| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 204/2021/00012/и |
| Дугаар | 204/МА2021/00012 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 204/МА2021/00012
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 146/ШШ2021/00087 дугаар шийдвэртэй
Л.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Г, Г.Б нараас “Гэм хорын хохирол 37 338 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч М.Г, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт 2014 оноос эхлэн *** сумын *** гэдэг газарт 300 га газарт зохих зөвшөөрлийн дагуу тариа тарьсаар ирсэн юм. 2017 онд тариалсан тарианд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш *** сумын малчин М.Г түүний хүү Г.Б нар нь өөрсдийн 200 гаруй адууг тарианд санаатай оруулж сүйтгэснээс бидэнд их хэмжээний хохирол учирлаа. Тарианы манаач хийж байсан Д.Э, Ц.Б нар адуугаа тарианд оруулж байгаа талаар удаа дараа сануулж хэлэхэд хэл амаар доромжилж заналхийлж М.Г-д 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний бие манаач Ц-н хамт очиж адуугаа битгий оруулаад байгаач, тарианы талбайг очиж үзээч гэхэд малын бэлчээр авсан нүүдлийн шувууд минь манай нутгаас зайлаач гэсэн юм. М.Г Г.Б нар нь адуугаа өдөр бүр оруулсаар манаач Ц биднийг 09 дүгээр сар гарангуут дуудсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 09-нд тариагаа авахаар 2 комбайн хөлслөөд машинтайгаа ирэхэд тариа бүр байхгүй, хураахын аргагүй болчихсон байсан. Ингээд миний бие сумын захиргааны удирдлагуудад ирж 100 хувийн ургац алдсан байна хэмээн 28 800 000 төгрөгийн хохирол учирсан талаар акт тогтоож өгсөн. Иймд 2004 онд баталж 2015 онд шинэчлэн найруулсан Монгол улсын тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.5-т тус тус заасны дагуу малчин М.Г, Г.Б нараас дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд: Акт тогтоосон ургацын хохирол 28 800 000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 800 000 төгрег, ТЭД сан түлшний үнэ 306 250 төгрөг, манаачийн цалин бензинд 760 000 төгрөг, хаврын уринш, хагалгааны техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 500 000 төгрөг, манаачийн цалин 70 000 төгрөг, цэвэрлэгчийн машины үнэ 1 500 000 төгрөг, дизель түлш болон шатахууны үнэ 320 000 төгрөг, 220 000 төгрөг, 278750 төгрөг, 2 комбайн хөлсөлж 40 га газрыг бүтэн тойрч тариа хураах гэж явсны зардалд комбайны эзэн Д-д 105 000 төгрөг, 2 комбайнд 100 л шатахуун хийсний зардалд 178 000 төгрөг, тариагаа эргэж тойрч, мал хөөж туусны шатахуун зардалд 3 142 600 төгрөгийн зардал гарсны 50 хувийн буюу 1 500 000 төгрөг бүгд 37 338 000 төгрөгийг хариуцагч М.Г, Г.Б нараас нэхэмжилж байна. Гэм хорын хохирол болох 37 338 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Г гэдэг хүний өвөлжөөнөөс манай тариан талбай харагдахгүй. Болд гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Болдын өвөлжөө манай тариан талбайгаас хол харагдахгүй. Д гэдэг хүн ургацаа 100 хувь авч АПУ компанид тушаасан. Тушаасан баримт авч хэрэгт өгөх гэсэн би амжсангүй. О, Э гэдэг хүнийг би танихгүй. Манайд энэ хоёр манаачаар ажиллаж байгаагүй. Би олон манаачаар мануулах баян хүн биш. Би манаач Цтэй хамт 08 дугаар сарын 30-ны өдөр Г-н гэрт очихдоо би тантай хэрэлдэх, хохирол барагдуулах гэж ирээгүй. Харин танай адуу 3 удаа талбай руу орсон. Би хот явчихаад 9 хоногийн дараа ирье гэхэд Г гуай ах нь адуугаа зарж чадахгүй чи хохирлоо барагдуулж авмаар байвал ахынхаа адууг буудаад хохирлоо барагдуулчихаарай гэж хэлсэн. Тэгэхэд нь би та яасан сонин хүн бэ? би таныг олон жил ойлгосоор ирсэн би шүүхэд өгч байгаагүй. Хүн аятайхан эвээр ярьж байхад ийм хариулт өгдөг яаж байгаа юм. Би айлын адууг бууддаг хүн биш харин та дээр үед айлын адууг буудчих тариа тарьж байгаад тариагаа авчихна гэж энэ нутгийн хүмүүс бүгд ярьдаг юм байна лээ гэж хэлсэн. Манай манаач Ц-г энэ нутагт үлдэнэ шүү тариаланчид буцдаг юм шүү гэж заналхийлсэн. Миний уур хүрээд та ийм зан гаргаж байгаа бол таны хүү намайг хүчиндсэн таны хүү ял эдлэх эрхтэй шүү, таны хүүг зүгээр өнгөрөөж чадахгүй гэсэн. Тухай үед шүүх цагдаад өгөх боломж байсан ч танай хүү уйлан гуйж 2 цаг тариан талбай дээр хоргоосон. Тэмээ оруулсан гэж яриад байна. Тэмээ бол 06 дугаар сарын 03-ны өдөр орсон. Тэмээ тариа иддэггүй байна лээ. Харин гадуур нь ургасан гишүүгэнэ гэдэг эмийн ургамлыг иддэг. Хашаагүй гэж яриад байгаа юм хашаа байгаа. Би хашаагүй байна гэж байхгүй. Одоо ч гэсэн хашааг эвдэж малаа оруулж байгаа. Ухамсраараа болчих байх гээд шүүх хурлуудад давж заалддаггүй байсан. Ахиад малаа оруулахгүй байвал болоо доо гэж тэвчиж өнгөрөөж байсан. Нэг шүүх дээр шийдвэрлэж байгаа хэргийг олон болгож салгаад байгаад гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодож байна. Бусад айлуудын малууд тариан талбайд орчихоор хүмүүс нь уучлалт гуйж, дахин оруулах гэж алдаагаа засдаг. Хавар тариан талбай дээрээ ирэхэд хашааг хэдэн хэсэг болгоод тастаад хаячихдаг. Би жил болгон хашааны тор 10 000 000 төгрөгөөр авдаг үнэхээр хэцүү байна. Хүчингийн хэргийг энэ шүүх хурал дээр яриад миний нэр хүндэд халдаж байгаад би гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2014 оноос Архангай аймгийн *** сумын *** гэх газар газар тариалангийн ажил эрхэлж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 20-ноос хойш Төвшрүүлэх сумын малчин Г, түүний хүү Ба нар нь 200 гаруй адууг тариан талбайд санаатай оруулж сүйтгэснээс болж Бид их хэмжээний хохирол учирсан байсан. Тариалангийн манаач хийж байсан Э, Ц, Б нар нь тариалангийн талбайд адуугаа оруулахгүй байхыг удаа дараа сануулахад хэл амаар доромжилж заналхийлж байсан. Г-т 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Г, манаач Ц-ийн хамт адуугаа тариан талбайд битгий оруул гэж хэлж хэлэхэд малын бэлчээр тахалсан нүүдлийн шувууд минь зайлаач гэж хэл амаар доромжилсон. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тариагаа хураахаар хоёр компанийг хөлслөөд очиход тариан байхгүй болчихсон байсан. Тэгээд Д.Г нь тухайн сумын захиргаанд мэдэгдэж, сумын удирдлагууд ирж 100 хувь ургац алдсан байна гэж 28 800 000 төгрөгийн хохирол учирсан талаар акт тогтоож өгсөн. 2004, 2015 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.5 дахь хэсэгт заасны дагуу малчин Г, Ба нараас акт тогтоосон ургацын хохирол 28 800 000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 800 000 төгрөг, 306 250 төгрөг, манаачийн цалин, бензин 760 000 төгрөг, хаврын хагалгааны техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 500 000 төгрөг, манаачийн цалин 70 000 төгрөг, цэвэрлэх машины үнэ 1 500 000 төгрөг, дизель түлш болон шатахууны үнэ 320 000, 220 000, 278 750 төгрөг, 2 комбайн хөлсөлж 40 га газрыг бүтэн тойрч тариа хураах гэж явсны зардалд комбайны эзэн Дд 105 000 төгрөг, 2 комбайнд 100 л шатахуун хийсний зардал 178 000 төгрөг, тариа эргэж тойрч, мал туусны шатахууны зардал 3 142 600 төгрөг гарсан байдаг үүнийг 50 хувьлаж 1 500 000 төгрөг, бүгд нийлээд 37 338 000 төгрөгийг хариуцагч Г, Б нараас гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд ганц Архангайд биш Монгол даяар ган болж улсын хэмжээгээр ургац алдсан. 600 тэмээ 07 дугаар сард тариан талбайд нь 3 хоног өнжсөн гэдгийг манай сумын малчин Д, хэв журмын цагдаа А, манаач О, Э нар мэдэж байгаа. О нь ийм тариа хүлээж авахгүй гэж хэлсэн нь хавтаст хэрэгт байгаа. Тариалангийнхаа хохиролд 1 хонь аваад О-ын гадаа нядлаад Д.Г Улаанбаатар хотруу аваад явсан. 7 тэмээгээ намар авахаар тохироод явсныг О, А хоёр гэрчлэнэ. 08 дугаар сард манай нутагт мөндөр орж 3 айлын тариа цохиулсан. И, Ж нарын хамтарсан 10 га газар, Э тариа талбай, Д.Г-н 60 га талбайг мөндөр цохисныг манай нутгийнхан бүгд мэднэ. Энэ тухай Д.Г-н манаач О, Э, тариагаа цохиулсан И, Б, Г, Б нар гэрчлэнэ. Д.Г нь би хүмүүсийг гэрчээр асуулгах гэхээр апбаны хүн байвал даргаар нь дарамтлуулдаг. Ж, Га хоёр хүнийг асуулгая гэхэд өмгөөлөгч энэ хоёр хүнийг дарамталсан. Сүүлд гэрчийн мэдүүлгээ бичиж өгсөн. Би Д.Г 3 талын хүмүүс чинь хашаа хийсэн байна. Миний дүү тариан талбайдаа хашаа хий гэж хэлсэн. Тэгсэн Д.Г би хашдаггүй хүн гэж хэлсэн. Сумын газрын даамал С нь Өгий нуурын 600 гаруй тэмээ ороход Д.Г үүрэг даалгавар өгөхөд хашаа хийгээгүй. Тариан талбай руу мал орсон айлуудаасаа мал авч алдагдлаа нөхдөг байх гэж би боддог. 09 дүгээр сарын 11-ний ургац 100 хувь алдсан гэж акт тогтоолгосон мөртлөө манай адуу 09 дугаар сарын 30-ны буюу 20 гаран хоногийн ороход бичлэг хийгээд CD болгоод өгсөн байсан. Бичлэгийн он сар адуу орсон он сар зөрүүтэй байгаа. Манай адуу ургац алдсанаас өмнө тариан талбайд ороогүй гэдгийг манаач О, Э, Б нар гэрчилсэн. Иймд би нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй. 2017 оны 08 дугаар сард Д.Г манайд орж ирж хэрэлдээд хүүг чинь олон жилээр шоронд хийнэ гэж заналхийлээд гарсан энэ хүн санасандаа хүрсэн. 2016 онд миний хүүг ***-д хадлан хадаад явж байхад Д.Г нь өөрөө архитай очиж согтоочихоод тэрийгээ гүтгээд хүчингийн хэрэг болгоод 1 жил 6 сарын хорих ял авсан. Одоо тэнсэн харгалзах ялтай байгаа. Д.Г-тэй холбогдсоноос хойш манайхны амьдрал том хар толботой үлдсэн. Манай хүү давж заалдах шатны шүүхээр 2 удаа орсон. Анхан шатны шүүхээр 1 удаа орсон. 2019 онд Б-д хүчиндүүлсэнээс болоод ичиж зовоод тариагаа тарьж чадаагүй өрөнд орсон гэж Дээд шатны шүүх дээр уйлж байсан. 2019 оны тариа тушаасан бичиг баримт шүүхэд гаргаж өгсөн .. гэжээ.
Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар М.Г, Г.Б нараас гэм хорын хохиролд 4 269 000 /дөрвөн сая хоёр зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 069 000 /гучин гурван сая жаран есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г, Г.Б нараас 83 254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ургац алдсан тухай тус сумын агрономич Ш.Б, байгаль хамгаалагч Ч.Б, мэргэжилтэн О гэх мэт 4-н хүний бүрэлдэхүүнтэй комиссыг засаг дарга Бо нь гаргаж өгч тэдгээр ажлын хэсгийн тогтоосон 28.800.000 төгрөгийн актыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх тариалсан талбай хэд эсэх гэж, хэдий хэмжээний талбайд ургац алдсаныг заагаагүй гэж, хохирол тооцсон аргачлал тодорхойгүй, тоо тооцоолол байхгүй гэж хэрэгсэхгүй болгожээ.
Энэ нь бодит байдалд:
А). Тариалсан талбай 70 га-аас 60 га гэдэг нь тодорхой туссан
Б). Нийт 60 га талбайд тариалсан бөгөөд 100% ургац алдсаныг сумын засаг даргын томилсон акт тогтоох эрх бүхий албан тушаалтнуудын газар дээр нь очиж үзээд нотлоод тухайн жилийн дундаж ургацын үзүүлэлтээр дундажлан акт тогтоох журмынхаа дагуу акт тогтоосон орги бодит тамгатай акт нь хэргийн материалд байгааг шүүх үл тоож хараагүй бололтой.
В. Тооцсон аргачлал нь хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд, ангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 тушаалын хавсралтаар баталсан “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсоны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ынхаа дагуу сумын агрономич Ш.Б, мэргэжилтэн О, байгаль хамгаалагч Ч.Б нарын тогтоосон акт нь засаг даргынхаа орги улаан тамга тэмдэгтэй 28.800.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон юм. Хуулиндаа тариалангийн талбайн ойролцоо 500 метрээс дотогш мал бэлчээхгүй, 500 м дотор айл буухгүй гэдэг хуулийн заалтыг зөрчиж малаа харж хамгаалаагүйн улмаас хохирол учирсаныг Г, Ба нарын малын тоо толгойноос актыг тооцоолон гаргаж 28.800.000-аас дээш тогтоох боломжгүй байна. “Танай бодит байдал дээр тогтоосон эрх бүхий ажлын хэсэг бидний дүгнэлт ийм л байна” гэж актыг өгөхдөө Б нь “Хэрэв та бидний гаргасан актын дүгнэлтийг бага гэж байвал биднийг шалгуулж болно. Бид нутгархаг үзэл гаргасан юмгүй” гэж өгсөн. Гэ миний бие 67.661.900 төгрөгийн хохирол учирсныг бүрэн тогтоогоогүй талаар Архангай аймгийн ерөнхий агрономич Эд хандаж байсан боловч “Акт чинь ХХААХҮ яамны аргачлалаар тогтоогдсон байна. Манай зүгээс 28.800.000 төгрөгөөс илүү тогтоох боломжгүй юм байна” гэж шалгаж дүгнэлтийн гомдлыг ихэсгэж өөрчлөх боломжгүйг хэлсэн юм. Архангай аймгийн ерөнхий агрономич Э нь өөрийн биеэр газар дээр нь очиж үзсэн тул тэр хүн ХХААХҮ-г төлөөлж хуралд оролцсон нь хэргийн материалд байгаа.
Иймд: Шүүх энэ аргачлалыг нь тодорхой биш үндэслэлгүй гэж тооцсон нь шударга бус байна.
Түлш шатахууны нотлох баримтыг бүрэн тооцоогүйд гомдолтой байна.
2. Нэхэмжлэгч талыг хашаа барьсан нь тодорхойгүй гэдэг нь үнэнд нийцэхгүй байна.
а) Барьсан хашаагаа хурааж байсан нотлох баримт CD-нд байгаа болно.
б) Нэхэмжлэгч тал мал оруулахгүй байх арга хэмжээ аваагүй буруутай учраас хэмээн оруулсан зардлын хохирлыг 50% хувиар багасгаж тооцсонтой санал нийлэхгүй байна.
Энэ нь бид манаач цалинжуулж ажиллуулж байсан нь хэргийн материал дахь гэрч нарын мэдүүлгээр тодорхой байгаа нь тогтоогдоно.
Бид 360м2 талбайд 7.200.000 төгрөгийн 4 эгнээ торон хашаа татсан байгаа нь CD бичлэгээр бөгөөд уг хашааг буулгаж айлын гадаа ачихад 2 портер машинаар бүтэн өдөржин зөөсөн юм. Гурван тал нь дөрвөлжин нүдтэй хашаа, үлдэх 1 тал нь 4-н эгнээ өргөст торон хашаа байсан юм. Иймд үндэслэлгүйгээр хохирлыг багасгаж тооцсонд гомдолтой байна.
Ороод сурсан адуу бол дийлддэггүй юм билээ. Анх эхлээд Г-ын хүүхдүүд нь өөрсдөө хашааг бахиар тасдаж оруулж сургасны улмаас тэр л идэж сурсан талбайруугаа үсрэх шөргөөх зэргээр ордог юм билээ.
Хашаа хураах хүмүүс хүлээж байх хугацаанд харж байтал яг л хүн шиг ухаан гаргадаг нь их гайхмаар байсан. Өнгөрсөн хавар нүдэн дээр минь олон удаа хашааг тасдаж малаа оруулж гаргаж өөрсдөө мотоциклиороо давхиж гараад болохгүй аргаа бараад сумын цагдаад нь гомдол гаргаж байж гайгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Л.Б нь 2017 онд Архангай аймгийн *** сумын *** гэх газар 60 га газарт тариа тарьсан. Үр тариа тариалах ажил нь тусгай технилоги, өндөр зардал, олон хүний хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг бөгөөд 1 жил уринш хийж 2 дахь жилдээ тарьдаг тул олон жилийн ажлын үр дүн, зардал шингэдэг. Тийм ч учраас нэхэмжлэгчээс 60 гаруй сая төгрөгийн зардал гарсан байдаг. *** сумын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх уг асуудлаар гарсан маргааныг шийдвэрлэх мэргэжлийн дүгнэлт, хохирлыг тооцож гаргах эрхтэй ганц мэргэжлийн хүн нь учраас дүгнэлтийг гаргасан. Ингэж гаргахдаа 1 га-д хэдэн центр ургац байх вэ гэдгийг харгалзан үзэж мөн зэргэлдээ тарьсан тариаланчдын хураасан ургацыг тооцох гэх мэт гаргах аргачлалын дагуу тооцож тариаланч Л.Б-д 28800000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байдаг Хариуцагч М.Г, Г.Б нар нь Л.Б-н тариан талбайд манай адуу ороогүй, мөндөрт цохиулаад ургац алдсан гэж маргадаг бөгөөд зун 5 сарын 25-ны өдрөөс 9 сарын 15-ны өдрийг хүртэл тариалалтын хугацаанд тариан талбайг чөлөөлөх журам, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг зөрчиж Л.Б-ийн тариалангийн талбайд адуугаа оруулсаны улмаас нэхэмжлэгч нь 100 хувь ургацаа алдаж хохирсон болно. Гэтэл шүүхээс Л ургац алдсан хохирлыг тогтоосон 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тариалангийн талбайн хохирлын акт, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтэд Л.Б-н улаан буудай тариалсан талбайн хэмжээ хэд эсэх, үүнээс хэдий хэмжээний тариалангийн талбайд ургац алдсан эсэхийг заагаагүй, мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг хэрхэн тооцсон аргачлал нь тодорхойгүй, тоо тооцоолол байхгүй байх тул дээрхи баримтуудыг үндэслэж актаар тогтоосон хохиролд 28800000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн боломжгүй, мөн бусад шаардаж буй тоног төхөөрөмжийн түрээс, түлш шатахууны үнэ, манаачийн зардал, цэвэрлэх машины үнэ зэрэг 8538000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу хариуцагч нарын хариуцах гэм хорын хэмжээ болох 8538000 төгрөгийн 50 хувь болох 4269000 төгрөг болгон багасгаж хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Л.Б нь тариалангийн талбайгаа нийтэд нь хашаалсан ба түүнийг хэд хэдэн гэрч нотолдог. Ер нь тарианд хашаагүй байсан ч, хашаатай байсан ч мал оруулах ёсгүй. Хохирлын 28800000 төгрөгийн акт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б хариуцагч М.Г, Г.Б нараас “Гэм хорын хохирол 37 338 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 33 069 000 /гучин гурван сая жаран есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Г, Г.Б нараас гэм хорын хохиролд 4 269 000 /дөрвөн сая хоёр зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч М.Г, Г.Б нар Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэснийг зөрчиж Л.Б-д хохирол учруулсан болох нь гэрч Ө.Э /1 дүгээр хавтаст хэргийн 175-177 дугаар хуудас/, Б.Д/1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар хуудас/, Д.Э /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/, Р.Ц-А /2 дугаар хавтаст хэргийн 90-92 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Тариалангийн талбайн хохирлын акт тогтоосон ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г 28 800 000 төгрөгийн хэмжээний шаардлагынхаа үндэслэлийг Тариалангийн талбайн хохирлын акт болон Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дүгнэлтүүдээр нотлогдож байгаа гэжээ.
Шинжээчийн дүгнэлт нь эд зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргийг тусгасан байх шаардлагатай.
Тариалангийн талбайн хохирлын актаар хохирлын хэмжээг тогтоохдоо ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй, Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дүгнэлтүүд нь /1 дүгээр хавтаст хэргийн 154-155, 160-161 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.2.-т “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэснийг тус тус зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар дээрх баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Хариуцагч М.Г анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...08 дугаар сард манай нутагт мөндөр орж 3 айлын тариа цохиулсан. И, Ж нарын хамтарсан 10 га газар, Э тариан талбай, Д.Г 60 га талбайг мөндөр цохисныг манай нутгийнхан бүгд мэднэ. Энэ тухай Д.Г-н манаач О, Э, тариагаа цохиулсан И, Б, Г, Б нар гэрчилнэ... Манай адуу ургац алдсанаас өмнө тариан талбайд ороогүй гэдгийг манаач О, Э, Б гэсэн 3-н хүн гэрчилсэн. Иймд би нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй” /3 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ гэж тайлбарлажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдож буй нотлогдвол зохих үйл баримтын бодит байдлыг буюу хариуцагчийн адуу тариан талбайд ороогүй, мөндөрт цохиулсаны улмаас ургац алдсан гэдэг нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдохгүй байна. Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой бөгөөд энэ үйл баримтыг ямар баримт, үйл явдалд тулгуурлан мэдүүлж байгааг шүүх заавал тодруулсан байх шаардлагатай байдаг.
Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд “...Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнээд нотлогдсон гэж үзсэн хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэн зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г болон түүний өмгөөлөгч Б.А нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г болон түүний өмгөөлөгч Б.А нарын гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 146/ШШ2021/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г болон түүний өмгөөлөгч Б.А нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.