Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 117

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804000860117 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                                   Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                                   Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                                       *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                    ******* нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овгийн ******* *******

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 13-14-нийг шилжих шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлаар үйлчлүүлж байсан иргэн Л.*******ын 203 тоот өрөөнд нэвтэрч, түүний өмчлөлийн Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнийн 4 цагийн үед найз ******* /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ хамт Майлд баарнаас гараад такси барихад танил Орхон гэгч таараад найз Золбоо чинь ******* зочид буудалд байна лээ гэж хэлсэн. Тэгээд Мажи бид хоёр ******* зочид буудлын гадна очиж буусан. Ингээд буудлын шатаар өгсөж 2 давхарт нь гараад 203 тоот өрөөнд ороход жижиг өрөөнд нь хүн унтаж байхаар нь гар утсыг аваад гарсан. Би Золбоо гэдэг найзыгаа хайж яваад өрөө андуурч ороод хүний гар утас хулгайлсан. Намайг гар утас авсан гэдгийг хамт явсан Мажи гэдэг найз маань мэдээгүй. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед цагдаагийн албан хаагч Төмөрбаатар яриад “чи хүний утас авсан байна” авчирч өг гэж хэлсэн. Тэгээд амралтын өдөр таарсан учраас би цагдаа дээр очиж гар утсыг хүлээлгэн өгч чадаагүй бөгөөд Даваа гарагт хэсгийн байцаагч Баттүвшинд гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тухайн үед Самсунг Галакси Эс-7 маркийн гар утас авсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Хохирогч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ******* зочид буудлын 203 тоот өрөөнд буудалласан. Тэр оройдоо найз О-тай юм ярьж байгаад унтсан. Унтах үедээ Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсаа орныхоо хажууд тавиад унтсан. Өглөө босоод хартал миний гар утас байхгүй, хулгайд алдагдсан байсан. Би унтахдаа өрөөнийхөө хаалгыг түгжээгүй байсан. Би цагдаа дуудаад буудлын камер шүүлгэхэд манай өрөөгөөр нэг залуу ороод гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Х.******* өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо ******* зочид буудлын 203 тоот өрөөнөөс гар утас алдагдсан гэх дуудлаганд очиж хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд буудлын камерын бичлэгийг шүүж үзтэл зүс таних залуу 203 тоот өрөө рүү ороод гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байх ба би түүний нэр, утсыг нь эрэн сурвалжилж олоод утсаар ярихад би Улаанбаатар хотод байна уулзаж чадахгүй гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш удаа дараа залгахад утсаа аваагүй. Тэгээд маргааш нь ******* над руу залгаад би гар утасны хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Гэрч өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *******тай Майлд Хаус бааранд таарч 1 лааз пиво уугаад баар хаах үед хамт гарсан. Тэгээд такси барих гээд зогсож байхад *******ын танил залуу таарч бид хоёрыг ******* буудлын үүдэнд буулгасан. ******* бид хоёр ******* буудлын 2 давхарт гарч нэг өрөө рүү орсон бөгөөд ******* 2 тасалгаатай өрөөний цаад талын өрөө рүү ганцаараа ороод буцаж гарч ирээд явъя гээд буудлаас гарсан. Тэр шөнө ******* бид хоёр *******ын хүргэн ахынд очиж хоносон. Би өглөө 11 цагийн үед босоод гэртээ харьсан. Би *******ыг гар утас хулгайлсан гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

Гэрч өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 2 залуу манай зочид буудалд орж ирсэн. Би яах гэж байгаа юм бэ гэж асуухад найзтайгаа уулзаад гарна гэж хэлээд гараад явсан. Маргааш өглөө нь 203 тоот өрөөнд хоносон залуу 700.000 төгрөгийн үнэтэй гар утсаа хулгайд алдчихлаа гээд намайг хардаад байсан. Нөгөөдөр нь нөгөө 2 залуугийн нэг нь ирж гар утсыг эзэнд нь өгөх гэсэн юм гэж хэлээд намайг сураглаж ирсэн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээний: “... Samsung Galaxy S-7 маркийн шинэвтэр гар утас нэг бүрийн үнэ 350.000 төгрөг, нийт үнэ 350.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-н 17-р хуудас/

Эд зүйл хураан авсан: “...*******аас Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хураан авав....” гэсэн тэмдэглэл /хх-н 20-р хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн: “...Уг гар утас нь хар өнгийн Самсунг Эс-7 маркийн гар утас байх ба гадна хэсэгт нүдээр харахад ямар нэгэн эвдрэлгүй байв. Гар утасны товчийг дарж дэлгэцийг нээхэд цэс рүү орох боломжгүй кодтой байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-22-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Самсунг Галакси Эс-7 маркийн хар өнгийн гар утсыг бүрэн бүтэн хүлээж авлаа...” гэсэн тэмдэглэл /хх-н 23-р хуудас/

Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан: “...Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, мөн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, мөн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан....” гэсэн хуудас /хх-ийн 60-р хуудас/

 Шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 63-70-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Шүүгдэгч нь яллагдагчаар мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  гэж дүгнэв.

            Шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлаар үйлчлүүлж байсан иргэн Л.*******ын 203 тоот өрөөнд нэвтэрч, түүний өмчлөлийн Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайн үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт үлэмж хэмжээний хохирол бөгөөд шүүгдэгч хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн буудаллаж байсан буудлын өрөөнд орсныг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

*******ын үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг  зөрчсөн үйлдэл мөн.

Иймд ******* нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь шүүгдэгч *******ын “утасыг буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.*******ын “…Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсаа бүрэн бүтэн олж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэсэн хүсэлт /хх-н 24-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******ыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

******* энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогчийн гар утасыг биет байдлаар төлсөн болохыг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ