хууль хэрэглээний хувьд шүүхээс Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хууль нь иргэн Захиргааны албан хаагчийн хууль бус үйлдлээс хохирлоо арилгуулахыг шаардах эрхийн зохицуулалт бөгөөд шүүх хууль бус эс үйлдэл байсныг тогтоосон шүүхийн шийдвэр байсаар байтал энэ талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө тус хуулийг баримталсан нь ойлгомжгүй.

   Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог буцалтгүй тусламж 22469486 төгрөгийг гаргуулж, 2 дахь заалтанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох талаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

          Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан бөгөөд Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 07 сарын 02-ны өдрийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 32 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 2.1.3-т “...б/ Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан ерөнхий харьяаллын шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана...” гэж тайлбарласан байдаг.

          Давж заалдах шатны шүүх хууль ёсны шаардлагад нийцээгүй шийдвэрийг хэвээр үлдээх эсвэл өөрчлөлт оруулах, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. 

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Х.У-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00111 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгч Х.У-с давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 270298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.               

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.